Ж.Сүхбаатар: Бидний санаачилсан төсөл нэг өгүүлбэр. Гэхдээ агуулга нь том
2011.11.28

Ж.Сүхбаатар: Бидний санаачилсан төсөл нэг өгүүлбэр. Гэхдээ агуулга нь том

УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтныг эргүүлэн татах, огцруулах санал гаргах нь гишүүний бүрэн эрх байхаар тусгасан нь хэт ерөнхий агуулгатай байна гэж УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар, С.Бямбацогт, X. Тэмүүжин нар үзэж байна. Ц.Даваасүрэн, Н.Батбаяр нарын есөн гишүүн УИХ-ын тухай хуулийн дээрх заалтыг үндэслэж Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай уялдахгүй байгаа юм. Иймээс Үндсэн хуулийн үзэл санааг органик хуульд нарийвчлан тодотгож, маргаантай ойлголтыг нэг мөр болгох шаардлагын үүднээс УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ.

Энэ талаар төсөл санаачлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа. УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ч эрхэм гишүүний байр суурийг сонслоо.

-Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан есөн гишүүний зарим нь өнөөдрийг хүртэл өөрсдийн байр суурь дээрээ хатуу зогсож байгаа. Тэдний сэдэл анхнаасаа улс төр байсан нь ойлгомжтой ч сүүлдээ энэ асуудал эрх зүйн маргаан болж хувирсан. С.Бямбацогт, Хэмүүжин та гурвын санаачилсан төсөл энэ маргааныг эцэслэж чадах уу?

-УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т "УИХ-аас сонгогпсон болон томилогдсон албан тумшаалтын илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эргүүлэн татах, огцруулах санал гаргах эрхтэй” гэсэн заалт бий.

УИХ-ын нэр бүхий есөн гишүүн энэ заалтыг үндэслэж Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан бичгээр УИХ-ын даргад тавьсан.Энэ асуудлыг хуулийн дагуу авч үзэх чиглэлийг ТББХ-нд өгсний дагуу Байнгын хорооны даргын хувьд гишүүддээ танилцуулсан. Үндсэн хуулийн 43.4-т "УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ" гэсэн заалт байдаг. Энэ босго шаардлагыг хангаагүй гэж үзээд ТББХ-ны 12 гишүүний 10 нь уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахын эсрэг санал өгсөн.

-Н.Батбаяр гишүүн үүнтэй санал нийлэхгүй байгаа.

-УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд заасны дагуу хэдэн ч гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болно гэж тэрбээр үзсэн. Дэгийн тухай хуульд ч гэсэн Засгийн газар, гишүүдийг огцруулахтай холбоотой заалт бий. Органик хуулиар нарийн зохицуулаагүй бол Үндсэн хуулиа иш татаж тайлбарладаг юм, уг нь. Энэ тухайгаа нэлээд тайлбарласан ч улс төрийн маргаан болж хувирсан. Сүүлдээ эрх зүйн маргаан болж магадгүй болсон учраас нэр бүхий гурван гишүүн УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтад "Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны адил УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана" гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх төсөл санаачилсан. Төслийг ТББХ-ны гишүүд дэмжсэн. Одоо чуулганаар санал хураах үлдлээ.

Миний бие Төрийн байгуулалтын байнгын хороонд асуудлыг танилцуулахдаа Үндсэн хуулийн үзэл санаа агуулга, олон улсад тогтсон дэг жаягийг л баримталсан гэдгээ хэлье. Төсөл санаачлахдаа бид бусад орны Үндсэн хууль болон холбогдох зарим хуультай танилцсан.

-УИХ-ын тухай хуульд УИХ-аас томилогдсон албан тушаалт-ныг эгүүлэн татах огцруулах санал гаргах гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэж байгаа юм бол Ерөнхий сайд маань зүгээр л албан тушаалтан байж таарах нь уу?

-Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэж заасан. Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газрын танхим Парламентынхаа итгэл дээр оршин тогтнож байдаг. Ерөнхий сайд буюу танхимынх нь тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ерөнхий сайдыг огцруулах Зас-гийн газрыг огцруулах хоёр нэг л агуулгатай байгаа биз дээ. Тэгэхээр Ерөнхий сайдыг албан тушаалтантай зүйрлэх боломжгүй. Энэ талаар зарим орны Үндсэн хуулийг харлаа. Парламентын засаглал хөгжсөн ихэнх оронд Ерөнхий сайдыг Парламентаас, Засгийн газрын тэргүүн нь танхимынхаа гишүүдийг томилдог. Манайд огцруулна гэдэг үг, хэллэг хэрэглэдэг бол зарим оронд итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай асуудлаар оруулдаг. Унгарын Үндсэн хуульд маш тодорхой заасан. Манайхтай адил, нэг танхимтай Парламенттай. Түүнийх нь гишүүдийн тавны нэгээс доошгүй нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал оруулдаг. Гэхдээ дараагийн Ерөнхий сайдтай хамтад нь оруулдаг. Үүнийгээ Засгийн газарт итгэх эсэхтэй нэгэн утгаар ойлгоно гэж Унгарын Үндсэн хуулийн 39-ийн "а"-д заасан байдаг. Олон зуун хүнтэй Итали, Испани, Шведийн Парламентын аравны нэгээс доошгүй нь асуудлыг тавьсан бол хэлэлцэж эхэлдэг. Германд мөн ялгаагүй. Канцлерийг огцруулах асуудлыг оруулж ирэхдээ дараагийн Канцлерийг томилуулах тогтоолын төслийг танилцуулдаг. Дараагийн санал болгосон хүн дэмжлэг авбал өмнөх канцлерийг огцорсонд тооцно. Итгэл үзүүлээд унахгүй үлдвэл парламентаа тараах эрх Канцлерт бий. Миний дурдсан бүх оронд Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрддэг. Уг нь манай Үндсэн хуульд энэ бүхнийг ойлгомжтой заасан. Эрх зүйн ухамсар, соёл өндөр байгаа нөхцөлд бусад хуулийг хэрэглэхдээ Үндсэн хуулийнхаа үзэл санааг баримталдаг зарчим хаана ч байдаг шүү дээ.

