Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан
2015.11.30

Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барина

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн Л.Цог, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар нараас ирүүлсэн зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Монгол Улсад зэсийн ордууд хэд, хэд бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компаниуд зэсийн баяжмалаа гадаадад экспортолдог.  Хэрвээ зэс хайлуулах үйлдвэртэй болчихвол алт, мөнгө зэрэг бүтээгдэхүүнээ мөн тусад нь ялган авч Монголдоо үлдээх боломжтой болох аж. Тэр хэрээр баялгаас олох ашгийн хэмжээ өсөх юм.

Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү зэс хайлуулах үйлдвэрийг Борнуурт байгуулахаар болсон нь ямар учиртай. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд зэс хайлуулах үйлдвэр байгуулж болохгүй байгаагийн цаад шалтгаан юу болох. “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой компани хоёр тусдаа зэс хайлуулах үйлдвэртэй болохоос аргагүй нөхцөл бас байна уу гэдэгт хариулт хүслээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Та бид хоёрын ойлголт их зөрж байна. Монголд Оюутолгойн зэсийн үйлдвэр, “Эрдэнэт”-ийн зэс хайлуулах үйлдвэр гэж байхгүй. Зэсийн орддоо түшиглэсэн үйлдвэр байна гэж төслийг боловсруулж байна. Зэс хайлуулах үйлдвэртэй болох талд Засгийн газрын дэмжлэг байгаа боловч, УИХ дээр санаа зөрж буй нь сэтгэл зовоож байгаа. Энд “Эрдэнэт”-ийн эрх ашиг гэж байхгүй. Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр байгуулахдаа Цагаан суваргын орд, Оюутолгойн ордод үндэслэж байгуулагдаж байна. Хайлах технологи бол нэг, катодын зэс хайлуулах нь өөр.

“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд зэс хайлуулах үйлдвэр байгуулъя гэвч нөөц нь буурч байгаа, агууламж нь 16 хувь руу орж муудаж байна. Тийм учраас нийт орддоо түшиглэн байгуулах ёстой гэдэг концепци нь зөв. Судалгаа тооцоог даацтай хийж төслөө хэрэгжүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хотдоо байгуулж болдоггүй юм уу. Усны асуудлаа яаж шийдэх вэ?

Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга  Т.Нэмэхбаяр: Зэс хайлуулах үйлдвэрийг хотын ойролцоо барьсан тохиолдол байхгүй.  Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг урьдчилж тогтоодог. Аль болох эрсдэл багатай газрыг сонгож үйлдвэр байгуулах ёстой гэсэн зөвлөмжийг өгдөг. Хоногт 8000 куб ус хэрэглэнэ. Усны эх үүсвэрийг жонш боловсруулах үйлдвэрийн хэрэглэсэн саарал ус, гүний орхигдсон усыг ашиглахаар төлөвлөж байна.

УИХ-ын Л.Цог: Төр мөнгөгүй гээд байдаг. Тэгсэн хэр нь зэс хайлуулах үйлдвэр барихад төр оролцоно гэх юм. Төр заавал оролцох ямар шаардлага байна вэ. Цагаан суваргын ордыг төр мөнгөгүй гээд хувийн хэвшилдээ өгчихсөн. “Эрдэнэт”-ийн одоогийн удирдлага зэс хайлуулах үйлдвэр барих ТЭЗҮ-гээсээ мөнгө зувчуулсан гэдэг юм яригдаад байна. Тус үйлдвэрийн захирал нь Бор-Өндөрт төрсөн учраас нутагтаа байгуулахаар юм болсон гэх?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт хоёуланд нь төрийн оролцоо байгаа. Төрийн оролцоотой үйлдвэр байж, экспортын үйлдвэр байна. Мөнгө босгох, экспортоо хийх, нэг цонхны бодлого хэрэгжүүлэхэд зохих хэмжээнд төрийн оролцоо байх нь чухал байгаа. Хувийн оролцоо байна, түүнийг хамгийн тэргүүнд дэмжинэ. “Эрдэнэт”-ийн захирал Бор-Өндөрт төрснөөрөө гэдэг ч юм уу тийм байдлаар хандсан юм биш, Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан гэдгийг хэлье.

Зэсийн баяжмал гэдэг стратегийн бүтээгдэхүүн, экспортын бараа. ТЭЗҮ нь “Эрдэнэт” дээр хийгдээд хэдэн төгрөг гувчуулсан энэ тэрийг би мэдэхгүй, оролцохгүй.

Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга  Т.Нэмэхбаяр: Өмнөх Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамны сайд нарын хамтарсан тушаал гарч, зэс хайлуулах үйлдвэрийн байршил тогтоохоор ажилласан байдаг. 2014 оны есдүгээр сард хуралдаж, зэс боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцээд тогтсон. Засгийн газрын хуралдаанд 2 удаа танилцуулж тогтоол гарсан. Ингэснээр байршил тодорхойлогдсон.

2013 онд Хятадын өнгөт металлын үйлдвэртэй гэрээ байгуулж, ТЭЗҮ боловсруулагдаж Монголын талд хүлээлгэн өгсөн. Эрдэнэт мөн ТЭЗҮ боловсруулсан, Хятадын өнгөт металлургийн үйлдвэрээр хийлгэсэн ижил ТЭЗҮ байдаг.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Хэрвээ би эр хүн байсан бол өнөөдөр Ерөнхий сайдад шанаа өгөх байлаа. ТЭЗҮ нь яаж боловсруулагдахаараа Бор-Өндөрт байвал ашигтай гэж гараад байна вэ. Алдагдалтай бизнесээ шууд зогсоож, ашигтай бизнесийг эхлүүлэх ёстой биш үү. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш уначихсан үед энэ юм явахгүй?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Монголд зэсийн үйлдвэр барих нь ашигтай, 23 хувийн ашигтай. Зэсээ цэвэршүүлэх нь Монгол Улсын амин чухал асуудал. Энэ төсөл хэрэгжих юм бол 9 жилдээ багтаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх төсөл. Оюутолгой, Эрдэнэтийн зэсийн хажуугаар гарч байгаа үнэт металлыг Монголдоо үлдээх нь бидний эрх ашиг байх ёстой. Хоосон хардалт хэрэггүй.

Дээрх асуудлаар мэдээлэл сонсч, тодорхой асуултад хариулт авснаар чуулганы хуралдааныг өндөрлүүлээд байна.