Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл дэмжигдлээ
2015.10.23

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл дэмжигдлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжлэн явагдаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ, Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ нар танилцуулга хийлээ.

 Гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хууль зүйн сайдын хариулсан зүйл дээр хэд хэдэн эргэлзээ байна. Хүний эрхийн асуудал дээр эргэлзээгүй шийдэх хэрэгтэй. Бид зөрчлийн асуудал дээр хэд хэдэн шийдэх шаардлагатай зүйл бий. Хүн гүтгэх асуудлыг зөрчил гэж үзэж байна. Хүн гүтгэх асуудлыг нарийн оруулж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн нийгэмтэй харьцуулахад ёс суртахууны хувьд маш том доройтол бий болсон. Тиймээс энэ хуулийг нилээн сайн ярьж хэлэлцэхгүй бол болохгүй шүү. Хамгийн гол нь нарийн шүүлтүүрээр хуулиа батлах ёстой гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зөрчил гэдэг бол өргөн ойлголт юм. Үүний дотроос процессийг оруулахдаа өргөн хүрээнд харсан байх ёстой. Гэтэл шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэгт захиргааны зөрчлийн хэм хэмжээ тогтоох шаардлага байгаа юм уу. 33-р бүлэг гэж заасан байна тэр заалт нь хаана байгаа юм бэ? Батлагдаагүй заалтыг иш үндэс болгосон нилээд олон тохиолдол байна. Үүнийг яах ёстой вэ? Хамгийн гол нь зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж амаар, бичгээр мэдүүлэг өгөх эрхтэй гээд заасан байна. Өөрийнхөө талаар мэдүүлэг өгөх чинь хориотой байдаг биш билүү. Баривчлах түр саатуулах хоёрын ялгаа нь юу байдаг юм бэ. Шүүхийн ачаалал өндөр байна. Захиргааны зөрчлийг шүүхээр шийдэх нь хэр зэрэг оновчтой вэ?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Засгийн газар, Хууль зүйн яаманд цэгцтэй бодлого дутагдаж байгаагийн илрэл энэ юм. Дэвшилттэй юм шиг харагдаж байгаа ч энэ хууль дээр зөрчилтэй маш олон зүйл байна. Тиймээс энэ хуулийг цогц бодлогоор оруулж ирэх шаардлагатай. Зөрчил хянан шийдэх хууль чинь зөрчилдөөнийг үүсгэсэн хууль болчихлоо. Тиймээс дэмжихгүй гэсэн юм.