“Нийслэлийн хөгжлийн шинэ үзэл баримтлал: Аз жаргалтай хот”
“Бид хамтдаа” үндэсний хөгжлийн форумд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн тавьсан илтгэлийг товчлон хүргэж байна.
Үйлс, зорилго нэгт жур мын нөхөд өө, Эрхэм хүндэт зочид оо,
Эдүгээгээс 780 жилийн тэртээ шинээр барьж байгуулсан Хархорин хотыг Монгол улсын нийслэлээр тунхаглан зарласныг түүх гэрчлэх билээ. 1911 оны сүүлээр нийслэлээр өргөмжлөгдсөн Хүрээ өргөжин тэлж, 1924 онд “хот” хэмээн, нийслэлийн статус нь хуульчлагдан, “Улаанбаатар”-аар нэршиж, өсөн дэвжсээр эдүгээ дэлхийн саятан хотын эгнээнд багтсан байна. Өнөөдөр Улаанбаатар хот нийслэлийн үүргээ чанд гүйцэтгэж байна. Миний бие энэхүү илтгэлдээ үндсэн хоёр чиглэлийг сонгон авч, санал бодлоо та бүхэнд танилцуулъя.
Хотыг хөгжүүлэх зарчмын цөөн асуудлаас эхлэе.
Хотын хөгжил гэдэг нь өөрөө өөртөө зам гаргадаг, аз жаргалын төсөл байсаар ирснийг, хот судлаачид судлан тогтоосон байдаг. Хөгжлийн жамыг сөрж биш дагаж өндийх учиртай. Манай улсын хотын хөгжилд ололт буй хэдий ч, алсыг харсан бодлого, шинжлэх ухаанч арга барил дутагдсаны улмаас олон бэрхшээлтэй тулгарч, гарцаа олохгүй мунгинаж байна. Биеэ даан хөгжих жамтай хот маань улс төрийн хийрхлийн золиос болоход ойрхон байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс орон, тэр тусмаа эх орны маань голомт нь болсон нийслэл хотын эдийн засгийн өсөлт саарч, гадаадын хөрөнгө оруулалт татарч, үйлдвэр, үйлчилгээний газрууд үүдээ хааж, ажилгүйдэл газар авч, нийгмийн үйлчилгээ хүндэрч, амьдрал ахуй гундаж, итгэл сэтгэл алдарч, оргилуун хүсэл мухардсан дүр зураг хөвөрлөө. Эхлүүлсэн бизнесээ тогтвортой үргэлжүүлэх, өрсөлдөх чадавхаа нэмэгдүүлэх гэсэн салбар бүрийн өмнө, ажил хөдөлмөр хийж, сурч боловсрох эрхээ эдлэн улс орны хөгжилд гар бие оролцох гэсэн иргэдийн өмнө хана өрөгдөж, угтаа бол ТӨР, нийслэлийн засаг захиргааны харалган бодлого, алдаатай үйлдэл, явцуу ашиг сонирхлын улмаас бий болсон бэрхшээл нийслэлчүүдийн өмнө бул хар чулуу шиг туллаа.
Хотын хөгжил нь Монгол улсын хөгжлийн нэг гарц гэж миний бие үздэг бөгөөд энэ талаарх өөрийн бодол саналаа форумд оролцогч та бүхэнд толилуулж байна.
Хөгжлийн гарцын үүднээс авч үзвэл, хотыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх бодлогыг тууштай баримтлах шаардлагатай байна. Үүний тулд эхлээд, хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөлтийг ойрын үед боловсруулах, батлуулах бодит эрэлт бий болсон гэдгийг цохон тэмдэглэе. Уг төлөвлөгөөг иш үндэс болгон орон нутгийн хотуудыг хөгжүүлэх, сум дахь иргэдийн нутагшлыг тогтоон зохион байгуулах боломж бүрдэх юм.
