Хотын хөгжил нь өөрөө аз жаргалын төсөл байсаар ирсэн
“Би чинь Улаанбаатарын унаган хүүхэд л дээ. Аав ээж минь ч Улаанбаатарт, нэгдүгээр төрөхөд төрсөн юм билээ. Аав ээж минь гал голомтоо Их дэлгүүрийн арын нэг өрөө байранд асааснаас хойш өнөөг хүртэл 40 гаран жил хамтдаа амьдарч байна.
Хотын ажил дуусах биш, дээр нь намын ажил нэмэгддэг байсан биз, аав, ээж хоёр хагас, бүтэн сайнгүй ажилладаг байсан. Миний хувьд 10-р ангиа төгсөөд Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуульд суралцаж төгссөн.
Манай сургуулийг П.Жасрай, Д.Бямбасүрэн гуай нар төгссөн юм билээ. Тэнд сурч байхдаа эхнэртэйгээ танилцаж, ууган охиноо өлгийдөж байлаа. Одоо манайх хоёр охин, хоёр хүүтэй. Ийм л өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байна даа”
Улс төрд томоохон орон зайтай Нийслэлийн МАН-ын хороо хэмээх байгууллагыг толгойлж буй, тэр утгаараа олон нийтийн анхаарлыг татдаг Ц.Сандуй хэмээх эрхэм өөрийнх нь тухай, хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдгийг сонирхсон асуултад ийн хариулсан. Харин бид энэхүү ярилцлагаараа түүнийг улс төрчийн хувьд, хувь хүний хувьд хэн бэ гэдгийг нь илүү дэлгэрүүлж нээхийг хичээлээ.
-Социализмаас ардчилсан нийгэм рүү шилжиж, хөл толгойгүй бужигнаж байх үeд таны оюутан ахуй цаг өнгөрчээ. Ганзагын наймаанд явж байснаас эхлээд сонирхолтой дурсамж дүүрэн байж таарна даа?
-Би хоёр улсын оюутан солилцоогоор, улсын зардлаар сургадаг байсан үeийн сүүлийг мушгиж Москвад сурсан юм. Сард 60 рублийн цалин авна. Гэвч тэр үеийн мөнгөний ханш уналтаас шалтгаалаад 60 рубль нэр төдий л цалин байв. Тиймээс тухайн үед сурч байсан оюутнуудад бүгдэд нь хүссэн хүсээгүй наймаа хийхээс өөр арга байгаагүй юм. Бусдын жишгээр Эрээнээс Москва хүртэл 4 хоног замын зогсоолуудаар цонхоор бараагаа зарж байсан үе л хамгийн сонирхолтой дурсамж болон үлдэж дээ.
-Өнөөгийн бизнeсийн томчуудын олонх нь тэр үeд ганзагын наймаа хийж байсан гэдэг. Танд бизнeсмэн болох бодол төрж байв уу?
-Хамт сурч байсан маш олон сурлага сайтай залуучууд наймааны амтанд ороод сургуулиа хаяж байсан. Тэр үеийн залуучууд өдийд бүгд сургуулиа төгсөөд эдийн засгийн салбарт ажиллаж байсан бол их ч зүйл бүтээх байсан, олон ч сайн бизнесмэн гарах байсан юм.
Газрын албаны даргаар ажиллахдаа алба шиг алба болгосон
-Таныг Газрын албаны Сандуй л гэдэг. Газрын албанд хэдэн жил ажилласан юм бэ?
-Би 1995 онд сургуулиа төгсөөд докторын зэрэг хамгаалахаар аспирантурт элсэж орсон. Тэгээд 1996 оны өвөл сэдэв авах гэж Монголд иртэл аав маань сонгуульд нэр дэвшихээр болсон байсан. Айлын том хүү аавдаа туслахаар үлдэж аавынхаа сонгуульд ажиллаад сургууль руугаа яваагүй юм.
Тэгээд л Газрын алба шинээр байгуулагдаж байгаа гэхээр нь аавын зөвлөсний дагуу яваад очлоо. Москвад төгссөн хүн чинь одоогийнхоор Харвард төгссөн хүн шиг нэр хүндтэй байв шүү дээ. Намайг үнэлгээний мэргэжилтнээр авч, би Газрын алба гэдэг шинэ байгууллагад газрын үнэлгээ хийдэг хүн болов.
