Эндүүрлээс болж намайг МАН-аас хөөсөн
Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн намын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гаргаад байгаа.
Үүнтэй холбоотойгоор Ц.Даваасүрэн гишүүнийг МАН-ын бүлэгт буцаж элсэх тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд гараад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
-Таны МАН-ыг гишүүнчлэлийг буцаан сэргээсэн гэсэн...
-Арав гаруй хоногийн өмнө нийслэлийн МАН-ын хорооноос намайг хөөсөн шийдвэрийг эргэж хараад үндэслэлгүй зүйл болсон байна. Өөрөө намаас гарах өргөдлөө өгөөгүй байхад хөөсөн байна. Тиймээс хоёр жилийн өмнө гаргасан шийдвэрийг цуцаллаа гэсэн бичгийг надад ирүүлсэн.
-Тэгэхээр МАН-д буцаад орно гэсэн үг үү?
-Би чинь бие даасан гишүүн. Бүрэн эрхийнхээ хугацаанд үүргээ л гүйцэтгэнэ. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаар эргээд намдаа орох уу, үгүй юү гэдгийг шийднэ. Эхлээд сонгогчдоосоо асууна. Намаас дэвш гэвэл дэвшинэ. Хэрэггүй гэж үзвэл албагүй.
-Хэрвээ сонгогчдоос намдаа буцаад ор гэвэл орно гэсэн үг үү?
-Одоогоор МАН-д буцаж орох бодол алга. Хэрвээ сонгуульд МАН-аас нэр дэвшихгүй бол намаас албан ёсоор гарах өргөдлөө өгөх ёстой. Намайг анх хөөхдөө МАХН-д элссэн гэж эндүүрээд ийм шийдвэрийг гаргасан юм шүү дээ.
-Ирэх сонгуулиар МАН-аас нэр дэвших үү, эсвэл?
-Тэрийг одоогоор хэлж мэдэхгүй байна.