Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг түр хойшлууллаа
Эдийн засгийн байнгын хороо
2015.10.30

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг түр хойшлууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд, дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон  “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

 Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооноос ирэх оны төсвийн төслийг дахин авч үзэж, сайжруулах чиглэл өгөгдсөн учир Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, Сангийн яамны ажлын хэсэг хамтраад зарим зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иймд хэлэлцэхээр төлөвлөөд байсан ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргав.

Сангийн сайдын санал, хүсэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь хүлээн авч байгаа тухай хэлээд төсвийн төсөлтэй холбогдуулан шаардлагатай өөрчлөлтийг оруулах нь зүйтэй юм хэмээв. Ингээд ирэх оны төсвийн төсөл, дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлууллаа. Дараа нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.