Хэнд итгэл хүлээлгэхээ ард түмэн шийднэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.07

Хэнд итгэл хүлээлгэхээ ард түмэн шийднэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн онд Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-д элссэн билээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Байгалийн баялгаа эөв ашиглан, ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах, цэвэр Засгийн газар байгуулах, шударга нийгэм тогтоох, улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах зорилтыг ХҮН тавьсан аж. Тиймээс тэрбээр энэ намыг сонгосон гэнэ.

-ХҮН-ын ард анхнаасаа С.Ганбаатар байсан. Тэгчихээд одоо шоудлаа гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тарж байна...

-Би уг намын ард байгаагүй гэдгийг та бүхэн хянаж болно. Твиттер дээр ялангуяа нүүрээ нуусан, нууц аккаунттай хүмүүс үргэлж намайг муулдаг юм. Тэдний ард асар их мөнгө, цаг байна. Уг багны ард хэн байгаа нь тодорхой.

-Уг намыг барууны санхүүжилттэй гэж бие даагч гишүүд ярьсан байна лээ. Уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотой асуудлаар ХҮН дуугардаггүй гэсэн. Энэ үнэн үү?

-“Рио Тинто”-гийн талаар хэдхэн хүн л дуугарах боломжтой. Бусад нь дуугарвал өлгийн дотор нь нядална игүү дээ. Эх орныхоо төлөө санаа бодлоо уралдуулж буй хүмүүс ийм эрсдэлд орох хэрэгтэй юү. Энэ намын санхүүжилт нээлттэй. Ер нь хулгайч л хамгийн түрүүнд “Хулгайчийг бариарай” гэж орилдог. “Рио Тинто” Монгол Улсыг хулгайлж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга хоёр бол уг компанийн зараал. Тиймээс зөв, эрүүл хүн гарч ирэх бүрт хулгайч нартай холбож ярьдаг.

-Таныг уг намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарсан.

-МАНАН ингэж айж байгаа. Тэдэнд би “Ард түмэнд чин сэтгэлээсээ ханд. Үнэний үр, хутганы ир хоёр багадахгүй” гэж хэлье. Хэнд итгэл хүлээлгэхээ ард иргэд өөрсдөө мэднэ.

-Сонгуулийн хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Бие даагч, гуравдагч хүчинд халтай хууль болсон. Тийм ч учраас таныг намд элслээ гэж байна...

-Тэднийг зовоох хүмүүсийг боомилохын тулд МАНАН бүх чадлаараа ажилласан. Үүнийг засахын тулд Цэцэд хандахаас аргагүй байгаа.