Бид бусад намаас ёс зүйгээрээ ялгарна
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилтой ярилцлаа.
Намынхаа талаар эхлээд танилцуулахгүй юу?
Нийгмийн өнөөгийн мухардал юунаас үүсэлтэй талаар бид нар олон талаас нь ярьж судалсны үндсэн дээр манай нийгэм хамгийн үнэт баялаг болох хүнээ хаяж, орхигдуулсан гэдэг дээр бид санал нэгдсэн. Монгол улсын хөгжлийн үндсэн суурь нь хөгжсөн, чадварлаг, ёс зүйтэй Монгол хүн бөгөөд гагцхүү Монгол хүн хөгжсөнөөр л бидний урд тулгараад байгаа олон асуудал, саад бэрхшээл шийдэгдэнэ гэж бид үздэг.
Анхлан бид клубын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн боловч өөрсдийн бодлого, шийдлээ хэрэгжүүлэхэд хуулийн дагуу улс төрийн хүчин буюу нам байх шаардлагатай гэж үзээд улс төрийн намууд, улстөрчдөд хамтран ажиллах уриалга гаргасан. Энэ уриалгын дагуу бидэнтэй зарим улс төрийн намууд ирж уулзсан, хамтран ажиллах санал тавьсан. Бид Хөдөлмөрийн Үндэсний Намын саналыг хүлээн авч 2015 оны 5 сарын 4-нд шинэчлэн зохион байгуулаад өнөөг үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш намын хороодыг байгуулах, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, намынхаа үзэл баримтлалаа танилцуулах, иргэдтэй уулзах зэрэг ажлыг хийж байна. Одоогоор нийслэлийн 9 дүүрэг, орон нутагт 13 аймагт намын хороогоо байгуулаад байгаа бөгөөд ойрын хугацаанд бусад аймгуудад намын хороодыг байгуулна.
ХҮН нам нийгэмд анхаарал татаж байгаа асуудлууд дээр өөрийн байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлууд дээр шийдэл дэвшүүлэн ажиллаж байна. Бид манай нийгмийн зөвшилцлийн хамгийн том бэлгэдэл болсон Үндсэн хуулийг нийтийн зөвшилцөлгүй өөрчлөхийг эсэргүүцэж 6 сарын 28-нд иргэдийн тайван жагсаал зохион байгуулсан. Үүний дагуу УИХ-д хоёр удаа шаардлага хүргүүлсэн боловч бидэнд одоог хүртэл хариу ирээгүй байна. Мөн Өршөөлийн хуулинд авлига, албан тушаалын гэмт хэргийг хамруулахгүй байх талаар манай нам байр сууриа илэрхийлж УИХ-д суудалтай намуудад шаардлага хүргүүлсэн.
ХҮН нам 10 сарын 28-нд Халх гол, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар дахин шаардаж жагсаал хийлээ.
Харин энэ асуудал ард нийтийн анхаарлын төвд орж, өршөөлийн хуулиар нийгмийн шударга ёсыг наймаалцах оролдлого таслагдсан. Шударга ёсыг наймаалцвал бидний нийгэм буруу, зөв гэх хэмжүүргүй болох аюултайг эрх баригчид ойлгож байгаа гэж найдаж байна. Халх голын асуудлаар манай намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгааны урьдчилсан дүгнэлтийг 75 тоот тогтоолыг цуцлах шаардлагын хамт УИХ-ын гишүүн бүрт хүргүүлсэн. Халх голын сав газарт ХАА-н чөлөөт бүс байгуулах нь олон эрсдэл дагуулахаар байна гэж салбарын эрдэмтэн судлаачид дүгнэсэн.
УИХ энэ тогтоолыг хүчингүй болгох тал дээр ахиц гаргаагүй учраас ХҮН нам 10 сарын 28-нд Халх гол, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар дахин шаардаж жагсаал хийлээ. Дахин шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Бидний энэ шийдлийг нийт 2000 гаруй иргэд дэмжиж гарын үсгээ зурсан. Бид эдгээр иргэдийн гарын үсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан ёсоор хүргүүлээд байгаа.
Танай намын гол үзэл баримтлал нь юу вэ?
