Төсвийн асуудалд анхаарал хандуулна гэв
УИХ дахь бие даагч гишүүд
2015.10.26

Төсвийн асуудалд анхаарал хандуулна гэв

УИХ дахь бие даагчдын зөвлөл өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ. Ингээд бие даагчдын байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Манай бие даагчдын зөвлөл өршөөлийн хуулийн авилгатай холбоотой заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин улсын төсвөөс 57 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байна. Үүнийг тооцож оруулсан, ажлын хэсэг дээр дэмжигдээд явж байна. Үүнээс гадна нүүрс, алт, зэсийн дотоодын үнэлгээ хилээр гараад нэг ам.доллар тутамдаа өсч байгаа юм. Энэ үйл явцаас экспортлогчдын халаас нь түнтийж импортын барааг худалдан авч байгаа иргэдийн түрийвч хоосорч байна.

Угтаа төв банкны бодлогоор ийм нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Төв банкны ерөнхийлөгчийн асуудлыг дахин авч хэлэлцэнэ. Ядуурлын хувь хэмжээ нэмэгдэхэд хамгийн их нөлөөлж байгаа нь Төв банк юм. Мөн хүм амын 97 хувь нь зээлтэй, гуравхан хувь нь хадгаламжтай байна. Тиймээс зардлын таналт орлогын нэмэгдлийн асуудалд анхаарлаа хандуулна. Тамсагийн ордоос “Өсөн нэмэгдэх роялти”-ийн татварыг авах ёстой. Энэ хэмжээгээр цалин нэмэгдэх эх үүсвэр гарч ирнэ гэж харж байна.

Харин Гацууртын асуудлыг бол дэмжихгүй. 2013, 2014 онд хямрал явагдаж байна, валютын нөөцгүй боллоо гэж ярьж байсан. Гэтэл эдийн засгийн гүйцэтгэлийг харахад 2013 онд 4 тэрбум ам.долларын экспорт гаргасан байна. 2014 онд 5,3 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаргасан байна. Валютын нөөцгүй болох нь бүү хэл нэг тэрбум ам.доллараар экспорт нэмэгдсэн байна шүү дээ. Гэтэл яагаад валютын нөөцгүй болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Нэг тэрбум ам.доллар чинь их мөнгө. Улсын төсвийн орлогын 2,6 хувийг Оюутолгой эзэлж байна.

Гэтэл тэрбум тэрбум ам.доллараар манай экспортыг өсгөсөн Оюутолгой яагаад ийм бага татвар төлж байна вэ? Гаднаас харахад Монгол Улс их хөгжилтэй орон. 2014 оны гүйцэтгэлээр дэлхийд гуравт жагссан, экспортоор тэрбум турбумаар өссөн, тэгсэн мөртлөө өртэй орнуудын эрсдэлтэй 10 орны жагсаалтад орчихсон байна шүү дээ.    

/МҮОНТВ/

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Бие даагчдын зөвлөлийн байр суурь бол байгалийн баялагаа зөв зүйтэй ашиглах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг дэмжиж байгаа юм. Түүнээс ашиглахын эсрэг биш. Гацууртын ордын асуудал гурав дахь удаагаа орж ирэх гэж байна. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байгаа.

Магадгүй намууд сонгуулийн санхүүжилтээ босгож байгаа байх гэж хардаж болох юм. Гацууртын орд 70 тонн алтны нөөцтэй. Сентерра гоулд 10 жил ашиглаад, 10 хувийн ашигтай ажиллана гэсэн судалгааг гаргасан. Хэзээ ч ийм зүйл байж болохгүй. Энэ бол мөнгөтэй компаний лобби, авилгажсан гишүүдийн ашиг сонирхол явж байна. Манай бие даагчид хоёр удаа торгоож чадсан гурав дахь удаагаа алдаж болзошгүй гэдгээс эмээж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:  Энэ долоо хоногт төсөв нилээд голлон яригдана. Тиймээс бие даагчдын зөвлөл тэтгэвэр, цалингийн хэмжээ, иргэдийн худалдан авах чадвар дээр голлон анхаарал хандуулна. Өсгөж чаддаггүй юм аа гэхэд худалдан авах чадварыг унагааж болохгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ өсчихөөд, төгрөгийн ханш сулраад байхад Засгийн газар анхааралдаа авч хэлэлцэхгүй байна. Хариуцлага тооцох эзэнгүй байна. Энэ асуудлыг анхааралдаа авч энэ долоо хоногт ажиллана.

Гурван мянган төрийн албан хаагчыг цомхотгоод, цалингийн хэмжээг 30 хувь буурлаад хоёр тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо байна. Гэтэл төсвийн номны 68-р хуудас дээр 17,5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвлөгөөний төлбөрт өгөх гэж байна. Тодруулбал Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр АНУ-ын компаниас Оюутолгойн зөвлөгөө авахад зарцуулахаар шийдсэн. Таван тэрбумыг өнгөрсөн жил явуулсан. 2,5 тэрбумыг энэ оны төгсгөлд явуулна. Ирэх жил 11 тэрбум шилжүүлнэ гэсэн байна.

Төрөөр тоглож байгаа эдгээр гишүүдийг зүгээр хараад суух юм уу? Энэ асуудал дээр бие даагчид байр сууриа илэрхийлнэ. Дээр нь орлого бүрдүүлхэд ганцхан “Эрдэнэт” үйлдвэр зүтгээд байдаг, гэтэл Оюутолгойгоос төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн жагсаалтыг харлаа. 2015 онд 749 сая ам.долларын ногдол ашиг өгнө гэж тэмдэглэсэн байна. 2016, 2017 онуудад 1,3 тэрбум ам.долларын ногдол ашиг өгнө. Гэтэл энэ бүхнийг яагаад тэгэлчихэв? 2037 он хүртэл ямар ч ногдол ашиггүй байна гэдэг бол төсвийн асуудал хүндэрнэ гэсэн үг шүү дээ.

Үүнд ямар нэгэн уул уурхайг үзэн ядсан зүйл явагдаагүй хамгийн гол нь төсвийн асуудал. Эцэст нь хэлэхэд дөрөв хоногийн өмнө “Дубай”-н гэрээгээр мөнгөө байршуулсан РИО ТИНТО тэргүүтэй компаниуд Монгол Улсаас мөнгөө эргүүлж татна гэдэг мэдэгдэл гаргасан. Гэтэл Засгийн газар яагаад дуугүй байна вэ? Нийтдээ 11 тэрбум ам,долларыг эргүүлэн татах тухай мэдэгдэл гаргачихаад байхад Засгийн газар дуугарахгүй байгаа нь анхаарал татаж байна. Энэ асуудал өөрөө төсвийн асуудал. 2016 онд Монгол Улс мөнгөтэй байх уу үгүй юу гэдгийг шийднэ.