“Гадаадад цөлөөд байвал хэн төрд зүтгэх юм бэ?“
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2015.11.30

“Гадаадад цөлөөд байвал хэн төрд зүтгэх юм бэ?“

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжин, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Тогтоолд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг тусгаснаас гадна цагаатгах тухай ч тусгасан юм. Ирэх онд Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой тохиох аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн нутаг Давст уулыг Орост өгсөн гэх яриа байдаг. Энэ үнэн юм уу, та бүхэнд судалсан юм байна уу. Яагаад заавал УИХ-аас цагаатгах ёстой юм бэ. Танай нам цагаатгасан юм уу?

Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ч.Цэдэнбал агсан 1915 онд төрсөн, 1932 оны хавар Монгол, Тувагийн хилийн 2 дугаар хэлэлцээр болж, Давст уулыг Туваагийн нутаг гэж хүлээн зөвшөөрөөд тухайн үеийн Засгийн газар баталсан байдаг. Тэр үеийн Засгийн газрын тэргүүн нь Гэндэн гэдэг хүн байсан. Улмаар Засгийн газрын шийдвэрийг Тувагийн Засгийн газарт хүргүүлсэн. Ю.Цэдэнбал агсан тухайн үед 16 настай Эрхүү хотод суралцаж байсан байдаг. Төрсөн нутаг нь Цагаан бураа гэдэг газар бий, хилээс нааш 20 гаруй км-т оршдог.

Харь оронд цөлөөд бүх эрх чөлөөг нь хааж талийгаач болгосон хойноо төр нэг удаа буруу байжээ гээд хэлчихэж яагаад болохгүй байгаа юм бэ.

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд: Ю.Цэдэнбал агсан 1984 оны наймдугаар сард Москвад эмнэлэгт хэвтэж байхдаа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өгсөн юм билээ. Энэ дагуу намын Бага хурал хуралдаж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар 1990 оны наймдугаар сарын Бага хурлаас намаас хөөсөн. Харин зургаан жилийн дараа буюу намын 22 дугаар хурлаас Ю.Цэдэнбал агсанд хариуцлага тооцсон шийдвэрээ хүчингүй болгож, уучлал гуйсан. Ийм үйл явдал болж байсан юм билээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Энэ хүн намаас хөөгдөөд, бурхан болох хүртлээ ямар эх үүсвэрээ яаж амьдарч байсныг хэл?

Ч.Хүрэлбаатар: Гадаад паспорт нь 1984 онд Элчин сайдын яаман дээрээ хураагдсан байсан. Хэн нэгний баталгаажуулсан баримт олдохгүй байгаа. Амаар голдуу явсан байдаг учраас тодорхой баримт үлдээгүй. Тийм учраас төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу 1984 оноос хойш талийгч болтлоо Ю.Цэдэнбал агсан Орост хоригдсон.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Тогтоолын төслийг дэмжиж байна. Түүхийг хойч үедээ бодитойгоор таниулах нь зөв. Монгол төр алдаагаа засах дэнс бүрдэж байна. Энэ бол зөвхөн МАХН, МАН-ын түүх биш, Монголын түүх. Асуудалд намтай холбохгүй байвал зөв юм. Түүхээс сургамж авч ажиллах ёстой, цаашид ийм түүх давтахгүйн тулд.

Хэт их туйлшрал хэзээ ч сайн юм авчирдаггүй гэдэг нь харагдаж байгаа. Хэлмэгдүүлэлт маш их гарсан. Хэлмэгдүүлэлтийг өөрөө хийсэн гэж ярьж байна. Гэвч  захиалагч хэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа, тухайн үеийн ЗХУ-аас чиглэл ирдэг байсан, олон сэхээтнийг үй олноор нь хоморголсон. Энийг мэдсээр байж асуудлыг улстөржүүлж яриад байна, эргээд өөрийг нь хэлмэгдүүлсэн. Өргөдөл өөрийнх нь гараар бичүүлсэн, эх оронд нь явуулахгүй хорьсон. Шагналыг нь хураасан, намаас нь хөөсөн. Шүүхийн шийдвэр гараагүй учраас цагаатгаж болохгүй гэж байна. Хэлмэгдүүлэлтийг хийсэн хүн учраас цагаатгаж болохгүй гэдэг зүйл ярьж болохгүй. Ингэж дорой хандаж болохгүй. Эцсийн дүндээ энэ асуудлыг шүүхээс гадуур явсан хэлмэгдүүлэлт гэж үзэхгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 100 жилийн ойг тэмдэглэх асуудал яригдаж байгаа юм. Тэгш ойн тухай яригдаж байгаа учраас өнөөдөр энэ тухай ярьж байгаа юм. Х.Болорчулуун Чойбалсан агсны тухай ярьж байна, тэр зөв. Хүнээс асуулгүйгээр төрийнхөө хэргийг шийддэг түүхээр яваад Монгол 25 жил болж байгаа. Гурван хувьсгалаар буюу 1911, 1921, 1990 оны үсрэлтээр өнөөдрийн өндөрлөгт хүрч байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 100 жилийн ойг тэмдэглэх асуудал УИХ дээр ярьдаггүй, Засгийн газар дээр шийддэг. Засгийн газарт үүрэг болгочхож болно. Миний сэтгэл санааг зовоож явдаг асуудал хэлмэгдүүлэлт. Сүүлийн 25 жилд монголчууд өөрсдөө юмаа хэлэх боломж бүрдсэн. Хэлмэгдүүлэлтээс болж 30 мянган хүний амь насаар тоглосон. Нэг хүний 100 жилийн ой тэмдэглэх биш, Монголын төрд зүтгэж байсан бүх хүмүүсээ ярих ёстой. Шүүхийн шийдвэртэй, шийдвэргүй гэж битгий марга. Амар,  Гэндэн энэ хүмүүсийн үр ач болоод сууж байгаагийн хувьд УИХ цагаатгах ёстой. Тэр тусмаа шүүхийн шийдвэргүй хийсэн юмыг Монголын төр цагаатгах ёстой. Гадаадад цөлөгддөг, гадаадад буудуулдаг. Насныхаа эцэст гадаадад цөлөгдөнө гэхэд хэн Монголын төлөө зүтгэх юм бэ? .

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Бараг ойлголцож байх шиг байна. Хүнийхээ хувьд эрх чөлөөгөө хасуулж эрх нь хасагдсан. Хар цагааны дэнс яривал олон юм ярьж болно. Манай нам 6 жилийн дараа буруу болжээ гэдэг бүх шийдвэрээ цуцалж, уучлалаа гуйсан. Одоо ч гэсэн намууд манай нам шиг дутагдлаа засдаг байх нь сургамж биз дээ.

Бид олонхи байхдаа эрхээ хэтрүүлэн хэрэглээд Ю.Цэдэнбал агсны асуудлыг ярьж болох л байсан. Хүчээр гаргавал гаргах л байсан. Тэр нь буруу л жишиг байхгүй юу. Тийм учраас өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр хүлээсэн. .Гадаадад хэлмэгдсэн юмыг авч үзэх ёстой. Хүн хэлмэгдүүлсэн гээд цагаатгаж болохгүй гэж ярьж болохгүй.  Монгол бол өөрөө өөрийнхөө асуудлыг ярьдаг онцлогтой орон шүү. Ю.Цэдэнбалын нам байгаа.

УИХ-ын гишүүн  Б.Гарамгайбаатар: Би төслийг дэмжихгүй, маш олон буриад энэ хүнээс болж хэлмэгдсэн. Хэлмэгдлийн хар мөр одоо ч арилаагүй байгаа. Та нар улс төр хийх гэж оруулж ирсэн. Энийг хийчихвэл санал өгнө гэж оруулж ирснээс биш, өөр санаа цаанаа агуулж байгаа.

Одоо чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

12:01

“Ю.Цэдэнбал агсныг цагаатгах ёстой, цагаатгах ёсгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг тусгаснаас гадна цагаатгах асуудал ч багтжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Цог:Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжиж байна. Гол нь цагаатгах гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол улстөрждөг асуудал биш, энэний хязгаарыг барихгүй бол аймаг хоорондын хэрүүл, улс төрийн намууд хоорондын хэрүүл, хэлмэгдүүлсэн, хэлмэгдсэн хоёр талын хэрүүл болно. Хэлмэгдэгсдийн 3-4 холбоо байдаг, тэд энэ асуудал руу орж ирэх юм болно. Тэгмээргүй байна. Төрийн тэргүүнийх нь хувьд 100 жилийн ойг тэмдэглэх тухай л яръя.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Жижиг орны зовлонг үүрээд гарсан хүн. Гэсэн ч сумыг, аймгийг, хотыг бий болгосон хүн. Хамгийн муухай байдлаар харь оронд эндсэн. Та бид зурагтаар харсан. Нулимсаа дуслуулаад сурвалжлагчийг хүртэл Монгол руу дагуулаад явчхаач гэж хэлэх хүртлээ ой санамжаа алдсан л байсан. Орост хороогдсон хүмүүсийн л нэг. Гэндэн Амар, Лосол нарын нэгэн адил. Бид энэ хүнийг эх оронд нь авчирч чадаагүй. Гадаад том орнуудын нөлөөлөл одоо ч байгаа. Үүн дээр нэг их юм ярилгүйгээр цагаатгах асуудлыг шийдээд өгчихвөл яасан юм бэ гэдэг горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Дагалдаж орж ирсэн, хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. Энэ хүнийг төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдэж байсан, Лоохууз гуайгаас эхлээд. Төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэж байсан, тэр хүмүүсийг юу гэж үзэх юм. Хэлмэгдэгсдийн маш олон байгууллага бий. Энэ хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Энэ хүнд сайн ч чанар байсан% муу ч юм байсан. УИХ болчимгүй тогтоол гаргавал өнгөрсөн үе рүүгээ нулимсан юм болно. Сайныг сайнаар нь, мууг нь муугаар нь бодит байдлаар үлдээх ёстой.

Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр нийгмийг удирдах хугацаанд магтах юм явж байсан ч ажлаа өгсний дараа гүтгэх, хэлмэгдүүлэх юм явсан. Улстөржилт орсон, одоо бол бодитой үнэлгээ дүгнэлт өгөх цаг болсон. Тусгаар тогтнол үнэ цэнэтэй олддог. Батлан хамгаалах тусгаар тогтнолыг олоход, эдийн засгийн өсөлтийг хангахад.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Шүүх энэ хэргийн талаар аль хэдийн шийдвэрээ гаргасан юм байна. Харин прокурор 25 жилийн турш хүний эрхийг зөрчин шийдвэрээ гаргаагүй юм байна. Хүний эрх зөрчсөн энэ зөрчлийг сангийнхан гаргаж ирлээ. Прокуророос шийдвэр гаргаагүй байхад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос шийдвэр гаргах нь буруу.

УИХ Засгийн газарт чиглэлээ л өгөх ёстой. Бид өөрсдийнхөө бүрэн эрхэд байхгүй асуудлыг шийдэж болохгүй.

Төсөл санаачилсан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ц.Оюунгэрэл гишүүн ээ, Ю.Цэдэнбал агсны асуудлыг шүүхээр оруулахгүйгээр нутаг зааж явуулсан. Хууль бусаар ингэж хүний эрхийг хязгаарласан нь хэлмэгдүүлэлт. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан 30 гишүүн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандсан юм биш шүү.