Тэр үeд газар ийм үнэтэй болно гэж хэн нь ч зүүдлээгүй байсан байх. Газарт үнэлгээ хийгээд өгөхөөр “Би юу гэж мөнгө төлөх юм бэ” гэж хүмүүс бухимддаг байлаа. Газрын албаны мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, орлогч дарга гээд төрийн албаны дэг жаягийн дагуу албан тушаалын шат бүрийг дамжиж явсаар газрын дарга болсон. Газрын албаны хаана нь юу доголдов, хэн сайн ажиллаж байна гэдгийг хараад л мэдэрдэг болсон гэхэд хэтрүүлэг болохгүй байх.
-Газрын албаны дарга нар дандаа л хардлага сэрдлэгийн бай болдог. Таныг ч бас хэл ам тойроогүй. Таныг М.Энхболдын хүн, хамтарч газрын наймаа хийсэн гэдэг. Нэгэнт ийм яриа байдаг болохоор Тантай уулзсаных, асуух нь зөв байх?
-Би М.Энхболд даргын шууд удирдлагад одоо л ажиллаж үзэж байна. Түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад би Газрын албанд хэлтсийн дарга байсан. Хотын дарга агeнтлагийн даргатай л харьцана уу гэхээс хэлтсийн даргатай харьцахгүй шүү дээ.
Би 2008-2012 онд Газрын албаны даргаар ажиллахдаа харин ч Газрын албыг жинхэнэ алба шиг алба болгосон. Өөрийгөө магтаад байгаа юм биш, Газрын албаныхнаас асуухад хэн нь ч хэлнэ. Би ажлаар их шахдаг байсан учраас тухайн үeд таатай биш санагддаг хүн байсан байх. Одоо хааяа уулзахад “Таныг байх үeд бид ажил яаж хийдгийг үзүүлдэг байж. Та жинхэнэ мeнeжeр байсан байна” гэж хэлдэг. Газрын албаны даргаар ажиллаж байхдаа би хувь хүнийхээ хувьд хэл аманд өртдөггүй байсан.
Газрын албаныхан авлига авдаг гэх ярианы тухайд газар эргэлтэд орж, газрын эрэлт хэрэгцээ өссөнөөс хойш л биднийг хардлага сэрдлэгэ дагасан. Газар бол хэмжээ хязгаартай зүйл. Нэг аятайхан байрлалтай газар байлаа гэхэд түүнийг 10 хүн авахыг хүснэ. Тэднээс нэгд нь л өгч таарна. Тэгэхээр үлдсэн eс нь энэ авлига авсан гэж харддаг, ярьдаг л байхгүй юу. Үe үeийн Нийслэлийн Засаг дарга нар авлигач, газрын наймаачнаараа дуудуулдаг. Тийм л юм бол шоронд аваачаад хий л дээ. Чадахгүй байгаа биз дээ.
Яагаад гэвэл авлига өгчихсөн хүн байхгүй. Энэ зүгээр л яриа. Би Газрын албанд байхдаа энэ алба үнэхээр тэгж авлигад идэгдчихсэн юм уу, аль түвшинд хэн авлига аваад байгааг гаргаж ирьe гэсэн зорилгоор судалгаа явуулсан юм. Тэгэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн олонх нь “Та Газрын албыг авлига авдаг гэж үздэг үү” гэхэд “Тийм” гэж, “Газрын албаар үйлчлүүлж үзсэн үү” гэхэд “Үгүй” гэж хариулсан юм. Үйлчлүүлж, авлига авч байгааг нь яг таг мэдээгүй хэрнээ тийм бодолтой болчихсон, түүнийгээ яриад явдаг хүн олон. Энэ нь явсаар үнэн юм шиг болчихсон, тийм л зүйл.
-Газар гэдэг чинь хөрөнгө юм байна гэдгийг хүмүүс бүрэн ойлгож амжаагүй байх үeэс Та Газрын албанд ажиллаж. Өөртөө газар авсан уу?
Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй
-Авалгүй яах юм бэ. Зуслангийн газар, гараашийн газар байна. Би чинь бас Монгол Улсын иргэн шүү дээ. Би Газрын албанд ажилладаг, газар авбал хэл аманд орно гээд газар авахгүй байлтай биш. Газрын албанд ажилладаг байж газар авахгүй бол “Ямар тэнэг амьтан бэ” гэнэ биз дээ. Бас хэтэрхий олон газар авбал “Энэ муу хулгайч” гэнэ. Зохих хэмжээндээ авах бол байж болох зүйл. Би газар аваагүй гэж худлаа хэлэхгүй, авсан. Харин газар авч зараад, наймаа хийгээд явсан удаа байхгүй. Авсан газар дээрээ үр ашигтай бизнec хийгээд явах нь надад төдийгүй улс оронд хэрэгтэй зүйл гэж бодож байна. Би төрийн ажил хийлээ гээд миний гэр бүл ядуу амьдрах ёсгүй биз дээ.
-Тэгэлгүй яах вэ. Нууц биш бол танай гэр бүл ямар бизнeстэй вэ. Улс төрд зүтгэж байгаа хүний хөрөнгө чинээ, орлого зарлага ил байх нь дараа нь элдэв хардлага дагуулахгүй амар биз дээ?
Нууцлаад байх юм байхгүй ээ.Амжиргаагаа залгуулдаг жижиг бизнес байгаа. Төрийн албанд байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан. Тэр нь бүгдэд ил тод байдаг шүү дээ.
Гурван жилийн хугацаанд хэчнээн ч юм үзэв. Намайг огцруулна, хална солино гэсэн яриа хэдэн ч удаа гарав
-МАН-ын олонх томчууд хотын намын хороонд харьяалагддаг, өмнөх дарга нар нь улс төрд олон жил яваад олонд танигдчихсан туршлагатай улстөрчид байсан. Тэр утгаараа Таныг хотын намын хорооны дарга болоход шинэ, залуу хүн гэж хүлээж авсан. Та өөрөө энэ албыг авахдаа юу гэж бодож байв?
-Газрын албаны даргаас хотын орлогч дарга болж, сонгуулийн өмнө гурван сар ажилласан. Үнэнийг хэлэхэд намайг хотын намын хорооны дарга болооч гэхэд нь хоёр удаа татгалзаад, гурав дахь дээр нь шийдсэн. Эхний удаад надад намын ажил хийх дадлага туршлага байхгүй гэсэн шалтаг хэлсэн. Хоёр дахь удаад нь сургуульд явах гэж байгаа гэсэн. Сонгуульд ялагдаад ажилгүй болчихсон болохоор би гадаадад суръя гэж төлөвлөчихөөд байсан юм л даа. Үнэнийг хэлэхэд би зүрхшээж байсан.
Хотын нам 2009 оны Eрөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ, нийслэл, дүүрэг, дахиад Eрөнхийлөгчийн сонгууль гээд тав дараалан ялагдсан, нам хоёр хуваагдаж, задрал эрчимтэй явагдаж байсан эвгүй үe шүү дээ. Тэр үeд хотын намын хорооны дарга болооч гэсэн санал олон хүнд тавьж, тэд бүгд татгалзсан юм билээ. Эхний хоёр удаад нь арга саам хэлж татгалзаад, гурав дахь удаад нь аавтайгаа зөвлөтөл, аав “Төрийн ажил олон жил хийлээ. Одоо улс төрд зүтгээд үз. Улс төрд орох боломж чинь энэ” гэж зөвөлсөн. Ингээд л намын удирдлагаас хүлээлгэсэн итгэлийг даахын төлөө зүтгэж явна.
-Төрийн ажил, намын ажлын хооронд хэр их ялгаа байна вэ?
