Залуус "мөнгөтэй цүнх"-ээ бариад улс төрд хөл тавьж байна


5 минут уншина
Залуус "мөнгөтэй цүнх"-ээ бариад улс төрд хөл тавьж байна
"Монголын Консерватив нам"-ын дарга Н.Дашдаваа

Тэр Монголын улс төрд Шинэ "ХҮЧ", шинэ "ИТГЭЛ НАЙДВАР" болж чадах болов уу? Монголд консерватив үзлийг төлөвшүүлж, түгээх хүсэлтэй тэрээр улс төрийн замналаа өөрийн хүчээр нээж яваа залуу хүн. Уншигч та "Монголын Консерватив нам"-ын дарга Н.Дашдаваагийн ярианаас түүнийг хэн болох тухай тодорхой ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна. Зарим тохиолдолд хурц, “тэнэг” гэмээр асуулт асууж байсан ч зөвөөр хүлээн авч, хариулж байлаа. 

Монголын улс төрд Н.Дашдаваа гэдэг хүн ороод иржээ. Энэ хүн шинэ хүн үү, эсвэл?

Миний улс төрийн карьер 2005 онд СХД-ийн Ардчилсан намаас гараагаа эхэлсэн. Энэ үеэс улс орны хөгжилд улс төрийн шийдлүүд чухал нөлөөтэй болохыг ойлгож, мэдэрсэн л дээ. 2012 онд "Монголын Консерватив нам"-ыг байгуулаад байна. Тэгэхээр би өөрийгөө шинэ хүн гэж хэлэхгүй ээ. Улс төрийн шинэ соёлыг хэвшүүлэхээр ажиллаж яваа залуу улс төрч. 

Ардчилсан намаас яагаад гарав?

"МАНАН" Монголыг сайн сайханд аваачна гэдэгт би эргэлздэг болсон. Ард түмэн ч эргэлзэж байна. 

Анх элсэхдээ итгэл үнэмшилтэй байсан биз дээ?

Хүн төрөлхтөн ардчилал гэдэг гоё зүйл нээчихсэн, энэ гоё зүйлийн үр шимийг амсахын тулд "Ардчилсан нам" ялах ёстой гэдэгт бат итгэлтэй хүчин зүтгэж байлаа. Залуу хүний ирмүүн хүсэл мөрөөдлөөр элссэн боловч, аажим аажмаар өөр "салхи" үлээж эхэлсэн л дээ. Сахилга бат сайтай хүн хүртэл энэ намд ороод эвдэрч байгаа нь миний нүдний өмнө ил байлаа. Ардчилал зөв зам байлаа ч түүгээр нэрлэгдсэн нам нь зөв байгаагүй. Намайг АН-тай хадаагүй, ер нь хэнийг ч хадаагүй шүү дээ.

Нөгөө талаар АН-аас цойлж, ялгарч чадахгүй байсан учраас гарсан юм биш үү?

"Мөнгөгүй бол улс төр хийж болохгүй" гэсэн философи л үйлчилдэг шүү дээ, энэ хоёр намд. Жирийн малчин айлын хүүхэд, ардын хүүхдүүд хэдэн тэрбум төгрөг хаанаас олох вэ? Хэн даргад сайн долигноно, тэр албан тушаал ахидаг зарчим үйлчилдэг болсон цаг. Би тийм байхыг хүсээгүй. Эсвэл сайд дарга нарын ойрын хамаатан садан, найз нөхөд байх ёстой юм шиг. Харамсалтай нь олон залуучууд "мөнгөтэй цүнх"-ээ бариад энэ амьдралд хөл тавьж байна. Өөрийн итгэл үнэмшил, хөдөлмөрөөр зүтгэхээр шийдсэн.

Тэгвэл консерватив үзэл яагаад манай улс төрд хэрэгтэй гэж?

Дэлхийн чиг хандлагыг аваад үзэхэд дэлхийн 180 гаруй оронд консерватив үзэлтэй нам байна. Үүнээс 46 оронд консерватив нам төр барьж байна.  Улс гүрэн бүр өөрийн гэсэн түүхтэй. Энэ түүх нь хэр агуу байх тусмаа консерватив үзэл бат оршсон байдаг зүй тогтолтой. Тод томруун жишээ нь Англи улс болж байна.

Аливаа улс орон, гэр бүл, хувь хүнд үнэт зүйл гэж байдаг. Улс үндэстэн үнэт зүйлсээ хамгаалах хэрэгтэй. Хэт глобалчлагдсан өнөө үед бидэнд үнэт зүйлээ алдах аюул нүүрлэж байна.

Хэт туйлширсан, анархи үзэл бол хөгжлийн гарц биш гэдэг нь батлагдсаар байна.

Тэгвэл консерватив үзэл энэ бүхнээс ангид, үндэсний үнэт зүйлсээ хамгаалдаг.  

Таны хувь хүний үнэт зүйлс юу вэ?

Хүн өөрийгөө таньж мэдэж, олж авна гэдэг хамгийн том үнэт зүйл. Өөрийгөө  аль болох эрт олох тусмаа сайн. Хүн туулсан зам, явсан мөрөөрөө л илэрхийлэгдэх болно. Би залуучуудад хандаж, том мөрөөд, зорилго тавь гэж дандаа хэлдэг.

Та өөрөө “ТОМ” байж чаддаг уу?

Би эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Анх "Ханбүргэдэй" компанид маркетинг, борлуулалтын хэлтэст ажилд ороод, бусад маркетингийн менежерүүдээс хэрхэн ялгарах вэ гэж өөрийгөө үргэлж дайчилдаг байлаа. Эндээ 4 жил орчим ажиллаад хувийн зөвлөх үйлчилгээний компани байгуулсан.

