76:28 Буюу Уул уурхайн салбарт үнэлэгдсэн сайд асан
Энэ удаагийн 76:? буландаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг онцолж байна. Тэрбээр Д.Ганхуяг 2012 оны сонгуулиар Баянзүрх, Налайх дүүргийн сонгогчдын олонхийн саналыг авч, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.
2012 оны сонгуулийн дараа “Шинэчлэлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдахад Уул уурхайн сайдаар ажиллаж байсан билээ.
- АМЛАЛТ
Сүүлийн сонгуульд нэр дэвшигчид голдуу намын мөрийн хөтөлбөрийг гол болгож орж байгаа. Хуучин жижиг тойрог байхад тухайн аймаг, орон нутаг, эсвэл дүүрэг, хороогоо хэрхэн хөгжүүлэхээ амалдаг. Тэр нутагт тийм ч сайхан юм хийнэ гэдэг байлаа. Зарим нь бүр тэдэн хүн гадаад явуулна энэ тэр гэж амалж ч байсан түүхтэй. Тэгвэл сонгуулийн систем өөрчлөгдсөнөөр нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг гол болгодог болсон. Хэрвээ нам нь ялбал мөрийн хөтөлбөр биелэх боломжтой шүү дээ.
Д.Ганхуяг гишүүн ч яг тэр зарчмаар өрсөлдсөн. Тэгээд ч Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай гэгдэх Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн болохоор хоёрын хооронд элдэв шалдав юм амлах ч хэрэг байгаагүй. АН-ын ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн мөрийн хөтөлбөрийг энд дурьдах нь зүйтэй. Дотроо маш олон нарийвчилсан амлалтуудтай.
Тэр болгоныг бичээд, биелсэн үү гээд асуувал худлаа. Угаасаа бүгд биелэх боломжгүй. Гэхдээ АН өнгөрсөн гурван жилд чамгүй ажил хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, бараг л бүх аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатар хоттой холболоо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлнэ гэж амалсан. Эрдэм боловсролтой монгол хүн гэсэн хэсэгт багтаж байгаа амлалт.
Энэ амлалт биелж байгаа гэж хэлж болно. Тэр дундаа Баянзүрх дүүрэг хамгийн их цэцэрлэг барьсан гээд хэлчихэд хол зөрөхгүй. Зөвхөн Д.Ганхуяг гишүүний хийсэн ажил биш л дээ. Гэхдээ л мэдээж боломжийнхоо хэрээр оролцож байгаа. Нөгөө талаар 2012-2014 оны хооронд Уул уурхайн сайдаар ажилласан. Тийм болохоор уул уурхайтай холбоотой амлалтуудын биелэлтийг түүнээс асуух, шаардах ёстой байх. Ажилтай, орлоготой монгол хүн дэд хөтөлбөрийн дотор Монгол Улсад уул уурхайн чиглэлээр авч хэрэгжүүлэх гэсэн хэсэг бий. Тэнд
- Уул уурхайн салбар дахь төрийн зохицуулалт, хяналтыг чангатгаж, төрийн өмчийн оролцоог хязгаарлаж, үндэсний аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог дэмжинэ.
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдийн саналыг авч гэрээ байгуулдаг зарчмыг хэрэгжүүлнэ.
- Ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгодгийг зогсоож Засгийн газар олгодог болгоно.
- Хуулийн этгээдийн эзэмшиж болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоонд тодорхой хязгаарлалт тавина.
- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болно.
- Эрдэс баялгийн экспортыг “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлнэ.
- Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүйбайлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.
- Эдийн засгийн үр ашиг муутай, байгаль орчинд хор хөнөөл ихтэй уурхайг ажиллуулахыг хориглоно.
Гэх мэт олон сайхан амлалтууд бий. Тэдний багагүй хувь нь биелсэн. Өнөөдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг УУЯ олгож байгаа. Тэр дундаа цахимаар олгож, технологийн давуу талыг ашиглаж эхэлсэн. Гэх мэтээр авууштай зүйлс их бий. Нөгөө талаар олон сайхан амлалтууд биелээгүй байгаа.
Ажилтай, орлоготой монгол гэдгийг бүхэл байдлаар нь хараад үзвэл өнөөдрийн төвшинд зохицохгүй үг. Учир нь ажил ч, орлого ч одоохондоо хэцүү л байна. Гэвч Д.Ганхуяг гишүүнийг өөрийнхөө хэмжээнд амлалтаа биелүүлж, салбартаа сайн ажилласан гэж дүгнэж болохоор байгаа юм.
- АМЖИЛТ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Юуны түрүүнд нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдоно гэдэг өөрөө амжилт. Хамгийн олон хүн амтай гэгдэх Баянзүрх дүүргийн сонгогчдын ихэнхийнх нь итгэлийг хүлээх хэцүү шүү дээ. Дээрээс нь түүнийг Уул уурхайн сайдаар ажиллаж байх үед гарсан дэвшилттэй зүйлс цөөнгүй бий. Тухайлбал, “Монгол-93” шатахуун байна.
Хэдийгээр бид өөрсдөө шатахуунаа үйлдвэрлэж чадахгүй байгаа ч Монголоос гарч байгаа газрын тосныхоо үр шимийг үзэж буй. Жилдээ сая тонн газрын тос үйлдвэрлэж байгаа хэрнээ гаднаас шатахуун импортолж байгаа тэнэг орон манайхаас өөр байхгүй гэж хүмүүс яриад байгаа.
Тэр үнэн. Гэхдээ бид урд хөрш рүү нефтиэ түүхийгээр нь зүгээр гаргаж, зарж байсныг эс тооцвол шатахуун болгож авахаар болсон нь сайн хэрэг. Үндсэндээ бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь сайн гэж хэлэх гээд байна. Зүгээр л гаргаад, хэдэн төгрөг авч байснаас дээр гэдгийг дахиад хэлье.
Энэ ажлыг Д.Ганхуяг гишүүн сайд байхдаа хийсэн. Энэ бол амжилт. Мөн тэрбээр Уул уурхай сайдаар ажилласан хугацаандаа эрх зүйн шинэчлэлийг бүрэн хийсэн хүн. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ил тод байдлыг бий болгох, баялгийн хуваарилтыг ил тод байлгах, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд олсон орлогоосоо хуваарилах, мөнгө хуримтлуулах зэргийг тодорхой болгосноос гадна энэ салбарыг хэн авч явах юм.
Төр үү, хувийн хэвшил үү. Төр хувийн хэвшлийн түншлэл үү гэдгийг бодлогын хувьд тодорхой болгож өгчээ. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга,“Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг УИХ-аар батлуулсан.
Эдгээр хуулиуд батлагдсанаар хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг уул уурхайн салбарын эрх зүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай ойлгомжтой болж өгсөн. Энэ бол түүний хийсэн олон том ажлуудын зах зух.
Мөн хамгийн амжилттай ажиллаж байсан сайдын нэг байсан гэдэг нь энэ бүх жишээгээр харагдаж байгаа юм. Бас нэг дурьдах ёстой зүйл бол гадагшаа чөлөө завгүй урсч байсан алтыг эх орондоо тогтоох эрх зүйн орчныг тэр бүрдүүлж өгсөн хүн. Алтны худалдааны ил тод байдлыг бий болгох зорилгоор 2013 онд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсан. Энэ хуулиар “Алт олборлогчид нь олборлосон алтаа Монголбанкинд төгрөгөөр худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөр/НАТ/-ийг 2.5 хувиар тооцох, харин Монгол банкинд худалдахгүй экспортолсон тохиолдолд хуучнаараа буюу 10 хувиар тооцож НАТ (суурь роялти таван хувь, дээр нь үнийн өсөлтөөс хамаарч таван хувь) -ийг авах” харилцааг зохицуулсан.
Хууль хэрэгжсэнээр 2014 онд Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ 13.8 тонн (Оюутолгойн алт ороогүй) болж, өнгөрсөн жилүүдийн дунджаас даруй 2.7 дахин нэмэгдсэн. Ийм байдлаар Алтны худалдаанд ил тод байдал бүрдсэн. Энэ бол том ажил, амжилт. Энэ мэтээр түүний хийж, хэрэгжүүлсэн ажлыг тоочоод барахгүй. Мөн тэрбээр тойргийнхоо иргэдтэй байнга уулзаж, санаа бодлыг нь сонсч, сурагчдад тусламж үзүүлсэн гээд чамгүй олон ажлыг хийж яваа нэгэн.
- АЛДАА
- ТЭНЭГЛЭЛ
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тэгтлээ алдаатай, тэнэг зүйл хийгээд байдаг хүн биш. Гэхдээ “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар дөнгөж байгуулагдаж байхад ганцаарчилсан тоглолт хийж, “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол би огцорно” гэж мэдэгдэж байсан хүн. Энэ бол тухайн үедээ түүний эсрэг дайрах боломжийг гаргаж ирсэн үйлдэл байсан юм. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид үргэх нэг шалтгаан болсон ч гэж үздэг.
