Аварзэдийн авч үлдсэн Асгат
2009 оны 11-р сарын 19-ны өдөр "Аварзэдийн авч үлдсэн Асгат" гэсэн нийтлэлийг УИХ-ын гишүүн Х.Баттулга бичиж байсан юм. Монголчууд улсынхаа тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа авч үлдэхийн тулд насанд хүрэгчдийн 98 хувь нь бүх нийтийн санал асуулгад оролцож үр дүнд нь Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх том алхмыг хийсэн билээ.
Бид нэгэн зорилго дор хүчээ нэгтгэж тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан шигээ даяаршиж байгаа өнөө цагт дахин хүчээ нэгтгэж эдийн засгийн эрх чөлөөний төлөө алхам тутам, цаг мөч бүрт дугарч ард түмэн хүчээ харуулах цаг болсныг энэхүү нийтлэлээр сануулж байна.
(Жинхэнэ эх орончдын тухай)
С чего начинается Родина
С картинки в моем букваре
Эх орон сумаас эхэлдэг
Тусгаар тогтнол
Газрын зураг дээр Монгол Орос, Хятад хэмээх хоёр талхны завсар хавчуулагдсан амтат, зөөлөн мах лугаа харагдана. ХХ зууны эхнээс хоёр аварга хөрш энэхүү зөөлөн махыг өрсөж залгих, бусдад залгиулахгүй байх бодлого явуулж иржээ. Монголын тусгаар тогтнол чухам энэ зөрөлдөөн, зааг дээр дэнжигнэж байлаа.
Баабарын маш тодорхой бичсэнээр “ХХ зууны Монголын түүх бол тусгаар тогтнолын төлөөх тэмцэл драмын түүх байлаа. Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин гэрээслэгдэж, хүний гурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн ялалтад хүрсэн билээ... МоАХ-ны анхдугаар их хурал Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоор зарласан юм...
Тусгаар тогтносон Монгол Улс 1911-1915 онд ердөө гурван жил оршин тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автоном муж болон хувирчээ. 1921-1946 оны хооронд тусгаар тогтнол нь хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөн Засгийн газар нь Зөвлөлт Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бүгд найрамдах улсын хэсэг, үнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсарга улсаар явж ирлээ. 1946 оны 1-р сард Хятад, 2-р сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.
1960 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж, улмаар дэлхийн 150 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч гадаад, дотоод бодлогоо өөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний хараат улс байсан юм”/МоАХ-ны хурлын илтгэлээс/.
Тусгаар тогтнолын төлөөх 80 гаруй жилийн тэмцэл дунд хэлмэгдэж, хавчигдаж, зовж зүдэрсэн ч өвгөдийн үлдээсэн газар шорооны төлөө эцсээ хүртэл зогсогчид олон байж дээ. Тэдний нэг Сономын Аварзэд (1922 – 1989) агсны гавьяаг хэн ч үл дурсана, үл санана.
Удахгүй болох Эх орончдын өдрийг “эх орон мину” хэмээн хоосон нулимс унагаж, цээжээ дэлдэн хэлээ билүүдэн шоуддаг, тэгсэн атлаа сонгуульд ялж, эрх мэдэлд хүрэхийн төлөө тусгаар тогтнолоо ч золиослохоос сийхгүй хуурмаг эх орончдын баярлах өдөр бус, жинхэнэ эх орончдыг дурсч, хүндэтгэдэг өдөр байгаасай хэмээсэндээ үүнийг бичиглэв.
Жинхэнэ эх орончид хаа байна
Эдүгээ амьтны шуналд өртөөд, хэл аманд орооцолдоод байгаа Асгатын мөнгөний ордыг Аварзэд хэмээх эх оронч авч үлдсэнийг дурсах хүн цөөхөн болжээ.
Урианхайн хязгаар гэж Богд хаант Монгол Улсын нутаг дэвсгэрт багтаж байсан газар Зөвлөлтийн хяналтад шилжсэнээс улбаалан хилийг тодотгон тогтоох хэлэлцээр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1957 оны намар эхэлжээ. Монголыг төлөөлж, хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн даргаар ГЯЯ-ны сайд С.Аварзэд томилогдсон байна. (СнЗ-ийн 458-р тогтоол, МАХН-ын УТТ-ны 387-р тогтоол үз)
Зөвлөлтийн талаас В.М.Молотов хэлэлцээг удирдах болжээ. Архивын материалаас үзэхэд хоёр сар хагас үргэлжилсэн хэлэлцээр анхнаасаа маргаантай, хурц ширүүн тэмцэл дунд өрнөж, өөрсдийн байр суурийг хамгаалж, С.Аварзэд 13, В.Молотов 11 удаа үг хэлжээ.
