Хамтарч байгаа эвсэл нь аль хэдийнэ хөөгдөх болзлоо хангачихсан юм биш үү
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.04

Хамтарч байгаа эвсэл нь аль хэдийнэ хөөгдөх болзлоо хангачихсан юм биш үү

“Ардын эрх” сонины “Онцлох зочин”-оор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг урилаа. 

-Та саяхан БНХАУ-д болсон “Монгол-Хятадын экспо”-д оролцоод иржээ. Тийшээ явсан зорилго нь юу байв. Ямар үр дүн гарсан бэ. Ярилцлагаа эндээс эхэлье?

-Би УИХ-ын гишүүнийхээ хажуугаар Монгол-Хятадын ажил хэргийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хашдаг. Хуучин бол төр нь төрийн шугамаараа, хувийн хэвшил нь хувийн хэвшилтэйгээ, төрийн бус байгууллагууд нь хоорондоо харилцдаг байсан юм. Энэ бүтцээр явахаар төр, хувийн хэвшил нь бодлогоо уялдуулж ажиллах тал дээр учир дутагдал гарсан.

Иймээс бүх талын оролцоог хангаж “Нэг цонх”-оор харилцах зорилготойгоор ажил хэргийн зөвлөл байгуулсан юм. Зөвлөлийн даргын хувьд би БНХАУ-д очоод ирлээ. Үүнээс өмнө долдугаар сард Бугат хотод болсон Монгол, Орос, Хятад гээд гурван улсын худалдааны танхимуудын форумд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар нэлээд томоохон илтгэл тавьсан. Тэнд тавьсан илтгэлийг маань Хятадын тал өндрөөр үнэлж сая болж өнгөрсөн Хөх хотын экспод заавал ирж оролцооч гэж хүссэн юм.

 -Сая жишээ нь ямар асуудлууд ярьсан бэ?

- Хятадын бизнес эрхлэгчид Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар харьцангуй бага мэдээлэлтэй байдаг юм байна. Манай бизнесийн орчин сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан. Хөрөнгө оруулалтын хуулиа баталсан.

 Европын холбооны улсуудад 7200 нэр төрлийн барааг ямар ч татваргүй гаргах эрхтэй байна. Японд 5700 нэр төрлийн барааг маш хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах болсон. Монголд үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүнийг Хятадаар дамжуулан гуравдагч улсад гаргахад бусад ижил улсуудтай харьцуулахад 40 хувийн хөнгөлөлттэй тарифтай болсон гээд давуу тал олон бий. Мөн хөрөнгө оруулалт хийж байгаа салбараас нь хамаарч 5-27 жилээр тогтворжуулалтын гэрчилгээ олгох болсон. Энэ бүхнийг тайлбарласан, таниулсан. Тэд маш том боломж, бололцоо юм байна гэж хүлээж авсан. Хэдийгээр бид дотроо зөрчилддөг, маргалддаг асуудалтай байдаг ч гадагшаа нэг амаар, ёстой “нэг цонх”-оор Монголд хөрөнгө оруулаач ээ, хамтарч ажиллаач ээ, та бүхний итгэлийг даана гэдэг байдлаар явах ёстой. Би ингэж л яваад ирлээ.

 -Хөрөнгө оруулалт дээр нааштай үр дүн харагдаж байна уу. Жилдээ 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан нь одоо 400, 500 сая л болж буурлаа ш дээ. Ирэх жилийн дүр зураг ямархуу байх бол?

-2013 онд Монгол Улсад 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Харамсалтай нь 2014 онд  200 орчим сая ам.доллар болтлоо буурсан л даа. Хэдэн арав дахин буурсан. Үүнд дүгнэлт хийж сая хэлдэг татварын болоод бизнесийн орчны боломжуудыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, бид алдсан. Алдаан дээрээсээ сургамж авсан.

Цаашид дахин алдахгүйн тулд Монгол Улс харьцангуй татварын таатай орчинтой, хөрөнгө оруулалтын орчин сайтай улс болох гэж хичээлээ. Жишээ нь, дэлхийн 200 гаруй орныг татварын таатай орчноор жагсаахад Монгол Улс 27 дугаарт орж байна.  Манай бүх  татвар нийлээд 24 орчим хувь байгаа. Бизнесийн таатай орчноор жагсаахад 56-д орсон. Энэ бол хөрөнгө оруулах, бизнес хийх боломж бололцоо бүрдсэн гэсэн үг.  Одоо хөрөнгө оруулалт татахын тулд улс төрийн орчноо тогтвортой болгох ёстой. Төрийн бодлого нь тууштай, тэгээд урт хугацаандаа тогтвортой хэрэгждэг байхад анхаарах ёстой болчихоод байна.

 -Энэ бодлого тогтвортой, тууштай, урт хугацаандаа хэрэгждэг байх ёстой гэдэг дээр та “ТУГ” хөтөлбөр гэж санаачилснаа МАН-ын “Бид хамтдаа” форум дээр мэдэгдсэн. Харин энэ хөтөлбөр дээр форумд оролцсон бусад улс төрийн хүчин хамтдаа байж чадах уу?

-Монгол Улс 1990 оноос ардчилсан, чөлөөт зах зээлд шилжсэн. Үндсэн хуулиа баталсан. Улс төрийн олон намын тогтолцоотой болж, сонгуулиар засгийн эрхэнд гарсан нам дөрвөн жилийн хугацаанд өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон. Сонгуулийн мөчлөг бүрээр, засаг солигдох тоолонд өмнөх дэвшүүлж байсан зорилтууд бүгд зогсонги, царцанги байдалд орж бүх юм шинээр эхэлдэг болсон л доо.

Ийм байдлаар бие биеэ үгүйсгэдэг, сонгуульд ялсан нам нь, байгуулагдсан Засгийн газар нь өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гээд төрийн бодлогын залгамж чанарыг алга болгодог. Үүнээс болж Монгол Улс хөгжихгүй байна гээд төрийн бодлогын залгамж хэрэгтэй юм байна гэж бид дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс төрийн өөрийн гэсэн тодорхой бодлоготой байх ёстой. Энэ бодлого нь савладаггүй, аль нэг тийшээ савчуулдаггүй байх ёстой юм гэдэг дээр бид алдаагаа олж харсан.

 Манай нам 2012 оноос эхлэн байр сууриа илэрхийлж ирсэн. Учир нь, улс төрийн гол хүчнүүд 2004-2012 он хүртэл харьцангуй хамтарч ажилласан байдаг юм. Энэ хугацаанд хамтарч байгаа учраас бодлогоо ойлголцоод, зөвшилцөөд явж ирсэн. Монгол Улсын хөгжил эрчимжиж, эдийн засаг, нийгмийн амьдрал ч сайжирч байсан үе. Харамсалтай нь, 2012 оны сонгуулиар АН олон суудал авч энэ бүхэн өөрчлөгдсөн. Уг нь тэд 31 суудал, МАН 29 суудал авсан. Дөнгөж хоёрхон суудлаар илүү гарсан хэрнээ АН-ынхан бид олон суудалтай учраас засгийн эрхээ авна, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлнэ гээд явсан.

