Жирийн явагдаж байгаа алба, ажлыг улс төр болгодгийг болих хэрэгтэй
2011.11.23

Жирийн явагдаж байгаа алба, ажлыг улс төр болгодгийг болих хэрэгтэй

Өчигдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн бариад удаагүй байгаа юм.

Ж.Сүхбаатар гишүүний танилцуулснаар, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл нь сүүлийн үед нэлээд яригдаж байгаа УИХ-ын нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах талаар санал гаргахтай холбоотой зохицуулалт зарим талдаа хуулинд нарийвчлан тусгагдаагүй нь зарим талаар мөн л бэрхшээл үүсгэж байна. Иймд Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг нарийвчлан тодотгож, ойлголтыг нэг мөр болгох зорилгоор дээрх хуулийн төслийг санаачилсан гэлээ.

Харин энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр хуралдаан нэлээд хурцатгах тал руу хэлбийж, санал бодлоо хэлж, асуулт тавьсан гишүүд үзэл бодлоо өөр өөрийнхөөрөө илэрхийлж байсан бөгөөд Э.Бат-Үүл гишүүн энэ тал дээр горимын саналтай байгаагаа хэлсэн. Тэрээр, өмнө нь /хавар/ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал тавих гэтэл бүтэлтэй болоогүй гэдгийг тайлбарлаж, тэгснээ одоо яагаад мөнөөх 9 гишүүний мөн л Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг шийдээд яваад байгаагийн учрыг асууж, гишүүдийг “алаг үзэж болохгүй” гэсэн үг дайсан юм.

 

Э.Бат-Үүл гишүүн энэ тухай УИХ-ын даргаас тодруулж асуумаар байгаагаа хэлж, Д.Дэмбэрэл даргыг иртэл хуралдаан хэсэг зуур хүлээсэн. Хүлээх зуураа мөн л хууль санаачлагч гишүүдээс ингэхэд ямар үндэслэлээр ийм хуулийн төсөл хийгээд ороод ирэв ээ? гэдэг дээр байнгын хорооны гишүүд тодруулж, бас хажуугаар нь бяцхан маргаад авсан юм.

 

Тэгтэл удалгүй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдааны танхимд орж ирсэн бөгөөд “Ерөнхий сайдыг огцруулахтай” холбогдсон асуудлын хуулийн зүйл, заалтыг тойрсон маргаан болон саналаа өргөн барьсан, бариагүйн тухай хэл, яриа харин ч намжих шиг болсон.

 

УИХ-ын дарга хэлэхдээ, Э.Бат-Үүл гишүүн та бол тэрхүү саналаа өргөн барилгүй учрыг ойлгосон сайн талтай гэдгийг дурдаж, харин нөгөө 9 гишүүний тухайд өөр хэрэг. Чуулганы хуралдааны танхимд өргөн барих журам байхгүй. Уг нь би тэдэнд баасан гаригт уулзах цаг өгсөн юм шүү дээ, ярилцах боломж гаргах гээд. Гэтэл тэд яарч, чуулган дээр өгсөн нь илүү зан болсон юм болов уу даа. Нэгэнт өгсөн, тэгээд харьяаллаараа ТББ-ын хороо руу явуулсан хэрэг. Ер нь жирийн явж байгаа алба, ажлыг улс төр болгодгийг болих хэрэгтэй юм гэдгийг энд онцлох нь зүйтэй хэмээн тэрээр хэлсэн.

 

Ингээд гишүүд дэмий зүйл дээр маргаж, хайран цагаа барж байна гэдгийг зарим гишүүд тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Энхболд нар тулхтай хэлж, Байнгын хорооны дарга ч энэ бол эрх зүйн шинжтэй маргаан тул хуулийн хүрээнд нь л шийдээд явах нь зүйтэй юм гэж байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.