Ж.Сүхбаатар: Хосолмол хувилбар дээр тогтчихсон
2011.05.05

Ж.Сүхбаатар: Хосолмол хувилбар дээр тогтчихсон

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх шатанд үл ойлголцол үүсч, ойлгомжгүй байдал үүссэн. Харин өчигдрөөс дээрх хуулийн төслийг холбогдох байнгын хороо үргэлжлүүлэн хэлэлцэж, анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас дараах асуултад хариулт авлаа.  

-Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.  Тогтолцоон дээрээ ойлголцолд хүрсэн учраас байнгын хороо хуралдлаа гэж ойлгож болох уу?

-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг “Хосолмол хувилбараар сонгуулийн тогтолцоогоо явуулъя. Энэ үндсэн дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгээд, хосолмол хувилбарын суурин дээр санал хураагаад уялдаа холбоог нь хангаад явъя гэсэн.  Энэ дагуу ажлын хэсэг ажилласан. Уг хуультай холбоотойгоор  200 -гаад санал бэлтгэгдсэн байгаа. Сонгуулийн тогтолцоо хосолмол хувилбараар явах юм бол 200-гаад санал тусгах шаардлагатай юм байна гэж үзээд.  Хэрвээ эдгээр  саналыг улстөрийн намуудын тодорхой нэг хоёр гурван асуудлаа шийдсэний дараа байнгын хороогоор хэлэлцье гэвэл энэ асуудал шийдэгдэхгүй хүлээгдэх юм болно. Тийм учраас байнгын хороогоор 200 гаад саналаа хэлэлцүүлэн, санал хураалгаад  багцлаад шийдээд явах юм бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар амжилттай шийдвэрлэх бололцоо харагддаг. 

Ажлын хэсгийн төвшинд энэ асуудлыг яриад 200 гаад саналаасаа эхний ээлжинд 29 –ийг нь байнгын хороогоор оруулж анхны хэлэлцүүлгийг эхлүүлье. Анхны хэлэлцүүлгийг цаашид хэд хэдэн удаа үргэлжлүүлээд явах нь ач холбогдолтой. Энэ хооронд улстөрийн намууд зарим том асуудлууд дээрээ ойлголцог.  Тэднийг хүлээх шаардлагагүй. Бид өнгөрсөн хугацаанд нэлээд хүлээсэн. Том асуудлаа шийдэг гэж...Тэгэхээр нэгэнт ажлын хэсгийн төвшинд ойлголцолд хүрчихсэн, нийгэм даяараа тодорхой ойлголттой, УИХ-ын гишүүд ч тодорхой ойлголт бүрдчихсэн учраас бид хойш суух эрхгүй. Тийм учраас байнгын хороог даргалж байгаагийн хувьд ажлын хэсгийн даргатай ярьсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Ардчилсан намын дарга Ч.Сайханбилэг, ИЗН-МНН-ын дарга Д.Энхбат, Э.Бат-Үүл гишүүн нар багтдаг.  Ерөнхийдөө ойлголцсон хүрээндээ л асуудлаа оруулж хэлэлцүүлсэн хэрэг л дээ.

-Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор эл асуудлыг оруулах үед ажлын хэсгийн дарга, МАН-ын бүлгийн дарга нарын байр суурь зөрөөд, хуралдааныг завсарлуулсан. Дахиж ийм зүйл гарах юм биш байгаа даа?

-Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс үл ойлголцол үүссэн нь  миний хувьд магадгүй урьдчилж, биеийг нь “халааж” чадаагүйтэй холбоотой болов уу даа.  Байнгын хороо болон ажлын хэсгийнхэнд энэ тухай сайн мэдээлж, танилцуулалгүй оруулчихсан тал бий. Тийм учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулиа энэ долоо хоногт оруулъя гэж тавьсан.  УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн төвшинд дахиж эргэж ярилцах шаардлага үүсээгүй, хурлаа хийгээд явсан.  Ажлын хэсгээс гаргасан 29 санал маань дэмжигдлээ.  Мөн өнгөрсөн хугацаанд тодорхойгүй явж ирсэн хамгийн том шийдэл нь тогтолцоо байсан.  Одоо бол хосолмол байдлаар сонгуулийн тогтолцоог явуулахыг Сонгуулийн хуулийн ажлын хэсэг болоод Төрийн байгуулалтын байнгын хороо үндсэндээ дэмжчихлээ. Хосолмол дээрээ шийдэл гарчихсан  учраас цаашдаа тодруулах асуудал нь, хэдэн хувь нь одоогийн явж ирсэн мажоратори систем байх юм, хэдэн хувь нь пропорцианаль системээр байх юм бэ гэдэг нь улстөрийн хүрээнд цөөхөн суудалтай улстөрийн намуудын удирдлагын төвшинд ойлголцчихвол цаашаа төсөл явах боломжтой. Өөрөөр хэлбэл,  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсэг сонгуулийн тогтолцооны суурийг нь гаргачихлаа, хосолмол байх юм гээд.  Тиймээс энэ суурин дээрээ үргэлжлээд хэдэн хувь нь пропорцианаль, хэдэн хувь нь можаритор байх юм бэ гэдгийг ойлголцоод,  тохиролцооч ээ гэдэг үүрэг хариуцлага одоо намын удирдлагууд дээр ногдож байна. Одоо байнгын хороо цаашлаад ажлын хэсгийн саналуудыг багц багцаар нь  үргэлжлүүлэн хэлэлцэх замаар шийдээд явна. Өнөөдрийн хувьд маш чухал хурал боллоо.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.