Хөдөлмөрийн үндэсний намын гол үзэл баримтлал нь “Хүн дээд” үзэл. Товчхондоо бидний бодлого, шийдлийн эн тэргүүнд хүн тавигдаж хүн рүүгээ чиглэсэн шийдлүүд гарч байх ёстой. Анхлан бид салбар тус бүрийн мэргэжилтнүүдтэй уулзаад нийгэм ямар учраас мухардсан бэ, яагаад зогсонги байдалд орсон бэ гэдгийг тал бүрээс нь авч үзэхэд нийгмийн тогтолцоо нь хүнийхээ эсрэг ажилладаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Бидний бодлого, шийдлийн эн тэргүүнд хүн тавигдаж, хүн рүүгээ чиглэсэн шийдлүүд гарч байх ёстой.
25 жилийн туршид Монголын нийгэм олон гайхалтай зүйлсийг бий болгож, дэвшил хийсэн боловч түүний үр шимийг нь хүртэх учиртай хүн нь хөсөр хаягдчихсан. Тиймээс бидний үзэл баримтлал илүү хүн рүү төвлөрч, бодлого шийдэл, гарцын түрүүнд Монгол хүн байх хэрэгтэй гэж үзсэн. Хүнийг дээдэлнэ гэдэг нь хүнийг бүх юмныхаа орой дээр залж тавихыг хэлдэг бус бодлого шийдэл, гаргаж буй гарцуудын түрүүнд хүн рүү чиглэсэн бодлого явуулъя гэсэн утгатай юм. Чөлөөт зах зээлийн онолыг хүчээр тулгавал нийгмийн хариуцлагатай тогтолцоо үүсдэггүй, хүн амын дийлэнх хувь нь ядуурдаг, баялгийн тэгш биш хуваарилалт бий болдог зүй тогтол манайд батлагдаж байх шиг байна.
Хүн дээд үзэл баримтлалыг хүн рүү, нийгэм рүү чиглэсэн гэж хоёр хуваан авч үзэж болно. Гурван сая гаруй иргэдээ эрүүл хоол хүнстэй, орон гэртэй, баталгаат ажил орлоготой, эрүүл, боловсролтой болгох нь хүнийг тойрсон тулгуур 5 хүчин зүйл. Эдгээр тулгуур хүчин зүйлүүдээр Монгол хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, бүтээх нөхцөл бүрдэнэ.
Баялаг үйлдвэрлэх, баялгийг эн тэнцүү хуваарилах, эрх зүйн шударга тогтолцоогоор хангах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах, үндэсний оршихуйг хадгалах гэсэн 5 тулгуур нь нийгмээ хөгжүүлэх бидний үндсэн үзэл санаа.
“Хүн дээд” үзлээ хэрэгжүүлэх монгол зорилго нь эдийн засгийн хэлбэрийн хувьд үечлэн гурав хуваагдана. Эхлээд байгалийн баялаг, нөөцийн эдийг засгийг хөгжүүлж энэ салбараас бий болсон эх үүсвэрээр бүтээмжийн эдийн засгийг бий болгоно. Аажмаар энэ салбарын хөгжил, ашиг нь манай эдийн засгийг мэдлэгийн эдийг засагт шилжүүлнэ.
Одоо Монгол улсад ямар бодлого зонхилж байна вэ?
Лавтай хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжиж байна гэж харагдахгүй байна. Хүнтэй огт хамааралгүй бодлогууд зонхилж байгаа. Эдийн засаг гээд аваад үзэхэд хямралаас өмнөх үед бий болсон эдийн засгийн өсөлт хүн рүүгээ наалдаагүй. Үүнийг эдийн засагчид “хүртээмжгүй өсөлт “ гэж тодорхойлдог. Эдийн засаг өсдөг хэрнээ хүмүүст ямар ч үр нөлөөгүй. Өмнөх жилүүдэд бий болсон эдийн засгийн өсөлтөөр бид ямар ч хуримтлал бий болгоогүй, харин байнгын орлого, эх үүсвэргүй байж төсвөө хэт тэлснээс болж өнөөдрийн хямралыг бий болгосон.
Эрх баригчид гэнэтийн, цочирдмоор шийдлүүд маш их гаргадаг. Үүний нэг жишээ нь Халх гол Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоол. Эхлээд огт яригдаагүй байсан учир шалтгаан, тайлбаруудыг шийдвэрээ гаргасны дараа хийгээд явж байх юм.
