Засгийн газар санал өгчихвөл Сонгуулийн хуулийн төслийг яаралтай өргөн барьж хэлэлцүүлнэ
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.10.28

Засгийн газар санал өгчихвөл Сонгуулийн хуулийн төслийг яаралтай өргөн барьж хэлэлцүүлнэ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй Сонгуулийн хуулийн төслийн явцын талаар ярилцлаа. Тэрээр УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн юм. 

-Сонгуулийн хуулийг он гарахаас өмнө батлах ёстой. Цаг хугацаа маш бага үлдэж байна. Зарим нь хэлэлцэж амжихгүй байх болов уу ч гэж байна. Ер нь хэлэлцлээ гэхэд баталж амжих болов уу?

-Сонгуулиас сонгуулийн хооронд хуульд ямар нэг өөрчлөлт ороод боловсронгуй болоод явдаг. Жишээ нь, 2004 онд УИХ-ын сонгуулиар бөх барилдуулдаг, морь уралдуулдаг, орой нь үдэшлэг зохион байгуулдаг гэх мэтчлэн замбараагүй байсан. Тэр үетэй харьцуулахад нэр дэвшигчийн хувьд маргаан шийдвэрлэх харилцааг Сонгуулийн хуульд тодорхой болгосон.

Сонгогчдын саналыг эд мөнгөөр худалдан авах гэсэн хууль бус зүйлд хязгаар тавьсан. Энэ мэт олон сайн зүйл хуульд бий. Гэхдээ илүү боловсронгуй болгох шаардлага байгаа. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад удаан хугацаанд ажиллалаа. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн гээд гурван хуулийг нэгтгээд хамтад нь нэг хууль болгож гаргах хуулийн төсөл бэлэн болсон. Ажлын хэсэг ч гэсэн тал бүрээс нь ярилцаад зүйл, заалт тус бүрээр нь санал хураасан. Хуулийн төслийн 90 хувьд нь ажлын хэсгийн гишүүд санал нийлсэн. Одоо зөвшилцөх шаардлагатай ганц нэг асуудал үлдсэн. 

-Тогтолцооны асуудал уу?

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

-Тогтолцоог холимог байх уу гэдгийг хараахан шийдээгүй байна. Гэхдээ ерөнхийдөө холимог тогтолцоотой байя, жагсаалтаар нэр дэвшигчдийг хэрхэн эрэмбэлэх зэргийг хараахан зөвшилцөөгүй байна. УИХ-ын сонгууль орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах уу гэдэгт мөн санал нийлээгүй байгаа. Бусад асуудалд үндсэндээ санал нийлсэн гэж үзэж болно. Сонгуулийн ажлын хэсгийн гишүүд санал нийлсэн зүйлүүдэд гарын үсэг зураад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газар хуулийн төсөлд санал өгөх хугацаа нь нэг сар байдаг. Нэг сарын дотор санал өгөхгүй бол нэг сар хүлээж байгаад төслөө цааш нь явуулдаг.

Гэхдээ нэг сарын хугацааг хүлээхгүйгээр Засгийн газар байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байгаа. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжиж байгаа эсвэл дэмжихгүй гэсэн хариугаа өгөх ёстой. Тэгсний дараа бид өргөн барихаар төлөвлөж байгаа. Үүний зэрэгцээ УИХ-ын зарим гишүүн нийлээд нэмэлт өөрчлөлт маягаар хуулийн төслийг Засгийн газраас санал авахаар өгсөн байна. Ихэнх санаа нь ажлын хэсгийн боловсруулсан төсөлтэй санал нийлж байгаа. Тэгэхээр Засгийн газар хурдан хугацаанд санал өгөх юм бол

Сонгуулийн хуулийн төслийг аль болох яаралтай өргөн барина. Өргөн барилаа гэхэд арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хэлэлцэж амжихгүй бол түүнээс хойш боломжгүй, хуулийн хаалт бий. Тийм учраас бид аль болох богино хугацаанд батлуулах зохион байгуулалтаа хийж ажиллах ёстой. Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө амжихгүй бол одоогийн үйлчилж буй хуулиар сонгууль явна. УИХ-ын сонгуулийн хувьд шүү дээ. Орон нутгийн сонгуулийн хуулийг боловсронгуй болох боломж байгаа. 