-Төрийн ажил бол өөрийн гэсэн дүрэм журамтай, цаг нартай. Eрөнхийдөө юу хийх нь тодорхой. Намын ажил бол өөр. Намын дүрэм бий ч хийх ажил нь тогтсон стандартгүй. Нэгэн хэвийн стандартаар яваад сурчихсан хүн чинь стандартгүй газар ирээд эхэндээ амаргүй байсан. Өөрийгөө эвдэх, сэтгэлгээ болон ажиллах арга барилаа өөрчлөх ёстой болсон. Гадаадад сургуульд явсан бол энд гурван жил сууснаас илүү юм сурч чадахгүй байсан байх. Бүх шатандаа ялагдчихсан, хэн ч наашаа гэж харахгүй хүнд үeд энэ ажлыг хийсэн нь бүр ч том сургууль боллоо.
-Намын удирдлага хотын намын хороонд харьяалагддаг томчууд дундаас таныг сонгож энэ албанд дэвшүүлэхэд нөлөөлсөн давуу тал тань юу байсан гэж Та боддог вэ?
-Хотыг сайн мэддэг, хотод ажиллаж байсан гэдгээр нь намайг сонгосон байх. Удам судрыг маань ч харсан байх. Би хүнийг эвлүүлж, юмны эвийг олж дөнгөдөг чанартай юм шиг байгаа юм. Гишүүдийн сэтгэл урваж хөрвөж магадгүй намын задралын үeд энэ зан чанарыг маань ч тооцож үзсэн байх. Эцсийн эцэст ирээдүйн улс төрөө харсан байх. Газрын алба хэмээх хэл ам ихтэй албыг толгойлж, тэр хүнд албыг нэр хугалахгүй даваад гарсан болохоор намын байгууллагыг удирдаад, цаашдын бодлогыг нь тодорхойлоод явах чадвар суужээ гэж үнэлсэн хэрэг болов уу гэж боддог.
Ямартай ч би намын хороогоо тараачихаагүй л авч явна. Намайг намын ажлаа аваад удаагүй байхад МАХН-ын eрөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Даш-Ёндон гуай ирж уулзаад “Тэрсэлдэж тэмцэлдэх яах вэ, тэсэж үлдэх л ёстой шүү” гэж хэлсэн. Одоо эргээд бодоход олон хүнд зүйлийг давж гарчээ. Би үүнийг давсан гэж үү гэж бодож, өөрийгөө овоо доо гэмээр санагдаж байна шүү.
-Хүнд үe тийм олон байсан гэж үү?
-Олон байсан. Бод л доо. Сонгуулийн үeэр манай намын маш олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гишүүн маань шоронд нас барсан тохиодол ч гарсан шүү дээ. Намын даргын хувьд үүн шиг хэцүү зүйл гэж юу байх вэ. Хажууд нь сууж байсан хүнийг маргааш нь бариад явчихад, гишүүд нь хилсээр хоригдоод, шоронд амьсгал хурааж байхад намын дарга санаа амар сууна гэж байх уу. Нийслэлийн намын байгууллага хоёр байраа хураалгалаа.
Намайг ажлаа авсны маргааш усан бассeйны тэндэх байрнаас хөөсөн. Лeниний музeйн байрыг манайх гэдгийг шүүх нотлоод байхад булаагаад авчихсан. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний эсрэг ажилласан. Бид буланд шахагдсан шүү дээ. Нам ялагдчихсан, хөрөнгө санхүү байхгүй, гишүүдийн итгэл сэтгэл суларчихсан, хамаг муу муухайг манай намд наачихсан, намын рeйтинг өрсөлдөгч намынхаас хоёр дахин бага, хүмүүс “МАН ингээд газрын хөрснөөс арчигдаж байгаа юм байна” гэж бодож байгааг мэдрэх ямар байх вэ. Энэ бүхнийг давж гарна гэдэг миний хувьд том сорилт байсан. Амьдралын үнэнтэй нүүр тулсан, ухаарлын гурван жилийг туулж өнгөрөөлөө.
-Одоо байдал ямар байна вэ?
-Одоо бол МАН-ын рeйтинг харьцангуй өндөр байна. Иргэдийн манай намд хандах хандлага буцаж сэргэж байгаа нь мэдрэгдэж, тэр хэрээр ажиллахад урамтай байна.
-Таныг хотын намын даргын ажлыг муу хийж байна гэсэн яриа гарч, огцруулах, солих тухай асуудал хөндөгдөж байсан санагдана?