Ялсан намын бодлого гээд өмнөх бүх амжилт, ололтууд, төрийн бодлогыг үгүйсгэсэн. Тухайлбал, “Монгол мал” хөтөлбөр, “Атрын III” аян байна. “Монгол мал” хөтөлбөрөөр малчдын амьдрал дээшилж, хөдөө аж ахуйд эдийн засгийн өндөр өсөлтүүд бий болсон байсан. Газар тариалангийн салбар л гэхэд бид хэрэгцээний улаанбуудайгаа өөрсдөө тариад, илүү гарсныг нь экспортолдог болчихсон байв. Өнөөдөр гэтэл гаднаас 100 мянган тонн улаанбуудай импортолж дотоодын хэрэгцээгээ хангана гээд явж байна. Ийм л уналтад орчихлоо. Тавантолгой, Оюутолгой гээд томоохон төслүүд байна.

Хамтарч байхад хөдөлсөн энэ төслүүд эдийн засагт үр өгөөжөө өгч байсан боловч харамсалтай нь шинээр байгуулагдсан Засгийн газар бүгдийг үгүйсгэсэн. Энэ буруу юм гээд л бүгдийг зогсоосон. “Чалко”-той байгуулсан нүүрсний гэрээ, Оюутолгойн хөрөнгө оруулалтыг шууд л тас цохиод зогсоосон шүү дээ. Тавантолгой ч гацаатай хэвээрээ байна. Энэ бол төрийн бодлогын залгамж чанар алдагдсаны, урд өмнөхөө үгүйсгэсний гор. Нөгөө талдаа бүгдийг шинээр эхлүүлэх гэж оролдсоны гайгаар эдийн засаг өнөөдрийн байдал руу орчихлоо. Ард иргэдийн амьдрал хүндэрчихлээ. Тийм учраас энэ буруу юм байна гэдгийг хэлж байгаа юм.

 -Тэгээд энэ бодлого яриа төдий яваад байх уу. Төрийн бодлого болох боломж байна уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-МАН-ын XXVII их хурал 2013 онд болж ерөөсөө эрх баригч нам бодлогогүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас төрийн бодлого тодорхой байх ёстой, түүнийхээ төлөө бүх нам тууштай ажилладаг болох ёстой гээд Монгол Улсын хөгжлийн зорилт гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүнийгээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын бичиг баримт болгон батлуулж ажиллахыг УИХ дахь МАН-ын бүлэгт даалгасан.

Бодит ажил болгохын тулд улс төрийн бүх нам, төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэдийг үндэсний зөвшилцөлд уриалсан. Бие биеэ үгүйсгэдэг, хуваагддаг, улстөрждөг байдлаа больё гэсэн юм. Үүнийгээ 2014 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дарга ч нааштай хүлээн авч ажлын хэсэг байгуулан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” буюу 2030 он хүртлэх бодлогыг боловсруулаад эцсийн шатандаа орж байна. УИХ-д удахгүй өргөн барина.

 -Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байх даа.

-Хөгжлийн бодлогоо тодорхойлчихоод бодлогод яаж хүрэх үү, яаж хэмжих вэ ямар үзүүлэлтийг шалгуур үзүүлэлт болгох вэ, ямар зорилт, зорилго дэвшүүлэх вэ гэдгээ  бол процессын хуулиар зохицуулна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гээд процессын хуулийг хамтдаа хэлэлцэхээр явж байна. Бид бодлоготой болчихвол, бодлогоо хэрэгжүүлэх процессын хуультай болох юм. Ингэвэл аль ч нам сонгуульд ялсан зөвхөн тэр бодлогыг хэрэгжүүлдэг болно. Ялсан нам нь гарч ирээд л өөрчлөөд байдгийг халъя гэж байгаа юм. Үүнийг би “ТУГ” бодлого гэж нэрлээд байгаа.

 -“ТУГ” гэдэг нь ямар нэг үгийн товчлол уу?

-Төрийн бодлого тогтвортой байх ёстой, тодорхой байх ёстой, түүнийг тууштай хэрэгжүүлдэг болъё гэж байгаа. Энэ бол “Т” үсэг. Урт хугацааны, уялдаатай, уян хатан байя гэсэн санаа нь “У” үсэг. Жишээ нь, төлөвлөж байснаас тодорхой хэмжээнд засвар өөрчлөлт хийх шаардлага гарч болно. Тэр үед нь уян хатан засвар хийчихдэг бололцоотой байх ёстой. Тэгээд гарц гаргалгаатай байх ёстой. “Г” үсэг нь энэ. Гэхдээ гарц гаргалгаа гэдэг нь шийдэл байх ёстой. Зүгээр тунхаг төдий мөрөөдлийн чанартай биш, тодорхой шийдэл, хүрэх үр дүн, тэрийг нь хэмжих дүгнэх бололцоотой байх ёстой гэж байгаа юм.

Тэгээд л “ТУГ” бодлого гэчихэж байгаа юм. Монголчууд бүгдээрээ төрийнхөө сүлдэнд залбирч, төрийнхөө далбааг мандуулдаг. Монгол Улсын төрийн далбаан дор аль ч нам, ямар ч ястан үндэстэн байсан нэгддэг. Мандуулж баярладаг улсууд. Түүн шиг л тийм бодлоготой болчихъё, тэгээд улстөржихөө больё гэж байгаа юм.

 -Та Төрийн далбааны тухай хуулийг санаачилж батлуулсан гишүүний нэг. Бас төрийн далбааны өндөрлөг байгуулна гээд явж байгаа. Ховд аймагт 200 саяар барих энэ өндөрлөг нь сонгуулийн шоу гэж шүүмжлэх хэсэг байна. Нээрэн эдийн засаг хүнд байгаа үед бол юун төрийн далбаа вэ?

-Сонгуулиа харсан юм биш. Монголчууд бид бүгдээрээ нэг л зовлонтой, нэг л жаргалтай, нэг л хэл соёлтой, нэг л зан заншилтай. Өнөөдөр яагаад хуваагдаад, яагаад улстөржөөд, яагаад бие биеэ үзэн ядаад байгаа юм бэ. Үзэн ядалт нь одоо цаашлаад өс хонзон авалт болж байна. Ийм учраас бид нэг зовлонтой, нэг эрх ашигтай, бид нэг монголчууд гэдэг малгайн дор хүмүүсээ нэгтгэе. Улс орноо гэсэн ганцхан бодлоготой болцгооё.

Ингэхийн тулд төрөө дээдэлье. Төрд ажиллаж байгаа хүмүүс нь ажилласан шиг ажиллаж төр нь төр шиг байя. Ард түмэн төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг болъё л гэж байгаа юм. Энэ үүднээс бид нэг монгол гэж ярьж байгаа. Нэг бэлгэдэлтэй, нэг тэмүүлэлтэй байя. Ингэхийн тулд зүрх сэтгэлд нь юм мэдрүүлэхийн тулд төрийн далбааны өндөрлөг гэсэн төсөл хэрэгжүүлж эхлэх санаа гаргасан. Төрийн далбааны өндөрлөг гэдэгт нь Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийн тухай  хуульд туссан зүйлс байх юм.

