УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.07

С.Ганбаатар ХҮН-д элссэн шалтгаанаа тайлбарлав

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элссэн шалтгаанаа тайлбарлаж мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Монгол Улсыг өнгөрсөн 25 жил МАНАН удирдаж хэрхэн доройтуулж болдог гэдгийг бүрэн утгаар нь харууллаа. Өнгөрсөн 25 жил монголчууд үнэхээр хүнд хэцүү амьдралыг туулсан. Миний бие монголын ирэх 25 жилийг ингэж өнгөрүүлэхгүй байлгах үүднээс ХҮН-д элссэн” гэж онцолсон юм.

-Хөдөлмөрийн үндэсний намд элсэх болсон гол шалтгаан юу байв?

-Монголчууд дахин 25 жил тэсч чадахгүй. Байгалийн баялгыг шударгаар бий болгоно гэдэг бол цэвэр засгийн газар бий болно гэсэн үг. Одоогийн засгийн газар уул уурхайн томоохон үндэстэн данасан компаниудын хувийн засгийн газар шиг ажиллаж байна шүү дээ. Сүүлдээ УИХ хүртэл худалдагдсан мэт аашилж байна шүү дээ. 1.2 сая хөдөлмөрийн насны иргэдийн 470 мянга нь ажилгүй байдаг гэдэг бол үнэхээр харамсмаар зүйл. Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгыг ХҮН дэвшүүлсэн тул би тус намд гишүүнээр элссэн.

-С.Ганбаатар гэдэг хүн анхнаасаа ХҮН-ын ард байсан. Гишүүнээр элссэн нь улстөрийн бас нэгэн шоу байлаа гэлцэж байна?

-Ташаа мэдээлэл гэж хэлмээр байна. Фэйсбүүкчид ялангуяа твиттерчид үргэлж намайг янз бүрээр хэлдэг. Энэ худал мэдээлэлд санаа зовохгүй байна.

-Бие даагчид Сонгуулийн тухай хуулийг  жижиг намуудыг, бие даагчдыг “шахсан” гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон. Бие даагчдыг хавчсан заалтуудаас үүдээд та намын гишүүнээр элсчихэв үү?

-Хамт ажилласан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүддээ би талархдаг. Бие даагчдыг шахсан, алхах газаргүй болгосон маш олон зүйл бий. Тэр бүх асуудлыг Үндсэн хуулийн цэцэнд хандан шийдвэрлүүлэх болов уу.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр танай намыг барууны санхүүжилттэй нам гэж мэдээлсэн байсан. ХҮН нам санхүүжилтээ ил тод болгож болох уу?

-Намын бүхий л санхүүжилт бүгдэд нээлттэй. Барууны гар хөл гэвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар Рио Тионтогийн зараалууд. Би удахгүйэнэ талаарх баримт дэлгэнэ.

-ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж эхэлсэн гэх мэдээлэл мөн гараад байна?

-МАНАН-ынхан намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд үхтэл айж, нойргүй хонож байгаа. Тэдэнд хандаж хэлэхэд “Ард иргэддээ чин сэтгэлээсээ ханд. Иргэд хэнд санал өгч итгэл хүлээлгэхээ өөрсдөө шийднэ” гэж хэлмээр байна.