Зөвхөн нийслэл хотыг төдийгүй улсын бүх хотыг албан татвартай болгох нь эргээд хотын хөгжлийг тэтгэх нэг үндэс болно гэж үздэг. Иймд уг албан татварыг бий болгохдоо оршин суугчдаас хураах нийт татварын тоог нэмэх бус, харин ч бууруулах чиглэл баримталж, түүнийг зөвхөн хотын орлого нэмэгдүүлэх утгаар биш, менежментийн хэрэгсэл талаас нь судлан үзэх хэрэгтэй байгаа юм. Энд нэг санааг онцлоё. Хотын оршин суугчийн албан татварыг тодорхой хугацаанд төлсөн иргэнд хотоос тэтгэврийн нэмэгдэл олгох асуудлыг ч авч үзэх нөхцөл бүрдэнэ. Ахмад настнаа халамжлах чиглэлээр энэхүү аргачлалыг судлан үзэх хэрэгтэй байна.
Одоо Монгол улсын нийслэлийн үүргийг өнөөдөр гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг хөндөж илтгэе.
Сүүлийн 3 жилийн хугацаанд эдийн засаг хүндэрсний улмаас олон зуун аж ахуйн нэгж татан буугдаж, тэр хэрээр цаашид нийслэл хотын эдийн засгийн чадавхийг сулруулах нөхцөл бий болоод байна. Тухайлбал, 2012 онд 202, 2013 онд 513, 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 609 компани татан буугдсан байна. Яагаад ч зөвтгөж болохооргүй үр дагавар бий болжээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2012-2015 оны эмхэтгэлээс үзвэл нийслэлийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2014 онд өмнөх оноос 9.8 хувиар өсчээ. 2015 оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 20.3, 2015 оны хоёрдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байх бөгөөд ажилгүйдлийн түвшин цаашид ч өсөх төлөвтэй байна.
Ажилгүйдлийг дагалдан олон мянган өрхийн орлогын эх үүсвэр хумигдаж, банкны зээл, байрны түрээс, сургалтын төлбөрөө төлж чадалгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах орчноо сайжруулах хүсэл мөрөөдөл нь утаа болон замхарч байна. Түүгээр зогсохгүй, энэхүү улам бүр нэмэгдэж буй ажилгүй, орлогогүй нөхцөл байдал нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл газар авах нөхцөл болж байгааг дараах тоо баримт тодорхой харуулж байна. 2014 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 152 буюу 38.2 хувиар өссөн байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сур гуулиудын 2/3-ын ачаалал 30-70 хувиар хэтэрчээ. Үүнийг даруй шийдэхгүй бол боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж улам бүр муудсаар байна.
20 шахам жил яригдаж байж саяхан шийдэгдсэн нийслэл хотын албан татвар эхнээсээ маргаан дагуулж эхэллээ. Одоогийн албан татвар нь хотынх бус, харин худалдааны татвар л бий болгосон юм шиг ойлгогдож байна. Бас давхар татвар үүссэн, ахмад настнууд хуулийн дагуу авсан үйлчилгээндээ татвар төлөхөөр болж буйг анхаарах хэрэгтэй болжээ. Хотын албан татварын төрлийг тогтоохдоо “архи, тамхины борлуулалтаас хураах” биш, хотын оршихуйн болон менежментийн онцлогт нийцүүлэн, оршин суугчдын, хот төлөвлөлтийн гэсэн хэлбэртэй байхаар хуулийн төслийг манай нам санаачилан боловсруулна.
Бид АЗ ЖАРГАЛТАЙ ХОТЫГ БИЙ БОЛГОХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ та бүхэнд санал болгож байна.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
Улаанбаатар хотын хөгжил, хот төлөвлөлт, хот байгуулалтын талаар дээр дурьдсан бодол санаандаа тулгуурлан, Аз жаргалтай хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга, үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хотын хөгжлийн; хүний хөгжлийн; эрүүл, аюулгүй байдлын; засаглалын индексийг тооцох зэргээр тогтвортой хөгжлийн асуудалтай холбох нь зүйтэй хэмээн үзэж байна.
Үндсэн хуульд тунхагласнаар хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой, ийм ч хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгэхээр хот төлөвлөлт, хот байгуулалт нь бүхэлдээ уг хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхийн төлөө чиглэгдэх учиртай. Яагаад хөгжлийн ийм үзэл баримтлалыг сонгох болсон үндэслэлээ танилцуулъя.