Тэр хуульд төрийн далбаа, төрийн сүлд, төрийн соёмбо, төрийн дуулал байдаг. Ингээд төрийн бэлгэ тэмдэг болсон энэ дөрвөн зүйл дээрээ гал нэмье. Монголчууд тулгандаа галаа бадраахыг бэлгэддэг. Тийм учраас энэ дөрөв дээр нь тулга гэсэн таван бэлгэдэл бүхий цогцолбор байгуулж, тэр цогцолбортоо баяр ёслолын, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг болбол зүгээр юм уу гээд ийм санал гаргасан. Тэр саналаа Ховд аймгаас эхлүүлье гэсэн. 21 аймагт ийм өндөрлөг байгуулна. Бид нэг монголчууд шүү гэдгийг л сануулах, таниулах зорилготой.Бид бүгдээрээ л төрийн далбаагаа мандуулж баярладаг, бөхийлгөж гашууддаг ард түмэн шүү дээ. Бүгд л төрийн дууллаа дуулж зүрх сэтгэлдээ омогшддоггүй гэж үү.

Ямар ч хуваагдалгүйгээр Монгол Улсын төрийн далбаа, сүлдэндээ залбирч, төрийн дууллаа эгшиглүүдэг. Биднийг нэгтгэж байгаа энэ үнэт зүйлийг гаргаж ирж цогцолбор болгоод явъя гэж байгаа юм. Ингэж хуваагддаг, бие биеэ үзэн яддаг, өс хорсол зангиддаг юмыг бага ч атугай бүлээцүүлэх юмсан, зөөллөх юмсан, тэр мөсийг нь хайлуулах юмсан гэсэн санаа л цаана нь бий. Үүнийг Ховд аймгийн удирдлагууд ч аймгийн МАН, АН-ын хорооны дарга нар, ард иргэд ч нэгэн дуугаар дэмжиж хамтдаа шавийг нь тавьсан. Ард-Аюушийнхаа талбайд төрийн далбааны өндөрлөгтэй болох эрмэлзлэл бол олон ястнуудын маань эвийн илэрхийлэл юм шүү. 

 -Ер нь л төсвийн хэлэлцүүлгээс харсан ч, улстөрчдийн байдлыг ч харахад 2016 оны сонгуульдаа намууд, улстөрчид бэлдээд эхэлчихсэн юм биш үү. Гэтэл тоглоомын дүрэм нь одоог хүртэл тодорхой бус байна. Танай нам болохоор 76 жижиг мажоритар гээд хууль санаачлаад явж байна. Гэтэл сая УИХ-ын дарга бараг л одоогийн хуулиараа явна гэчихлээ. Эцэслэн шийдэх гарц нь хаана байгаа юм бэ?

-УИХ л шийднэ. Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах бололцоогүй болчихдог. Тэгэхээр хоёрхон сарын хугацаа байна. Энэ хугацаанд бид зөв төрийг, ард түмэн төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх л хууль батлах ёстой. Тэр сонгуулийн санал авах өдөр л ард түмэн засгийн эрхийг барьдаг. Ард түмэн засгийн эрх барих өдрөө төрөө зөв байгуулах бололцоог нь яаж бүрдүүлж өгөх вэ гэдэг дээр сонгуулийн хуулийн ач холбогдол оршиж байгаа. Тийм учраас сонгуулийн хууль дээр алдаа дутагдал байдаг бол засъя.

Ард түмэн юу гэж ярьж байна гэхээр, сонгож байгаа гишүүнээ өөрөө мэддэг, өөрийгөө төлөөлж төр түшилцэх хүнээ мэдэж байж, мэдэрч байж сонгоё гэж асуудал тавьж байна. Харамсалтай нь, олонхи маань юу гэж үзэж байгаа юм бол. Тэд л асуудал шийднэ. Энэ дээр яаж ойлголцох бол. Бидний тавьсан санал бол ийм байгаа. Ийм байдлаар л асуудал шийдэгдээсэй гэж хүсч байгаа.

 -УИХ-ын дарга уржигдар телевизийн ярилцлагад орохдоо Сонгуулийн хуулийг энэ чигээр нь байлгая гэх утгатай зүйл хэлсэн. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүнээ харж байж сонгоё гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Өөрөөр тань  жишээ авъя. Сонгуулийн хууль энэ чигээрээ явлаа гэхэд та Ховддоо дэвших үү, жагсаалтад орох уу. УИХ дахь намын бүлгийн дарга гэдэг бол эрэмбэлэхэд 2-3-аар л жагсах албан тушаалтан гэж бодож байна.

-Сонгуулийн хууль ийм байх ёстой, тийм байх ёстой гээд нэг хүнээр шийдэгдэхгүй. 76 гишүүн шийднэ. Бид өмнө нь алдсан бол алдаагаа засах ёстой. Энэ хууль алдаатай байна, гажигаас нь болж төрийн тогтолцоонд ямар асуудал үүсэв гэдгийг ард түмэн хангалттай харчихлаа ш дээ. Ард түмэн жинхэнэ яс махаараа мэдэрнэ гэдэг болж байна. Тийм болохоор бид алдаагаа засах ёстой. Ялсан намын сонгуулийн хуулийг өөрчлөхгүй, алдаагаа засахгүй явна гэдэг бол дахиад л алдаагаа давтахын эхлэл.

Тийм болохоор сонгуулийн хуульд байгаа алдааг засах л ёстой. Тухайлбал, хар машины асуудал байна. Ард түмний дунд санал асуулга явуулахад 90 хувь нь хар машинд итгэдэггүй гэж хэлж байна. Төрийг байгуулах гэж байгаа хүмүүс чинь төрөө зөв байгуулж чадах уу, үгүй юү гэдэг дээр эргэлзэж байгаа үед эргэлзээтэй чигээр нь сонгууль явуулбал юунд хүрэх вэ. Тийм болохоор хар машины асуудлыг бид шийдэх л хэрэгтэй. Эргэлзээг арилгахын тулд давхар гараар тоолох шаардлагатай.

 -Таны өөрийн хувьд...?

-Миний хувьд одоогоор тодорхойгүй байна. Сонгуулийн хуулийг харж байна л даа. Аль ч хувилбараар дүнгээ тавиулахад би бэлэн.

 -Сонгуультай холбоотой сэдвээ дахиад үргэлжлүүлэхэд 2012 оны үетэй харьцуулахад улс төрийн нөхцөл байдал багагүй өөрчлөгдлөө. “Шударга ёс” эвсэлд л гэхэд дотоод үл ойлголцол нь намын дарга нарынх нь мэдэгдлээр ил болж байх жишээтэй. Ийм нөхцөлд ирэх сонгуульд намууд хэрхэн оролцох нь сонин байна. Жишээ нь, МАН-ынхан МАХН-тай эвсч сонгуульд орох нь гэсэн яриа ч гарч байна л даа?

-Өнөө маргаашийн ашиг хонжоо хайж асуудалд хандах нь учир дутагдалтай. Бид төрийн өмнө, Монгол Улсын өмнө үүрэг хүлээсэн хүмүүс учраас аливаа шийдэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтлох ёстой. Монголчууд ярьдаг даа, биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тийм болохоор улс төрийн болоод эрх барьсан олон жилийн туршлагатай МАН, тодорхой хэмжээнд эрх бариад алдаад, оноод үзчихсэн АН хоёр илүү ачаа үүрэх чадалтай юм болов уу.

