Монгол хүсч байна. Тиймээс би бичиж байна
“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” Энэ бол Ардчилсан хувьсгалын түүчээ С.Зориг агсаны хэлсэн үг. Ийм сайхан үгс Монгол үндэстнийг эрүүл саруул сэтгэж, зөв бурууг тунгааж, үнэт уламжлалд тулгуурлан Монгол хүн бүрийг ирээдүйн сайн сайханд хөтлөн аваачна гэдэг би итгэдэг.
• Бид түрийвчиндээ биш толгойдоо баялагтай Монгол залуучууд болон хөгжиж Монгол хүний сайн сайхны төлөө зориулахыг хүсэж байна.
Эрхэм баялаг эрдэм мэдлэг. Зарим залуучууд оюуны биш материаллаг баялагийг шүтэх болж. Энэ нь бодит шашинд мөргөж, цаасан мөнгөөр амьдрал хэмжигдэнэ хэмээн ойлгож байгаа бололтой. Зарим нь үхэхийнхээ өмнө мөнгөөр бүхнийг авч болохгүй байна гэдгийг ухаарч, тэр материаллаг баялаийг аваад үхэж болдоггүй гэдгийг ойлгож харамсалтай нь тэрийгээ өргөн олонд тунхаглаж чадахгүй өнгөрөх тохиолдол гаргах юм.
Чиний толгойд байгаа мэдлэгийг хэн ч хулгайлж чадахгүй гэж мэргэн үг байдаг. Зарим хүмүүс үнэтэй машин, үнэтэй байр, мөнгөөр худалдаж авч болох жаргалд ташуурч амьдралын үнэт зүйлийн талаар ташаа ойлголттой болох замаар хурдалсаар байна. Мөнгөөр бие биенээ хэмжиж бэл бэнчингээр зиндаа тогтоох хурдны замаар бас нэг хэсэг нь хурдалсаар байна. Хэр зөвийг би сайн мэдэхгүй юм.Толгойдоо баялагтай, зорьсон зорилгынхоо төлөө хөлсөө гаргаж хөдөлмөрлөж чаддаг Монгол залуусаар би бахархдаг. Оюуны баялаг бол насны баялаг гэдэгт би итгэдэг. Түрийвчний баялаг бол зуурдын баялаг гэдэгт би итгэдэг.
Монгол түмэн мөнгөний хүчээр дэлхийг эзлээгүй, Еврей үндэстэн мөнгөний хүчээр дэлхийд нөлөөлөл тогтоогүй энэ адил тал. Бас нэгэн ижил тал нь оюунлаг хүмүүний хүчээр Монголчууд дэлхийг эзэлж, Ервейчүүд дэлхийд нөлөөлөл тогтоож байна. Олон залуучуудыг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэж хойч үеийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулах боломжийг энэ цагт амжуулах нь хамгийн чухал байна. Явахаараа ирдэггүй биш ирээд өөрчилж чаддаг, ирэхээрээ хийдэггүй биш Ардчилсан Монгол Улсын төлөө хөдөлмөрлөдөг тийм залуусыг олноор нь бэлтгэх боломжийг бодлогоор дэмжихийг бид хүсч байна.
• Их Монголын даяарчлагдсан бодлогын үнэт уламжлалд тулгуурлан дэлхийг засаглах Монголын консерватив үзлийг төлөвшүүлэх, хэрэглэхийг хүсч байна.
Бид эрж хайж явах ёстой ард түмэн биш. Бид бусдаас гүйлга гүйж амьдрах ард түмэн биш. Учир нь бид өвөг дээдсийн цусаар олдсон өргөн газар нутаг, Ар Монгол битгий хэл Монгол үндэстнээ тэжээх их баялагтай ард түмэн. Оюуны бүтээгдэхүүнд тулгуурлан дэлхийгээс мөнгө улс руугаа цутгаж чадах эрэмгий ард түмэн. Яагаад бид чадахгүй байна. Асар их үнэ цэнээр олдсон газрыг минь хэдэн бор төгрөгнөөс өгдөг ахархан бодолтой улс төрчид, газрын хэвийн баялагийг минь тансаг амьдрах хүсэлдээ хөтлөгдсөн бизнесменүүдийн луйвар, гадныхныг харахаараа бүрхан мэт шүтэх ядмаг сэтгэлгээгээр биднийг сармагчин лугаа адил болгож байна.
Эрх баригчдын энэ үйлдэл, хар үйлс Монголын минь ирээдүйг бодлогогүйгээр хараар будаж байна. Хараар будсанаа засах ухаан тэдэнд даан ч алга. Дарга дагаж далдаганавал дэндүү сайхан амьдарна гэсэн дэндүү богино бодол, хүн чанар ёс суртахууныг үгүй болгож, ард түмнийг минь аймшигтайгаар гутаан доромжилж байна. Ийм цаг удаан үргэлжлэхгүй гэдгийг анхааруулъя.
