ХҮН-ын ээлжит бус Их хурал үргэлжилж байна
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил
2016.01.18

ХҮН-ын ээлжит бус Их хурал үргэлжилж байна

Хүн-Дээд үзэл баримтлалт Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал 2016 оны нэгдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. ХҮН нам ээлжит бус Их хурлын эхний өдрийн хурлаараа Хариуцлагын ерөнхий хороог таван гишүүнтэй, намын Төв хороог дарга, гишүүдийн хамтаар хэлэлцэн баталжээ. Үдээс хойш намын Төв хороо үргэлжлүүлэн хуралджээ.

 Намын төв хорооны хурлын үеэр УИХ-д сонгогдсон гишүүдийг эргүүлэн татах журмын талаар ярилцсан байна. Мөн хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрээр “Олон нийтэд илүү танигдсан, ХҮН намыг сонгуульд авч орох туршлагатай, улстөрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” хэмээгээд хүсэлтээ ХҮН намын Ерөнхий нарын бичгийн дарга Т.Доржхандад өгчээ.

С.Боргил дарга Төв хорооны гишүүдэд хандан намын даргад С.Ганбаатарыг санал болгосон байна. Мөн танхимаас намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа болон Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын хороон дарга Т.Бат-Оргил нарыг нэр дэвшүүлжээ. Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, Т.Бат-Оргил нар С.Боргилын саналыг дэмжин нэрээ татжээ. Санал хураалтаар С.Ганбаатар 98 хувийн саналаар ХҮН намын даргаар сонгогдсон байна. С.Ганбаатар дарга болсны дараагаар С.Боргил, Б.Найдалаа нарыг дэд дарга болгох санал гаргасан бөгөөд хуралд оролцогсод 100 хувийн саналаар дэмжлээ.