Монгол Улсын хувь заяаг нуруундаа үүрээд явах бололцоотой юм болов уу гэж би хувьдаа хардаг. Тийм учраас энэ намууд нь хоорондоо ойлголцож, өнөө маргаашийн ашиг хонжоо харах бус Монгол Улсын урт хугацааны эрх ашгийг бодож асуудалд хандах ёстой. Тэгэхгүйгээр өнөө, маргаашийн эрх ашгаа харвал дахиад л улс төрийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахад асуудал үүсэх байх. Төлөвшиж амжаагүй яваа намууд ч, улстөрчид ч байна. Тийм учраас болгоомжтой л хандах учиртай.

 -Хоёр намын нэгдлийн тухай асуусан нь МАН-ын цөөнгүй гишүүн МАХН-ыг сонгож байна. МАН-ын генсект өрсөлдөж явсан, бүр тодруулбал тантай нэг баг гэгддэг байсан Ж.Сүхбаатар л гэхэд МАХН руу орчихлоо. Үнэхээр тэр хүмүүсийн яриад байгаа шиг МАН болохгүй байна уу, эсвэл энэ шилжилтүүд хоёр намыг буцааж нэгтгэх алхмын эхлэл үү?

-Жирийн хүмүүсийн, эсвэл хуучин МАХН, одоогийн МАН-ын гишүүн байсан хүмүүсийн санал бодлыг сонсоод явахад МАХН-аа нэгтгэх ёстой гэж байнга ярьдаг. Дээд төвшинд, удирдлагын төвшинд яваа цөөхөн хүн л ойлголцох шаардлагатай. Ер нь хуваагдаж, талцаад явахаараа л бусдын идэш хоол болдог ш дээ. Өнгөрсөн хугацаанд хуваагдсанаас болж МАН зөндөө л бусдын идэш хоол болж, Монгол Улс тэр хэмжээгээр хохирлоо.

Одоо бид яагаад алдаагаа засч болохгүй гэж. Тийм учраас МАХН руу орсон, МАХН-ыг байгуулсан, одоо бас МАХН руу орох гээд бодож яваа мэр сэр хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэр хүмүүст хэлэхэд, эцэстээ хуваагдал бидэнд сайн үр дүн авчрахгүй шүү. Бид нэгдэх ёстой гэдгийг зүрх сэтгэлдээ тээж, үүнийхээ төлөө үйлдэл хийдэг байгаасай гэж хүсмээр байна.

 -Ойлголцох тал дээр МАН, МАХН-ын удирдлагын төвшинд ямархуу хандлагатай байгаа вэ. Бодитой яриа, хэлэлцээ явсан уу?

-Байхгүй.

 -Асуултаа буцаад УИХ руу татъя. Улс төрийн нөхцөл байдал тийм ч тогтвортой бус байна. Хэдийгээр олон суудал авсан АН-ынхан засгаа байгуулсан ч гэсэн Ерөнхий сайдыг огцруулах бодитой санаачилгууд явж байна. Замын дундаас засагт уригдсан, тэгээд хөөгдсөн намын УИХ дахь бүлгийг ахалж байгаа хүний хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ямар дүн тавьж байгаа вэ?

-Эдийн засагт дорвитой өөрчлөлт авчрах шийдлүүд шийдлийн нэртэй энэ Засгийн газраас гарахгүй байна. Нүдэнд үзэгдэж, гарт баригдах юм үнэндээ харагдахгүй байгаа шүү дээ. Би ингэж л хэлнэ. Дээр нь нэмээд хэлэхэд, урьж оруулчихаад хөөгөөд явуулдаг иймэрхүү л ёс зүйтэй хүмүүс гэдгийг нь ард түмэн хангалттай харсан даа. Бид оръё гээгүй, бидний урьсан.

Урих урихдаа нэлээд том хадаг, нэлээд том хүсэлт тавьж байж урьсан. Харамсалтай нь, нэг л өдөр хөөгөөд явуулсан. Энэ нь зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг цаг хугацаа харуулж, АН-ынхан өөрсдөө ч дотроо дүгнэлт хийж байгаа биз. МАН бол эсрэгээрээ харьцангуй тууштай, тулхтай нам гэдгээ л харуулсан.

 -Шийдэл гэдэг дээр тодруулж асуухад “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гарч ирсэн Засгийн газрын бодлого дээр УИХ нь “улс төр, улс төр, улс төр” гээд тээг тавиад байгаа юм биш үү. Тийм л тайлбар явж байгаа ш дээ?

-Биднийг засагт хамтарчихаад улс төр хийлээ гэж буруутгаад хөөсөн. Тэгвэл МАН засагт хамтарсан найман сар орчим хугацаанд нэг ч сайдыг огцруулъя гэж өргөн бариагүй. Нэг ч удаа гудамжинд гарч жагсаал цуглаан хийгээгүй. Мэдээж бурууд хурц, зөвд зөөлөн байх ёстой гээд алдаа дутагдлыг нь шүүмжилж явсан. Хамтарсан гэдгээр алдааг нь хаацайлаад өнгөрч болохгүй ш дээ. Бидний баримталсан зарчим энэ. Гэвч эд нар гуйгаад ирсэн юм чинь, бидэнд итгэсэн юм чинь гээд ачааг нь бас хамтдаа хуваалцаад л, үүрээд л явсан. Зүтгэсэн. Зарчмын дагуу тавих ёстой шүүмжлэлээ ч хэлээд явсан. Бодит байдал ийм.

Энэ асуудалтай холбогдуулан би чамд өнгөрсөн цаг хугацааг сануулъя. 2008-2012 онд бид бас хамтарч үзсэн. Тэр үед АН-ынхан, одоогийн УИХ-ын дарга З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Батбаяр нарын гишүүд Сү.Батболдыг огцруулах асуудлыг хоёр удаа, Д.Зоригт сайдыг огцруулъя гэж гурван удаа УИХ-д өргөн барьсан. Т.Хасбаатар гээд нөхөр нь долоо, найман удаа энэ Засгийн газар огцор гэж жагсаал цуглаан хийж байсан. Бид тэр үед “Та нар хамтарчихаад яагаад засаг огцруулах гээд байгаа юм. Яагаад жагсаал хийгээд байгаа юм” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Гэтэл өнөөдөр яаж байна.

Дөнгөж саяхан л МАН-ыг засгаас хөөж, АН-ынхан “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засаг байгуулна гээд юу боллоо. Одоо гэтэл “Шударга ёс” эвслийн Г.Уянга гишүүн Засгийн газрыг огцруулна гээд гарын үсэг цуглуулаад явж байна. О.Баасанхүү гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сайдыг огцруулна гэж асуудал тавиад хэдэн сар болж байна. Татаж авахгүй улайраад л явж байна ш дээ. Хамтарч байгаа эвсэл нь аль хэдийнэ хөөгдөх болзлоо хангачихсан юм биш үү. Би үүнийг асуумаар байна.

Бид хамтарч байх үедээ огцруулах асуудал тавих биш, ачааны хүндийг нь үүрээд явсан. Тэр үед та нар биднийг шүүмжиллээ, “Бид хамтдаа” гээд аян зохион байгууллаа гээд засгаасаа хөөсөн. Өнөөдөр тэгвэл Ерөнхий сайдыг нь, ЗГХЭГ-ын даргыг нь огцруулна гээд байгаа намыг яагаад хөөхгүй байгааг би гайхаад байна.

