"Халх гол" чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолыг эргэн харна
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.02

"Халх гол" чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолыг эргэн харна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, мөнгөний бодлогын талаар МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ. 

Энэ долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.  Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тоот тогтоолыг эргэж харах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Халх гол чөлөөт бүсийн асуудал орж ирсэн.

Харамсалтай нь чөлөөт бүс байгуулах тогтоолоо түрүүлж хэлэлцээд бодлогын баримт бичгээ батлалгүй үлдээсэн. Уг нь бодлогодоо нийцүүлж Халх гол чөлөөт бүсийн асуудлыг ярих ёстой байсан. Тийм болохоор бодлогын баримт бичгээ эхэлж баталъя. Шаардлагатай бол Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг ярих нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт Засгийн газар татаж авсан 2016 оны төсвийн талаар өмнөх байр сууриа баталгаажууллаа. Тухайлбал, гадаад томилолт, сургалт, зөвлөгөөн, семинарын зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна. Мөн ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг эхлүүлэхгүй, ингэхдээ өмнө нь эхлүүлсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг дуусгах ёстой гэсэн байр суурьтай байна.

Засгийн газар ирэх онд Төрийн банкийг хувьчлах саналыг төсвийн төсөлд оруулж ирсэн. МАН-ын бүлэг Төрийн банкийг хувьчлахгүйгээр өөрчлөн байгуулалт хийх замаар жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх банк байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт ерөнхий  зорилго нь ижил мөртлөө олон салангид сангууд, үүн дээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг нэгтгэж банкны активыг нэмэгдүүлж болно. Нийгмийн даатгалын сангийн  500 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад бага хувийн хүүтэй байршиж байгаа. Энэ мөнгийг Төрийн банкинд байршуулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү, жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулахад анхаарах ёстой гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Ирэх баасан гаригт МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. Үүнтэй холбоотойгоор энэ хуулийн хэрэгжилт, төрийн албан тушаалтнуудын алдаа дутагдал, мэдээллийг хүлээн авч, ард иргэдийн санаа бодлыг тусгана гэдгээ бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон юм.