Махны экспортыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Үүнтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Тодруулбал, ажлын хэсгээс “Малчдын амьжиргааны төвшинг сайжруулах зорилгоор “Мах хөтөлбөр” боловсруулан Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр махны экспортыг дэмжье” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Төсвийн байнгын хороонд оруулсан ч тус байнгын хороо “Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр” гэдэг үгийг хасахаар болж, олонхи гишүүний дэмжлэг хүлээсэн аж. Гэвч чуулганы хуралдаанаар дээрх асуудлаар санал хураахад ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг хүлээж бослоо.
Хуульд зааснаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжигдэх төсөл нь эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтэцтэй холбогдох томоохон төсөл хөтөлбөр байх ёстой. Өөрөөр хэлбэл, “Мах хөтөлбөр” хэрэгжүүлэхэд зориулж Хөгжлийн банкнаас санхүүжилт авах нь хууль зөрчсөн үйлдэл болох аж. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт сануулав.
Тэрээр “Д.Ганхуяг гишүүн их сайн мушгиж улстөр хийж байна. МАН-ын бүлэг малчдаа дэмжихгүй байгаа юм биш. Эрх барьж байх үедээ өнгөрсөн парламентын үед “Монгол мал” хөтөлбөрийг батлуулсан. Энэ хүрээндээ малчдыг дэмжсэн маш олон арга хэмжээ хэрэгжсэн. Үр дүн гарсан. Харамсалтай нь, өнөөдөр амьсгал хураасан. Хотон дахь хонь 40-50 мянга болж үнэ ханш нь унаад байна. Малын мах, түүхий эд үнэ хүрэхгүйгээс малчдын амьжиргаа муудаж байгаа. Тийм учраас махны экспортыг нэмэгдүүлж, малын үнэ ханшийг тогтвортой болго гэдэг шаардлагыг МАН-ын бүлгээс өнгөрсөн намар салбарын сайдад хандан асуулга тавьсан.
Зовлонг нь бид ойлгож байгаа. Тийм учраас дээрх горимын саналаас зөвхөн “Хөгжлийн банкны санхүүжилтээр гэдэг үгийг л хасъя” гэсэн. Ингэхгүй бол хууль зөрчих болж байгаа. Улаанбаатар хотод сараар мах идэж чадахгүй иргэд олон боллоо. Хөдөөд мал нь үнэгүй болчихсон байдаг. Тийм байж ганц үгэн дээр дөрөөлөөд улс төр хийгээд байх юм.
Тавьсан шаардлагыг хүлээж аваад хөөцөлдөөд гүйж буй Р.Бурмаа сайдад бид талархаж байгаа. Засгийн газар ажиллах гээд зүтгээд байгаа, чадлаараа дэмжье гэж бодож байгаа. Шийдээд явъя, гэхдээ хуулийн хүрээнд хандъя.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Малчдаа дэмжих бодлого зөв. Тэгэхдээ махны үйлдвэрлэлийг дэмжихээр гадаад зах зээл нь байгаа юм уу. Тэрбум долларын мах авна л гээд байдаг, авах гээд байгаа юм бол гаргачихаач дээ. Авахгүй байгаа юмыг авч байгаа юм шиг яриад байгаа нь болохгүй байна. Яг ямар компани хааш нь мах экспортлох юм. Хэчнээн хэмжээний мах экспортлох юм. Тийм газар байхгүй байна. Тодорхой юм байвал дэмжиж болно. 1 тэрбум ам.долларын махыг хэзээ гаргах вэ. Вьетнам, Орос, Хятадад гаргана гээд 4-5 жилийн өмнө ярьсан. 1 тэрбум ам.долларын мах гаргах юм бол дэмжих ёстой. Гол нь махны хорио цээрийг хүлээн зөвшөөрөөд гаргана гэсэн гэрээ байна уу. Тодорхой зүйлгүй байхад УИХ шийдвэр гаргачихдаг, хавар болоход тэрбум долларын мах ч гаргасан юм байхгүй, зээл ч байхгүй болчих вий?
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэдэг энэ үгийг хасч болохгүй. Мал махны экспортын тухай зөндөө ярьсан. Бүтэн жил яриад малын эрүүл мэндтэй холбоотой асуудлаас болж гацаж байгаа. Б.Чойжилсүрэн гишүүн яагаад ийм асуудал оруулж ирээд будилаан хутгаад байгааг ойлгохгүй байна.
Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргахгүй бол малчдын гар дээр мөнгө очихгүй. Арилжааны банкууд махны салбарт зээл олгохгүй байгаа. Ямар юмных нь лобби байдаг юм. Малчдын гар дээр мөнгө тавьж бэлтгэхгүй бол туйлын хариуцлагагүй юм болно. Буруу хөл дэрээ босчихсон байсан юм уу, хаашаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монголын төр Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоо өнөөдөр баталсан. Тийм болохоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр хөдөө аж ахуйн салбарыг санхүүжүүлэх ёстой гэсэн Р.Бурмаа сайдын санал зөв. Яагаад Монголын мал аж ахуй өрсөлдөх чадваргүй болчих вэ. Яагаад 1 тэрбум долларын малыг зарна гэж гэрээ хийчихээд мах тэнцэхгүй байна вэ. Дээрээс нь монгол малын мах олон талаар ухралт хийсэн. 3-4 сая үхэртэй гэж байгаа ч сүүний хэрэгцээнийхээ 80 хүртэл хувийг импортын хуурай сүүгээр хангадаг. Үржил селекциэ зөв авч явж чадаагүй, уул уурхайд хэт шүтэж, хамаг салбараа нураасан тараасны үр дүн гарч байна. Улаанбаатарын ресторанууд Австралиас мах авчирч хоол бэлтгэж байна. Энэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбар унаад байна. Шинжлэх ухааны салбарт анхаарч, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхгүй бол болохгүй. Тийм болохоор Хөгжлийн банк санхүүжилтийг дэмжих ёстой.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Малчид өдөр тутам утасдаж малаа нядалж байна, мах экспортод гаргана биз дээ гэж асууж байна. Хариулж чадахаа байсан. УИХ-ын шийдвэрийг чих тавиад сонсч бай л гэж хариулж байна. Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг мал аж ахуйн салбартаа авах бол Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Тогтоол гаргачихдаг, амьдрал дээр хэрэгжих үү, худалч нэр авчих юм биш биз. Өмнө нь парламент “Ямаанд хайртай парламент” гэж дуудуулаад ирсэн. Малчны амьдрал хүнд болсон учраас ноолуурт урамшуулал олгох шийдвэрийг УИХ тухайн үед гаргасан. Үүнийг “Ямаанд хайртай парламент” гэж мушгисан. Хөдөөгийнхөндөө тус болохын тулд хийсэн. Хуультай яаж нийцүүлэх вэ гэдэг л юм ярих ёстой. Ганц Б.Чойжилүрсэн оруулж ирсэн санал гэх юм, Төсвийн байнгын хороо хуралдаж, олонхиороо оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал байхгүй юу. Банкнаас эх үүсвэр шийдлээ гэхэд хуулийн зөрчил арилгах юмыг давхар бодоорой гэж байлаа.
Үүний дараа мөн газар тариалангийн салбарыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих гэсэн санал гишүүдийн дунд маргаан дэгдээв.
Гэхдээ олонхийн санал газар тариалангийн салбараа Хөгжлийн банкны эх үүсвэрээс дэмжих ёстой гэж үзлээ.
Эцэст нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.