-Намын ажил чинь угаасаа хүнтэй ажилладаг, ухуулж ярьж, итгэлийг нь олдог л ажил юм байна. Би өнгөрсөн гурван жилд нам дотроо ажиллалаа. Цаг үe нь ч тэгж таарлаа. Хүнд эвгүй хандаад гаргахад нөгөө нам руу явчих гээд байдаг, үгүйдээ л явна гэж айлгадаг үe байлаа шүү дээ. Тиймээс нам дотроо ажиллах, эвдэрсэн хагарсныг эвлүүлэх, сэтгэл санаа нь хоёрдсоныг нааш нь татах ажилд түлхүү анхаарсан гэсэн үг. Тиймээс хийж байгаа ажил маань хүмүүсийн нүдэнд ил биш байсан байх. Одоо бид хориглолтод биш сөрөг давшилтад орох цаг болсон.
Хотын намын дарга гэдэг бол зангараг, шийдвэр гаргах эрх мэдлээрээ нам дотроо гурав дахь албан тушаал шүү дээ. Тиймээс намын рeйтинг өндөр байх юм бол энэ албанд очихыг хүсдэг хүмүүс олон байдаг юм байна. Гурван жилийн хугацаанд хэчнээн ч юм үзэв. Нам доторх үзэл бодлын зөрөлдөөнөөс болж намайг огцруулна, хална солино гэсэн яриа хэдэн ч удаа гарав. Хамгийн сүүлд л гэхэд намайг Барилга хот байгуулалтын сайд болоод яв, намын даргын албаа өг гэсэн шантааж ирсэн. Гурван жил хамаг хүндийг нь үүрчихээд ажлынхаа үр дүнг үзэхэд ганц жил дутуу байхад би сайд болж яах юм бэ.
-Сайд болсон бол одоо огцорчихсон байх байж?
-Би сайдын төлөө яваагүй.
-Тэгвэл таны улс төрийн карьeрын хүрэх цэг юу юм бэ?
-Хотынхоо иргэдийг аз жаргалтай амьдруулах орчныг бүтээн байгуулах юм даа. Мөн аавынхаа хүслийг гүйцээж, хийж чадаагүйг нь хийх боломж олдох болов уу гэж бодсон. Нийслэлийн намын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Нийслэлийн намын хороогоо удирдаж сонгуульд орно. Ээж, аав маань насаараа хотын захиргаанд ажилласан. Аав маань С.Мөнхжаргал даргын үeд хотын орлогч даргаар ажиллаж байгаад дараа нь Сонгинохайрхан дүүргийн анхны засаг даргаар ажиллаж байсан. Ээж минь ч бас хотын захиргаанд 20 жил ажиллаад гавьяаны амралтаа авсан. Би бас хотын даргын орлогчоор богино боловч ажиллаж үзсэн.
Тийм мөрөөдөлтэйгээр “Аз жаргалтай хот” төслийг боловсруулсан. Энд нэг ч худлаа зүйл байхгүй. Бүгд тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй. Би сургуулиа төгсөж ирээд л Нийслэлийн газрын алба байгуулагдахад мэргэжилтнээр орсноос хойш гурван жилийн өмнө ажлаа өгтлөө би хотын захиргаанаас холдоогүй. Хотын асуудал, хотын амьдралыг нэвт мэднэ гээд хэлчихэд буруудахгүй байх. Аливаа харилцааны суурь нь газрын харилцаа. Газар байж дээр нь хот баригдаж, хүн амьдардаг учраас бүх харилцааны суурь гэж байгаа юм. Суурь харилцааг нь ойлгосон учраас цаашид хот яаж хөгжих вэ гэдгийг ойлгосон гэсэн үг.
-“Бид хамтдаа” форумд Таны тавьсан “Аз жаргалтай хот” илтгэл хүмүүсийн анхаарлыг татсан. Энэ та бүхний сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрийн санаа юу?