 Хөөчихвөл олонхи бүрдүүлэхийн тулд МАН-аас өөр сонголтгүй болно биз дээ?

-Тэгнэ, гэхдээ бид орохгүй. Урьсан ч орохгүй.

 -Засгийн газрын тогтвортой байдал дээр сөрөг хүчний бүлгийн дарга бус эдийн засаг хүндэрсэн энэ үед улс орны нийтлэг эрх ашгаа бодвол та юу гэж хариулах вэ?

-Энэ асуултад бүлгийн даргын хувиас хариулт байхаас хувийн байр суурь илэрхийлэх бололцоо алга.

 -Яагаад ингэж асуув гэхээр Г.Уянга гишүүний Засгийн газрыг огцруулах төсөл дээр МАН-ын бүлгийн нэг бус гишүүн гарын үсэг зурчихсан байна. МАН бусдыгаа бодоход нэг гарт зангидагддаг нам. Энэ өнцгөөс харахад гишүүд нь хувь улстөрчийн тоглолт хийгээд яваа энэ үед намын бодлого нь, бүлгийн бодлого нь хаанаа байгаа юм бэ?

-Бүлгийн бодлого, намын шийдвэр гэдгээр бүх юмыг хайрцаглаж болохгүй л дээ. Гишүүдийнхээ тойргоо төлөөлөх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хааж болохгүй. Бид бүх зүйл дээр бүлгийн шийдвэр гаргадаггүй. Тодорхой асуудлаар, улс орны, ард түмний эрх ашиг, намын эрх ашигтай нийцэж байна уу, үгүй юү гэдгээр бид шийдвэр гаргадаг. Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал дээр бол одоогоор шийдвэр гаргах шаардлагагүй байгаа.

 -Яагаад?

-Яагаад гэвэл, гишүүдэд эрхээ эдлэх боломж, бололцоо байх ёстой. Тэнд гарын үсэг зурсан гишүүдийн шалтгааныг харахад бүгд л асуудалтай байсан. Тойрогтой нь холбоотой, улс орны эрх ашигтай холбоотой асуудал дээр Засгийн газар хариуцлагагүй хандсан гэж үзсэн учраас, тийм хувийн итгэл үнэмшилтэй болохоор л манай гишүүд гарын үсэг зурсан. Бусдаар ямар нэгэн байдлаар бүлгийн шийдвэр ч гэдэг юм уу, Удирдах зөвлөлийн чиглэл гараад гарын үсэг зурсан юм байхгүй. Тэдэнд бид хүндэтгэлтэй хандаж байгаа.

 -Тэр шалтгаанууд нь тэгээд юу юм бэ?

-Жишээ нь, Оюутолгойн “Дубайн гэрээ” хууль зөрчсөн гэж үзээд хувийн итгэл үнэмшлээрээ яагаад гарын үсэг зурж болохгүй гэж. Тэр хүнд тийм эрх чөлөө нь байх ёстой. Дархан-Уул аймгийн Засаг даргыг хууль бусаар огцруулж, бас хууль бусаар томилоод байхад Ерөнхий сайдад шаардлага тавиад, биелүүлэхгүй болохоор нь  Д.Хаянхярваа гишүүн яагаад гарын үсэг зурж болохгүй гэж. Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард нөхөн сонгуулиар МАН олонхи болсон.

Олонхи болчихоод байхад яагаад ИТХ нь хуралдаж, олонхи болсон намын Засаг даргыг томилохгүй байгаа юм бэ. Үүний төлөө Ж.Батсуурь гишүүн яагаад гарын үсэг зурж болохгүй гэж. Энэ мэтээр тэр гишүүн бүрийн цаад талд хүндэтгэн үзэх шалтгаан бий. Тийм болохоор бид гишүүдээ буруутгахгүй. Харин ч хүндэтгэлтэй хандаж байгаа.

 -Гарын үсгийн тоо нь арай хүрээгүй байх шиг байна. Хэрэв хүрээд УИХ-д асуудал ороод ирвэл бүлэг хүссэн ч, эс хүссэн ч бодлогоо гаргана биз дээ.

-Мэдээж, тодорхой. Томоохон улс төрийн асуудал болох учраас бүлэг нэгдсэн шийдвэр гаргана.

 -УИХ дээр сайд огцруулах асуудал орж ирдэг, хэлэлцэж чадалгүй хэдэн сарыг ажилтайгаа хамт алдсан жишээ бий. Түрүүчийн Засгийн газрын үед Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг МАН тавиад, хэлэлцүүлж чадалгүй хэдэн сар болсон шүү дээ. Үүн шиг ажил, цаг хоёроо “алах” юм биш биз. Наана нь дэмжих, эс дэмжихээ зарлачихвал амар биш үү?

-МАН-ын 26 гишүүний кнопоор тэр бүх асуудал шийдэгдэхгүй. Цаана нь АН-ын бүлэг, “Шударга ёс” эвсэл, бие даагч гишүүд байна. 76 гишүүний олонхийн саналаар асуудал шийдэгдэнэ ш дээ. Олонхи хурдан шийдье, хариуцлага тооцно гэвэл тооцоод л явчихна. Хариуцлага тооцохгүй гэвэл тэгээд л явна. Бүх зүйл олонхиос л шалтгаална. Хурдан шийдээд явах нь олонхийг бүрдүүлж буй эрх баригч намд өөрт нь хэрэгтэй.

Буруутай, асуудалтай хүнээ ямар ч үнэ цэнээр хамгаалахын тулд асуудлыг гацаадаг, мухардалд оруулдаг, хэлэлцэхийг нь хойшлуулж зугтдаг болчихсон. Ингэж л цаг алддаг. Түүний оронд хариуцлага тооцно, тооцохгүй гэдгээ хурдхан шиг шийдээд явах бололцоо нь УИХ-ын дарга, АН-ын даргад, олонхийг бүрдүүлж байгаа намд бий. Түүнээс нэг сайд огцруулъя гэж оруулахаар эцэс төгсгөлгүй хэрүүл болгож болохгүй л дээ.

 -Засгийн газар огцрох эс огцрохоос гадна Та бид хоёр 2016 оны улсын төсөв хэлэлцэж байгаа үед ярилцаж байна. Засгийн газар өргөн барьсан төслөө хөрсөндөө буусан, хямралын үеийн төсөв гэж тодотгож байгаа. Харин МАН-ын бүлэг арай өөр байр суурь илэрхийлээд байгаа. Шалтгаан нь юу юм бэ. Үнэхээр хямралын үеийн хөрсөндөө буусан төсөв болж чадсангүй юу?

-Хамгийн наад захын жишээ хэлье л дээ. Төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар хасна гээд оруулаад ирчихсэн. Гэтэл АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт цалинг үнийн өсөлттэй уялдуулж жил бүр нэмнэ гээд орчихсон байдаг. Тэгвэл 2012 онд “Атар” талх 630 төгрөг байсан бол өнөөдөр 1150 төгрөг болчихжээ. Цалин уялдаж нэмэгдсэн үү. Үгүй. 2012 онд 650 мянган төгрөгийн цалинтай байсан хүн өнөөдөр 1.150000 төгрөгийн цалинтай болж чадсан уу. Нөгөө талаас нь тайлбарлая л даа.

