“Г.Шийлэгдамба авлига авах хүн биш”
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан нь МАХН-ын удирдлагуудыг хэлмэгдүүлэх нэг хэлбэр боллоо гэж МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян онцолсон юм.
Тэрбээр “Манай намын үйл ажиллагааг таслан зогсоох, саад болох алхамуудтай бид эрс тэмцэж ирсэн. Бид олон шалгалтыг давсан, одоо ч гэсэн шахалтуудад хариу өгч тэмцэх зориг байна. Монгол оронд нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт, тагнах чагнах ажиллагаа их болжээ. 1937 онд болсон их хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй байх ёстой. Гэтэл улс орны төлөө зүтгэж байгаа зөв бодолтой, улс төрчдийг хэлмэгдүүлэх үйл ажиллагаа нийтийг хамарсан үзэгдэл боллоо. Энэ ажиллагаанд хуулийн байгууллага оролцож байгаа нь харамсалтай юм.
Бидний авсан мэдээллээр урьд шөнөжин тэр хүмүүсийг ямар ч өмгөөлөгчгүй, дарамталж, шахаж шаардсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Манай намын нөхөд Г.Шийлэгдамбыг ямар нэгэн гэмт үйлдэл хийсэн гэдэгт итгэхгүй байна. Хуулийн байгууллага хэлмэгдүүлж байна гэж манай нам үзэж байна” гэв.
-БХБ-ын сайд З.Баянсэлэнгийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна энэ үнэн үү?
-Бидэнд одоогоор ийм мэдээлэл ирээгүй байна.
-Хамт баривчлагдсан хүмүүс нь юу болсон бэ?
-461-р хорих ангид Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, Э.Эрдэнэжамъян миний бие хамт очсон. Харамсалтай нь шөнийн 00 цагаас 02 цаг хүртэл хорих ангид байх хугацаанд тийм хүн байхгүй, манайд ирээгүй гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Гэтэл өчигдөр 16 цагийн үед Г.Шийлэгдамба болон бусад холбогдох албаныханыг барьж саатуулсан юм байна лээ. Бид тэнд очсоны үр дүнд хамт баривчлагдсан хүмүүс нь суллагдсан гэж сонссон. Өнөөдөр тэдгээр хүмүүс байцаалт өгнө гэх мэдээлэл байна.
-Авлига авсан нь газар дээрээ баригдлаа гэсэн. Энэ үнэн юм уу?
-Манай сайд бол авлига авах хүн биш. Энэ бол кино зохиол байхгүй юу. АТГ-аас 30 гаруй хүн Эрүүл мэнд спортын яаманд очиж таараад, тэр үед нь их хэмжээний авлига өгч таарсан гэдэг бол эргэлзээтэй байна.
-Өмгөөлөгч авсан уу?
-Бид өмгөөлөгч олж өгөхөөр хэд хэдэн хүнтэй уулзсан. Харамсалтай нь АТГ-ын эсрэг явдаг өмгөөлөгч олдохгүй байна.
-АТГ-аас шалгах талаар албан тоот ирүүлсэн юм уу?
-Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүмүүсийг өдөрт нэг удаа АТГ дууддаг гэж байгаа. Жишээ нь манай намаас сайд хийж байсан Н.Удвал дарга бол аргаа барж байсан. Манай аппаратын 60 хувь нь АТГ-д хариу өгөхөд зарцуулагдаж байна. Тийм хяналтанд ажиллаж байж бид хэзээ ч алдаа гаргахгүй.