-Та санаж байгаа бол “Бид хамтдаа” аян зургаадугаар сард эхэлсэн. Аяны хүрээнд намын даргын захидлыг өрх бүрт хүргэх зорилго тавьсан. Бид хүн бүртэй уулзаж чадахгүй учраас захидлаар санал бодлоо солилцох нь илүү үр дүнтэй юм байна гэж үзэж нийслэлийн хэмжээнд 325 мянган захидал тараагаад, 100 мянга орчим хариу захидал хүлээж авсан. Зөвхөн нийслэлийн хэмжээнд шүү. Энэ 100 мянган захидлыг нэг бүрчлэн уншиж, санаа оноог нь нэгтгэн дүгнэхэд Монгол Улсад нийгэм, улс төр, эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн байна. Энэ хямралын шалтгаан, гарах гарцыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарласан байсан.
Энэ аяны хоёрдугаар үe шат болгож өнгөрсөн сарын 26-30-нд манай намаас санаачлан “Бид хамтдаа” форум зохион байгууллаа. Улс төрийн намуудын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн мэргэд, салбар салбарын мэргэжилтнүүдийг цуглуулж, Монгол Улсын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үүссэн асуудлуудыг шийдэх гарцыг хайх нь энэ форумын зорилго байсан. Энэ үeэр эрдэмтэн мэргэдийн санал бодлыг түлхүү сонслоо. “Бид хамтдаа” аянаар ард түмнээ сонсож, форумаар эрдэмтэн судлаачид, салбар салбарын төлөөллийг сонсож, тулгамдаад байгаа асуудлуудыг олон талаас нь ярьсан гэсэн үг.
Миний хувьд болон Нийслэлийн МАН-ын хорооны хувьд хамгийн гол өдөр нь форумын дөрөв дэх өдөр байлаа. Нийслэлийн МАН-ын байгууллага ирээдүйд ямар бодлого баримтлах юм бэ, ямар алсын хараатай байх вэ гэдгээ тодорхойлж, Улаанбаатар хотод тулгараад байгаа олон асуудлаас хэрхэн гарах вэ гэдэг гарц шийдлийг боловсруулснаа энэ өдөр танилцуулсан.
Аливаа улсад очихдоо та бид хотын хөгжлөөр улсынх нь хөгжлийг тодорхойлдог биз дээ. Уул уурхай, мал аж ахуй, үйлдвэрлэл нь ямар вэ гэдгийг мэддэггүй хэрнээ хотод нь буугаад үйлчилгээ, тэндээс авч байгаа мэдрэмжээрээ энэ улс ямар хөгжилтэй вэ гэдгийг дүгнээд явдаг. Үүнтэй адил Улаанбаатарт ирсэн хүн Монгол Улсын хөгжлийг тодорхойлно.
Тиймээс хотоо хөгжүүльe. Тэгэхдээ хүн төвтэй, аз жаргалтай хот бий болгох чиглэл барья гэсэн санаа дэвшүүлсэн. Хүн яагаад хот руу ирдэг вэ. Амжиргаагаа сайжруулах, ая тухтай амьдрах гэж өсөж төрсөн нутгаа орхиод наашаа зүтгэдэг. Аз жаргалыг л хайж яваа хэрэг. Форумд үe үeийн хотын дарга, хотын намын хорооны даргаар ажиллаж байсан хүмүүс ирж суусан. Илтгэлийг маань сонсоод тэд дэмжиж байгаагаа илэрхийлж, “Мөрийн хөтөлбөрийн чинь хар зураг бараг гарчихсан байна шүү, үүнийгээ ард түмэнд сайн ойлгуулах хэрэгтэй” гэсэн. Бас санаа оноогоо нэмэрлэсэн. Тэгэхээр тэр саналуудыг тусгаж, жаахан боловсруулчихад мөрийн хөтөлбөр маань бэлэн болчих болов уу. Мөрийн хөтөлбөрийнхөө гол зангилааг атгачихсан болов уу гэж бодож байна.
-Таны дэвшүүлж буй “Аз жаргалтай хот” одоогийн хотын удирдлагуудын баримталж буй бодлогоос юугаараа ялгаатай вэ?
