УИХ-ын тухай хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцэхээр болов
2010.05.21

УИХ-ын тухай хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцэхээр болов

УИХ-ын чуулганы өчигдөрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийн талаар гишүүн Ө.Энхтүвшин танилцуулга хийлээ.

УИХ 2002 онд стратеги төлөвлөгөөгөө баталж Монгол Улсын парламентын ойрын болон урт хугацааны хөгжлийн зорилго, зорилтуудаа тодорхойлсон. Мөн УИХ-ын дарга 2006 оны есдүгээр сарын 27-нд 89 тоот захирамж гаргаж УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг 2008 оны аравдугаар сарын 25-ны дотор өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон юм.

Түүнчлэн УИХ-ын 2009 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Монгол Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг боловсронгуй болгох асуудал тусгагдсан.

Энэ дагуу ажлын хэсэгт орсон Ө.Энхтүвшин, Су.Батболд, Б.Батбаяр, Э.Бат-Үүл, Ц.Баярсайхан, Р.Буд, Д.Ганхуяг, Н.Ганбямба, Д.Дондог, Х.Жекей, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2009 оны зургадугаар сарын 23-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Улсын Их Хурал өөрөө төсвөө боловсруулан баталж, зарцуулалтад дотоод бүтцээрээ хяналт тавих, ингэснээр төсвийн хувьд хараат бус байх зарчмыг хангасан заалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт болгож оруулахаар төсөлд тусгажээ.

Мөн хэлэлцэж байгаа асуудлууд хугацаандаа багтаж хэлэлцэгдэхгүй, чуулганы хуралдаан сунжирч дараагийн ээлжит чуулгантай золгодог явдлыг арилгах үүднээс УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд хуралдаж байх.

Хэрэв ээлжит чуулганыг нээх өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхцвал ажлын дараагийн өдөр нь нээж, энэ хугацааг шаардлагатай бол УИХ-ын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор хуульд өөрчлөлт оруулах саналыг төсөл санаачлагчид гаргажээ. Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын асуудлыг эрхэлсэн Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, Улсын Их Хурал, гишүүнд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх асуудлыг эрхэлсэн Өргөдөл, гомдлын дэд хороог Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяалалд шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого, газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт, газрын кадастр, зураглал, жендерийн тэгш байдлыг хангах бодлого, газрын эдийн засгийн үр ашгийн бодлого зэрэг асуудлыг УИХ-ын зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд шинээр тусгахаар нэмж оруулжээ.

Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны явцад завсарлага авах хугацаа нэг цагаас илүүгүй байх, тодорхой асуудлын хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанд таваас дээшгүй, нэгдсэн хуралдаанд долоогоос дээшгүй ажлын өдрөөр хойшлуулах, түүнчлэн ямар субъект, хэрхэн түр завсарлага авах, хэлэлцүүлэг хойшлуулахыг зохицуулсан заалтыг шинээр тусгажээ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлагдсантай холбогдуулан ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн асуудлаар санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах, УИХ батлахаар хуульд заасан, эсвэл хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлаар шийдвэр гаргах, УИХ Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт, тайлбар гаргах зэрэг асуудлаар тусгайлан дэг байх нь зүйтэй гэж үзэж, холбогдох зохицуулалтыг оруулсан байна.

Мөн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдын мэдээлэл сонсох, Цэцийн дүгнэлтэд Үндсэн хууль зөрчсөн гэж дурьдсан зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулахтай холбогдсон зохицуулалтыг бас тусгаж өгсөн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Н.Ганбямба, Ч.Улаан, С.Оюун, Ц.Сэдванчиг нарын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж хариулт авсны дараа энэ асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Ц.Батбаяр танилцуулж, гишүүн Н.Ганбямба, Х.Баделхан нар байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан саналаа хэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2010 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болжээ. Ингээд байнгын хорооны саналын дагуу санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Х.Тэмүүжин нарын 16 гишүүний санаачилж өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ.

Хууль санаачлагчид УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хүрээнд Үндсэн хуулийн ойлголт болсон гишүүний мандатын эрхийг хуульчлан баталгаажуулж, гишүүний мандатын эрх болон бүрэн эрхийг салган зааглах, олон улсын жишгээр халдашгүй байдлыг мандатын эрхэд хамааруулах чиглэлээр шинэ зохицуулалт хийхээр төсөлдөө тусгажээ. Мөн УИХ-ын орчинд мандатын эрхийн зарчмыг бэхжүүлэхийн тулд мандатын эрхэд суурилсан гишүүдийн ялгамжгүй байдлын баталгааг эрх зүйн болон эдийн засгийн хүрээнд бүрдүүлж, гишүүний төсөв, урамшуулал, ажлын албаны зарчмыг шинэчлэн тогтоохоор тусгасан байна.

Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын байнгын хороог Өргөдлийн болон Бодлогын гэсэн хоёр төрөлтэй байхаар тусгажээ. Энэ үүднээс иргэдээс УИХ-ын гишүүдэд хандаж ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх асуудал эрхэлсэн Өргөдлийн, Засгийн газрын бодлогын чиглэлтэй уялдсан хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр Бодлогын байнгын хороод байгуулж, Бодлогын байнгын хороонд сонсгол хийх эрх зүйн үндсийг тогтоох юм байна. Түүнчлэн сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, төрийн байгууллагын хууль бус, удирдлагын буруутай үйл ажиллагаа, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль болон ёс зүй зөрчсөн үйлдлийг хянан шалгаж, байцаан шинжих үүрэгтэй Байцаан шинжих түр хороог шинээр байгуулахаар тусгажээ.

Мөн УИХ дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтын эрх зүйн үндсийг тодотгож, парламент дахь олонхи, цөөнхийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгаснаа танилцуулав. Хуулийн төслийн талаархи гишүүн Н.Ганбямба, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Х.Жекей нарын асуултад төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр болон УИХ дахь МАХН, АН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нар хариулт, тодруулга өгөв.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2010 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр эдгээр хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан: УИХ-ын тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага байгаа, гэхдээ үүнийг шинэчилсэн найруулгаар биш нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэх боломжтой гэж үзэж байгаа, гишүүн Х.Наранхүү: УИХ-ын үйл ажиллагааг сайжруулахад зохион байгуулалтын асуудал чухал ч гэлээ энэ хуулийн төслөөс харахад үндэслэл нь тддорхой бус байна, гишүүн Л.Гүндалай: УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хариуцлагыг өөрөөсөө эхлэхгүй бол улс олон хөгжихгүй, бэрхшээлтэй асуудлууд ч шийдэгдэхгүй.

Гэтэл парламент өөрийгөө шинэчлэх асуудлыг алгуурлан хойш тавьж цаг алдаж болохгүй, гишүүн Э.Бат-Үүл: УИХ-ын бүтцэд байцаан шинжих хороо байгуулах нь гишүүд бие биенээ шалгаж мөрдөх асуудал үүсгэж мэдэхээс болгоомжлох нь зүйтэй юм. Бусад оронд парламентын ийм бүтэц байдаг ч энэ эрхийг өөр танхим нь эдэлдэг жишиг бий. Гол нь бид Их Хурлаа цуглаан шиг байдлаас гаргаж, шийдвэр гаргадаг, ажил хэргээ мэдэж ярьдаг болгомоор байна гэсэн санал хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжээгүй тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхээр болов. Энэ үеэр УИХ-ын дарга байнгын хороо хоёр төслийг сайн нэгтгэн боловсруулж оруулж ирэхийг анхаарууллаа.


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хуулийн бодлргын зөвлөх Г.Ганзоригийн танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлахад гишүүн Д.Одхүү: Хуулийн төсөлд хүлээн авч болохооргүй зарим санаа байгаа ч хэлэлцүүлгийн явцал засах боломжтой юм. Дэгийн хуулийн хэд хэдэн төсөл байгаа тул нэг мөр ярилцаад ойрын үед гар хүрэхээргүй болгоод авах нь зүйтэй юм, гишүүн Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчид хуульд хориг тавих, УИХ-д саналаа илэрхийлэх нь маш том эрх байгаа. Иймээс хуулийн төслийг буцаагаад дэгийн тухай хуулийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй саналын хэлбэрээр зарим зохицуулалтыг хийж болох юм гэснийг гишүүн Ц.Даваасүрэн дэмжив.

Харин гишүүн Л.Гүндалай: Ерөнхийлөгч асуудлыг ярих хэлэлцэх журамтай болгох үүднээс ийм төсөл санаачилсан учраас энэ хуулийг гаргаснаар УИХ-ын нэр хүнд сайжирна уу гэхээс муудахгүй, гишүүн Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийн саналыг хэрхэн хэлэлцэх нь дэгийн хуульд орхигдсон тал бий. Тиймээс дэгийн хуулийг нэг мөр цэгцлэх үүднээс төслийг байнгын хороо дэмжсэн, гишүүн Ц.Баярсайхан: Үндэсний аюулгүй байдал, зэвсэгт хүчин, олон улсын гэрээ хэлэлцээр зэрэг Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа, эрх мэдэлд хамаатай асуудлыг хэлэлцэхэл саналаа хэрхэн гаргах, түүнийг хэрхэн шийдэхиийг зохицуулж өгөх нь зүйтэй юм гэсэн санал хэлэв. Ингээд санал хураалгахад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэнгүй. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үүгээр өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.