• Хүний үнэт эрүүл мэндийг үнэгүйгээр хэлэлгүйгээр авч байгаа явдалтай хариуцлага тооцохыг хүсч байна.
Эрүүл биед саруул ухаан оршино. Хүний эрүүл мэнд нь хүнд заяасан хамгийн үнэт баялаг юм. Учир тэр баялаг хүний эрдэнэт амьтай эн тэнцүү юм. Тэрхүү баялагийг хамгаалахын тулд хүмүүс асар ихээр мөнгө үрж, гэмтэхээр нь хэдэн саяар мөнгө үрж түүний төлөө байдгаа гөвдөг. Тэгэхээр үнэ цэнэ нь ойлгомжтой. Тэрийг минь зөвшөөрөлгүйгээр, хэлэлгүйгээр үнэгүйдүүлж байгааг хараад зүгээр суухад үнэхээр гомдмоор. Утаанд миний өмч уушиг минь угаартаж, түгжрэлд миний өмч тархины минь стресс ачаалал авч, бусдын хүнд сурталд миний өмч цаг хугацаа минь гамгүй урсаж, бусдын хооронд хэлхэлдэх авилгад нүд минь хорсож, үнэт эрүүл мэнд минь дортойтолд орлоо.
Бүхнээс үнэт баялаг бол мөнгө биш гэдгийг бид сүүлийн хэдэн жил биеэрээ мэдэрч байна. Эрүүл биетэй байх гэж хүн бүр бодох авч одоо бодлоос минь хол даваад байна. Өөрөөр хэлбэл дийлэхээ болилоо. Нийгмийн замбараагүй зохион байгуулалт, буруу хот төлөвлөлт, олон шат дамжлага, авилгаар хөдөлдөг явдлууд, ил далдаар бидний эрүүл мэндийг үнэгүйгээр хулгайлан авч байна. Энд хэн буруутай вэ? Би хийж чадна гэж гарч ирсэн эрхэмүүд, ард түмний төлөө биш арын хаалгаар шургагчид буруутай.
Төлөвлөсөн замаар чөлөөтэй давхиж, төлөвлөсөн байшингаа барьж жаргалтай амьдрах боломж байсан. Үнэт эрдэнийг бидний далдуур зөвшөөрөлгүй мөгжигсөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрийнхөө тэр үнэт зүйлийг тэр бас үнэгүй болгож байгаа гэдгээ санах хэрэгтэй.
• Ард түмнээ үл тоодог биш тэднийгээ дээдэлдэг төртэй байхыг хүсч байна.
Ард түмэн мэхлэгдэж байгаагаа нэг л өдөр мэддэг. Нуруунд нь хүйт даасан өдрүүд зарим залуучуудын амьдралд нэг биш удаа байгааг биеэрээ мэдэрсэн залуус тод хэлэх байх. Энэ амьдрал хичээлээс гадуур ажиллах, орлого олохгүй орчингүй оюутны амьдралд бий, мэдээллээс хол амьдралын эрхээр хөдөөд амьдрах залуучуудын амьдралд бий, оюун санаа, мэдлэг чадварыг үл үнэлэгч нийгмийн золиос болж буй хотын залуусын амьдралд бий зуны халуун өдрүүдэд зарим залуусын ирээдүй даарч байна.
Залуучууд өөрөө өөртэйгээ тэмцэх ёстой гэдгийг залуучууд бид мартах ёсгүй. Гэхдээ нийгэм биднээр даажигнахыг зөвшөөрч болохгүй. Үнэн мөнөний төлөө зүтгэсний төлөө, эрх мэдэлтнийг дагасаны горонд зарим нь шоронд сууж, зарим нь алтан амиа алдаж байна. Хуулиар хамгаалагдсан эрхийг минь мөнгөөр, итгэлээр , ирээдүйгээр хуурч авч байна. Амалснаа мартдаг ноёдыг сонгохыг хүсэхгүй байна. Таны төлөө зүтгэе, сонгогчид бол хаан гэж амалсан нь хаана байна.
Ард түмний зарим хэсэг чинь халамжийн мөнгө, хүний хөгжлийн мөнгөө авахаар хүлээх нь амьдралын зорилго нь болж байна. Яг л хүүхдийг чихрээр хуурах мэт. Ийм өрөвдөлтэй байдалд хүргэсэн нь ард түмэн өөрсдөө юу? Төр үү? Хэн хариулах вэ? Төрийн хуулийн гадна Монголын нэг ч иргэн байх ёсгүй. Сайн сайхны төлөө нь хуруугаа хөдөлгөх дургүй мөртлөө. Хариуцлага хүлээлгэх болохоороо нэг үгний өөнд ял тулгана. Ард түмэн бол тэнэг биш. Ард түмэн дээдлэн шүтэгдэхийг хүсээгүй. Зүгээр л дэндүү даварч байгааг чинь гайхаж байна.
