Нэг хүний асуудлыг нийт казах түмэнд нялзааж болохгүй
УИХ-ын гишуүн А.Бакей
2015.10.23

Нэг хүний асуудлыг нийт казах түмэнд нялзааж болохгүй

УИХ-ын гишуүн А.Бакейг “Улс төргүй яриа" буландаа урьж ярилцлаа.

-Таны төрсөн нутаг Цэнгэл сум гайхалтай байгалтай, сайхан хангай байна билээ. Нутаг усны тань тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү?

-Хун бүрт төрсөн нутаг сайхан. Гэхдээ миний төрсөн нутаг хамгийн сайхан нь юм шиг санагддаг. Би жилд 4-5 удаа нутагтаа очдог, төрсөн нутгийн агаар нь хүртэл арай л өөр шүү дээ. Хүн байгаль дэлхийтэй ямар нэг сэжмээр холбогддог, төрсөн нутагтайгаа хүйн холбоотой байдаг гэдэгг итгэдэг. Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Их, Бага Түргэн гэж уул, ус тэгширсэн, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар 1959 оны наймдугаар сарын 10-даар төрсөн.

Намайг төрөх үед Монгол Улсад нэгдэлжих хөдөлгөөний хоёр дахь үе шат явагдаж байж. Мал хөрөнгөө нэг удаа нийгэмчлүүлээд, үлдсэн хэдийгээ дахин нийгэмчлүүлж байсан учраас манайхан хувийн өмчөөсөө саллаа гэж сэтгэл санаа тааруухан байсан гэдэг. Тэгээд намайг төрөхөд эмээ минь “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Мал хөрөнгө бол олдоно” гэж тайвшруулж байсан гэж ярьдаг юм.  Манайх тэмээ голдуу малтай айл байж. Тэгээд 80 гаруй тэмээ, бас нэлээд олон бог малаа нэгдэлд өгсөн юм гэнэ билээ. Тэр үед ард иргэдийн амьжиргааны цорын ганц эх үүсвэр мал байсан болохоор хүнд туссан хэрэг.

-Өвөө, эмээгийн хүүхэд гэл үү, Та?

-Тийм ээ, багадаа өвөө, эмээгийн гар дээр өссөн. Өвөө минь тун хөдөлмөрч хүн байлаа. Хөл муутай хэрнээ хадлан тэжээл, түлээ түлшээ бүгдийг өөрөө бэлдэнэ. Суугаагаараа гар хадуураар хадсаар өвс хадлангаа авчихдаг. Өвлийн түлшээ бэлтгэхдээ ургаа мод огтлохгүй, хүмүүсийн тайрсан модны хожуул ухаж авна. Тэр бүртээ ах, дүү бид гурвыг дагуулж явна. Бид өвөөгийнхөө гар хөлийн үзүүрт тусалсаар ажилд цагааширч, хөдөлмөрт дуртай болсон. Бага нас минь малчин айлын хүүхэд ямар байдаг вэ, тэр жишгээр л хонь, хурга хариулж өнгөрсөн дөө.

Аав, ээж маань төлөв, даруу, шударга хүмүүс байлаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн. Биднийг эрдэм боловсролтой хүн болгох гэж мөн ч их зүтгэсэн буянтай улс. Тэднийхээ ач буяныг хариулж чадаагүй байхад тэд маань ертөнцийн мөнх бусыг үзсэн болохоор харамсаж явдаг.

Намайг сургуульд ороход өвөө, эмээ минь сумын төвд өвөлжих болж, хоёрдугаар анги хүртэл тэдэнтэйгээ байсан. 3-6 дугаар анги хүртлээ дотуур байранд амьдарч, долдугаар ангид орох жил том ах маань Багшийн сургууль төгсөөд сумандаа багшаар хуваарилагдаж, би ахтайгаа хамт амьдрах болсон. Тэр үеийн багш нар хүүхдүүдэд эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн төлөө бүхнээ зориулдаг байж дээ гэж одоо боддог  юм. Багш нарын чадвар, шавь нартаа хандах хандлага их өөр байсан.

-Таны бага байх үеийн хязгаар нутгийн сумын дотуур байрны амьдрал одоо залууст үлгэр шиг л санагдах байх даа?

-Дотуур байрны амьдрал сонин, сайхан, дурсамж дүүрэн. Цэнгэл сум Ховд голын эрэгт оршдог. Хүүхдүүд хичээл тарангуут хөлөндөө тэшүүр зүүж аваад Ховд голын мөсөн дээр өнжинө. Тэр үеийн хүүхдүүдийн тоглодог гол тоглоом тэшүүр байв. Том эсгий гуталд тэшүүр олигтой тогтохгүй болохоор уяаг нь нэг сайн чангалж аваад усанд дүрээд гуталтайгаа барьцалдуулаад хөлдөөчихнө. Тэгээд нэг хэсэгтээ хөдөлгөөнгүй сайхан явна даа.