Нэгдүгээрт, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаар Үндсэн хуулийн заалт нь уг загварыг сонгох гол үндэслэл болсон.
Хоёрдугаарт, Аз жаргалын олон улсын индекс нь (Happy City Index) тухайн улс болон хотын иргэдийн амьжиргааны түвшин, хүрээлэн буй орчны байдлыг бодитоор үзүүлдэг байна. Эдгээр үзүүлэлтийг New Economics Foundation байгууллагын 2006 онд санал болгож, өнгөрсөн хугацаанд гурван удаа уг тооцооны индексийг тодорхойлоод байна. Аз Жаргалын Олон Улсын Индексыг тооцохдоо ашиг тусын ерөнхий зарчимд суурилдаг бөгөөд дийлэнхи хүмүүс урт наслаж, бүрэн дүүрэн амьдрах, улс орнууд боломжит нөөцөө экологид ээлтэй байдлаар ашиглан, иргэддээ хангалуун амьдрах боломжийг бүрдүүлэхийг харгалзан үздэг байна.
2006 онд гадаадын хэд хэдэн эрдэмтэд уг судалгааг 178 орныг хамруулан явуулахад Монгол улс 56-рт жагсаж байсан бол сүүлийн хэдхэн жилийн дотор олон байр ухарч одоо 145-рт жагсах болсон. Монгол улсын хүн амын бараг тал хувь нь төвлөрсөн хотын хувьд улсын индекс ингэж буурч байгаа нь Улаанбаатарыг Аз жаргалтай хот болгон хөгжүүлэх шинэ үзэл баримтлалыг чиг баримжаа болгох шаардлагыг бий болголоо.
Гуравдугаарт, Өөрийн амьдралаа зохион байгуулах боломжийг хотын оршин суугчдад бүрдүүлж өгөх нь хотын өнөөгийн хөгжлийн утга учир мөн.
Аз жаргалтай хот хөгжүүлэх бодлого, үйл явц нь хот төлөвлөлтөөөс эхлэх ёстой учир нийслэл хотын хот төлөвлөлтийн өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудлаар өөрийн саналыг хэлье.
Ерөнхий төлөвлөгөөний үүргийг дээшлүүлэх нь хотын хөгжлийг тогтвортой болгох эхний алхам мөн. 2013 онд баталсан Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоо мөрдөж байна. Хотын хувьд “үндсэн хууль” нь болсон ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөхийн тулд цаашид Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг гардан хариуцах субьектыг Хот байгуулалтын тухай хуульд тусгах, газрын харилцаа, хот төлөвлөлт, хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг нэгтгэх шаардлага байна.
Хот төлөвлөлтийн онолын нэг бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд, дахин төлөвлөлтийн бодлого, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах саналтай байна. Өнөөдөр хотын дахин төлөвлөлтөд ноцтой алдаа гарч, улам даамжирч байна. Дахин төлөвлөлтийн агуулгыг хөсөрдүүлэн, хавтгайруулах, хомор голон дайрах, хүч түрэх, барилгын цөөн компанийн эрх ашгийг урьтал болгох арга барилаар түүнд хандах болж, газар өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчиж, оршин суугчдын нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хотын, түүний дотор гэр хорооллын дахин төлөвлөлт нь газрын эрхийн болон барилгын зөвшөөрлийн наймааг өдөөж, далд эдийн засгийг цэцэглүүлж буйд бид шүүмжлэлтэй хандах ёстой. Газар өмчлөгчдийн хууль ёсны эрх ашгийг манай нам хамгаалахын төлөө хамтдаа тэмцэх болно.
инэ хот, дагуул хот-тосгоны, төлөвлөлтөд хот төлөвлөлтийг голлон чиглүүлэх нь чухал. Энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын байгууллага, иргэдийн байршил, суурьшлыг зохицуулах гол арга болох юм. Байршил, суурьшлыг зохицуулахдаа орон зайн болон эдийн засгийн төлөвлөлт, иргэний бүртгэл, татварын тогтолцоо, тэдгээрийн механизмыг нягт уялдуулан ашиглах шаардлагатай. Хотын хөгжлийн бэрхшээлүүдийг салангид байдлаар бус, цогцоор шийдэх арга нь өндөр үр дүнд хүргэдэгийг хөгжсөн болон хөгжиж байгаа хотуудын практик нэгэнт нотложээ. Тийм арга нь байгууллага, оршин суугчдын байршил суурьшлын зохицуулалт юм. Бид ч энэ замаар л замнах учиртай.