• Бид та бүхнээс баялаг өвлөж, түүнийгээ ирээдүй хойчдоо үргэлжүүлэн өвлөхийг хүсч байна.
Үндэстний ухаантнууд зөвхөн үеэс үед баялаг өвлөхийн төлөө байдаг. Зуунаас зуун дамжин өөрсдөөсөө харамлан ирээдүй хойчийнхоо төлөө өндгөө харамласан шувуу шиг миний өвгөд үнэт баялагуудаа хамгаалсан. Үнэт баялаг гэдэгт газрын баялагаас оюун санааны баялаг хүртэлх бүх л баялагийг ойлгоно. Бидний өвгөд ирээдүй хойч гэдэгтээ ганцхан 21 дүгээр зууны эхэнд амьдрагсдыг ойлгоно гэж хэлээгүй нь лавтай. Монголын үе үеийн үр садыг тунхагласан.
Гэтэл өнөө цагийн холч хараагүй, хойч үеийн талаар дутмаг бодолтой хүмүүс өөрийгөө хүчирхэг байлгах, өөрийн хамаатан садан, өөрийн үр хүүхдээ хангалуун байлгах атгаг бодол тээж хандаж байна. Монголын бүхий л баялаг бидний дараа үргэлжлэх үе үеийн өмч байх ёстой. Үеэс үед өвлөгдөж үе үеийнхний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой. Шударгаар хөдөлмөрлөж буй залуус шударга бусаар хөрөнгөжиж буй баячууд, бусдын мөнгөөр бардамнагчдыг хараад нүд нь хорсож байна.
Өвгөдөөсөө өвлөсөн баялагийг минь хуваарилах гэж байгаа бол хүртээмжтэй,тэгш хуваарилах хэрэгтэй. Тэр баялагийн эзэд торинож байна. Залуучууд бид чинь бас тэдний өмнө хэлэх үгтэй, хуваарилаж өгөх баялагтай байх ёстой гэдгийг ТА болгооно биз ээ. ТА бүхнийг байхгүй болсон хойно тэд цөөхүүлээ цохичихсон гэж сонинд хэвлээд яахав дээ.
• Нүүдэлчдийн чөлөөт бие даасан амьдралын сэтгэлгээг Ардчиллын эрх чөлөөт бие даасан хараат бус амьдралд сэргээн хөврүүлэхийг хүсч байна.
Ардчилалд хэвшиж буй бие даасан амьдралын хэв маяг аль эрт нүүдэлчдийн амьдралд жинхэнэ утгаараа байжээ. Бид чинь ардчилал хэмээх шинэ нийгэмд ороод ирсэн чинь бие дааж өөрөө хоолоо хийж иднэ гэсэн жаргалтай дүрмээр амьдрах гэсэн чинь нэг л дасаж өгөхгүй зовж ямартаа заримдаа хоосон хонох нь шахуу байхав дээ. Бидний өвөг дээдэс чинь гурил гэдэг юмаа өөрсдөө тээрэмдэж, мах гардаг юмаа өөрсдөө маллаж хоосон хонохгүй айл бүр хүнээс гуйхгүй амьдарч, айл саахалтаараа хөдөлмөрөө нэгтгэж орчин үеийн багаар ажиллахыг үнэндээ жинхэнэ утгаар үзүүлж өгч байсан.
Харин одоо тэгсэн чинь өөрсдөө хөдөлмөрлөхгүй, хөршдөө итгэхгүй нийгмийн төрх илэрлээ. Уг нь бид ердөө л биеэ дааж амьдарч сурах гээд байгаа юм шүү дээ. Аль 13 дугаар зуунд хэн ч хэлээгүй байхад овог, аймаг болж өрх бүр бие даан амьдарч хөдөлмөр, оюун ухаанаа нэгтгэж байжээ. Гэтэл одоо нэгдээчээ, нийлээчээ дэмжье гээд ч нэгдэхгүй байгааг ер ойлгохгүй байгаа юм. Сонин шүү. Нүүдэлчдийн удамд тэр үеийн бие даан амьдрах ухааны үр байгаа гэдэгт итгэдэг. Итгэхдээ энэ цагт тэр хөвөрч ургана гэдэгт итгэдэг.
• Бид эрүүл цэвэр орчныг ирээдүй хойч үедээ үлдээн амьдрахыг хүсч байна.