Гол хөлдөнгүүт нэг муу гуталд тэшүүр барьцалдуулж хөлдөөж аваад түүнийгээ гэсгээхгүй явсаар өвлийг бардаг байлаа. Гэрээсээ хол байгаа болохоор аав, ээж нь мөнгө өгнө. Түүгээрээ молоко авч ууна. Сумын төвийн дэлгүүрт хамгийн сайхан амттан нь хоёр төгрөгийн молоко байж дээ. Дотуур байранд амьдардаг хүүхэд бүр модон авдартай. Гэрээс ирсэн боов боорцог, ааруул хуруудаа тэндээ хадгална. Түүнийгээ бусадтайгаа хувааж иднэ. Дотуур байрны хүүхдүүдийн амьдрал иймэрхүү.

-Эдийн засгийн сургуульд элссэнийг бодоход тооны хичээлдээ лав сайн байж дээ?

-Би багаасаа л сурлага гайгүйтэй байсан. Ангийнхаа сурлага сайтай хүүхдүүдийн нэг байлаа. Аравдугаар ангиа дүн гайгүйтэй төгссөн болохоор хуваарь сонгох боломжтой байсан. Мэргэжил сонгоход миний өөрийн оролцоо бага, ах нар маань ярилцаж зөвлөж байгаад сонгочихсон гэхэд болно. Нэг ах маань ЗХУ-д нисгэгчийн сургуульд яв гэж, гэтэл хүргэн ах маань хөдөөнөөс ирж “Эдийн засагч бол, тэгээд нутагтаа ирж ажилла” гэсэн.

-Уг нь олонх эрэгтэй хүүхдийн мөрөөддөг мэргэжлийн нэг нь нисгэгч шүү дээ. Нисгэгчийн сургуульд явна гэж зүтгээгүй юү?

УИХ-ын гишуүн А.Бакей

-Нисгэгч гэдэг уг нь сайхан мэргэжил. Гэвч би тэр үед тэр мэргэжлийг төсөөлж ч байгаагүй. Онгоцонд ч сууж үзээгүй байсан болохоор надаас их хол санагдаж байсан. Тэгээд ч хими, физикээс илүү математиктаа сайн, дур сонирхолтой байсан шиг байгаа юм.

Эдийн засагч болох нь миний өөрийн сонголт гэхээсээ илүү ах нарын сонголт байсан. Аймгийн төвд байдаг ах, хөдөөнөөс ирсэн улсын сайн малчин хүргэн ах, тэдний найз нар тойрч сууж байгаад л шийдчихсэн. Тэр дагуу нь л явчихсан хэрэг. Тэр үед хөдөө аж ахуйн эдийн засагч гэдэг нэгдлийн том албан тушаалтан байлаа. Хүргэн ах нутагтаа том албан тушаалтан болгох санаатай байсан байх.

-Гэтэл та сургуулиа тогсоөд Улаанбаатарт үлдчихсэн?

-Би онц сурдаг, Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байлаа. Сургуулиа төгсөхөд багш нар намайг багшаар авч үлдэе гэсэн санал зэрэг зэрэг гаргасан учраас сургуульдаа үлдэхээр шийдсэн.

-Сургуулиа төгсөөд шууд ХААИС-ийн багш болчихсон хэрэг үү?

-Сурлага сайтай оюутнууд Намын төв хорооны Боловсон хүчний хэлтэст бүртгэлтэй байдаг байж. Сургуульдаа үлдэхээр болчихоод байтал Намын төв хорооноос бас дуудлаа. Яваад очтол Санжмятав гэдэг буурал толгойтой хүн хүлээж авч уулзаад, “Сургууль чинь чамайг багшаар авч үлдэе гэсэн санал гаргасан байна. Их сургуулийн багш болоход дадлага хэрэгтэй, Зүүнхараагийн сангийн аж ахуйд хэдэн сар дагалдан эдийн засагч хий” гэсэн.

Тэр дагуу нь Зүүнхараагийн сангийн аж ахуйд очиж, дөрвөн сар дагалдан эдийн засагчаар ажилласан. Сангийн аж ахуйгаас дагалдан эдийн засагчийн цалин, сургуулиасаа дагалдан багшийн цалин авч, давхар цалинтай ажиллаж байлаа. Богино хугацаанд ч гэсэн тэндээс их зүйл сурсан.