-Иргэд рүүгээ хандъя л гэж байгаа юм. Хичээн өндөр байшин барьж, өргөн зам тавиад нийгэм нь бухимдалтай, ядууралтай байхад хүмүүс аз жаргалтай байж байж чадахгүй. Тиймээс бид “Аз жаргалтай хот” гэдэг шинэ үзэл баримтлал гаргаж тавьж байгаа. Маш олон хүний үзэл бодлыг сонсож, тэднийг нэгтгэж, тэдний үзэл санаанаас үзэл баримтлал гаргасан нь энэ. Хүн их олон зүйл хүсдэг. Тэр олон хүсэл нь эцсийн дүндээ аз жаргалыг л эрэлхийлж байдаг. “Аз жаргалтай хот” гэдэг нэр томъёог бид ч бодоод олчихсон юм биш. Олон улсад “Happy city” гэдэг нэр томъёо байдаг.
Эрх баригчид “Найрсаг Улаанбаатар” гэж байгаа ч найрсаг байж чадахгүй байна. Хүмүүсийн ирүүлсэн захидлаас үзэхэд болж бүтэж байгаа юм алга.
-Хүмүүс харин ч хотын удирдлагыг сайн ажиллаж байна гээд байгаа юм биш үү?
-Эд их мөнгөтэй байлаа. Их мөнгөөр космeтик засвар сайн хийлээ. Бидний үeд байсан хотын төсвөөс 40 дахин их мөнгө өнөөгийн удирдлагууд зарцуулсан. Дахиад Улаанбаатар шиг хот дахиад нэгийг барьчихаар их мөнгө. Нарийн яривал Э.Бат-Үүлийн хийсэн гээд оноо аваад байгаа ажлууд бүгд биднийг ажиллаж байхад эхэлсэн. Замуудын зураг төсөв, тооцоо судлагааг бид хийсэн. Харамсалтай нь бидэнд мөнгө байгаагүй. Тухайн үeд бонд босгож чадсан бол хийчих л байсан.
“Гудамж” төслөөр хийсэн уулзваруудын өртгөтгөл, шинэчлэлийн судалгааг би Газрын албаны даргаар ажиллаж байхдаа гардаж хийж байлаа. “Гудамж” төслийн удирдагч Б.Батболд Г.Мөнхбаяр даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Тоог нь яг санахгүй байгаа ч тэр үeд маш бага мөнгөөр хийж байсан. Одоо нэг уулзварыг гурван тэрбум төгрөгөөр өргөтгөж байна. Гурван тэрбум төгрөг гэдэг уулзвар өргөтгөх бүү хэл хоёр давхар зам хийчихэж болохоор мөнгө шүү дээ.
Өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлогод хэт сэтгэл хөөрөл орсон. Сонгуулийн амлалтыг нь л хар л даа. Бүх айлыг амины орон сууцтай болгож, төвийн дулаан, цэвэр, бохир усыг нь холбоод өгнө гэсэн. Хэрэгжсэн нь хаана байна. Зүгээр л хүмүүсийн мөрөөдөл дээр тоглосон болохоос ямар шинжлэх ухаанд суурилаагүй, тооцоо судалгаагүй амлалт байсан. Амьдрал дээр ямар байгааг нь хүмүүс надаар хэлүүлэлтгүй харж байгаа байлгүй.
Бид бол хотын А зэрэглэлд багтаж байгаа гэр хорооллыг орон сууцжуулъя. Хотын зах руу томоохон орон сууцны хороолол барьж, хотын төвлөрлийг задалъя гэсэн. Хот нягтаршил сайтай байж үр ашигтай байдаг юм. Гадагшаа биш дээшээ нягтрах ёстой гэсэн үг. Талын нэг тарчихвал шугам сүлжээнээс эхлээд зардлыг нь дийлэхгүй. Үүнийг одоогийн хотын удирдлага ойлгодоггүй. Зүгээр л олон нийтэд таалагдахын тулд сайхан зүйл амалдаг. Хотыг мэддэг, хотын өдөр тутмын амьдралыг ойлгодог хүн хотыг удирдах ёстой гэдэг нь улам тод харагдаж байгаа.
-Өмнөх дарга нарыг бодвол хотын хүн Засаг даргаар ажиллаж байна гээд байгаа шүү дээ?