Монгол хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Байгальтай зохицон амьдарч ирсэн Монгол түмэн хотжилт хэмээх шинэ нэр томьёотой тулгарснаас хойш өөрсдийгөө ойлгохоо болиод байна. Учир нь байгаль дэлхийтэй харилцах ухаанаа үл ойшоон тэднийг үйл олноор нь устгах, агнах, ухах, төнхөх, хөрөөдөх, гамгүй хэрэглэх, тасдах, бохирдуулах зэргээр Монгол үгсийн сангийн сөрөг утгатай үгнүүдийг амьдралд илүүтэйгээр хэрэглэх болжээ.
Энэ байдалтай санал нийлэхгүй байгаа байгаль дэлхий гандуулах, зуджуулах, усгүйдүүлэх, нүүлгэх, үл ургах, шуурах, хүйтрүүлэх, хөлдөх, хөлдөөх гэх мэт сөрөг арга хэмжээг авч эхлээд байна. Монголчууд төдийгүй Дэлхийн хүн төрөлхтөн байгалийн араншинг дийлэхээ болж нийгмийн хуулиар бүхнийг шийдэж болохгүй гэдгийг улам ойлгосоор байна. Эрүүл цэвэр бүхэн үлдэхгүй байгаа явдал нь өнөөгийн бидний зохисгүй авир, хайхрамжгүй хандлага,бодлогогүй ахламуудтай шууд холбоотой.
Угаадсаа гудамжиндаа хэнэггүй цацдаг, хогоо гудамж талбайдаа тоолгүй хаядаг тэр нь агаарт ууршиж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, тэр бүхэн дээр нь хүүхдүүд тоглодог өсдөг муу зуршилтай Монголчууд бид биш байх учиртай. Тиймээс энэ цагийн эзэн нь сууж буй Монголчууд бид энэ нутгаас нүүхгүй нь лавтай. Эртний нүүдэл эдүгээгийн нүүдэл өөр гэдгийг ялгаж эрүүл цэвэр орчныг үр удамдаа үргэлжүүлэн үлдээх нь онгон байгаль өвлөж авсан Монгол хүн бүрийн урамсрын дээд хэмжүүр байх ёстой.
• Нийтээс хуримтлуулсан мөнгийг нэг хэсэг нь хуваан хүртдэг олигархиудыг, Монголыг чөлөөт зах зээлийн эдийн засгийг шүүмжлэхийг хүсч байна.
Олигархиуд тухайн цагтаа амжилттай ч цаашдаа тэд задран унадаг. Монголын эдийн засгийн ерөнхий төрх нь төв рүү татан төвлөрүүлэх тогтолцоотой юм. Энэ тогтолцооны хамгийн том гажиг дахин хуваарилахад илэрдэг. Энэ гажгийг засахгүй бол эдийн засгийн хөшүүрэг хөгжлийн түлхүүр болж чаддаггүй. Бүх орлогыг татан төвлөрүүлэх гэсэн оролдого нь орон нутгийн болон салбарын хөгжлийг боомилж байдаг.
Тиймээс аль болох төвлөрүүлэх бодлогыг саармагжуулж улмаар орон нутаг, тухайн салбарыг бие даах тогтолцоо руу хөгжүүлэх оролдого хийх ёстой юм. Нийтээс төвлөрсөн мөнгийг бүтээн байгуулалтанд биш үрэлгэн мөнгөний урсгалд оруулж буй нь хамгийн том гажгийг бий болгож байгаа юм. Төрөөс хуваариласан мөнгийг тендер, худалдан авалт зэрэг хуулийн дагуу нэрийн дор их багаар хуваан завшдаг явдал нь тэд нарыг ерөөс ичээдэггүй.
Ичдэг хүмүүс нь ард түмэн, өмнөөс нь ичээд чимээгүйхэн явж байгаа юм. Манайхан ч манжийн дарлалаас өмнө бас шударга дүрэм их байсан шүү. Тайж, харц ард ялгалгүй алба гувчуур,мөнгөө төлж, мөн тайж, харц ард ялгалгүй дахин хуваарилалтыг хүртэж байсан. Ардчилсан нийгэмд нийтийн өмчийг нэгээрээ идэх гэх ойлголт байдаггүйг анхаарна уу!
Хүсэл биелдэг. Энэ хүсэл ихийг хүссэн хүсэл биш. Монгол үндэстний чөдөрлөгдсөн хүслийг чөлөөлөх гэсэн хүсэл. Энэ хүсэл нэг хүний хүсэл биш. Эрүүл сэтгэдэг Монгол хүн бүрийн хүсэл. Хүсэл биелдэг юм. Хүсэл биелнэ гэдэгт би итгэдэг. Энэ зүгээр нэг итгэл биш арга замаа мэдсэн итгэл. Хүслийг биелүүлэх хүсэлгүй хүмүүс хүсэл биелэлээ олох арга замуудыг үгүйсгэж, тэр талаар бодохыг ч хүсдэггүй юм. Тэднийг бүү сонс. Та бидэнд сонголт бий.
Намжилын ДАШДАВАА