Отгон "Сурагч"
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.10.21

Отгон "Сурагч"

Ж.Сүхбаатар улс төрийн ууган хүчнээс өрх тусгаарлаж, МАХН-ын нэгдүгээр ангид элсэх чимээ эртнээс гарсан.

Харин тэрбээр энэ чимээг эцэслэж, МАХН-д элсч орхив. Түүнийг улс төрийн хүрээнийхэн “сурагч” гэхээс илүүтэй хашир нь дэндсэн хэмээн тодорхойлдог. Тиймдээ ч тэрбээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг түшиж, тулахаар шийдсэн бололтой. Магадгүй түүний энэ сонголт нүдээ олсон байж мэднэ. Яагаад гэвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Дарханаас гарах боломжтой байсан ч, нам нь түүнийг “цаашаа” гээд түлхчихсэн гэдэг.

“Унасан бөх ууртай” гэгчээр үүний дараахан АНУ руу явж, өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийчихээд нутгийн зүг хөлгийн жолоо залсан нь энэ. Их газраас номын дуу сонсч ирснийхээ дараа түүнд МАН хэрэггүй гэдгийг ойлгосон уу. Ямартай ч шийдвэрээ гаргачихлаа. Зүгээр ч явалгүй тэрбээр “Т.Бадамжунай байсан цагт МАН өөдлөхгүй” хэмээн хатуухан үг хэлж, намын батлахаа тушаачихжээ.

Харин энэ нь Н.Энхбаярын хувьд алдаж боломгүй том олз. Учир нь МАН-аас МАХН, өөр бусад нам руу шингэж, урвах хүсэлтэй олон улстөрч байдаг болсон. Мөн хуучин намынхаа гишүүнчлэлийг сэргээхийг хүсэгчид олон болсон. Үүний эхлэл болж Ж.Сүхбаатар эхний алхмыг хийж орхив. Түүний энэ алхмын дараа түүнийг Н.Энхбаяртай тохиролцоо хийж, тус намд орж байгаа. Хариуд нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг өгч, сонгуулийн үеэр энэ намын “гал тогоог” бариулахаар шийдсэн сураг дуулдах болсон.

Энэ сураг үнэн эсэхийг нотлох нь цаг хугацааны л асуудал биз. Ямартай ч тэрбээр Монгол Улс тусгаар тогтнолоо ард нийтийн санал асуулгаар баталгаажуулсны 70 жилийн ойн үеэр МАХН-ын батлахаа сэргээж, гишүүнчлэлээр орлоо. МАХН-ын отгон “сурагч”-ийн хувьд Н.Энхбаяр шинэ хүн биш.

Энэ хоёр хуучин МАХН байхад дарга цэрэг бололцоод явж байсан эрхмүүд. Энэ удаад ч МАХН-ыг дараагийн түвшинд гаргаж, шинэ боловсон хүчнээр нэмэх бодлогыг тэд хамтдаа зангидаж чадна гэж харсан учраас хамтран ажиллахаар гар барив. Ж.Сүхбаатарын шинэ сонголт Н.Энхбаяр байсан нь зөв эсэхийг цаг хугацаа аяндаа харуулна.