Сэлэнгэ аймгийн МоАХ-ны гишүүд чууллаа
Монголын ард­чилсан холбооныхон ардчил­лын 25 жил
2015.10.13

Сэлэнгэ аймгийн МоАХ-ны гишүүд чууллаа

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг түүчээ­лэн эхлүүлсэн Монголын ард­чилсан холбооныхон ардчил­лын 25 жилээ энэ онд тэмдэглэглэж буй.

Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр шаваа тавь­сан тус байгууллагыг байгуу­лагдсан сургаар хөдөө орон нутагт салбар зөвлөлүүд нь өдөр дараалан байгуулагдаж байсан түүх бий. Сэлэнгэ аймгийн МоАХ энэ л цаг үед байгуулагдаж, Сүхбаатар хот болон Сэлэнгэ аймагт ард­чил­лын үрийг тарьж байсан юм. 

Тус аймгийн МоАХ-ны чуулга уулзалт 2015 оны аравдугаар 15-ны 11:00 цагт Хөтөл хотод боллоо. Чуулга уулзалтад Сэлэнгэ аймгийн 17 сумыг төлөөлж, 134 төлөөлөгч  оролцов. 1990 онд Сэлэнгэ аймагт өрнөсөн ардчилсан хувьсгалын төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцэж явсан анхдагчид тэдний дунд цөөнгүй байв.

Чуулганаар Сэлэнгэ аймгийн МоАХ-ны даргын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хийх ажлын төлөвлөгөөг гишүүдээр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Зохион байгуулалтын асуудлыг ярилцан,  шинэ дарга сонгогдохыг  ч зохион бай­гуу­лагчид үгүйсгэхгүй байв. 

Сэлэнгэ аймгийн Хөтөл хот, Сайхан сумын МоАХ-ын дарга Ю.Жаргалсайхан чуулганыг  нээв.  Тэрээр ”Юуны өмнө энд хуран цугласан зочид, төлөөлөгчид, ардчиллын төлөө сэтгэл зүрх нэгтэй журмын анд нөхөд та бүхэнд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Бид Сэлэнгэ аймгийн МоАХ-ны чуулга уулзалтыг анх удаа Хөтөл хотод зохион байгуулж байна.Тэртээ 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхдагч партизанууд, дунд үеийнхэн, мөн залуучууд гэсэн гурван үеийнхэн нэгэн цаг дор хуран цугларч ирээдүйн төлөө түүхийг бичилцэж байгаад таатай байна.

Чуулганы онцлог ач холбогдол нь санаа бодлоо нэгтгэн алдаа оноогоо хэлэлцэн төр нийгмийн байдлыг харгалзан өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэн монголын хойч үеийн төлөө цагаа олсон зөв шийдэлд хүрч, чуулгандаа амжилттай оролцохыг та бүхнээс хүсч байна. Ингээд та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж цуулганы үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе” гэлээ. 

Дараа нь, Сэлэнгэ аймгийн МоАХ-ны дарга П.Амарсанаа чуулга уулзал­тын төлөөлөгчдөд ажлын тайлангаа тавьсан. Тэрээр “Миний бие 2011 оны зургадугаар сарын 4-ний өдрийн Сэлэнгэ аймгийн МоАХ-ны чуулганы төлөө­лөгчдийн 87.6 хувийн санал авч,  МоАХ-ны дар­гын 2011 оны зургадугаар сарын 9-ний өдрийн зур­гаан тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн МоАХ-ны даргаар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл энэ албан тушаалд ажиллаж байна. 

МоАХ үүссэн цагаас эхлэн, монголын ард түм­ний хүсэл тэмүүллийн илэрхийлэл болон хүний эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж ирсэн, хорьдугаар зууны салхич шувуун билээ” хэмээн тайлангаа эхэл­сэн. Мөн тэрээр “Гишүүд дэмжигчдийг идэвжүүлэх, ард­чилсан хувьсгалын ахмад партизануудын алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үеэ бэлтгэн  ардчилсан холбооны эгнээг өргөжүүлэх зорилтыг 2012 оноос эхлэж дэвшүүлэн ажилласан.