Нэг талаараа Оюутолгойн гэрээ алдаатай, Монголын ард түмэнд ашиггүй байсан. Тийм болохоор гэрээг нь өөрчилж, Монголд ашигтай байдлаар хийх нь зөв. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд гэрээг бага сага өөрчилж чадсан. Гэхдээ тэр “огцорно” гэдэг мэдэгдэл нь жаахан алдаатай үйлдэл байсан гэж л хэлэх гээд байгаа юм.
Энэ талаар зарим тоймчид “ Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж мэдэгдсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг төдийгүй, Монгол Улсыг тэр чигээр нь буруу хөл дээр нь зогсоолоо. Танхимын сайд нар нь бүрэн бүрдээгүй, Засгийн газар анхны хуралдаанаа ч хийж амжаагүй байхад ганцаарчлан босгосон Д.Ганхуяг сайдын овоон дээр гадаадын хөрөнгө оруулагчид шаазгай болон ирээд суучихав.
Мэдэгдэл хийсэн сайд нь Эрүүл мэндийн юмуу, Спортын биш, Уул уурхайн сайд байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг л “стоп кран” татахад хүргэв. Аль ч улс оронд сонгуулиар засгийн эрх солигдоход гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтэд ордог. Шинэ Засгийн газрын бодлогыг тандах гэж тэр. Монголд хөрөнгө оруулагчид ч тэр жишгийн дагуу 2012 оны сонгуулийн дараахь АН-ын Засгийн газрыг анхааралтай ажиглан хүлээж суув.
Тэдний хүлээлтийн гал дээр нэг сайдын мэдэгдэл тос нэмж эргэлзээнд орууллаа. Европоос дэлхийн эдийн засагт халдан буй хямралын шархан дээр Д.Ганхуяг сайдын гэнэтийн мэдэгдэл давс цацах шиг л боллоо. Саяхан 1500 гаруй хөрөнгө оруулагчид оролцсон Дисковери Монгол чуулга уулзалт болов. Түүнийг Засгийн газар ч анхаарсангүй, Д.Ганхуяг сайд ч тэнд алдаагаа зассангүй. Ёсыг бодож, Засгийн газар ач холбогдол өгч байгаа дүр үзүүлэн очсон Уул уурхайн сайд нь нээлтийн үг хэлэх төдийгөөр оролцсон болоод гарч одов.
Тэгэхдээ “өмнөх бодлогоо үргэлжлүүлнэ, дэмжинэ” гэж ерөнхийлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчид байтугай, монголчуудад хэт бөөрөнхий сонсогдов” гэх мэтээр түүнийг сэдэв болгож байлаа. Тэгвэл хамгийн сүүлд гэхэд энэ жил хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцээд тойргийнхоо бяцхан хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулсан. 10 мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулсан шүү дээ.
Уг нь айл гэрт дэм болохоор л ажил. Гэхдээ гардуулсан хичээлийн хэрэгсэл нь нэр төдийнхнөөр хязгаарлагдсан нь түүнийг бас л сэдэв болгосон юм. Олон хэвлэл түүний талаар “10 мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэл гэж жаахан юм өгч байхаар 1000 хүүхдэд ахиухан юм өгчихгүй” гэж ирээд л бичсэн. Энэ мэтээр санаа нь зөв боловч хэл аманд орооцолдохоор ажил, алдаа ч гэх юм уу зүйлийг хааяа хийчихдэг л нэгэн.
- ИРЭЭДҮЙ
Д.Ганхуяг гишүүний ирээдүй ерөнхийдөө гэрэлтэй гэж хэлж болно. Дараагийн сонгуулиар сонгогдох уу, үгүй гэдэг тал дээр яривал шүү дээ. Тэрбээр, 2008, 2012 оны сонгуулиар тойрогт өрсөлдөж, намдаа суудал авчирч байсан. Тийм болохоор 2016 оны сонгуулиар жагсаалтад багтах болов уу.
Ирэх сонгуулиар хэн, хаана өрсөлдөх боломжтой талаар жиг жуг сургаас сонсоход АН-аас Ж.Батзандан, Д.Арвин хоёр Баянзүрх рүү явж, Д.Ганхуяг жагсаалтад багтана гэсэн шум байгаа. Ер нь аль ч талаараа жагсаалтад багтах боломжоо хангачихсан нэгэн. Тэр дундаа дээгүүр бичигдэж өрсөлдөх болов уу. Хэрвээ сонгуулийн хууль энэ намрын чуулганаар өөрчлөгдөхгүй бол шүү дээ.