Гачууртын ордтой холбоотой асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
2015.10.28

Гачууртын ордтой холбоотой асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ үеэр, "Хууль бус хуулиас болоод энд будлиан үүсээд байгаа юм. 2009 онд эдийн засгийн хямрал болох үед хямралаас сэргийлэх саналаа Засгийн газар оруулж ирвэл түүнийг жагсаалт харгалзахгүй хэлэлцэнэ гэж тогтоосон. Энэ заалт одоо мөн чанараараа бол хүчингүй. Энэ асуудлыг УИХ буцаагаад байхад дахин дахин оруулж ирээд байх юм. Ирэх долоо хоногт л хэлэлцэнэ биз" гэсэн юм.

Мөн саналтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар үг хэлсэн ба тэдгээр гишүүд энэхүү асуудлыг яаравчлан хэлэлцэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

/Eagle тв/

Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тус асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн. Ингээд тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь Ц.Нямдорж гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад олонх хойшлуулахыг дэмжсэн тул ирэх 7 хоногт дээрх асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.