-Ажлын хэсгийн зарим гишүүн гарын үсэг зураагүй гэлээ. Ямар гишүүд юм бэ. АН-аас бусад намын төлөөлөл Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан болохоор гарын үсэг зураагүй гэсэн үг үү?

-Миний ойлгож байгаагаар УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдээс МАН-ын бүлгийн гишүүдээс бусад нь гарын үсэг зурсан. Тусад нь өргөн барьсан Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг судлаад үзэхэд ялгаагүй манай ажлын хэсгийн тусгасан саналууд явж байна лээ. 

-Нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд бүх тойрогт хяналтын тооллого явуулна гээд байгаа? 

-Ажлын хэсэгт орсон МАН-ын бүлгийн гишүүдийн саналын дагуу хяналтын тооллогыг сумын түвшинд хэсэг болгонд нэг, дүүрэгт хоёр хэсэгт санамсаргүй түүврийн байдлаар зохион байгуулъя гэсэн. Энэ санал манай хуулийн төсөлд орсон. Өнгөрсөн сонгуулийн үеэр хяналтын тооллого явуулахад ямар ч зөрүү гараагүй. Бүх тойрогт хяналтын тооллого явуулна гэвэл техникийн дэвшлийн үр дүн гарахгүй болчихно. Сонгуулийн дүн гарахгүй хүлээгдээд байх нь. Сая Киргизын парламентын сонгуулиар санал тоолох төхөөрөмж ашигласан. Манайхаас ч олон намтай маш их маргаантай байдаг ч сайн зохион байгуулаад сонгуулийн дүнг бүгд хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр техникийн дэвшлээс ухрах асуудал байж болохгүй гэж бодож байгаа.   

-АСЕМ-ын уулзалт долдугаар сард болно. Энэ том хуралтай холбоотойгоор сонгуулийн тов өөрчлөгдөж магадгүй гээд байгаа. Хэрэв шинэ хуулийг хэлэлцэж амжихгүй бол сонгуулийн товыг тусад нь оруулах боломжтой юу?

-Сонгуулийн хуульд санал авах өдрийг заавал зургадугаар сарын 25 гэж заадаггүй. Санал авах өдрийг УИХ-ын тогтоолоор баталдаг. Зардал, тойрог хуваарилах зэргийг УИХ-ын тогтоолоор баталдаг. Түүгээрээ хугацаа, тойргийн зохион байгуулалтыг зохицуулах боломжтой. Тэгэхдээ миний ойлгож байгаагаар сонгуулийг наашлуулах тийм ч амар биш байх. Ер нь зургадугаар сарын сүүлчээр болох байх. 

-Сонгуулийн сурталчил­гааг хуульд нэлээн хумиж оруулсан гэсэн. Жишээ нь, телевизээр сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах зохицуулалтыг хэцүү болгосон гээд байна?

-Хуульчлаад оруулсан зүйл байхгүй. Яахав, ямар ч тохиолдолд сонгуулийг бага зардлаар зохион байгуулах нь зүйтэй гэсэн зарчмыг тусгасан. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхэд халдсан зүйл байхгүй. Олон нийтийн радио телевизтэй холбоотой тусдаа заалтууд бол бий. 

-Ерөнхийлөгчөөс өр­гөн барих Улс төрийн намын тухай хуультай холбогдуулж Сонгуулийн хуулийг зэрэг хэлэлцэх шаардлагатай юу?

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн төслийг Ерөнхийлөгч татаж аваад боловсруулсан. Ерөн­хий­лөгч намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлнэ гэсэн. Өргөн мэдүүлбэл хэлэл­цүүлгийг зохион байгуулаад явахад бэлэн. Одоо бол Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд баталчих болов уу. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээс гадна УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөл бас явж байгаа. Энэ хоёрыг хамтатгаад баасан гарагт өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн.