Жилийн өмнөх 500 мянган төгрөг халаасандаа 250 мянга болж буурсан
УИХ дахь Бие даагч гишүүд
2015.10.26

Жилийн өмнөх 500 мянган төгрөг халаасандаа 250 мянга болж буурсан

УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр УИХ-аар хэлэлцэж буй анхаарал татсан гол хуулиуд дээр ямар байр суурь баримталж буйгаа илэрхийлж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ”Энэ долоо хоногт Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулин дээр авлига, хээл хахуулийн хэргийг өршөөх тухай зүйл заалтыг дэмжихгүй. Гэхдээ авлига, хээл хахуулийн хэргээр ирээдүйд хэрэг үүсч болзошгүй зарим хүмүүс өөрсдийгөө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хамгаалуулсан. Иймд энэ хуулийг эргэж харах хэрэгтэй.

Түүнчлэн бид төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх нь зүйтэй. Тодотгол хэлэлцэх үеэр зарим дансыг хаасан, гүйлгээ удааширсан гэх зэрэг асуудал орон нутагт үүсч байгаа тул хөдөө дэх төрийн байгууллагын санхүүжилтийг тасралтгүй явуулах үүднээс хуулийн төслийг яаравчлах шаардлагатай байна. Тодотгол дээр бие даагч гишүүд 57 тэрбум төгрөгийн хэмнэлтийг олж, ажлын хэсгээр хэлэлцүүлсэн. Мөн 2016 оны төсөв дээрх цалин хасах тухай шийдвэрээ эрх баригчид бодолцох ёстой.

Учир нь АН мөрийн хөтөлбөртөө өргөн хэрэглээний барааг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр цалин нэмнэ, цалин тэтгэврийн хэмжээг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэх зэрэг амлалт өгсөн байдаг. Ямар нэг хэмжээгээр худалдан авалтын уналттай уялдуулж цалин тэтгэврийг өсгөх ёстой” хэмээн ярив. Үүний зэрэгцээ “Жилд 2-3 удаа өргөн барьж зүтгүүлж байгаа хуулийн төсөл гэж байх уу” хэмээгээд Гацуурттай холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн Гацууртын асуудлаар Ц.Даваасүрэн гишүүнтэй нэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, “Байгалийн баялгаа ашиглахгүй гэсэн үг биш. Зүй зохистой хэрэглэе гэж яриад байгаа юм. Өнөөдөр манай улс Оюутолгойоос авах ашгаа 15 жилээр хойшлуулчихаад байна. Гацууртын ордын тухайд гэвэл мөнгөөр хэмжиж болохгүй орд газар.

Энэ нутгийг Богдхаант төр хамгаалалтдаа авч байсан байхад өнөөгийн Засгийн газар УИХ-д хэд хэдэн удаа хуулийн төсөл оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ ордыг ашиглавал Ноён уул байхгүй болно. Орд газрыг ашиглавал орчмын газар нь маш хортой хүнцэл гэдэг хороор хордоно. Хараа гол энэ хороор хордвол цаашхи олон гол горхи хордож, Хонгор сум шиг юм болох вий хэмээн болгоомжилж байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, "Засгийн газар цалин тэтгэвэр нэмж чаддаггүй юм аа гэхэд худалдан авалтыг нь унагаж болохгүй. Жилийн өмнөх 500 мянган төгрөг өнөөдөр халаасандаа 250 мянган төгрөг болж буураад байна. АНУ-ын зөвлөх компанид 17,5 тэрбум төгрөгийг Оюутолгойн зөвлөгөө авах нэрээр төсөвлөж, үүнээс 5 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд явуулсан. 2,5 тэрбум төгрөгийг оны сүүлчээр шилжүүлнэ. Ирэх жил 10 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ гэсэн байна. Төрөөр тоглож байгаа энэ үйлдэлд бие даагчид байр сууриа илэрхийлнэ.

Дээр нь нэмж хэлэхэд, Оюутолгой 2010 онд жил болгон өгөх ногдол ашгийнхаа жагсаалтыг гаргасан.  Энэ онд 749 сая ам.долларын ногдол ашиг өгнө гэж заасан. Гэтэл өнөөдөр энэ ногдол ашиг тэглэгдээд байна. 2037 он хүртэл яагаад ашиг авахгүй болчихоод байгааг хянах хэрэгтэй” гэлээ.