 2012 онд ам.доллар 1350 төгрөг байсан бол өнөөдөр 2000 болчихлоо. Энэ хэмжээгээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хүмүүсийн худалдан авах чадвар буурчихлаа. 2012 онд хүмүүс 100 мянган төгрөгтэй гараад л дэлгүүрээс гурван тор хүнсний бүтээгдэхүүн цуглуулдаг байсан. Одоо ийм мөнгөөр ганцхан тор л хүнс авч байна ш дээ. Төгрөгийн ханш ингэж л суларчихаад байна. Нөгөө 650 мянган төгрөгийн цалин нь нэмэгдээгүй хэрнээ, үнэ цэн нь 2012 онтой харьцуулахад 400 мянган төгрөг л болтлоо буучихсан. Цалин нэмэгдэх биш бодит байдал дээр буурчихсан байна шүү дээ. Эдийн засгийг ингэж дампууруулж, ард иргэдийнхээ амьдралыг туйлдуулж хаячихаад одоо дээрээс нь цалинг нь хасна гэж байж болох уу. МАН бол болохгүй гэж үзэж байна.

 -Гэхдээ өөр арга байгаа юм уу?

-Тэгээд цалин хасах нь зөв үү. Эрх баригчид болохоор хямрал гүн нөлөөлж байна, улс орноо бодож цалингаа хасъя гээд байгаа ч эсрэгээрээ хямралтай үед ард иргэд тэгээд яаж амьдрах юм бэ. Бүсээ чангалсаар байгаад ард түмний хэвлий тасрах нь. Үнэхээр өөр аргагүй болсон уу гэвэл бас үгүй.

2012 онд 147 мянган төрийн албан хаагчтай байсан бол өнөөдөр 180.000 болчихсон. Зарцуулдаг цалингийн сан нь 800 тэрбум төгрөг байснаа 1.8 их наяд болоод хоёр дахин нэмэгдчихлээ. Өөрөөр хэлбэл, төрийг данхгар болгоогүй бол, төрөл садан танил талаа төрд шахаагүй бол өнөөдөр төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэх бололцоо байжээ. Цалингийн сан нь хоёр дахин нэмэгдчихээд байхад цалин нь огт нэмэгдээгүйг өөрөөр юу гэж тайлбарлах юм бэ. Энэ тэгээд зөв бодлого юм уу. Тиймээс энэ бодлогоо зас гэж байгаа юм. Төсвийг хөрсөндөө буугаагүйг батлах эхний шалтгаан бол энэ.

 -Хоёр дахь шалтгаан нь?

-Цаана нь олон шалтгаан бий. Гадаад, дотоод томилолт, хурал зөвлөгөөн, сургалт семинар, бензин шатахуун, худалдаж авсан машин тэрэгний тоо зэрэг 2012 онтой харьцуулахад яг л төрийн албан хаагчидтайгаа адилхан нэмэгдчихсэн. Тийм учраас төрийн данхар бүтцийг цомхотгоё, эндээс гарсан хэмнэлтээрээ цалин нэмэх боломжтой гэж үзсэн. Гэтэл эрх баригчид болохоор цалингаа хасч, татвар нэмж төрийн данхар бүтцээ санхүүжүүлнэ гэж яриад байгаа юм.

 -Ямар татвар нэмэгдэж байгаа юм бэ?

-Нефть бүтээгдэхүүний онцгой албан татвар нэмнэ гэж байгаа. Энэ нь суурь үнэд шууд нөлөөлнө. Бидний идэж байгаа мах, гурил, өмсч байгаа хувцас, хэрэглэж байгаа эд зүйл гээд бүхний суурь үнэ шатахуунаас хамаардаг. Өнөөдөр цахилгаан, дулаан, нүүрс, алт, гурил будаа гээд бүх үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаа нь үнэтэй шатахуун хэрэглэж байгаатай холбоотой.  Хямралтай үед бид ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж, үнэ хямдруулах бодлого барих ёстой юм уу, эсрэгээрээ үнийг нь хөөргөдөх ёстой юм уу. Цалин орлогыг нь нэмж чаддагүй юм гэхэд ядаж зардлыг нь өсгөх бодлого явуулмааргүй байгаа юм л даа.

Харамсалтай нь, төрийн данхар бүтэц, данхайсан олон орон тоог тэжээхийн тулд ард иргэддээ татвар нэмэх санал гаргаж байгаа юм. МАН-ын хувьд шатахууны татварыг нэмэхийн оронд ард иргэддээ хямд шатахуун хэрэглэх боломжийг нь олгоё. Орлогыг нь нэмж чаддаггүй юм гэхэд зардлыг нь бууруулж иргэдийнхээ амьдралд дэм болъё л гэж байгаа юм. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буураад байхад Монголд огт хөдөлдөггүй. Хямдрах боломж, орон зай нь гарахаар түүнд нь таарсан татвар суутгаад ард түмний ачааг хөнгөлөх ёстой байтал өөрсдийнхөө ачааг хөнгөлөхөд татаад байна. Хямралын буруутан нь төр засаг болохоос ард түмэн биш. Тиймээс ард түмний халаасанд гараа дүрж татвар нэмээд өөрсдийнхөө тансаглал, үрэлгэн зардлаа тэтгээд явна гэдэг яавч шударга ёсонд нийцэхгүй.

Бензин шатахуунтай холбоод хэлэхэд, УИХ нэг асуудал шийдсэн нь улсын хэмжээнд үнийг нь ижил болгохоор боллоо. 2013 онд бидний импортоор авдаг байсан бензиний хилийн үнэ тонн нь 1350 ам.доллар байсан. Одоо 550 ам.доллар болчихсон. 2.5 дахин буурсан. Тэгэхэд ханш нь ингэж унасантай холбогдуулан Тайваньд гэхэд монгол төгрөгтэй харьцуулахад 500 төгрөгөөр үнэ нь буурсан байна лээ. Манай хилийн цаана бол литр нь 1000 төгрөг л байгаа. Бидний тооцоогоор бол литр тутам 200-250 төгрөгөөр хямдруулах бололцоо байгаа ч хийхгүй байна.

Тиймээс ядаж Монгол Улсынхаа бүх газар нутагт ижил үнэтэй болгоё гэдэг шийдвэрийг УИХ гаргалаа. Улаанбаатарт литр бензин 1650 байхад Дорнодод 1880, Ховдод 2100 төгрөг байгаа. Гэтэл талх, гурил гээд бүх юманд бензин оролцдог. Үнэтэй бензин хэрэглэж байгаа хүмүүс илүү л зардал гаргаж байгаа. Улсын хэмжээнд ижилхэн болгочихвол улсын хэмжээнд үнийн нэгдсэн бодлого явуулах бололцоо гарна. Үүнийг сая УИХ төсвийн тодотгол хэлэлцэх үедээ шийдлээ, одоо Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

 -Үнэ өсгөхгүйн тулд, тогтвортой байлгахын тулд АН-ын хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг МАН хамгийн их эсэргүүцсэн ш дээ. Тийм байж үнэ буулга, тогтворжуул гэж шаардах нь зөв үү. Нэг гараараа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” буруу гэчихээд нөгөө гараараа “Инфляцыг нэг оронтой тоонд барь” гэж Мөнгөний бодлого баталж ирснийг та юу гэж тайлбарлах вэ?