УИХ 2013 онд 20 дугаар тогтоол гаргаж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодот-голыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, бат лан хэрэгжүүлэх, хотын нутаг дэвс-гэрийн бүсчлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах, ерөнхий төлөвлөгөөний тодотголын бие-лэлтийг хоёр жил тутам гаргаж Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон билээ.
Гэвч хотын хөгжилд чухал ач холбогдолтой эдгээр заалтууд өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсонгүй. Салбарын яам ч чармайлт гаргасангүй, хотын захиргааны санаачилга ч дутагдлаа. Товчоор хэлбэл, орон зайн төлөвлөлтийг эдийн засгийн төлөвлөлтөөр, хөрөнгө оруулалтаар бэхжүүлэн дэмжиж чадсангүй. Ийм болохоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголын хэрэгжилт ноцтой доголдож байгааг онцлон тэмдэглье. Аз жаргалтай хот байгуулалтын талаар цаашид анхаарах зарим асуудал байна.
Тухайлбал,
1. Улс, нийслэлийн төсвийн хөрөн гө оруулалтын дийлэнхийг шинэ хот, дагуул хотын байгуулалтад чиг лүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
2. Улаанбаатар хотын оршин суугчдын газар өмчлөлийг шийд-вэрлэх аргад зарчмын өөрчлөлт оруулах боломж байна. Тухайлбал, дөрвөн хайрханы дотор газар өмчлүүлэхийг цаашид зогсоох, газар өмчлөлийг зөвхөн шинэ хот, дагуул хот тосгонд зохион байгуулах, газар өмчлөлийн эрхийг бусад эрхээр солих гэх мэт олон арга ашиглах нөхцөл бололцоо байгаа юм.
Газар зохион байгуулалт, хот байгуулалт хоёр нэг угшилтай, амин холбоотой салбарууд юм. Үүнийг иш үндэс болгон, эрх зүйн, зохион байгуулалтыг шийдвэрлэх нь зөв алхам болно.Юуны өмнө газрыг өмчлөх, ашиглахаар Газрын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй байна. Газар өмчлөгч буюу төр, иргэн нь өөрийн өмчлөлийн газраа дотоод, гадаадын хуулийн этгээд, иргэнд түрээсийн гэрээгээр ашиглуулах бөгөөд энэ нь газрын харилцаа дахь зөрчил, маргааныг таслан зогсоож, уг харилцааны ил тод байдлыг хангахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
3. Хот зорилтот, өөрчлөлтөд хүрэхийн тулд урт хугацааны стратеги шаард лагатай бөгөөд түүнийг хотын харилцан уялдаа бүхий 3 гол функц гэж нэрлэдэг, газар ашиглалт, дэд бүтцийн үйлчилгээг сайжруулах, байршил суурьшлыг зохицуулахад чиг-лэгдэнэ.
4. “Хот байгуулалтын боловс-рол”-ын сургалт, сурталчилгааг эхлүүлье. Хот байгуулалтын боловсролыг хотын соёлтой нягт холбон зохион байгуулбал илүү үр дүнд хүрнэ.
5. Хот байгуулалт, бүтээн байгуулалтын ажилд өнөөгийнх шиг сүртэй эхлэл, шалдан төгсгөл огт хэрэггүй ээ. Хотын өнөөгийн удирдлага хот байгуулалтын салбарт олон туршилт хийж байна. Эдгээр туршилтуудын сөрөг үр дагавар нь улам ихсэж, оршин суугчид үнэндээ залхаад байна. Төсвөөс их хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж олон түмэн бидэнд хандсаар байна.