Цалин аваад суудаг ажилтан биш босс болъё гэж бодсон хэрэг л дээ.

2008 онд анх консерватив үзэл баримтлалын тухай эргэн тойрны хүмүүстэйгээ яриа өрнүүлдэг байлаа. Тэр яриагаа ажил болгохоор сэтгэл шулуудсан. Ингээд 2012 онд намаа байгуулсан. Жинхэнэ ардчилал, эрх чөлөө гэж юу юм бэ гэдгийг ард иргэдэд ойлгуулах, намын даргын хувьд намаа төлөөлж, ямар нэгэн зүйлд үл баригдах зарчмаар өөрийн дуу хоолойг илэрхийлэх боломжтой болсон.  

Хувийн бизнесээ эрхлээд явж болоогүй юм уу? Одоо улс төрд тууштай хүчин зүтгэж чадах уу?

Зөвлөх компаниа байгуулаад явж байхдаа би бизнес хийх хүн мөн үү? гэж их бодох болсон. Хүний амьдралын үе шатанд иймэрхүү шилжилтийн үе байдаг. Одоо бол би ямар нэгэн эргэлзэх зүйлгүйгээр энэ замыг сонгосож, улс эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж байна.   

"Мөнгөгүй хүн улс төр хийж болохгүй" гэдэг. Та мөнгөтэй юм уу?

Улс төрийг ухаанаар хийдэг гэж боддог.

Өнөөгийн нөхцөлд ухаан хэрэггүй юм шиг?

Ухаан байхад мөнгө олдоно шүү дээ.  

Ухаан гэхээсээ илүү заль, овжин байдлаар мөнгө олоод байгаа юм биш үү?

Шударга, зарчимтай бай л даа.

Улс төр бол цэвэр тоглоом. Ухаантай, чадвартай хүмүүсийн тоглодог тоглоом гэж боддог.

Манайхан эрх мэдлийг мөнгөөр орж авдаг гэсэн сэтгэлгээтэй байж, улс төрөө үүндээ татан оруулчихаж. Үүнээс ангид байхыг эрмэлзэж байна.

Бусадтай адил зарчмаар төрд гараад яах юм бэ. Хүмүүс шинэ, эргэлт тэсрэлттэй бодлоготой нам, хүн төрд гараасай гэж хүсэж, хүлээж байна. Манай нам тэрбум, тэрбумаар нь цацдаг гинжин хэлхээнд орохгүй.

Улс төрч, УИХ-ын гишүүдийг "худалч, хулгайч" гэдэг.  Та яагаад тэдний нэг болох гээд байгаа юм бэ?

Тогтолцоо нь өөрөө ингэж тодорхойлоход хүргэж байна. Анхнаасаа тогтолцоо нь зөв байсан бол ийм асуудал гарахгүй. Улс төр рүү орсон хүмүүсийг их өрөөсгөл талаас нь хардаг.

Монголын улс төрд тархи нь бүрэн бэлтгэгдээгүй хүмүүс байгаа нь их аюултай. Өөрийн гэсэн тогтсон бодолгүй, аливаад хурдан уусаж автдаг, сахилга батгүй байгаа нь хамгийн том гамшиг.

Хүнд гурван гол чанар байх ёстой юм болов уу. Нэгд, хүмүүжил, сахилга бат сайтай. Сайн, мууг ялгадаг. Хоёрт, Монгол улс, дэлхийн улс төр хаашаа явж байна байгааг мэддэг боловсролтой, мэдрэмжтэй. Гуравт, боловсон харилцаатай байх. .

Та өөрөө сахилга баттай, боловсролтой, хүнтэй сайхан харьцдаг хүн мөн үү?

Би энэ үндсэн гурван чанарыг жигд хөгжүүлэхээр тэмүүүлж байна.  

Сонгуулийн санхүүжилтаа яаж босгож байна?

Гишүүдийн татвараар гол санхүүжилтаа босгож байна. Хуулийн хүрээнд төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүждэг. Хэрвээ их мөнгөтэй байсан бол МАН, АН зэрэгцээд том байр бариулна биз дээ. Ийм байшинд лав суухгүй.

Мөнгөтэй хүний гар хөл болохгүйн тулд өөрийн хэмжээнд энэ намыг авч явахыг эрмэлзэж байна.

Сонгуулийн санхүүжилтаа ил тод тайлагнаж болох уу?

Бүх зүйл нээлттэй байх ёстой. Сонгуулиас өмнө сонгуулийн санхүүжилтаа ямар аргаар босгосон талаараа ил тод мэдээллэх болно.

2016 оны сонгуульд ямар тактик, бодлогоор бусдаас ялгарах гэж байна?

Манай нам ерөнхийгөөс нэгж асуудал руу гэсэн зарчимтай. 2050 он гэхэд Монгол улс хэрхэн хөгжих талаар хөгжлийн гарц, загварыг гаргаж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2020, 2024 онуудад юу хийх вэ гэх зэргээр шат дараалсан төлөвлөгөөтэй баримт бичиг боловсруулж байна. 

2050 он гэхээр 35 жилийн дараах нөхцөл байдлыг одоо харж чадаж байна гэж үү?

Хятад 200 жилийн бодлогоо, дэлхийн улс орнууд 2050 он хүртэл стратегийн бодлогоо тодорхойлсон байна. Тэр жишгийн дагуу л боловсруулсан. Намын бодлогыг тодорхойлдог гишүүд, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлсэн баг судалгаа, шинжилгээ, боловсруулал дээр ажиллаж байна. 

Ярилцсанд баярлалаа. Таны улс төрийн карьерт амжилт хүсье.

Г.Мөнхтуяа