Энэ зорилтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Шаамар, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур,Орхон,  Орхон­туул, Сант, Баянгол, Хэрх, Дулаанхаан зэрэг суманд очиж гишүүд дэмжигчидтэй тулж ажилласны үр дүнд МоАХ-нд итгэх гишүүд, дэмжигчдийн идэвхи сэргэсэн. Сэлэнгэ аймгийн МоАХ-ны Удирдах зөвлөл дөрвөн удаа хуралдаж, сумдын салбар зөвлөлийн дарга нарт үүрэг даалгавар өгч ажилласан” гэв. 

Төлөөлөгчдийн олонх нь аймгийнхаа МоАХ-ны даргын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа нь санал шүүмжлэлийн явцад илэрч байв. Санал шүүмжлэл эхлэхэд хурлын уур амьсгал хурцадсан. Санал шүүмжлэл хэлсэн төлөөлөгч бүр П.Амарсанаа даргын ажлын тайланд шүүмжлэлтэй хандаж байв. 

Тухайлбал, Хөтөлийн Нямханд “Тайланд бодло­гын чанартай ажил огт хийгдсэнгүй. 1990 оны үйл явдлыг алдаршуулах талаар ажил зохиосонгүй. Ирээдүй хойч үеийн талаар судалгаа огт хийсэнгүй. Юу хийсэн юм, юу ч хийсэнгүй” гэв. Мөн Сэлэнгэ аймгийн МоАХ-ны анхны дарга Г.Нороврагчаа “Би 1990 онд Сэлэнгэ аймгийн МоАХ-ны анхны зохицуулагчаар ажиллаж байсан. Бидний байгуулж зүтгэж явсан ардчилал маань өнөөдөр бидний сэтгэлд хүрэхгүй байна. Энэ ардчиллын гажуудлыг засах хүмүүс маань та нар.

Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Бид дотроосоо төрсөн Ардчилсан намыг буруу эрхлүүлж бухын хүзүүнээс хатуу болгочихож. Өнөөдөр монгол оронд ардчиллыг гажуудуулж буй аль ч намыг шүүмжлэх ёстой. Ардчилал маань цөөн тооны хүмүүсийн баяжих хэрэгсэл болсон. Намын анхан шатны гишүүд УИХ-д сонгогдсон гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй байна.

Жишээлбэл, С.Баярцогт гишүүн янз бүрийн хэл аманд орооцолдоход яагаад Сэлэнгэ аймгийн ардчилсан нам түүнийг дуудаж ирүүлэн асууж лавлаж болдоггүй юм. 2016 оны сонгуульд намын анхан шатны шударга гишүүдийг гаргах хэрэгтэй. Намаас нэхдэг мөнгөний хариуд мөнгөтэй хүн биш, ухаантай хүн хэмээн аймгийн намын хороо энэ хүнийг дэвшүүлнэ, дээрээс ирсэн хүнийг өөр газраас дэвшүүл гэж хэлэх эр зоригтой болох хэрэгтэй байна. Тэгвэл сонгууль шударга болно” гэлээ.

Хэд хэдэн хүн санал шүүмжлэл хэлсний дараа заалнаас аймгийн МоАХ-ны даргыг шинээр сонгох санал гаргасан. Тус санал олонхийн дэмжлэг  авч, Сэлэнгэ аймгийн МоАХ-ны даргад дөрвөн хүнийг  нэр дэвшүүлснээс хоёр нь нэрээ татаж аймгийн МоАХ-ны дарга П.Амарсанаа болон дэд дарга Р.Батжаргал нар тунасан. Ингээд хоёр хүн өрсөлдсөн тохиолдолд нууц санал хураалт явуулна гэсэн зарчмын дагуу явуулж, хэсэг хугацааны дараа тооллогын комисс саналын дүнг танилцууллаа. 134 төлөөлөгчөөс 102 хүний санал авч 77 хувиар Р.Батжаргал Сэлэнгэ аймгийн МоАХ-ны даргаар сонгодлоо.

Ингээд сонгууль болсон тогтоолын төслийг МоАХ-ны даргад уламжлан, шинээр сонгогдсон даргын бүрэн эрхийг баталгаажуулахаар тогтсон.  Мөн МоАХ-ны 25 жилийн ойг тохиолдуулан сум бүрт өргөмжлөл дурсгалын зүйлийг  МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт болон тус газрын орон нутаг хариуцсан ажилтан Б.Зоригтбаатар нар гардуулсан юм.