-Үнэ тогтворжуулах, инфляцыг нэг оронтой тоонд барь гэдэг бол яах аргагүй нэг бодлого. Үүнийг дэмжинэ. Харин “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг эсэргүүцсэн нь шалтгаантай. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж байж өрсөлдөөн бий болж, үнэ буурч чанар сайжирдаг. Эдийн засгийн онол нь ийм.

Гэтэл нэг хэсэг компанид нь бага хүүтэй зээл, тодорхой төсөл хөтөлбөрийн дэмжлэг үзүүлчихээд нөгөө хэсгийг нь хаяад явсан нь шударга бус өрсөлдөөний асуудал үүсгэсэн. Хоёрт, явуулсан бодлого нь зөв байсан уу, буруу байсан уу. Хариулт нь гарчихсан гэж би боддог ш дээ. 2012 онд 700 орчим төгрөг байсан “Алтан тариа”-н нэгдүгээр гурил өнөөдөр 1100, 1200 төгрөг болчихлоо. Үнэ нь тогтворжиж уу.

 Яахав, Засгийн газар нь бодлого гаргаж чадахгүй, махаа экспортолж чадахгүй байгаа. Малын тоо өссөн, малчдын амьжиргаа хүндэрсэн учраас малаа нядалж зарах нь ихэсч махны үнэ хямдарч байна. Үүнд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” ямар ч оролцоогүй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдоод Монголд шатахууны үнэ тогтвортой байна. Энэ бас л “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн биш. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямарчихаад, ард иргэд нь орон сууц худалдаж авах чадваргүй болчихсон учраас байрны үнэ буурч байна. Энэ мөн л “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн биш.

 -“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” ч гэдэг юм уу олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар гадаад, дотоод бонд их гаргалаа. Ер нь Монгол Улсын өр өнөөдөр ямар хэмжээнд очсон бэ. ДНБ-д зааж өгсөн өрийн таазандаа тулаагүй байгаа юу. МАН бол засагт орохдоо энэ таазыг нэмэхийг дэмжсэн. Одоо юу болов?

-ДНБ нь өөрөө өсөлт багатай байгаа учраас өрийн хэмжээ таазандаа тулчихаад байгаа юм алга. Уг нь хуулиараа өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэх ёсгүй байсныг эрх баригчид хууль зөрчөөд 58.3 хувь болгочихсон байсан. Үүнийг нь бид хүрсэн төвшинд нь баталсан. Үүнээс цааш өсгөж болохгүй шүү, 58.3 хувиас хэтрүүлэхгүй шүү гэж хуульчилсан.

Одоо бол өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай байна. Гэхдээ нэг зүйл бас бий. Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн Цэцэд хандаж өрийн тааз, тодорхой хуулиудыг өөрчлөхөд УИХ-ын гишүүдийн 2/3-ын саналаар шийднэ гэсэн өндөр босготой байсныг ердийн олонхи буюу 39 болгочихсон. Энэ хэмжээгээр өндөр босгогүй болчихсон. Эрх баригчид хүсвэл ямар ч өөрчлөлт хийх боломжтой болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн дуртай асуудлаа шийдэх бололцоог нээчихсэн байгаа.

 -Ирэх оны төсөв дээр бондын эргэн төлөлтөд зориулсан мөнгө гэж сууж байгаа юу. Эсвэл АН-ын даргын, Хөгжлийн банкны захирлын хэлээд байгаа шиг бондын өрөө бонд гаргаж төлөх юм уу?

-Зээлийн үйлчилгээний төлбөр буюу ерөөсөө л хүү төлөхөд зориулж 960 тэрбум төгрөг төсөвт сууж байгаа. Цаана нь дахиад түүнээс хоёр дахин их мөнгөөр яригдах үндсэн зээл бий. Үндсэндээ бид төсвийн орлогынхоо талтай тэнцэх мөнгийг зээл, зээлийн хүүд төлөх болж байгаа. Төлөх үед мөнгөнгүй болохоор хүссэн, хүсээгүй гаднаас өндөр хүүтэй, эрсдэлтэй зээл авах асуудал үүсэх л байх. Яагаад гэвэл, галаа тэгж л унтраана. Гэтэл тэр зээлийн хүүд төлж байгаа 960 тэрбум төгрөг гэдэг 100 хүүхдийн 1000 цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Өнөөдөр улсын хэмжээнд цэцэрлэгийн дутагдалтай байдлын талаар маш их ярьж, намар болохоор л бөөн юм болдог биз дээ.

Гэтэл улсын хэмжээнд 260 гаруй цэцэрлэг нэмж барихад л Монгол Улсын бүх хүүхдийг хамруулах боломжтой. Гэтэл бид 1000 цэцэрлэг барих мөнгийг 2012 оноос хойш авсан зээлийн зөвхөн хүүд төлж байгаа. 2012 онд төсөвт зээлийн үйлчилгээний төлбөрт 37 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Одоо 960 тэрбум төгрөг гээд бодохоор бараг 30 дахин өсчихжээ.

Ямар их хэмжээний зээл тавьсан нь үүнээс л харагдана. Тэгээд үр дүн гарсан уу гэхээр эсрэг л юм харагдаад байгаа. Эдийн засгийн өсөлт 17 хувь байсан бол өнөөдөр 3 хувь, төгрөгийн худалдан авах чадвар ямар байснаа одоо ямар болов. Ийм их мөнгө зарцуулсан хэрнээ ингэж улсаа унагаж чадсан гэхээр бас л их ухаантай хүмүүс байгаа биз.

 -УИХ Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ хуулийг анх баталсан процессыг харахад МАН “шонхордох” байдлаар буюу оролцохгүйгээр батлуулсан. Тэгсэн хэрнээ сая яагаад ингэж ихээр авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй гэж дайрав аа?

-Яг үнэндээ бүгд мэдэж байгаа сэдэв. УИХ дээр аливаа хуулийн төсөл орж ирэхэд эхлээд хэлэлцэх эсэх, дараа нь анхны хэлэлцүүлэг, тэгээд эцсийн хэлэлцүүлэг хийдэг. МАН-ын бүлэг Өршөөлийн хуулийн төсөл орж ирэхэд хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг хоёр дээр эсэргүүцсэн. Тэр байтугай горимын санал гаргаж ч байсан. Харамсалтай нь, АН, “Шударга ёс” эвслийнхэн нийлж байгаад бүгд яралзтал кноп дараад явсан. Тэр үе бол тэд дөнгөж засгаа байгуулчихсан, хос хоёроор бол бал сараа тэмдэглэж байсан үе. Олонхиороо кнопоо дараад явж байсан учраас арга буюу энэ хуулийг батлахад МАН оролцохгүй шүү гээд оролцоогүй. Энэ бол эсэргүүцлийн хамгийн дээд хэлбэр. Чуулганы хуралдаанаар энэ асуудлыг дэмжих боломжгүй гээд гарсан.

 -Гэхдээ МАН-ынхан оролцоод кнопоороо үүнийгээ илэрхийлж болох л байсан.