-Энэ асуудлаар манай улстөрчид маргаж байна. Үндсэн хуулийн маш тодорхой зүйлийн талаар эрдэмтэн, судлаачид тайлбар хэлэх юм уу?

-Судлаач, хуульч, эрдэмтэд энэ талаар ер дуугарахгүй байна. Хэдэн улстөрч л яриад байдаг. Уг нь их ойлгомжтой асуудал. ТББХ-ны дарга, гишүүд хууль зөрчлөө гэж удаа дараа яриад байгаа учраас асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй гэж үзсэн. Есөн гишүүндээ бид хүндэтгэлтэй хандаж байгаа. Тэдний амыг хаах гэж яваад байгаа юм биш. Эрх зүйн маргаантай асуудал байна гэж үзээд шийдэл олохыг зорьсон. Хуулиа тодорхой болгох нь буруу биш гэдгийг Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Н.Батбаяр нар ярилцлагадаа хэлсэн байна лээ. Бидний санаачилсан төсөл нэг л өгүүлбэр юм. Гэхдээ цаад агуулга нь том.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхэд бараг бэлэн болсон гээд байгаа. Гэтэл нэг л явж өгөхгүй байна.

-Зарчмын томоохон шийдлүүдээр тохиролцоонд хүрсэн. Хэд хэдэн саналын томьёоллыг тодорхой болгох асуудал бий. Намын босго долоон хувийг бууруулах талаар ярих шаардлагатай гэж зарим нам үздэг. Эмэгтэйчүүдийн квотыг 15-аас доошгүй гэснийг нэмэгдүүлэх талаар ойлголцолд хүрчих байх гэж найдаж байгаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломжтой. Төсвийн бодлого, сонгуулийн шинэчлэлийн талаар УИХ энэ долоо хоногт түүхэн шийдвэр гаргачих байх гэж найдаж байна.

-Сонгуулийг бараг хуучин тогтолцоогоор нь явуулах болов уу гэсэн таамаг байна. УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц гаргана. Тэгээд сонгууль хуучнаараа болно гэсэн яриа гарах болж.

-Сонгуулийг хуучнаар нь явуулах сонирхолтой хүмүүсийн л бодлого яваад байна гэж харж байгаа. Олон мандат нэг тойрог гэсэн тогтолцоог хамгийн сүүлд Иордан, Тайланд, Монголд л хэрэглээд больсон гэж олон улсын судлаачид үздэг. Энэ тогтолцоо намыг задалдаг. Түүнээс болж эрх мэдлийн төлөөх тэмцэл эрчимждэг. Олон мандаттай тойрог болохоор ялагдагч тал нь дийлэнх болдог. Тэр олон хүмүүс зохион байгуулалтад зэрэг ороод ирэхээр сонгуулийн дүнг эсэргүүцэгчид нь хүчтэй болж харагддаг. Санал тооллого, хураалтад маш их хүндрэл учруулдаг. Бид дэвшилтэт өөрчлөлт хийх ёстой. Сонгуулийг шударга явуулдаг нөхцөлийг энэ УИХ хангаж өгөх хэрэгтэй. Аливаа асуудлыг тууштай, дэс дараалалтай, зоригтой хийх ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж амжих уу?

-Үндсэн хуулийг ердийн хуультай жиших боломжгүй хүнд асуудал юм. Шийдвэрлэвэл зохих зарим асуудал гарч ирээд байна. Өөрчлөлттэй холбоотой арваад санал бэлтгэсэн байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч амаараа хэлчихсэн. Засгийн газар дэмжихгүй талдаа байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийдөө дурамжхан, эргэлзсэн эргэлзүүлсэн үг яриа, хандлага {jcomments on}их ажиглагдаж байна. Тэгсэн хэрнээ тодорхой субъектууд нь өөрсдөө саналаа гаргаж тавьдаггуй. Цаг хугацааны хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийгмийн зүгээс дэмжлэг авч болох тодорхой цөөн хэдэн асуудлаар санал боловсруулсан. УИХ нөөц боломжоо дайчилбал бидний боловсруулсан төслийг дэмжиж хэлэлцэх боломж бий. Сум, багийн түвшинд улстөржихөө больё. Энэ чиглэлээр Н.Батбаяр гишүүн нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Орон нутагт намын үүрэг оролцоог байхгүй болгох хэрэгтэй. Тэгж байж улс төрийн намын үүрэг хариуцлага үндэсний хэмжээнд хүчтэй болно. Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгомоор байна. Зөв юмыг яагаад шийдэж өгч болохгүй гэж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.