Тэр үед сангийн аж ахуйн үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө гэж хийдэг, түүнийгээ 6-7 дугаар сард хийгээд аймагт аваачиж бусад сангийн аж ахуйтай нэгтгэдэг, түүнийгээ аймаг нь улс руу явуулдаг. Тэгээд улсын төлөвлөгөө болдог байж. Тэр ажилд гар бие оролцож, сангийн аж ахуйн эдийн засагч Дагвадорж, ЗХУ-аас ирсэн мэргэжилтэн Кузнецов нарыг дагалдаж овоо дадлага суусан.

-Багш нар тань таныг авч үлдэх санал зэрэг зэрэг гаргасныг бодоход онцгой оюутан байж дээ? 

-Номын оюутан байсан. Нэгдүгээр дамжаанаасаа эхлээд багш нар ч шахаж, өөрөө ч идэвх гаргаж эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж эхэлсэн. Эхний удаа илтгэл тавихдаа бэлтгэл ч тааруу байсан байх, илтгэл тавих арга ухаанаа ч олоогүй байх, дуржигнатал уншчихсан. Түүнийг хүм үүс ч ойл гоогүй өнгөрсөн байх. Тэгээд аажимдаа туршлагажиж, илтгэлээ яаж бэлдэх вэ, яаж тавих вэ гэдэг өөрийн арга барилтай болоод төгссөн. Сурсан бүхэн эрдэм гэж, энэ маань дараа нь эрдэм судлалын ажил хийхэд их тус болсон.

Сонирхуулахад, манай ангид гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчин, улсын харцага О.Бахад нарын спортын алдартнууд сурч төгссөн. Аль хэдийн нэр алдарт хүрчихсэн, ид барилдаж байсан үе нь болохоор тив, дэлхийн уралдаан тэмцээнд явчихдаг, тэгж явсаар хичээлээсээ хоцорчихдог тул ХААИС-д бараг арваад жил сураад, манай ангид орж ирж, хамт явсаар төгссөн.

-УИХ-д сонгогдох хүртлээ ХААИС-д ажилласан байх аа?

-Тийм ээ. ХААИС-д дагалдан багш, багш, тэнхимийн эрхлэгч, декан, нийгэм, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал, сургалт хариуцсан дэд захирал, эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн дэд захирал гээд хийж болох бүх ажлыг хийж, эрдмийн хамт олон дунд байж байгаад л улс төрд орсон.

-Ардчиллын эхний жилүүдэд төсвийн байгууллага цалингаа ч тавьж чадахаа болиход хүмүүс ажлаасаа гарч, ганзагын наймаанд явсан. Таны үеийнхнээс ганзагын наймаанд яваагүй хүн цөөн болов уу. Та наймаа хийж, бизнес эрхлэх гэж оролдож үзсэн үү?

-Үгүй ээ. Над шиг хүн бизнес эрхэлж чаддаггүй байх.

-Эдийн засагч мэргэжилтэй хүмүүст харин ойр, амжилт гаргах боломжтой ажил юм биш үү?

-Нэг талаараа тийм байж магадгүй. Гэхдээ бизнес хийнэ гэдэг чинь арга ухаан, ур чадвар, овсгоо самбаа, эрсдэл гаргах зориг, арга заль гээд элдэв янзын юмтай байх хэрэгтэй. Тэр нь надад дутагддаг шиг санагддаг. Би ч тэгж оролдоогүй. Ардчиллын салхи сэвэлзэж эхлэхэд би 5-6 жил багшилчихсан байсан. Тэр үед багш нарын дунд нэгдлийн малыг хувьчлах гэж байгаа юм байна. Яаж хувьчлах вэ гэдэг яриа өрнөж, ХААДС (одоогийн ХААИС)-ийн залуу багш нар “Малыг малчдад” гэдэг хөдөлгөөнд нэгдэж, мал хувьчлах ажилд идэвхтэй оролцсон.

Бид ХААИС-ийн төв байрны баруун хойд жигүүрийн 1506 ангид дандаа цуглардаг, нэгдлийн малыг яаж ху вьчлах вэ гэж үзэл бодлоо ярилцдаг байв. Тэгээд “Монголын хөдөө” сонин, “Хөдөө аж ахуй” сэтгүүлд малыг хэрхэн хувьчилбал зүгээр вэ гэсэн үзэл бодол, ярилцаж гаргасан гаргалгаагаа нийтэлж байлаа. ХААДС-ийн багш Н.Эрдэнэцогт, Л.Нямбат, Д.Алтангэрэл, С.Бадарч бид хэд хамтарч малыг малчдад өгөх бодлогын үндэслэлийг боловс-руулахад өөрсдийн хэмжээнд хувь нэмрээ оруулсан гэж боддог.