-Бид оролцоод эсрэг дарсан ч энэ хууль унахгүй байсан. Тэр үед хуримаа хийчихсэн хоёр бүлэг чинь ёстой ямар ч асуудал байсан нүдээ аниад яралзтал кнопоо дарж байсан юм. Хурлын ирц ч яаж хурдан бүрддэг байлаа, санаарай. Тэрийг мэдэрсэн учраас бид хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг хоёр дээр эсэргүүцээд, эцсийн санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд бид хуралдаанд оролцоогүй.

Харин хууль батлагдсаны дараа авлига, албан тушаалын гэмт хэргүүд өршөөгдөхөөр хууль батлагдлаа, ийм буруу хууль гарлаа шүү гэж хэвлэлийн бага хурал хийсэн. Санаж байвал манай намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Ц.Нямдорж гишүүн бид гурав хэвлэлийн бага хурал хийж, хатуу эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

 -Өршөөлийн хууль батлах үед МАН-ын гишүүд ирц бүрдүүлсэн гэж ярьдаг. Танайхнаас ганц ч гишүүн хуралд суугаагүй юм уу?

-Тухайн үед бид хурал хаяад гарахад ганц нэг карт үлдсэн байхыг үгүйсгэхгүй. 

 -Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд өршөөгдсөн бол МАН-ынхан илүүтэй баярлана гэж энэ хуулийг зүтгүүлж байсан АН-ын гишүүд мэдэгдэж байсан?

-Бас биш л дээ, 2012 оны сонгуулиас өмнө МАН-ын хаягтай Засаг дарга нар, УИХ-д нэр дэвших гэж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаад, авлига албан тушаалын хэрэг үүсгэсэн. 2012 оны сонгуулийн дараа нэлээд олон хүн шүүхээс ял сонссон. Үндсэндээ бол МАН-аас авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэсэн гишүүд маань тодорхой хэмжээнд хариуцлага хүлээгээд, хэлмэгдэх нь хэлмэгдээд, цагаадах нь цагаадаад явсан. Ер нь бол манайхныг шалгаад ухаад дуусчихсан ш дээ. Бид 2012 оноос хойш эрх бариагүй. Тэгэхээр ямар асуудал гарах билээ.

 -Танайхныг шалгаад дууссан гэлээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч бас МАН-ынхныг барьж хорьж л байсан. Үүнийг улс төрийн зорилготой гэсэн мэдэгдлийг ч тухайн үед танай намынхан хийж байлаа. Энэ байр суурь одоо хэвээрээ байгаа юу?

-Ер нь бол тодорхой хэмжээнд тийм асуудал байсан. Одоо чухам ямар болж байгаа юм.

 -Яагаад ингэж асуув гэхээр УИХ-ын зарим гишүүн шууд л “УИХ-ын эрх мэдэл хууль хүчний байгууллагад шилжлээ” гэж мэдэгдэх болсон. Шулуухандаа бол янз бүрийн хэргээр нь АТГ ч гэдэг юм уу хүчний байгууллагууд гишүүдийг барьцаалаад байгаа гэх болсон. Өршөөлийн хуулийг баталж байж тэр хүлээсээс УИХ гарах байсан юм гээд байгаа. Үнэхээр тийм юм байгаа юу?

-Надад лав мэдрэгдэж байгаа юм алга. Бид чинь эрх мэдэл байхгүй, албан тушаал хашихгүй байгаа учраас орооцолдох юм ч байдаггүй биз. Манайх одоо сөрөг хүчин байгаа учраас манай бүлгийн гишүүдэд ч тийм юм ирээгүй байх аа.

 -Улс төрийн нам гэхээс илүүтэй бүлэглэлүүдийн зодоон болоод байгаа Тавантолгойн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Засгийн газрын өргөн барьсан төслийг унагачихсан. Тэгсэн хэрнээ УИХ-ын 40 гишүүний гарын үсэгтэй Тавантолгойг ашиглах тогтоолын төсөл санаачлаад явж байна.

-Тавантолгой дээр миний байр суурь маш тодорхой. Иргэн бүртээ МАН, АН хамтарч засаг барих үедээ амласан амлалтаа биелүүлье. Тавантолгой эргэлтэд орох юм бол эхний ээлжинд 1072 ширхэг хувьцаа амилах ёстой. Хүний хөгжил сангийн дэвтэр дээр биччихсэн байгаа хоосон тоог амилуулъя. Энийгээ амилуулж, жинхэнэ өмч болгоё. Өмч болгоно гэдэг нь өмчөөсөө хүн үр ашиг хүртдэг, ногдол ашиг авдаг байх ёстой. Тэгж байж л өмч болно. Ингэж хувьцааг амьдруулах нь нэгдүгээр гол шаардлага. Тавантолгой төсөл үүнийг л хангах ёстой.

 -Сүүлийн асуулт. Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 1-нээс есөн яамтай ажиллах төслийг УИХ-д оруулж ирснээ одоо буцааж татаж байгаа бололтой. Шалтгаан нь, МАН энэ хугацааг наашлуулах шаардлага тавьснаас болсон байх. Ер нь ингэж нэг санаачилга оруулаад ирэхээр нь л засаг огцруулах зэвсэг болгох нь зөв үү. “Давхар дээл”-ийн хууль УИХ-д орж ирэхэд бас л ингэж байсан ш дээ.

-Яагаад өнөөдөр есөн яамтай болгох тухай, яагаад төрийн албыг цомхон болгох тухай асуудал ярьж байгаа юм бэ. Ерөөсөө л төр данхайсан гэдгийг АН-ынхан өөрсдөө хүлээн зөвшөөрч байна ш дээ. Төр бодлогогүй, тэнэг болчихжээ.  Үүнээс болж улс орны эдийн засгийн ийм байдал оруулчихлаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэв тийм байгаа бол алдаагаа хурдхан л засах ёстой. Заавал бид тэнэг, данхар төртэй байж байгаад дараагийн шинэ Засгийн газар ухаалаг болгог.

Тэрийг бид одоо хийгээд өгчихье гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Алдаагаа засах гэж байгаа бол даруй л засах ёстой. Тэгэхгүйгээр сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэн эрх, бодлого тодорхой бус байхад та нар ингэж ажиллаарай гэж өнөөдөр бид дараагийн УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд халдаж болохгүй. Энэ бол зохимжгүй. Хэрэв алдаатай байна гээд засъя гэсэн бол одоо л засъя.

 -Энэ асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулах санал явж байгаа юм билээ. Ер нь энэ парламент Үндсэн хуулийг өөрчилж чадах нь уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй зарчмын асуудлууд бий. Тэрийгээ харин хэрхэн шийдвэрлэх вэ, энэ УИХ чадах уу, чадахгүй юу гэдэг асуудал байгаа. Энэ УИХ-д ард иргэд итгэж байна уу. Бид нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг яаран Үндсэн хуулиа өөрчилж байна гээд өшөө том алдаа гаргачих вий. Тийм болохоор болгоомжтой хандах ёстой, ард иргэдээсээ асуух ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий.

 -Ард иргэдээсээ асууна гэхээр энэ парламентын хугацаанд амжихгүй юм биш үү?

-Бололцоо боломж нь хэр байх юм бол харъя.