Бид хөгжлийн ямар загвар, чиглэлээр явж байгаа нь тодорхой бус. Эрх баригч намууд ээлж дараалан гарч ирэхдээ нэг нь нөгөөгийнхөө хийснийг үгүйсгэдэг, зогсоодог, дахин эхэлдэг, шинэчлэл нэртэй ухралт, нураалт хийдэг. Товчхондоо бидэнд нэгдсэн бодлогын залгамж чанар алга. Намууд улс эх орны эрх ашгийн үүднээс томоохон зангилаа асуудлууд дээр нэгдсэн зөвшилцөл, хамтын дүрэмтэй баймаар байна. ХҮН нам нийгмийн хариуцлагатай улс төрийн хүчний хувьд энэ талаар намуудад хамтран ажиллах санал тавина.
2016 онд улс төр рүү хичнээн хүнийг оруулах төлөвлөгөөтэй байна?
ХҮН-ын хувьд бүх шатны сонгуульд оролцоно. Хичнээн хүнийг гэдэг нь тодорхойгүй байгаа. Хүний нөөц бол хангалттай болж байна. Одоогийн байдлаар 6000 гаруй гишүүнтэй. Үлдсэн аймгуудад хороогоо байгуулаад, цаашдаа бүх үүрүүдээ эрчимтэй ажиллуулснаар гишүүнчлэлийн тоо өснө. Нэр дэвшүүлэхэд бидний барьж байгаа зарчим бол нэр цэвэр, ёс зүйтэй , салбараа мэддэг, ажлын туршлагатай хүмүүсийг оруулах явдал.
Манай байгууллагаас хийсэн сонгуулийн судалгаагаар ирэх сонгуулиар шинэ хүмүүс сонгогдон гарч ирсэн ч хуучин хүмүүсээс ялгаагүй байх болов уу гэсэн иргэдийн хандлага байгаа нь ажиглагдаж байсан. Энэ талаар?
Сонгогдож гарч ирсэн хүмүүс нь итгэл даахгүй байна
Ийм хандлага үүсэх хэд хэдэн шалтгаан бий. Сонгогдож гарч ирсэн хүмүүс нь итгэл даахгүй байна. Тиймээс хүмүүс цөхрөлийн байдалд орсон. Хоёрдугаарт одоогийн улс төрийн намуудын тухай хууль болон, тэргүүлэгч улс төрийн намуудын мөнгөөр босгосон хана нь бусад эрүүл улс төрийн хүчин орших боломжгүй болгосон. Улс төрийн шинэ нам эрүүл саруул орчинг бий болгоё гэхэд мөнгө санхүүгийн хувьд асар том саадыг давах ёстой болгочихоод байна.
Манай намын зүгээс хүний итгэлийг олж авна гэдэг нэг л удаагийн сонгуулиар болдог зүйл биш, урт удаан хугацааны ажил гэж хардаг. 25 жилийн хугацаанд ард иргэд сонгох эрх гэдгийг ойлгож авсан боловч маш ядуу байгаа учраас сонгох эрхээ худалдаж байна. Ард түмний амьжиргааны байдлаар нь даажигнаж сонгох эрхээ зарахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа нь үнэхээр эмзэглүүштэй. Тиймээс хүмүүс цөхөрч, нийтээрээ сонгох байдал зөв эсэхэд эргэлзэж эхэлж байна. Сонгогчид идэвхигүй байдалд орох нь төр засгаа байгуулах, парламентаа бий болгоход том хүндрэлийг үүсгэхээс гадна нийтийн сонголт хийдэг энэ ололт маань үнэгүйдэх аюултай болоод байна. Бид ХҮН нам өөрсдийгөө ёс зүйтэй, зөв зарчимтай гэдгээ удаан хугацаанд батлан харуулж иргэдийн итгэлийг олж авахаар зорьж байгаа. Итгэлийг нэг удаа хуурч бус харин удаа дараа батлан харуулж байж олж авна.
Танай намын гишүүдийг ямар салбар, чиглэлийн хүмүүс зонхилж бүрдүүлж байна вэ?
