"Ноён" уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав
УИХ-ын баасан гарагийн өчигдрийн хуралдаанаар Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга С.Батболд нар танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, С.Ганбаатар, Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Уянга, Ч.Улаан, Ц.Оюунбаатар нарын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа.
Санал хураах болоход гишүүдийн ирц хангалтгүй байсан ба хуралдаан даргалагчийн зүгээс “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дурдсан Ноён уул орчмын газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар тус тус улсын тусгай хамгаалалтад авах асуудлын хэлэлцүүлгийн явцаас харахад гишүүд нэгдсэн ойлголтод хүрэхэд хол байна.
Тиймээс уг асуудал болон “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, ирэх долоо хоногийн хувиараас хасаад байнгын хороо хэлэлцүүлэг явуулж ойлголтоо нэгтгэсний дараа хэлэлцье гэв.