Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудыг татан буулгавал ухралт болно
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.01.06

Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудыг татан буулгавал ухралт болно

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Энэ хуулийн төсөл намуудын асуудлыг хэр цэгцэлжчадахаар болсон бэ?

-Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх шаардлага өнөөгийн нийгэмд үүссэн. Нэгдүгээрт, намчирхал, талцал хэрээс хэтэрлээ. Хоёрдугаарт, улс төрийн намуудын санхүүжилт ойлгомжгүй, тодорхойгүй байгаагаас улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд намуудад нөлөөлж байна. Мөнгөтэй хүмүүс улс төрд орох оролцоо хэтэрхий их болсон. Гуравдугаарт, улс төрийн намуудын манлайлах чадвар үндсэндээ алдагдсан. Улс төрийн намууд улс орны хөгжлийн том бодлогууд гаргаж, нийгмийн хөгжлийн өмнө алхах ёстой. Харамсалтай нь үүнийхээ ард нь явж байна. Дөрөвдүгээрт, намууд бодлого боловсруулдаг байх ёстой. Бодлогоороо уралддаг, тодорхой бодлого дэвшүүлдэг шинж чанараа сүүлийн үед алдлаа. Тиймээс энэ хууль дээрх дөрвөн чиглэл рүү өөрчлөлт хийх ёстой.

-Хуулийн төслийн дэвшилттэй заалтууд юу байна вэ?

-Энэ хуулийн төсөлд зарчмын таван өөрчлөлт байна гэж харж байгаа. Намуудыг бүртгэх, татан буулгах болон намтай холбоотой асуудлыг шийдвэрлэх процесс нь СЕХ-нд харьяалагдах болсон. Өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын Дээд шүүхэд харьяалагдаж байсан. Намын гишүүнчлэлийг сонгуульт, дэмжигч, намын гишүүн гэсэн гурван хэлбэртэй болгосон. Намуудын санхүүжилтийг нарийн тусгасан. Санхүүжилтийн хэлбэрт улс төсвөөс хэсэгчилсэн санхүүжүүлэх хэлбэрийг нарийн, тодорхой заасан байгаа.

Мөн намын хариуцлагын тогтолцоог нэлээд чангаруулсан. Тодруулбал, ямар тохиолдолд намыг татан буулгах, үйл ажиллагааг нь хэрхэн хянах, тайлан гаргах хугацаа зэрэг намуудад үүсээд буй асуудлыг зохицуулахаар байгаа. Намын дотоод үйл ажиллагааг намын дүрмээр зохицуулдаг. Гэхдээ намын төлөөлөл, гүйцэтгэх, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны ерөнхий чиг хандлага, хуралдах хугацааг нарийвчилж заасан. Энэ асуудал манайд нэлээд маргаан дагуулдаг шүү дээ. Байгуулагдсанаасаа хойш Их хурлаа хийгээгүй намууд олон бий. Энэ 25 жилд нэг гэр бүл, компанийн намууд ч үүссэн. Эдгээрийг цэгцлэх чиглэлд намуудад нэлээд хязгаар тавьсан байна. Тухайлбал, зургаан сонгуульд дараалан оролцохгүй бол намыг татах буулгах заалт орсон. Түүнчлэн намуудыг илүү иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхийг заасан. Намуудын санхүүжилтийг улс төрийн сангаар дамжуулж хийнэ гэж байгаа. Социал демократ үзэл баримтлалтай нам гэхэд тэр үзлээ сурталчлах сан байгуулж, үйл ажиллагаа, үзэл баримтлал, үнэт зүйлээ сурталчлах чиглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн үг.

Энэ бол Германд байдаг нэлээд сонгодог загвар юм. Эдгээр нь хуулийн төсөлд тусгах гэж оролдсон нэлээд шинэлэг хэлбэрүүд юм. 3000-аас доошгүй хүн амтай сум, баг, хороонд намын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байгаа нь дэвшилттэй юм. Ер нь цаашид ИТХ буюу нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгоход намаар нэр дэвшүүлдгийг болих хэрэгтэй. Үүнийг зогсоовол улстөржилт харьцангуй багасах юм.