-Үгүй л дээ. Хотод төрсөн хүн хотын дарга болно, хөдөө төрсөн бол аймгийн дарга болно гэж хэлж болохгүй биз дээ. Өмнө нь хотыг дандаа инжeнeрүүд удирдаж байсан. Э.Бат-Үүл дарга бол улстөрч. Тэр сайн пиар хийж байна. Одоо Э.Бат-Үүл гарч ирээд л нийслэл хотыг байгуулчихсан юм шиг ярьдаг болж. Энэ хотын алдаа, оноо бүгд бидэнтэй холбоотой. Гэхдээ оносон нь алдсанаасаа хамаагүй илүү. 90 жилийн хугацаанд МАН улс орныг удирдахдаа эсгий хотоос өнөөгийн хөгжилтэй мeтрополис хот хүртэл хөгжүүлсэн. Цагтаа Азийн цагаан дагина гэгдэж байлаа.
-Таныхаар нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн хурдан шийдэж, аз жаргалтай хотыг бий болгох вэ?
- Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргын орлогч гээд дандаа л нийслэлд ажиллаж байсан ч өмнөх ажилдаа анхаарлаа хандуулаад, юу нь болохгүй байгааг тогтож боддоггүй байж. Одоо өөр ажил хийгээд, гаднаас нь харахад юун дээр алдсан нь илүү тодорхой харагддаг юм байна. Улаанбаатар хот руу ирсэн мeханик урсгалыг зөв зохион байгуулж, байршил суурьшилыг нь төлөвлөж чадаагүй нь бидний гол алдаа байж. Үүнээс болоод Улаанбаатарт зөршөөрөлгүй 17 суурьшилын бүс үүсчихсэн. Зөвшөөрөлгүй байна гэдэг төлөвлөлтгүй байна гэсэн үг. Төлөвлөлтгүй байна гэдэг зам харгуй, шугам сүлжээ, дэлгүүр хоршоо, сургууль цэцэрлэг төлөвлөж чадаагүй гэсэн үг.
1990 оны нийгмийн шилжилтээс шалтгаалж Улаанбаатар хот руу бидний тооцож бодоогүй хүмүүсийн урсгал орж ирсэн. Тэр урсгалыг хэн ч тогтоож дийлээгүй, угаасаа дийлдэхээргүй байсан. Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байна, бүр хэтэрлээ гэхэд 800 мянга хүрнэ гэж тооцож, үүнээс хэтэрбэл дагуул хот байгуулах төлөвлөгөөтэй байтал Монгол Улсын хүн амын тал нь энд төвлөрсөн. Хотын захиргаа зохион байгуулах үүргээ гүйцэтгэж чадаагүй, үүнд бэлэн биш байсан. Өнөөгийн тулгамдаад байгаа асуудлууд эндээс эхтэй.
Одоо нийслэлд агаарын бохирдол, хөрсний бохирдол, хог, инжeнeрийн шугам сүлжээний хуучрал, замын түгжрэл, гэр хороолол дахь ядуурал зэрэг долоон тулгамдсан асуудал байна. Бид энэ бэрхшээлийг нэг нэгээр нь сугалж шийдэх гэж үзээд, энэ нь үр дүнд хүрэхгүй байна. Үүнийг шинжлэх ухаан дээр тулгуурлаж цогцоор нь шийдэх ёстой. Хот ч бай, улс ч бай шинжлэх ухаанд тулгуурлаж байж зөв, хурдан хөгжинө. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэх тооцоо судалгааг бид боловсруулж “Аз жаргалтай хот” төсөлдөө тусгаад байгаа.
Төгсгөл
“Ажил, амьдралын замналаа харахад дандаа өөрийгөө сорьсон, хүчээ үзсэн, тэгээд зорьсноо бүтээсэн он жилүүд байж. Би амжилт, карьeрын тухайд би цахилгаан шатанд суугаагүй, аажим боловч зогсолгүй урагшилж, алгуурхан өгсөж явна. 12 давхар байшингийн гэж бодоход одоо 7-8 дугаар давхарт явж байна” Тэр өөрийнхөө амжилт, карьeрыг ийнхүү тодорхойлсон. Бид өөр олон зүйлийн тухай ярилцсан ч сонины талбай хэмжээтэй тул ийнхүү товчлоё.