Ө.Энхтүвшин: Ганц сайдын асуудлаас илүүтэй сонгуулийн асуудал чухал
2012.04.25

Ө.Энхтүвшин: Ганц сайдын асуудлаас илүүтэй сонгуулийн асуудал чухал

  УИХ дахь МАН даваа гарагийн бүлгийн хуралдаанаараа УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар ярилцсан байна.Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Өмнө нь МАН-ын удирдах зөвлөлөөс аймаг нийслэлийн, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

Харин хоёр бүлгээс томилсон ажлын хэсэг дээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг 6 дугаар сард болох УИХ-ын сонгуультай хамтад, аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг тусад нь намар явуулъя гэж шийдсэн тохирсон байна.Мөн цөөнхийн бүлэг тодорхой асуудлаар завсарлага авбал тодорхой хугацаатай байх нь зүйтэй гэж санал нэгджээ. Одоогоор УИХ-ын дэгийн тухай хуульд хугацааны хувьд ямар нэг хязгаар байхгүй, 4 жил завсарлага авсан ч болохоор байгаа гэдгийг бүлгийн дарга хэллээ. Ажлын хэсэг дээр тохиролцсон зүйлийг нь МАН-ын бүлэг, удирдах зөвлөл хүлээж авсан байна.Энэ талаар бүлгийн дарга хэлэхдээ, сонгууль будилаангүй, цаг хугацаандаа болоосой гэдэг эрх ашгийн үүднээс хийж байгаа алхам юм.

Урьд ярьж байсан зүйлээсээ тодорхой хэмжээгээр ухарч байна. Ухрахаас ч өөр аргагүй юм. Хоёр тал урагшаа алхаж, зөвшилцөж, харилцан буулт хийж явахгүй бол болохгүй гэж үзэж байгаа гэлээ. Мөн эдгээр асуудлаараа АН-ын бүлэгт албан бичгээр саналаа хүргүүлээд байгаа ажээ. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариу өглөө.

-Ард нийтийн санал асуулгыг цуг явуулах уу?

-Энэ талаар өчигдөр санал хураалт явуулаагүй. Үүнийг хоёр бүлэг яриад явуулъя гэвэл бэлэн байгаа.

-Хоёр сонгуулийг зэрэг явуулахад цагийн зөрүүг хэрхэн зохицуулах вэ?


-Хоёр намын бүлэг дээрх зүйлээр тохиролцож чадвал хуулиудын зөрүүтэй заалтуудыг нийлүүлэх боломжтой. Гол нь зарчмын асуудалд л тохирч чадахгүй өдий хүрсэн.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлаар яагаад ярьсангүй вэ?


-Тодорхой хугацаатай, энэ асуудлыг ярина. Ганц сайдын асуудлаас илүүтэй сонгуулийн асуудал чухал. 6 дугаар сард сонгууль явуулахгүй гэсэн яриа олон нийтийн дунд тархаж санаа сэтгэлийг үймүүлж байна. Тиймээс хамгийн түрүүнд сонгуулийнхаа асуудлыг шийдэх нь зүйтэй юм.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.