-Зарим нам эсэргүүцэж өмнө нь байр сууриа илэрхийлж байсан шүү дээ. Танд санал нийлэхгүй зүйл байна уу?

-Зарчмын хувьд санал нийлэхгүй зүйл бий. Юуны өмнө намуудын дэргэд байдаг төрийн бус байгууллагуудыг татан буулгана гэж байгаа. Өнөөдөр дэлхийн дийлэнх оронд намууд дэргэдээ залуучууд, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагатай. Энэ нь дэлхий нийтийн жишиг. Олон улсын Соц-Интернийн дэргэдэх залуучуудын төрийн бус байгууллага 139 орныг нэгтгэсэн байна. Гэтэл манайд төрийн бус байгууллагагүй болох шинэ зүйл гарч ирэх нь. Уг нь намын дэргэдэх залуучуудын төрийн бус байгууллага нь боловсон хүчнээ бэлтгэх, залуу үеийн төлөөлөл улс төрд орж, шийдвэр гаргах төвшинд дуу хоолойгоо хүргэх нь чухал нөлөөтэй байдаг.

Төрийн бус байгууллагагүй болвол тэр нам руу ороход заавал нэг бүлэглэл, лидер дагаж байж боломж бүрдэнэ. Ийм байдлаар биш жинхэнэ механизмаар нь дамжиж ордог байх ёстой. Өнөөдөр дэлхийн ардчилсан бүх орны нам дэргэдээ төрийн бус байгууллагатай байна. Үүнийг бид байхгүй болговол ухралт болно. Өөрөөр хэлбэл, шинэ хүн улс төрд орох боломжууд нь хаагдаж байгаа хэрэг. Хэдийгээр энэ хуульд дэвшилтэт санаа байгаа боловч дахин сайтар боловсруулах шаардлагатай юм. Амьдралд нийцэх хууль л урт настай байдаг. Сүүлийн үед УИХ түүхий, цоорхой хууль батлаад байна. Өргөн мэдүүлж байгаа хуулиудаа сайтар боловсруулах хэрэгтэй.

-Намыг бүртгэх, татан буулгахаас эхлээд ихэнх эрх мэдлийг СЕХ-нд өгөхийг ч олон намын төлөөлөлэсэргүүцсэн. Харин таны хувьд?

-Намтай холбоотой бүх асуудлыг СЕХ хариуцахаар тусгасан. СЕХ-ны бүрэлдэхүүн ямар байх тухай асуудал гарч ирнэ. Хэрэв СЕХ-ны бүрэлдэхүүн одоогийнх шиг нэг нам давамгайлсан байвал тэр намын нөлөөлөл бусдыгаа хавчих, хаалт тавих хэрэгсэл болох магадлалтай. Тиймээс энэ бүх эрх улс төрийн намуудаас хараат бус Улсын Дээд шүүхэд байх нь зохимжтой. Энэ бүхэн урт хугацаанд хийгдэх ажил. Тиймээс нэг улс төрийн хүчнээ татан буулгах, үйл ажиллагааг нь хориглох, хязгаарлалт тавих боломж эрх барьж байгаа улс төрийн хүчинд очих вий гэсэн болгоомжлол байна. Ялангуяа, иргэний хувийн нууцтай болоод эвлэлдэн нэгдэх, улс төрийн эрх чөлөөтэй холбоотой асуудал нэг намын гарт төвлөрөх нь зөв эсэхийг авч үзэх ёстой.

-Нам байгуулах хүний тоо 31 байна гэсэн нь маргаан үүсгэсэн. Энэ талаар?

-Манай нам үүнийг эсэргүүцэж буйгаа олон удаа илэрхийлсэн. Одоо хуулийн төсөлд сонгуульд орох нам 3001 хүний гишүүнчлэлтэй байхаар болсон.