2019.01.31

Б.Батзориг: Баянзүрхийн товчоо орчмын айл өрхүүдэд газраа өмчлөх боломжийг олгож өгнө үү

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

Энэ үеэр Б.Батзориг хэд хэдэн асуудлыг хөндөж, салбарынхнаас асуулт асуулаа. 

Тусгай хамгаалалтад авчхаад хүн оруулдаггүй,  ашиглуулдаг ч үгүй хаачхаад байдаг. Тэгэхээр аялал жуулчлалын зорилгоор ашиглаж болох уу? Хоёрдугаарт,  Баянзүрхийн товчоо дээр маш олон жил амьдарчихсан хүмүүс өмчлөж чадахгүй, гэрчилгээ авч чадахгүй байдалтай байна. Бараг сонгууль бүрээр л энэ газрын тусгай хамгаалалтаас гаргана, иргэдэд нь өмчлүүлнэ гэдэг. Үүнийг тусгай хамгаалалтаас гаргах боломж байна уу?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариулт өглөө.