Нийслэлийн намын байгууллага нь Улаанбаатар хотын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахын төлөө чармайн ажиллана. Хотын хөгжилд шинжлэх ухаанч бодлого чухал хэрэгтэй. Гэхдээ бид үүнийг хотын тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээс эхлүүлж байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотод байгалийн болон техникийн аюул, хүрээлэн буй орчны доройтол нь нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, зарим тохиолдолд хэт азанд найдаж, олон эрсдэл дунд амьдрах боллоо. Үүнд, гоц халдварт өвчний дэгдэлт, химийн хорт бодисын тархалт, хөлдөлт, түймэр, үер, газар хөдлөлт, эмх замбараагүй байдал зэргийг дурьдаж болно.
Эдгээр аюул нь оршин суугчдын эрүүл мэнд болон материаллаг байдалд үзүүлэх хор хөнөөл, тохиолдох магадлал, аюулын үнэлгээ, түүний эрэмбэ зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тодорхойлж, энэ үндсэн дээр Улаанбаатар хотын аюулгүйн матрицыг анх удаа боловсруулж мөрдөн ажиллахыг санал болгож байна. Үүнээс гадна орон тооны бус шинжээчдийн зөвлөлийг засаг даргын дэргэд байгуулан ажиллавал хотоос гаргах шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэл сайжирна гэж бид үзэж байна.
Их мөнгө зарснаар хотын оршин суугчдыг аз жаргалтай болгох боломжтой гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн төсөв 3 дахин нэмэгдэж, тэр хэрээр хөрөнгө оруулалтын боломж тэлсэн. Гэвч нийслэлийн өмнө тулгамдсан асуудал улам бүр газар авсаар байна. Ер нь, бид дээр дурьдсанаас гадна дараах хэдэн арга хэмжээнд анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Үүнд:
1. Аз Жаргалтай Хот үзэл баримтлалыг гүнзгийрүүлж, цаашид хотын хөгжлийн шинэ загвар болгон хөгжүүлэхээр ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах;
2. Дэлхийн, “Хотын хөгжил”-ийн анхдугаар хэлэлцүүлгийн тунхагт тусгагдсан аз жаргалтай хот байхын нэг гол хүчин зүйл болох түүхэн хөшөө, дурсгалт газраа хамгаалах, үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд авч үзэх;
3. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшнээр жил бүр индексжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх;
4.Улаанбаатарыг, хотуудын моно төвт хот байхаар эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэгжүүлэх, мөн дагуул хот-суурин дахь үйлдвэрлэл, ложистикийн үйлчилгээг орлогын албан татварын хөнгөлөлтөнд хамруулах саналыг УИХ-д өргөн барих;
5. Хотын орон сууцны хангамжийн бодлогод өөрчлөлт оруулах талаар
-Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх -Олон түвшний орлоготой иргэд орон сууцны нэг барилгад зэрэгцэн амьдрах
-Ажлын байртай орон сууцыг дэмжих;
6. Шинэ хот, дагуул хот тосгонд, орон сууц худалдан авч Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдэд нийслэлийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлан мөрдүүлэх. Энэхүү арга хэмжээг газар өмчлөлтэй холбон шийдвэрлэх;
7. Иргэний нийгмийн үйл ажиллагаанд үндэслэлгүй хяз-гаарлалт тавьдаг биш нийгмийн баримжаатай, зохистой орчин бий болгох;
8. Гэр хорооллын тэлэлт, газар өмчлөл, автомашины өсөлтийг эргэж харахгүй бол хотын бэрхшээл улам гүнзгийрсээр байна. Хотын төв хэсэгт авто замыг өргөтгөх нөөц шавхагдлаа. Цаашид эдгээр асуудлыг эдийн засаг, хууль-эрх зүйн хүрээнд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
Эрхэм зочид оо,
Аз жаргалтай хотыг бий болгох энэхүү үзэл баримтлалын үндэс, зарим нэг шийдлийг та бүхэнд танилцууллаа. Шинэ үзэл баримтлалыг ажил хэрэг болгох, түгээн дэлгэрүүлэх замаар нийслэл хотын хөгжлийг хангахад чиглэсэн ажил хэрэгч, бодитой санал гаргаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт бүрнээ итгэж байна.
Бид хамтдаа аз жаргалтай хотыг цогцлоон бүтээж чадна.
Анхаарал тавьсанд баярлалаа.