Өргөн барьсан тогтоолын төсөл арай өөр болж орж ирсэн байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг багтааснаас гадна цагаатгах тухай асуудал багтаж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нилээн хатуухан үг хэлж асуулт асуулаа. Тэрбээр "Ю.Цэдэнбалын мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төсөл орж ирсэн байна. Олон ч гишүүн гарын үсэг зурж уг асуудлыг оруулж ирсэн. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар мэтийн түгжлүүд уншдаг нь сонирхол төрүүлж байна. Ч.Хүрэлбаатар уншсан учраас би асууна. Өргөн барьсан тогтоолын төсөл арай өөр болж орж ирсэн байна.
Энэ дотор янз бүрийн олон заалтууд бий. Байнгын хорооны тогтоолын төслийн дүгнэлт зөвхөн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай гэж байгаа. Өөр зүйл байхгүй. 1990 оны Ю.Цэдэнбалыг МАХН-аас хөөсөн. Танай нам энэ үйлдэлдээ түүний үр хүүхэд, ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй. Чуулганы индэр дээрээс гуйх шаардлагатай болох нь. Ю.Цэдэнбал агсны эдэлж хэрэглэж байсан 30 мянган үзвэрийг шамшигдуулсан байна. Үүнийг үр хүүхэд нь өвлөх ёстой. Та нар энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх үү. Ч.Хүрэлбаатар МАН-ын хариуцлагатай нарийн бичгийн дарга хүн. Хамт явж буй нөхдийнхөө араас хутга шаадаг хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийнхөө намын лидер, Монгол улсын төрийн тэргүүнээр олон ажил ажилласан хүний асуудлыг яагаад оруулж ирж байгааг асуумаар байна" гэлээ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариулахдаа "Та жаахан том бай. Битгий ийм жижиг бай. Хөгжлийн банкны шалгалт Самурай бонд дээр гарч ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг уншсан гээд ийм зүйлийг ярьж байгаа бол та жижиг байна. Таньтай харьцуулашгүй хүний тухай бид нар ярьж байна. 1940, 1960 онд батлагдсан Үндсэн хуулийн заалтуудыг уншиж өгье. 1940 онд МАХН бол Хөдөлдмөрчин ардын тэргүүнд явах хэсэг бөгөөд улс нийгмийн бүх байгууллагыг удирдах гол хүчин мөн.
1960 оны Үндсэн хуульд МАХН бол төр, нийгмийг удирдах хүчин мөн гэсэн заалт бий. Тэгэхээр тэр үеийн асуудлууд улс төржсөн байгаагүй юм. Үндсэн хуулиараа шийдсэн. Тухайн үеийн тогтолцоо ийм байсан юм. Тиймээс үүнийг одоогийн МАН руу битгий чихээчээ. Би МАН-ын нарийн бичгийн дарга мөн. МАХН Ю.Цэдэнбалыг хөөсөн ч дараа нь уучлал гуйсан. Энэ бол тухайн үеийн шийдвэр" гэлээ.