СЕХ-нд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх нь буруу
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2016.01.07

СЕХ-нд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх нь буруу

УИХ-ын дарга З.Энхболдод Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр даваа гарагт өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн агуулгатай танилцсан байх. Таны хувьд өөрчлөх боломжтой заалтууд гэж үзэж байна уу?

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар улс төрийн нам төлөвшөөгүй байна. Үүнийг дагаад төрийн төлөвшил ч хангалттай бус. Тиймээс Улс төрийн намын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий.

Миний хувьд төсөлтэй танилцсан. Дэмжих боломжтой хуулийн төсөл хэмээн үзэж байгаа. Улс төрийн нам үзэл баримтлалтай, өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй байх ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулахын тулд үнэт зүйлээ алдаж, амлалт нь хэрээс хэтэрсэн. Амлалтаа биелүүлэхийн тулд улс орны хөгжилд дэмжлэг гэхээс илүүтэйгээр чөдөр тушаа болдог нь үнэн. Тиймээс улс төрийн нам тууштай үзэл баримтлалтай байхаар төсөлд тусгасан байсан. Үүнийг дэмжиж байгаа.

Дараагийн анхаарал татаж буй асуудал бол улс төрийн намын санхүүжилт. Намын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод болгох нь чухал. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгаар баталж, хэрэгжүүлж буй Шилэн дансны тухай хуулийг улс төрийн намын санхүүжилтэд нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн амин сүнс нь гэсэн үг. Өнөөдөр улс төрийн нам хаанаас санхүүжиж, хэрхэн зарцуулж байгаа нь олон нийтэд хаалттай байна. Тиймээс санхүүжилтээ ил болгох нь нийгмийг эрүүлжүүлэх, авлига, хээл хахуулиас ангид байлгах зэрэг олон  асуудалд үр дүнгээ өгнө.

-Өөр санал нийлж байгаа зүйл, заалт байна уу?

-Улс төрийн нам бол ард иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хангаж байгаа төдийгүй намаар дамжиж төрийн бодлогыг тодорхойлох чухал арга хэрэгсэл. Гэтэл улс төрийн намууд дэргэдээ олон төрийн бус байгууллагатай болсон. Үүнээс үүдэн намаас гадна төрийн бус байгууллагууд талцаж, хуваагдаж байна. Тиймээс намын дэргэд төрийн бус байгууллага байх уу, байвал ямар статустай байх вэ гэдгийг хуулийн төсөлд тусгасан нь сайшаалтай. Намууд улс төрийн талбарт өрсөлдөхдөө ижил гараанаас эхлэх нь чухал

-Хуулийн төсөлд улс төрийн намтай хариуцлага тооцохоор тусгажээ. Тухайлбал, зургаан жилийн хугацаанд сонгуульд оролцоогүй болон Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд татан буулгана. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Энэхүү заалтыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 20 гаруй нам үнэт зүйлсийнхээ төлөө тодорхой үйл ажиллагаа явуулах ёстой. Үйл ажиллагаа нь сонгуулийн жилүүдэд идэвхжих нь зохистой зүйл биш.

-Улс төрийн намын санхүүжилтийг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Хуулийн төсөлд санхүүжилтыг ангилсан байсан. Тухайлбал, Бодлогын, өдөр тутмын болон сонгуулийн үеийн санхүүжилт хэмээн ангилжээ. Өдөр тутмын үйл ажиллагааг улс төрийн нам өөрөө хариуцах ёстой. Улс орны хөгжлийн бодлого тодорхойлох болон сонгуулийн кампанит ажлын зарим хэсгийг төрөөс санхүүжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байсан.

-Сонгуулийн ерөнхий хороонд бүх эрх мэдлийг төвлөрүүлж байгаа нь хэр оновчтой хувилбар вэ?

-Хэлэлцүүлгийн шатанд анхаарах ёстой асуудлын нэг бол энэ. Бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх нь заримдаа эрсдэл дагуулдаг.

-Улс төрийн өмчлөлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Намууд улс төрийн талбарт өрсөлдөхдөө ижил гараанаас эхлэх нь чухал. Үүний нэг асуудал бол улс төрийн нам өмчтэй байх, эсэх. Хэрэв нам өмчтэй байвал ямар хэмжээнд байх нь чухал. Өнөөдрийн байдлаар зарим улс төрийн хүчин томоохон байртай байна. Байрандаа түрээсийн үйл ажиллагаа явуулж, улс төрийн акц өрнүүлж байна. Байргүй ч нам бас байна шүү дээ. Олон жилийн туршид явуулсан үйл ажиллагааны үр дүнд өөрсдийн байртай байх зөв хэдий ч шударга өрсөлдөх орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.