В.Молотов “Монголын газар нутгаас баруун талдаа Асгатын оройгоос Их Соёны нуруу хүртэлх 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг ЗХУ-д таслан өгөхийг” шаардсан байна. Хариуд нь С.Аварзэд “Энэ хил бол дээр үеэс уламжлан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй” гэжээ. Ингээд хэлэлцээр мухардалд орж 1958 оны эхээр Н.Хрущев “МАХН-ын Төв Хороонд” гэж хаягласан цахилгаан утас ирүүлсэн байна. Түүн дээр “Танай Гадаад хэргийн сайдын араншин Москвагийн гайхшралыг төрүүлж байна шүү" гэж сануулсан, занасан өнгөөр бичсэн зүйлс байсанд Ю.Цэдэнбал сандарч, “Энэ асуудлыг Зөвлөлт-Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй.
Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй” гэжээ. С.Аварзэд “ЗХУ Монголын нутгаас авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг” гэсэн нь түүнийг буруутгах далим болж, төдөлгүй С.Аварзэдийг хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн тэргүүнээс чөлөөлжээ.
Ингээд “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” нэр зүүж, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас зайлуулан тээврийн жолооч болгосон байна.
Үүний дараахнаас оросууд бяцхан буулт хийж, 84 хавтгай дөрвөлжин км газрыг Монголд үлдээхээр болсон нь өнөөдөр бидний харамлаад, бусдын шунаад байгаа Асгатын мөнгөний орд ажээ. Тэр цагт Асгатад мөнгө байгааг мэдсэн бол тэд үлдээхгүй хамах байсан болов уу. Ингээд Монголын хуучин хилийн дагуухь Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавтгай дөрвөлжин км нутгийг оросууд залгисан билээ.
Тууштай эх оронч С.Аварзэд тээврийн жолоочоор ажиллаж байгаад 1986 онд учир битүүлэг байдлаар цагдаа нарт зодуулан гэмтэл авч, хэвтэрт орсноор 1989 онд Ардчилсан хувьсгалын өмнөхөн өөд болжээ. Тэр өөрийн үеийн үлбэгэр коммунистуудын нэгэн адилаар Цэдэнбалтнуудыг аялдан дагаж, эх орноо худалдах ажилд нь зүтгэж амиа хоохойлж, амьдралаа аварч болох л байсан. Түүний тухай бодох бүр сэтгэл сэмрэн, зүрх шархирах юм.
Амьдралаасаа илүүтэйгээр хайрлаж, хамгаалж явсан эх орон нь бусдын хөл дор орж, харийг шүтэгчдэд занчуулан, гэмтэж няцарсан биетэй гурван жил тарчилж байхдаа тэр хийх ёстойгоо хийсэндээ итгэлтэй байсаар хорвоог орхижээ. Ард түмэн бүрт үеийн үед ийм баатрууд байсан. Тэднийг зусарддаг, бялдууч түшмэд дарж, хяхаж, тарчлааж байдаг. Жинхэнэ эх орончдоо бид мартах учиргүй.
С.Аварзэд өвгөдийн үлдээсэн газрыг харьд алдахгүй хэмээн зуурсаар дор хаяж 4,2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 2566 тн цэвэр мөнгөний нөөцийг бидэнд авч үлдсэн юм шүү. Түүний амьдралаа золин авч үлдсэн газар шороог сонгуулийн санхүүжилт босгох зорилгоор бусдад найр тавихыг оролдож буй бодит хүчин өнөөдөр бий.
Малчин-эх орончид
"Хэл, хил, мал гурав минь байхад Монголын тусгаар тогтнол баталгаатай гэсэн яруу найрагч Зундуйн Доржийн санааг эргэцүүлэх тусам үнэн ажээ. Тэрээр одоо хаана, ду хийж явдаг юм бол доо.
Хүн ам багатай, газар нутаг томтой Монгол орны минь алс хязгаар нутгийг үнэн хэрэгтээ хөдөө хөрч, гадаа гандаж яваа эгэл эх орончид-малчид л манаж байна. Газар нутгийн минь бүрэн бүтэн байдал малын хөлөөр тамгалагдан, малчны эх оронч сэтгэлээр хамгаалагдаж байгаа. Хэрвээ малчид маань нэг өдөр бүгдээрээ нутгаа орхиод нүүнэ гэвэл юу болох бол. Нутаг эзгүйрч, хотынхон бид өлсөн харийнхан тааваараа холхих биз.
Цахилгаан, дулаан, ая тух гээд сайн сайхан бүхнээ золин байж, ард түмнийхээ идэх хоолыг малынхаа махаар залгуулж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг харуулдаж яваа малчдадаа эх орончдын баяраар бид талархах учиртай.
Хятадуудын “Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээ .... иргэдийн дунд явуулах санал асуулгаар нотлон харуулбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх бөгөөд хил хязгаар нь одоогийн байдлаар үлдэх болно" гэсэн болзол, нөхцөлийг шийдэхийн тулд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны есдүгээр сарын 21-нд “Тусгаар тогтнолын талаархи асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” шийдвэр гаргажээ.
Сар хүрэхгүй хугацааны дараа 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мориныхоо сайныг унаж, дээлийнхээ сайхныг өмсөн үүрийн таван цагаас үдшийн бүрий болтол санал өгөх байр луу цувж гарын үсгээ зурах нь зурж, мутрын хээгээ тавих нь тавьж, тусгаар тотнолоо баталгаажуулсаан. Тэгэхэд тусгаар тогтнолоо хамгаалан санал өгөгчдийн 87 хувь нь малчид байсан юм.
Энэ санал асуулгыг малчин ардууд баярт үйл явдал хэмээн үзэж байсан бөгөөд Баянхонгор аймагт гэхэд 10 м өндөр тусгаар тогтнолын багана босгожээ. Тэр үед нэгэн монгол эр сонинд ярилцлага өгөхдөө “Улсынхаа тусгаар тогтносон байдлыг дэлхий дахины өмнө үзүүлж... байгаад баяр минь энэ болох юм" гэж байсан нь сонины хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.
Үеийн үед тусгаар тогнолыг баталгаажуулж, хадгалж явдаг малчид маань цахилгаан, дулаан, ая тух гээд сайн сайхан бүхнээ золин байж, ард түмнийхээ идэх хоолыг залгуулж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг харуулдаж явдагт бид Эх орончдын баяраар онцгой талархах учиртай.
1990 онд зорьж байсан нийгэм маань дампуурч, картын бараанд шилжиж, дэлгүүрт зөвхөн бор давс зарагдан улс орон элгээрээ мөлхөх үед хэн, юу биднийг аварч үлдсэнийг мартах учиргүй. Хэдэн мал, хэрсүү малчдынхаа ачаар бид хүнд үеийг ардаа орхижээ.
МоАХ малчдынхаа гавьяаг эгнэгт санаж, хүндэтгэж явгийн хувьд малыг малчдад үнэ төлбөргүй хувьчлахын төлөө тэмцэж, биелүүлж байлаа. Ардчилсан нам 2004 оны сонгуулийн хөтөлбөртөө малчдыг бүх төрлийн татвараас чөлөөлөхийг зорьж байсан нь ч үүнтэй холбоотой. Ардчилсан намын дэвшүүлж байсан 21 зорилтоос өнөөдөр ганц энэ зорилт л хагас хугас биелсний буруутан нь МАХН гэдгийг малчид сайн мэдэж байгаа. МАХН малчдыг татвараас чөлөөлөх Ардчилсан намын зорилтыг улайран эсэргүүцэж, хамаг байдаг бүхнээрээ тээг тавин чаргууцалдсаныг малчид алган дээрээ тавьсан мэт харж, ойлгож байгаа.
Эх орончдын өдрөөр байсан, байгаагүй нь бүү мэд, гавьяатай гавьяагүй нь тодорхойгүй, хуурмаг эх орончдыг хөөргөж байхаар эгэл даруухнаар эх нутгаа хамгаалж байдаг эрэлхэг малчдадаа урмын үг хайрлах ёстой.
Мал минь байгаад малчид минь хариулж байсан цагт хэл минь баян, хил маань бүрэн байх юм.