-Та хэдийн боловсруулснаар мал хувьчлал явагдсан юм уу?

-Ерөнхийдөө тийм. Бидний ярьж байсан үзэл санаа мал хувьчлах үндэс болсон гэж үздэг.

-Их, дээд сургуулиудад ардчиллын үйл хэрэг өөр, өөрийн өнгө төрхөөр өрнөж байсан гэдэг. ХААИС-д ийм байжээ.

-ХААИС ардчиллыг өрнүүлэхэд их идэвхтэй оролцсон шүү. Оюутнууд сайн дураараа сургуулиасаа хоёр гүүр даван алхаж ирж, Сүхбаатарын талбайд болсон жагсаалд түрлэг нэмж байлаа. 

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн онол зааж байсан багш нар зах зээлийн эдийн засгийн онолд оюутнуудтайгаа хамт суралцсан байх даа?

-Нэг өдөр хичээлээ заах гээд иртэл оюутнууд хичээлдээ суудаггүй. Яасан гэтэл “Та нарын заадаг хичээлийн агуулга хоцрогдсон” гэж байна. Би эдийн засгийн багш учраас “Та нар социализмын эдийн засаг зааж байна, зах зээлийн эдийн засаг заахгүй байна” гэж байхгүй юу. Яах аргагүй тэдний зөв юм чинь шинэ юмны эрэлд гарлаа. Одоогийнх шиг интернэт гэж байсангүй, хүссэн мэдээллээ олж авах боломж хомс. Залуу багш учраас янз бүрийн арга чарга хайж, эх үүсвэр ашиглаж хамгийн түрүүнд лекцийнхээ агуулгыг шинэчилсэн.

Тэгээд хичээлийнхээ агуулгыг зах зээлийн зарчимтай уялдуулах гэж өмнө нь бэлтгэгдсэн багш нар дахиад зах зээлийн эдийн засгийн онолын дагуу өөрсдийгөө дахин бэлтгэх шаардлага гарсан. Тэгж байж л оюутнуудынхаа шаардлагад нийцсэн. Оюутнуудын шаардлагын дагуу багш нар дахин бие дааж өөрсдийгөө бэлтгэсэн. Дараа нь АНУ-аас эдийн засгийн эрдэмтэн ирж, лекц уншиж, овоо чиг баримжаатай болгосон.

-Гэр бүлийнхээ тухай ярьж болох уу?

-Манай гэр бүлийн хүн малын эмч мэргэжилтэй. Би багш, манай хүн оюутан байхдаа танилцаж, гэр бүл болсон. Гурван хүүхдийн эцэг эх боллоо. Хүүхдүүд маань том болцгоосон, хувийн хэвшилд ажиллаж байгаа.

-2004-2008 онд Баян-Өлгий аймгаас К.Сайран, А.Мурат, та гурав сонгогдож ажилласан. Хамт УИХ-д дөрвөн жил суусан хоёр нөхрийн тань талаар таагүй мэдээлэл сонсогдох боллоо. Та тэдэнтэй холбоотой байдаг уу, энэ мэдээллийн талаар ямар бодолтой яваа вэ?

-Аль алинтай нь ойрд уулзаагүй. Тэр мэдээллүүд албан ёсоор нотлогдоогүй гэж ойлгож байгаа. Тиймээс хувь хүнийхээ хувьд дүгнэлт хийж, байр суурь илэрхийлэхэд хэцүү байна. Тэр хүмүүсийн тухай гарч байгаа мэдээллүүд бол хувь хүнтэй холбоотой асуудал. Түүнийг нийт казах түмэнд нялзааж, бүхэл бүтэн аймгийн иргэд бүгд ийм байдаг гэсэн дүгнэлт хийх хандлага анзаарагдаж байгаа. Аль ч нутагт янз бүрийн зан араншинтай хүн байгаа.

Нэг хүний алдааг бүхэл бүтэн ард түмнийг буруутгах арга хэрэгсэл болгож ашиглаж, дайрч давшилж болохгүй. Тэр хүмүүсийг гэмт хэрэг хийсэн гэж албан ёсоор сонсоогүй, нотолсон зүйл хараагүй. Тийм учраас тэр хүмүүсийг буруутай, эсвэл буруугүй гэж хэлж чадахгүй байна. Тийм мэдээлэл гарсан нь бол мэдээж харамсалтай.