Шинээр элсэж буй хүмүүсийг ажиглахад дийлэнх нь өмнө нь улс төрд байгаагүй. Хамгийн гол нь ёс зүйтэй, асуудалд бодитой ханддаг, ажлын туршлагатай, улс төрийг хөндлөнгөөс ажиглах бус өөрсдөө оролцох ёстой гэдгийг ойлгосон хүмүүс л дээ. Энэ ч утгаараа ХҮН нь эх орноо гэсэн үүрэг зорилгоо ухамсарласан хүмүүсийн цугларалт гэж харагдаж байгаа юм. Манай нам дэргэдээ “Бодлого судалгааны хүрээлэн” гэсэн ганц төрийн бус байгууллагатай. Намын уураг тархи энд бий. Тухайн салбараа ойлгосон,тодорхой туршлагатай хүмүүсээс гаргасан шинжлэх ухааны үндэслэл, шийдлүүдийг нам авч хэрэгжүүлэх зорилготой.
Туршлагатай улс төрчид танай намд элсэж болох уу?
Нээлттэй. Хамгийн гол нь ямар нэгэн хэмжээгээр урьд нь хууль зөрчиж, доголдолд орж байгаагүй, эх орноо гэсэн сэтгэлтэй хэн боловч бидэнтэй нэгдэж болно. Манай нам бусад намуудаас ёс зүйгээрээ ялгарна. Бид ёс зүйн есөн зарчимтай. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ гишүүдээр андгай өргүүлдэг. Андгайны тухайд есөн зарчмаа баримтална, хэрэв баримталж чадахгүй бол намын гишүүнчлэлээсээ татгалзана, эсвэл намаас хөөнө. Гэмт хэрэг, хээл хахууль авлига зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд нам тухайн хүнийг өмгөөлөхгүй. Харин ч нам өөрөө тухайн гишүүнээ хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулна. Тэгэхлээр манай ёс зүйг дагах эр зоригтой улс төрчид бидэнтэй нэгдэж болно, бид нээлттэй.
Манай нам бусад намуудаас ёс зүйгээрээ ялгарна
Төрийн түшээ гэж хэн бэ?
Өрнөдөд төрийг ард түмэндээ үйлчлэх ёстой байгууллага гэж үздэг. Монгол улсын хувьд сонголт нь өмнөдийн хэв загвараар байгаа хэдий ч бидний төрөө үзэх үзэл нь тэс ондоо. Төрийг илүү дээдэлж, жишиг хязгаарын хамгийн дээд цэгт төрөө тавьдаг ард түмэн. Тиймээс ёс зүй гэдэг ойлголтыг төрийн албанд хамгаас дээгүүр тавих ёстой. Төрийн түшээ бол бидний шударга, чадварлаг, ёс зүйтэй гэсэн шалгуурт тэнцэх хүндлэл хүлээхүйц тийм үүрэгтэн.
Намчирхал гэдэг зүйлийг төрийн албанаас байхгүй болгоно
Хэрэв бид Засгийн эрхийг байгуулах нөхцөл бололцоо бүрдэх юм бол төрийн албанд хэзээ ч намчирхахгүй. Намчирхал гэдэг зүйлийг төрийн албанаас байхгүй болгоно. Намын гишүүн байх нь ямар ч шалгуурт орохгүй. Хамгийн түрүүнд ёс зүй, мэдлэг, чадвар, туршлага, шударга байдал, эх оронч, ажилд, сэтгэлээсээ ханддаг байдал гэдэг хэдхэн зүйлийг л авч үзнэ. Ийм босгоор л төрийг тохирох хүмүүсээр нь бүрдүүлж намчирхсан байдлыг төрийн албанаас авч хаяж, тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй. Төрийн алба бол намаас шууд хамаардаггүй тусгай бие даасан институц, тогтолцоо гэж төлөвшүүлнэ.
Таны хэлсэн шиг намаас ангид төрийн албаны тогтолцоог бий болгоход юун дээр анхаарах ёстой вэ?
Төрийн албыг улс төрийн нөлөөллөөс хамгаалсан эрх зүйн хамгаалалттай болгох нь хамгийн эхний хийгдэх ажил. Гэхдээ энэ нь чадваргүй, сэтгэлгүй, ёс зүйгүй хүмүүсийг төрийн албанд хуулийн хамгаалалттай тэжээнэ гэсэн үг бишээ. Төрийн албанд тэнцээд ажилд орж буй алба хаагч бүхэнд хүрэх өндөрлөг, хийх ажил, хаших алба нь тодорхой байхаас гадна бусад нөлөөгүйгээр зөвхөн өөрийн ёс зүй, ажлын амжилт, мэдлэг чадварын шалгуураар дээш шат ахих боломжийг бүрдүүлнэ.
Төрийн түшээ хүн ямар төлөвшилтэй байх ёстой вэ?
Нэгдүгээрт ёс зүйтэй байх ёстой. Хоёрдугаарт ажилдаа тэнцэхүйц мэдлэг чадвар, туршлагатай байх. Намын гишүүн эсэх нь энэ шалгуурт огт орохгүй.
“ХҮН” гишүүддээ ямар нэгэн албан тушаал, эрх мэдэл амлаагүй. Бид тогтолцоог өөрчлөх гэж нэгдсэн хүмүүс болохоос биш уг тогтолцооны далбаан дор албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний асуудлыг өөртөө төвлөрүүлэх гэсэн нэгдэл биш. Тодорхой албан тушаалд нэр дэвшүүлэхэд эхлээд намын гишүүд дотроосоо хайлт хийнэ. Хэрэв байхгүй бол тухайн албан тушаалыг ил зарлаад тохирох хүнийг нь сонгоно гэдгийг намын гишүүд маань ч сайн ойлгодог. Монгол улсын хувьд ингэж байж л төрийн албан доторх намчирхал, ялгаа, зааг тусгаарлалтыг алга болгоно.
Та нэг ярилцлагадаа ёст хүний тухай дурдаж байсан. Энэ ямар ойлголт вэ?
Хүн дээд үзэлд ёст хүн гэдэг ойлголт бий. Ёс гэдэг бол их засаг, “яса” гэсэн үг. Монгол хүн гэж ямар хүн байх ёстой вэ гэдэг дүрэм. Монгол хүн гэж ямар хүн байх юм бэ гэдэг үзэл санааг ёст хүн гэдэг ойлголтоор томьёолж байгаа юм.
Ёст хүн гэдэг нь тодорхой хэмжээний зарчим тогтоосон бол түүнийгээ ярьдаг биш, хэрэгжүүдэг хүн байх ёстой. Бид “ёс”-той байж байгаад байхгүй болчихсон нь олон зүйл дээр харагдаж байна. “Ёс”-той холбоотой олон ойлголтууд алдагдсан учраас үгийн утга нь ч алдагдсан. Тухайлбал улс төр гэдэг үг бохир заваан хулгай, дээрэм гэж ойлгогддог болж. Улс төрийн нам гэхэд бүүр сонин ойлголтыг илэрхийлдэг болсон. Ёст хүн гэдэг ойлголт нь монгол хүний дотоод ертөнц, ямар хүнийг монгол хүн гэх вэ гэдэг үзэл санаа, бидний нийтээр жишиг болгож байгаа сайн, зөв, шударга гэсэн ойлголтууд багтахаас гадна Монгол хүний эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагын нэгдэл юм.
Намын мөрийн хөтөлбөр боловсруулагдаж байгаа юу?
Бид намын мөрийн хөтөлбөрөө батлаад Дээд шүүхэд бүртгүүлсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг манай бодлого судалгааны хүрээлэн эхлүүлээд явж байна. Бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр бол бидний хийх ажлын төлөвлөгөө болохоос биш хоосон амлалт биш. Намууд мөрийн хөтөлбөр дээрээ хийдэг гол алдаа нь Засгийн эрхийг сонгуулиар авсан тохиолдолд нийгэм, эдийн засгийн тухайн нөхцөл байдлыг засаж, хэвийн байдалд оруулах нь тэдний мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг гэдгийг тооцож үздэггүй. Тийм учраас улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол амлалт бус харин хийх ажлын төлөвлөгөө байх ёстой юм.
Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт хиймээр байна?
25 жилийн дараа бий болсон хамгийн том сөрөг зүйл бол бид ангит нийгэмтэй болсон явдал. Ийм ангит нийгмийг хүмүүс огт хүлээж авахгүй байна. Бид урьд нь ийм нийгэмд байж үзээгүй, хөрөнгө мөнгөний ийм ялгаварлал дээр нийгмийн шударга бус байдал нэмэгдэхээр хүмүүсийн бухимдал маш их болж байна. Энэ бол аюултай нөхцөл, тэмцэл мөргөлдөөнд ч хүргэж болзошгүй. Улс төрийн хүчнүүд хамтарч ажиллах хэрэгтэй тийм түүхэн, зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна