Гадныхан хүссэн "хөгжмөө" захиалдаг болсны илрэл
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.10.20

Гадныхан хүссэн "хөгжмөө" захиалдаг болсны илрэл

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор урьж, ирэх оны төсвийн эргэн тойронд болон “Шударга ёс” эвслийн талаар ярилцлаа.

 -Ирэх онд нийтээрээ бүсээ чангалах шаардлагатайг Засгийн газраас анхааруулах боллоо. Хэдийгээр хэмнэлтийн төсөв гэж буй ч дээд шатандаа тансаглал хэвээр мэт ажиглагдаж байна. Энэ удаагийн төсөвт хэдий хэр хэмнэлт тусгасан байна вэ, ажлын хэсгийн ахлагчийн хувьд тодорхой мэдээлэл өгөх болов уу?

 -Хэмнэлтийн гэхээсээ илүүтэйгээр “иргэдийн халаасыг суйлахад” чиглэсэн байна. Тийм учраас нухацтай хандах, Засгийн газар дахин хэсэгчилэн  боловсруулалт хийж оруулж ирэх шаардлагатай. Түүхэнд байгаагүй хэмнэлтийн төсөв оруулж ирлээ гэж пиардаад л байгаа болохоос судлаад, дүн шинжилгээ хийгээд үзэхээр үнэхээр учир дутагдалтай зүйл маш их байна.

Харагдах байдлаас илүүтэйгээр доторх агуулгад анхаарах хэрэгтэй биз дээ. Хэн хүнгүй л эдийн засгийн байдал амаргүй болж байгааг хэлж байна. Энэ нөхцөл байдал, сэтгэл зүйг далимдуулж, хасахаа л урьтал болгож, хүмүүсийг олноор нь ажилгүйчүүдийн эгнээд шилжүүлж болохгүй.  

Уг нь төсвийг боловсруулахдаа зөвхөн л хэмнэлтийн бодлого баримтална гэхээсээ илүүтэйгээр зарлагыг хэрхэн зохистойгоор  бууруулах ба бүхий л бололцоог шавхаж орлогыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах  зарчмыг баримтлах ёстой шүү дээ. Гэтэл элдэв гоёж гоодсон нэр өгч, хэзээ ч байгаагүй  хэмнэлтийн төсөв, реформ төсөл гэж пиардахаа л бодох юм  .

-Тэгэхээр хэмнэлтийн гэх нэрнээс цаашгүй гэсэн үг үү? 

-Төсвийн зарлагыг сайтар тооцоолж, үнэхээр үр ашиггүй байна уу, гарах сөрөг үр дагавар бий юу, тансаглалд зориулагдсан   уу, үгүй юу гэдгийг нарийвчлан авч үзэх шаардлагатай байна. Тухайлбал, гадаад томилолтын зардлыг  судалж үзье л дээ. Төрийн өндөрлөгүүд гадаадын нэг улсад  ойр ойрхон ар араасаа цуварч  зочиллоо. Дөрвөн жилийн хугацаанд нэг улсад хэдэн ч удаа очив доо. Ингэж асар өндөр зардал гаргаж  шил шилээ даран айлчилснаар  ямар үр дүн гарав аа. Мөн 2016 онд Улаанбаатар хотод болох АСЕМ-д төсөвлөсөн зардал маш өндөр.

Ганц тосгон барихад 120 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээний. Түүнчлэн зочид буудлуудыг дэмжихэд 150 тэрбум төгрөг зарлагдана.  150 тэрбум төгрөгийн  задаргааг харахаар 100 тэрбумаар нь дөрөвхөн зочид буудлыг, үлдсэн 50 тэрбумаар нь 30 гаруй зочид буудалд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.Нэг нь  300.000 еврогийн үнэтэй 50 ширхэг машиныг ойролцоогоор 670 гаруй сая төгрөгийн үнэтэй авсан гэсэн мэдээлэл ч  хэвлэлээр цацагдаад байна шүү дээ. 

-Гэхдээ энэ төсөвтэй шууд хамааралгүй асуудал биз дээ?

-Хэдийгээр төсөвтэй шууд хамааралгүй  Хөгжлийн банкнаас олгож байгаа санхүүжилт ч гэсэн  Монгол Улсын  “мөнгөний  авдараас” гарч байна гэсэн үг. Уг нь ингэж тансаглаж байхаар ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд  зарцуулвал илүү үр дүнтэй биз дээ. Асар үнэтэй 50 ширхэг машин оруулж ирлээ гээд монголчууд бидний амьдралд ямар өөрчлөлт авчрах юм бэ. Эдийн засаг нь хямраагүй эсвэл цалин, тэтгэвэр нэмж байгаа бол өөр хэрэг юм даа гээд зөвшөөрч болохсон.

Гэтэл өнөөдөр  эдийн засгийн байдал хүндэрч, иргэд  бүсээ чангалсаар л байна.  Олон түмэн хэмнээд л  байдаг, дарга даамлууд нь тансаглаад л байвал, эцэстээ туйлдаж, түмэн олны тэвчээр алдарна биз дээ. 

-Тэрхүү зарлагыг хэмнэх үүднээс яамдыг цөөлж, агентлагуудыг ч мөн нэгтгэж, орон тоог багасгах тухай төсөвт бий. Энэ хэр бодит хэмнэлт болж чадах вэ?

-Мэдээж нэгтгэж, цөөлөхөөр дагаад л албан хаагчид ажлаас чөлөөлөгдөж, урсгал зардал ч тодорхой хэмжээгээр буурч л таараа.  Гэхдээ  хямралтай үед хүмүүсийг аль болохоор ажилтай, орлоготой байлгах нь чухал гэж боддог.  Өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээ  тэлсээр байгаа. Олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байна.  

Зарим нь  ажилчдаа цомхотгож байна. Ийм үед  төрийн албыг цомхон болгоно гээд утга учиргүй халаа, сэлээ хийгээд, халж цомхотгоод бужигнуулаад байх нь зөв үү. Төрийн албан хаагчдыг халлаа гэхэд  тэдэнд 3-6 сарын нөхөн олговор хуулиараа  олгох ёстой. Тэр хэмжээгээр үргүй зардал өснө гээд бодолцох асуудал их бий.

 -Тэгвэл яамдыг тоог цөөлөх асуудлыг хэрхэн авч үзэх ёстой юм бол?

-Сүүлийн жилүүдэд төрийн бүтэц  данхайж, төрийн албан хаагчдын тоо огцом өссөн гэдэг нь үнэн.   Гэхдээ яамдыг цөөлж 9 болгоно, агентлагуудыг татан буулгана гэсэн ба харин үүнийгээ 2016 оны 8-р сараас мөрдөж эхэлнэ хэмээн дараагийнхаа Засгийн газрын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байгаа. 

-Та яамдыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээр цөөлөх ёстой гэсэн байр суурийг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Яамдыг   нэгтгэх, орон тоог хэмнэх шаардлагатай  гэж үзэж байгаа юм бол хэмнэлтээ өөрсдөөсөө эхлүүлж,  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүтцийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй.

-Энэ удаагийн төсөв сонгуулийнх гэдгээрээ онцлог. Тэр утгаараа хэтэрхий популист өнгө аястай байна гэх шүүмжлэл ч бий. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Популист гэдэгтэй санал нийлнэ. Судалгаа, тооцоо дэндүү тааруухан төсвийн төсөл оруулж ирлээ шүү дээ. Хэмнэлтийн гээд хэлчихвэл олон нийтэд таалагдана гэж бодсон байх. Ийм арга барилаар асуудалд хуумгай хандаж болохгүй.  

-Аливаа Засгийн газар солигдох бүрт яамдын тоог өөрчилж, төрийн албан хаагчдыг хольж, сольж тоглодог гэхэд болно. Та өмнөх Засгийн газруудыг судалж үзсэн гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-1990 оноос хойших Засгийн газруудын бүтэц, бүрэлдэхүүний талаарх судалгааг  үзэхэд нэг л дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, яамдынх нь тоо их болохоор агентлаг нь цөөрдөг. Яамдыг цөөрүүлэхээр агентлагуудынх нь тоо нэмэгдчихдэг юм билээ. Энэ жишгээр бүтцийн өөрчлөлт хийвэл  ямарч үр нөлөөгүй. Тэгээд ч хямралын үед ажилтай иргэд ажилгүй болж, гэнэт халагдсны тэтгэмж өгөх гээд дахиад үргүй зардал тэр хэрээрээ нэмэгдэнэ.

 Нөгөө талаас нэг албан хаагчийн ард  гэр бүл гэж бий. Өрхийн нэг гишүүн орлогогүй болохоор  амьжиргаа хэцүүднэ. Үүнийг дагаад иргэдийн бухимдал улам л гаарна. Ажилгүйдэл хэт нэмэгдэж, иргэдийн орлого хомсдохоор  нийгмийн уур амьсгал таагүй болж, эсэргүүцэл, тэмцэл өрнөхийг ч байг гэхгүй шүү дээ.

 Ингэж хэдэн зуугаар нь  төрийн албан хаагчийг  “ажилгүйчүүдийн арми”-д нэгтгэснээр хэдэн төгрөг хэмнэхийг ч , гарах үр дүнг ч  тооцоогүй. Хугацаандаа багтаагаад л УИХ-д өргөн барья гээд  зардал танахаа голчлоод хамж шимээд баахан л зүйл оруулчихсан.  Үнэндээ  энэ нь эргээд  УИХ-ын  нэр хүндийг унагаж байгаа юм. 

- Яаж?

-Засгийн газраас оруулж ирсэн аливаа тооцоо судалгаагүй асуудлыг УИХ хэлэлцэхээр олон нийт хууль тогтоох дээд байгууллагаа дэндүү хариуцлагагүй ажиллаж байна гэж хардаг. Засгийн газар ямар ч давсгүй цай, хоол шиг боловсруулалт тааруу хийсэн төслөө  оруулж ирээд “чулуудчихдаг” болоод байгаа. Нөгөөхөөс нь болж УИХ-ын гишүүд хоорондоо маргалддаг. Засч сайжруулах гээд санал зөрөлддөг.

Сүүлдээ бие биенээ дайрдаг, шүүмжилдэг. Энэ дүр зургийг олон нийт хараад 76 ухна, хуц, мангуу гээд элдвээр гоочилдог. Анхнаасаа судлагаа, тооцоон дээр үндэслэсэн ёстой л олны хэлдэгээр “шүүсийг” нь шахсан чамбай төсвийн төсөл оруулаад ирвэл юу ч гэж муулахын дон туссан биш шүүмжлээд байхав дээ. Арай дэндүү түүхий байх юм.  Энэ нь  ажил хариуцаж байгаа албан тушаалтнуудын ажилдаа хариуцлагагүй  хандаж байгаагийн тод илрэл.

Засгийн газрын түвшинд  төсвийн төслөө боловсруулахдаа маш няхуур ажиллаж,  гарах үр дүнг тооцож, орлогыг өсгөх боломжийг эрэлхийлж, салбар бүрийн мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэн, эрдэмтдээс санал авч, ажил хэрэгч хандах хэрэгтэй шүү дээ. Тухайлбал, яамд, агентлагыг нэгтгэснээр хүнд суртал багасах уу. Магадгүй эсрэгээрээ  хүнд суртал нь хэд дахин нэмэгдэж мэднэ. Өмнө нь тус тусдаа хариуцаад явчихдаг  байгууллагуудыг нэгтгэчихээр  үйлчлүүлэх дараалал нь дийлдэхээ больж, танил тал, арын хаалганы асуудал ч гаарахыг байг гэхгүй.

 -Гэхдээ УИХ дээр төсвийн төсөл сайжирна гэхэд учир дутагдалтай. 76 гишүүн тойрог руугаа хөрөнгө оруулалт татах гэж лобби хүртэл хийдэг шүү дээ? 

- Төсвийн төслийг хэлэлцэхдээ  УИХ, байнгын хороод, намын бүлгүүдийн түвшинд ажлын хэсэг байгуулдаг. Уртаас урт  мөрөөдлийн жагсаалт бичээд оруулж ирнэ. Түүнийгээ төсөвт шингээчих гэж зүтгэцгээнэ.  Оруулж ирсэн төсвөөс хэтрүүлэхгүйг Засгийн газраас тулгана.  Ажлын хэсгүүд, гишүүд засч өөрчлөх санал, санаачилга гаргадаг ч эцэстээ  хэвээрээ шахуу л ажлын хэсгийнхны лоббидсон цөөн хэдэн зүйл нэмэгдэж   орсон болоод батлагддаг талтай. Энэ жилийн хувьд зарчмын өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

-Зарчмын өөрчлөлтүүд гэнэ ээ? 

-Нэгдүгээрт, Засгийн газрыг сайн ажиллуулах хэрэгтэй. Болох, болохгүй байгаа зүйлийг нь хэлж, чиглэл өгөөд өөрсдөөр нь дахиад төсвийн төслийг боловсруулмаар байна. Түүнээс Засгийн газрын ажлыг УИХ хийдэг юм биш ээ. Хоёрдугаарт, ажлын хэсгүүд чиглэл тус бүрээр нь ангилж, судалж  ажиллах шаардлагатай болж.  Нийгмийн салбарын чиглэлд юуг хэмнэж, орлогыг яаж төвлөрүүлж болохоор байна.  Хөдөө аж ахуй болон бусад салбар бүрээр нь тэвчиж болох зардлуудыг хасч, тансаглал байвал танаж,  гарцаагүй хөрөнгө оруулалт, зайлшгүй шаардлагатай зарлагыг оруулах гээд хариуцлагатай хандмаар байна аа.

-Нэлээд танасан төсөв болно гэдэг. Энэ үүднээс төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах тухай төсөвт тусгагдсан. Энэ хэр зөв шийдэл вэ? 

-Төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалтад 250 хүн бий. Тэдний дундаж  цалинг сая төгрөг гээд тооцьё л доо. Тэгвэл ердөө л 75 сая төгрөгийн хэмнэлт гарахаар юм билээ. 2000-3000 улс төрийн албан тушаалтны  дунд  сарын 400 мянган төгрөгийн цалинтай ч хүн бий. Ийм бага цалингаас нь 30 хувийг хасах нь зөв үү. Ингэж хүмүүсийн халаасыг тэмтэрч байхын оронд  орлого олох арга замыг эрэлхийлмээр байгаа юм.   Ийм бололцоо бий. Ганцхан жишээг хэлье л дээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед намайг Шадар сайдаар ажиллаж байхад Оюутолгой төслийн санхүүд баримтын шалгалт хийх ажлын хэсэг гарч жил гаруй хугацаанд ажилласан юм.  

Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгалтаар  3.2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Тэр зөрчлийг Дубайд очиж хэрэгсэхгүй болгон тал засч, буулт хийж байхаар бүгдийг нь биш юмаа гэхэд тодорхой хувийг төлүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Бага ч атугай сэтгэл гаргаад, хэлэлцээрээ үргэлжлүүлээд,  10 хувийг нь л  барагдуулахаар  тохиролцсон  бол цомхотгол хийж, цалинг бууруулснаас  хэд  дахин нугалах хөрөнгийг  төвлөрүүлэх боломж байлаа шүү дээ.

 Төсвийн байнгын хороонд энэ тухай албан бичиг хаяглах гээд сууж байна. 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар байгуулагдсан Оюутолгой төсөлд  шалгалтын хэсгийнхний илрүүлсэн 3.2 тэрбум ам.долларын зөрчлөөс хэдэн тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан, ойрын хугацаанд хичнээн төгрөг оруулж ирэх боломж бий эсэхээр асуулга тавьж, тодорхой хариулт авмаар байна.   

-3.2 тэрбум ам.долларын зөрчлийг Дубайд үзэглэсэн гэрээний үеэр авахааргүй болсон юм биш үү? 

-Албан ёсны тайлбараа хийг. 3.2 тэрбум ам.долларын  10 хувь нь  320 сая ам.доллар. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 650-аад тэрбум төгрөг болно. Зөвхөн Оюутолгой ч биш  Тавантолгой, Цагаан суварга гээд томоохон ордууд бий. Ийм орд газруудтай холбоотой авч чадаагүй орлого байвал түүнийгээ  авах хэрэгтэй шүү дээ. 

-Хувьчлалын дараахан олон үйлдвэр хаагдаж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Магадгүй ирэх жил иймэрхүү хөл толгойгүй замбараагүй юм болох вий дээ гэх болгоомжлол зарим хүнээс цухалздаг. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

-Өмч хувьчлалаар  эрх мэдэлд ойр цөөн хүмүүс л хөлжсөн.Үйлдвэр, аж ахуйн газруудыг хуйвалдаанаар дампууруулж, үнэгүйдүүлж завшсан асуудлыг иргэд шүүмжилдэг. Хөдөө орон нутаг, тойргоороо явж уулзалт хийхэд үйлдвэрүүдийг яаж хувьчлан авч хүмүүсийг олноор ажилгүй, орлогогүй, баталгаагүй болгосныг ч, үүнд хэн гээч  улстөрч оролцсныг  ч нэр цохон онцолдог юм билээ. Түмэн олны мэлмийгээс бултаж чадахгүй л дээ. Олны үг ортой гэдэг. Ажилчин ангийнхныг ингэж бөөнөөр ажилгүйчүүдийн эгнээд шилжүүлсний хор уршиг их бий.  

Бухимдсан хүмүүсийн уурыг номхотгох, аргацаахын тулд энэ үеэс  хоосон амлалтын уралдаан  хүчээ авч эхэлсэн юм шүү дээ. Улстөрийн хүчнүүд нэгнээсээ давах гэж амласаар л, иргэд бэлэнчлэх сэтгэлгээд дассаар,  халамж хүртэгсэд олширсон шүү дээ. Эдийн засгийн боломжоосоо давсан популист амлалтууд  нь сүүлдээ улс орныг  хямралд хүргэлээ.   

-Ерөөсөө л төсвийг Засгийн газарт нь буцаасан дээр гэж ойлголоо. Шударга ёс эвслийн бүлгээс байгуулагдсан төсвийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд буцаахаар шийджээ дээ. Зөв үү? 

- Тиймээс богино хугацаанд ажиллаж, үр дүн гаргахын тулд төсвийг тэр чигт нь буцаах уу эсвэл хэсэгчилж сайжруулах чиглэл өгөх үү гэдгийг хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.  Үнэндээ  төсвийн төслийг Засгийн газар руу буцаагаад сайжруулаад оруулаад ир гэвэл  үр дүн гарна гэхэд эргэлзээтэй л байна. Сангийн яамны хэдэн нөхдүүд еэвэнгийн хоёр тал үзүүлж аргалаад сурчихсан. 

-Энэ бүхний буруутан хэн бэ. Ерөнхий сайд уу? 

-Ганцхан Ерөнхий сайд гэлтгүй танхимын нөхдүүдийнх нь хариуцлагагүйг харуулж байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж, хариуцлагатай хандаж, ажлынхаа арга барилыг өөрчлөх хэрэгтэй.  Аман мэх хийхдээ гаргууд юм аа. 

-Аман мэх гэж Дубайн гэрээг хэлээд байна уу?

 -Та бүхэн удаа дараагийн мэдэгдлүүд нь  ямар ажил хэрэг болж байгааг ажиглаж байгаа биз дээ. “Дубайн гэрээг хийчихвэл л  хямралаас гарчихна” гэж хэлж байсан. Одоо байдал ямар байна. Мөн хятадууд Монголоос тэрбум ам.долларын мах авахаар болсон гэж зарласан. Өнөөдрийг хүртэл таг чиг. Өвөл боллоо, амлалтаа биелүүлж махаа хурдан гаргаач ээ.

Хэрвээ биелэх боломжгүй бол үүнийгээ яаралттай  мэдэгдэх нь зүйтэй бөгөөд хий дэмий  хүмүүст горьдлого төрүүлж, сэтгэл зүйгээр нь наадах хэрэггүй. Монгол Улсын Ерөнхий сайдын амнаас унах үг  бүхэн  хариуцлагатай байх ёстой.  Ам, ажил нь  алд дэлэм зөрдөг  байж болохгүй.  

-Төсвийг харж байхад нөгөө л хуучнаараа ялих шалихгүй зүйлд төсөв тусгасан байсан. Жишээ нь, Ленинийн музейг Занабазарын болгож өөрчлөхөд хэдэн тэрбум гэх байдлаар. Иймэрхүү зардал хэр их байна вэ. Өөрөөр хэлбэл, тэвчиж болох зардал? 

-Тийм зардал бишгүй бий. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн суудлын болон ачааны зориулалттай автомашинд зориулж 150 тэрбум төгрөг төсөвт суулгасан байна. Улаанбаатар хотод  хүн амын дийлэнх төвлөрсөн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гээд  улсын төсөвт авах татаасыг болиулж, зарцуулах эрх мэдлийг олгосон. Нэг дүүргийн иймэрхүү асуудлыг дотоод нөөц бололцооноос шийдэх хэрэгтэй. Мөн Ховд аймгийн Жаргалант суманд  Төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая төгрөг зарцуулахаар оруулсан байна. 

-Үүний нэг нь Хавдар судлалын төв...?

-Төсвийн хөрөнгө оруулалтын бодлогод салхи оруулах цаг болсон. Хөрөнгө оруулалтаа яг шаардлагатай зүйлд зарцуулах хэрэгтэй. Зардлаа танаж, төсвөө агшаана гэчихээд үр ашиг багатай зүйлд тарааж цацаад байхаар хэмнэж чадахгүй.  Элэгний хорт хавдар 100 мянган хүн тутамд 61 тохиолддог үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна.

 Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхлэсэн. Гэтэл 2013,  2014 онд санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар зогссон юм билээ. Дөрвөн давхар байрыг дөрвөн жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж чадаагүй л байна шүү дээ. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг  бодохгүй дэндүү байна.

-Жилийн жилд төсвөөс дусал байдлаар мөнгө хуваарилдгийн гор юм биш үү. Улмаар өнөөх жаахан мөнгө нь шат шатандаа хумслагдаж, цонх ч авч чадахааргүй мөнгө хуваарилагддаг гэх яриа бий. Улмаар энд тэндгүй дутуу баригдсан барилга байх жишээтэй? 

-Улсын төсвийн мөнгө дутуу барьсан барилга болж үхмэл хөрөнгө нэмэгдэж байгаа  гажиг байдлыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Ийм ийм барилга барина гээд баахан жагсаалт оруулж ирээд батлуулаад жил бүр л санхүүжилтийн 10, 20, 30 хувийг олгохоор тусгадаг. Энэ нь олон сөрөг талтай. Тухайн жилдээ бүүр болохгүй бол он давуулаад дуусгахаар хөрөнгийг шийдэж байвал энд тэндгүй барилгын каркас, дуусаагүй барилга олшрохгүй шүү дээ. Тухайн ажил гүйцэтгэгч компанидаа ч хохиролтой.  2011 онд нэг ам.долларын ханш ямар байлаа. Өнөөдөр хэд болов.

Гэтэл төсөв нь хэвээрээ л байдаг. Сүүлдээ зардлаа нөхөж чадахгүй болж  аж ахуйн нэгжүүдийг хүнд байдал оруулж байна. Шинэчлэлийн засгийн газрын үед  төсвийн хөрөнгө оруулалтын бодлогод шинэчлэл хийж, он дамжуулан олон ажил хийх гэхээсээ илүү түргэн хугацаанд ашиглалтанд оруулж  үр ашгийг нэмэгдүүлэх алхам хийхийг хичээж байсан даа. Үүний хажуугаар төсөвт суулгах шаардлагагүй ажил их байх юм. Тухайлбал, Дорнод аймгийн явган хүний зам талбай тохижуулахад 600 сая, зөөврийн малын хашаа барихад зориулж нэг тэрбум 10 сая төгрөгийг төсөвт суулгасан байна.

Дорнод аймгийн Хэрлэн суманд зам талбайн тохижилт, явган хүний зам улсын төсвөөс хийгдэх ажил мөн үү. Орон нутагт тодорхой эрх мэдлийг шилжүүлсэн байгаа.  Байгаль орчныг сүйтгээд байгаа  газрын тос олборлогч хэд хэдэн компани Дорнодод бий. Хамаг л баялгийг нь цөлмөдөг, байгаль орчныг доройтуулдаг гэж цоллуулаад байгаа  тэр компаниуд  орон нутгийн санд хөрөнгө төвлөрүүлдөг биздээ. Тэр мөнгө юунд зарцуулагдаж байна вэ. 

-Жил жилийн төсөвт соёлын барилгын ажлуудыг их тусгадаг. Ирэх жилийн төсөвт ч байна билээ. Бас л дуусдаггүй ажлуудын нэг?

-Соёлын төв барина гээд дутуу бариад орхисон  барилгууд бий. 2011 оноос л эхэлсэн ч дуусдаг  ч үгүй. Жил болгон л мөнгө хуваарилдаг. Барилгын ажлын явц нь  ахидаг ч юм уу бүү мэд. Дахиад л мөнгө хэрэгтэй  гэдэг. Ирэх жилийн төсөвт  Соёл, спортын арга хэмжээний барилга байшинд 30-аад тэрбум төгрөг төсөвлөсөн байна билээ.

-Сонгинохайрхан дүүргийн XXIV хороонд 3-4 жил баригдаж байгаа нэг сургуулийн барилга бий. Хэдэн ч жил баригдав?

-Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанд байрлах  сургуулийг хичнээн жил ярив. Мөнгийг төсөвт суулгаад өгчихсөн юм шүү дээ. Баригдаж дуусахгүй байгаа нь тухайн салбарын  яам болон компанийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Уг нь энэ сургууль 3-4 жилийн өмнө ашиглалтад орох байсан. Гэтэл энэ жил дахиад нэмэлт санхүүжилтийг шийдвэл ашиглалтад орохоор болж байна.

Төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлагагүйгээс болж хичнээн их мөнгө алдагдаж, хичнээн хүн хохирч буйг тооцож гаргавал айхтар үзүүлэлт гарч мэднэ. Хэрэв хариуцлагатай байсан бол татвар төлөгчдийн мөнгийг дутуу ухсан нүх, дутуу барьсан байшин, чанаргүй зам болгож хаяхгүй шүү дээ. Энэ бүхнийг хэлж ярихгүй, дэлгэхгүй бол хумсаа нуусан муур шиг гэтэж байгаа завшигчид олон байна.

  -Ирэх жилийн төсвийн гол орлогыг  Оюутолгой, Тавантолгой оруулна гэсэн байсан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж жилийн турш талцаж хэрэлдсэн. Оюутолгойн гэрээг сайжруулах оронд муутгасан луйвардуулсан гэж бие даагчид ам ангайх бүртээ мэдэгддэг. Гэтэл ирэх жилийн төсвийн гол цөм нь дээрх хоёр ордоос бүрдүүлнэ гэж тусгах нь хэр зүйтэй алхам юм бол? 

-Үүний зөв, буруу гэж дүгнэх нь утгагүй юм. Оюутолгой төсөл зогсоогүй явагдаж байгаа. Тэгэхээр татвар хураамж гээд хэр хэмжээний орлого орох эсэхийг  төсөвлөх нь зүйн хэрэг. Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн баримтын шалгалтаараа  3.2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлснийг түрүүн онцолсон доо.

Ердөө Оюутолгой төслийн 2010-2011 оны үйл ажиллагааны санхүүг шалгахад л иймэрхүү байдалтай байсан. Тэгэхээр 2012-2015 он буюу сүүлийн  гурван жилийн хугацаан дахь үйл ажиллагаанд нь шалгалт хийвэл  үүнээс ч илүү ноцтой зөрчлүүд илэрч  ч магадгүй..

-Анхнаасаа алдаа гаргачихлаа гээд хэлсээр байтал дахин бантан зуурчихсан? 

-Оюутолгойн гэрээг байгуулахаас л өмнө мордохын хазгай гэгч болчих гээд байна, сайжруулаач гэж мөн ч их ярьсан даа, бид хэсэг хүмүүс.  Тэр үед эрдэмтэн судлаачдынхаа үгийг ч тоогоогүй.Ийм хэмжээний зөрчил гаргалаа, үүнийг төлүүлэхэд анхаарч ээ, хөрөнгө оруулалтын зардалд том боссынх нь хүүхдийн сургалтын төлбөрийг хүртэл  оруулсан байна , үүнийг хасаач, эргээд монголчууд бид л  төлнө гэж сануулсаар байсан. Гэтэл алдаагаа давтаж болохгүй шүү гээд байхад л Дубайд очоод  өмнөхөөс ч ноцтой алдаа гаргачихлаа.

Бидний хэн  нь ч Оюутолгой, Тавантолгойн төслийг явуулахгүй, гацаах гэсэн зорилгогүй.  Гагцхүү харилцан ашигтай байхаас гадна үр шимийг нь  монголчууд түлхүү хүртээсэй гэсэн сэтгэлээр хандаж алдааг шүүмжилж, учирч болзошгүй эрсдлийн сануулдаг. Бас засч залруулаач гэж шаарддаг. Гэтэл биднийг популистууд,ажил зогсоогч гэж элдэвээр цоллодог шүү дээ. Юу яриад байгааг минь сонсоод хамтран хэлэлцэж, засч сайжруулья гэхийн оронд шүүмжлэгчийн байр сууринаас хандаж байна гэж шүүмжилдэг.

Илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ гэгчээр хандах юм. Үүнээсээ  болоод хийсэн алдаатай алхамууд улам нэмэгдсээр, Оюутолгой төслөөс бидний хүртэх ногдол ашиг авах хугацаа улам хойшилсоор л байна. Энэхүү төслөөс Монголын тал ногдол ашгаа 2023 оноос авна гэж танилцуулж байсан. Одоо зардал өссөн нэрээр 2037 болж хойшиллоо.  

-2008 онд Оюутолгойн гэрээг шүүмжилж байсан хүмүүсийн нэг нь та. 2012 онд байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газарт тэрхүү гэрээг эсэргүүцэж, засч залруулах учиртай гэж байсан нөхдүүд голлох албан тушаалуудыг хашсан. Жишээ нь, та Шадар сайд. Гэвч ямар ч үр дүн гараагүй. Та үүнтэй санал нийлэх үү?

-Шинэчлэлийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт оруулсан. Жил гаруйн хугацаанд мэргэжлийн 24 хүнтэй ажлын хэсэг ажиллаад 3.2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн. Тэгээд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, нийт 30-аад асуудлаас 20 гаруйг шийдээд явж байлаа. Харин цөөн хэдэн зүйл дээр ойлголцож чадаагүй. Та нар ямарч хамааралгүй зардлаа ч хөрөнгө оруулалтад оруулаад яв гэж хүлээн зөвшөөрч буулт хийх боломжгүй шүү дээ.

Тиймээс тодорхой хэсгийг нь ч гэсэн хөрөнгө оруулалтын зардлаас хасах ёстой гэж шаардлага бид тавьсаар байлаа. Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн хандив, бэлэг, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд зэрэгт 214,4 сая ам.долларыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэсэн байдаг.

Энэ мэтчилэн олон ноцтой асуудлууд бий. Зардлыг нарийн ялгаж салгахгүй, хаа хамаагүй зүйлийг ч хамаад хөрөнгө оруулалтад оруулаад байвал монголчуудын өр талийж цаашдаа дааш давшгүй ачаа үүрэх магадлалтай. Хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам ногдол ашиг хүртэх хугацаа холдсоор байна. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын үед зардалд хяналт тавьж үүнийгээ  хөрөнгө оруулалтаас хасаач гэсэн шаардлага тавьж байсан. Гэвч энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад огцорсон шүү дээ. Миний хувьд  өмнөх байр сууринаасаа огтхон ч хазаагаагүй, бас өөрчлөгдөөгүй.

 -Төсвийн тухай яриа руугаа эргээд орьё. Онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай ирэх оны төсөвт тусгажээ. Өнгөрсөн долоон хоногийн чуулганы хуралдаанаар ч энэ тухай хэлэлцээд эхэлсэн. Уг нь ямар ч татварыг нэмэгдүүлэхгүй гэж хэлж байсан Ерөнхий сайдын үг бий. Үүнийг хэрхэн ойлгох учиртай юм бол? 

-Онцгой албан татварыг нэмэгдүүлж, Гаалийн татварыг бууруулахаар оруулж ирсэн байна. Энэ нь тэгээд ямар үр ашигтайг  тооцсон зүйл алга. Хэдэн төгрөгөөр орлого нэмэгдэх гээд нарийвчилсан судалгаа шаардлагатай байгаа юм.  Нэгийг нь нэмээд, нөгөөг хасахаар орлого талаасаа ямарч өөрчлөлт гарахааргүй бол ямарч хэрэггүй. Цагийн гарз л болно биз дээ. 

-Ер нь энэ хямралын буруутан хэн юм бэ? 

-Бид өөрсдөө хямруулаагүй. Энэ нь  гадны нөлөөтэй. Гадаадын эдийн засгийн “алуурчид” манай нам дамжсан олигархиудыг гартаа оруулж, хүссэн хөгжимөө захиалаад дуулуулдаг  болчихоод байгаагийн л илрэл.   Хямрал гүнзгийрэхэд   улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, бидний  өөрсдийн арчаагүй, унхиагүй гээд   нөлөөлсөн зүйл бий л байх. 

-Шинэчлэлийн Засгийн газар Чингис, Самурай гээд бондууд оруулж ирсэн. Тэр үеийн тансаглалын гайг өнөөдөр ард түмэн нуруун дээрээ үүрч яваа нь энэ гэх шүүмжлэлийг сөрөг хүчнийхэн хэлдэг. Үнэхээр ч зээлийн хүүнд орлогын 63 хувийг зарцуулдаг гэх дүгнэлтийг ч эдийн засагч гишүүд тодотгодог. Та тэр Засгийн газарт ажиллаж байсан хүн. Үүнд тодорхой тайлбар хийх болов уу?

-Сөрөг хүчний дуу хоолойг сонсох нь зөв. Улмаар авах,  гээхийн ухаанаар хандвал үр дүн ч гарна. Чингис бондыг босгосон нь буруу гэж үздэггүй. Хамгийн боломжийн үед хямд, бага хүүтэйгээр зээл авч чадсан. Гэхдээ хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой байсан. Энэ тухай Засгийн газрын гишүүн байхдаа ч хэлж, шүүмжлэлтэй ханддаг байсан. Чингис бондыг оруулж ирчихээд төслөө хайгаад эхэлсэн.

Өөрөөр хэлбэл,  бэлтгэлгүй, юунд хөрөнгө оруулахаа шийдээгүй, тооцоо судалгаагүй байсны л гай. Түүнээс ийм төслүүдийг санхүүжүүлнэ, тэдэн жилийн дараа ашгаа өгнө гэдгээ урьдчилаад шийдсэн байсан бол илүү үр дүнтэй байх байсан гэж боддог.

-Гэтэл ихэнх нь авто замд зарцуулагдсан шүү дээ?

-Зарим хүмүүс ихэвчлэн замд хөрөнгө орууллаа гэж шүүмжилдэг. Ер нь  зам дагаж л хөгжил ирнэ. Оновчгүй зүйлд зарцуулсан зүйл бий, бий. Бондын мөнгө дансанд ороод ирсэн ч санхүүжүүлэх төслөө сонгоогүйгээс болоод  удсан гэх мэтчилэн дутагдалтай зүйл байсныг үгүйсгэхгүй ээ.  

  -Эдийн засагчид зээлийн үндсэн төлбөрийг төлөөд эхлэхээр байдал өнөөдрийнхөөс хүндэрнэ гэж мэдэгдээд байгаа?

-Эдийн засагчдын тооцоолж байгаагаар бондын төлбөрийг  2017 оноос төлж эхлэх учир хүндрэл учирч  магадгүй гэдэг. Уг нь ухаалаг, нэг зорилгын төлөө харж, гар нийлж ажиллаж чадвал зээлийг төлөх тийм ч хэцүү асуудал биш ээ. Оюутолгой, Тавантолгой ордоо л зөв ашиглавал бондын мөнгийг яаж төлнө өө гэж толгойгоо маажиж суухааргүй шүү дээ. Гэхдээ ажил ахицтай урагшлахгүй, улстөржилт дэндээд байх юм.  Төмөр зам барина гээд хэдэн жил болов. Овоолсон шороо, нүхтэй л үлдэх шив.

 -Тантай уулзсаных “Шударга ёс” эвслийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. Эвсэл сүүлийн үед эвдрэлцэх болсон. Үүнийг бататгаж Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр нэгнийхээ эсрэг мэдэгдэл хүртэл хийгээд амжлаа. Чухам юу болоод байна вэ?

-Улс төрийн хоёр нам нэгдэж эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцсон. Тийм учраас хоёр намын хооронд, хувь хүний  хувьд байр суурь зөрөлдөх нь  эвэртэй туулай үзсэн мэт цочирдоод байхаар зүйл биш ээ. Энгийн үзэгдэл. Энэ бол харин нам эвсэл эрүүл байгаагийн шинж.

-Хоёр намын даргын мэдэгдэл ч гэсэн үү. Таны хэлж байгааг сонсвол АН-ынхан дотоод зөрчилдөөнөө ардчилал гэж хаацайлдагтай адилхан сонсогдож байна?

-Энэ бол хоёр намын хоорондох байр суурийн  зөрөлдөөн. Түүнээс  АН-ын доторх шиг нэг намын фракциудын тэмцэл биш ээ.  Шударга ёс эвслийн хоёр намын даргын ярианд би оролцоогүй.  “Нэгэнт сонгуульд амжилттай оролцсон тул нэгдээд нэг нам болвол яасан юм” гэж манай намын дарга ярьдаг. Нөгөө намын дарга “Тийм юм байхгүй” гэх зүйл хэлдэг. Энэ бол байдаг л яриа. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр хоёр даргын хоорондох асуудлыг би ярьж, тэрнийх нь зөв гэх нь зохимжгүй юм. Зөрчилтэй янз бүрийн зүйлүүд бий. Нуугаад яах вэ.

-Эвслийн эвдрэлцлийн асуудал ганц нэгдэл дээр яригдаагүй. М.Энхсайханы хэлсэнчлэн МАХН хэтэрхий басамжилсан байдлаар МҮАН-ынханд хандаад байгаа юм биш үү. Н.Батцэрэгийг МАХН-д элсвэл Шадар сайд болгоно гэж байх жишээтэй?

-Зарчимын хувьд өмнө нь тохирсон юм билээ. Өөрөөр хэлбэл, хоёр нам хамтарна гэж. Тэр дагуу МҮАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ц.Цолмон хэлсэн ярьсандаа байна гээд МАХН-д элссэн. Тэр дагуу л нам нэгдэх санал яригддаг. Улмаар Н.Батцэрэг даргад санал тавьсныг   үгүйсгэхгүй. Нэг асуудал  ярингуутаа тэр дороо л  түс тас гээд шийдчихдэг юм биш. Ярьж хэлэлцэж, тохиролцож, санал бодлоо зөвшилцөж байж л шийднэ. Тийм яриа болох нь болсон.Үүнд  айхтар эмзэглээд байх зүйл байхгүй л гэж бодож байна.

-Ганц эвсэл биш МАХН ч гэсэн дотроо бужигнаантай байгаа биш үү. О.Баасанхүү эвслийг эвдээд ч хамаагүй Засгийн газрыг унагана гэж зөрүүдлэх боллоо. Мөн намын даргынхаа эсрэг зүйлийг цахим ертөнцөөр жиргэдэг?

-Хоёр хүний хоорондох асуудлыг шүүж тунгаагаад байх нь утгагүй шүү дээ.

-О.Баасанхүү намаасаа гарах тухай асуудал бий. Нам дээр албан ёсоор яригдсан зүйл бий юу?

-Надтай уулзаж ярьсан зүйл байхгүй. Нам дээр очиж гарна энэ тэр гэж ярьсан үгүйг мэдэхгүй. Ямар ч байсан МАХН-ын  жагсаалтаар О.Баасанхүү УИХ-ын гишүүн болсон. Хувь хүн өөрийнхөө сонголтыг яаж хийх нь түүний хувийн асуудал. Нам дотор жижигхэн маргаан гарах, нэгэндээ шүүмжлэлтэй хандах нь дотоод ардчилалттай байгаагийн л илрэл.  Харин намынхаа бодлогын эсрэг юм уу, хувь хүний тоглолтоор асуудалд хандвал өөр. 

-Сайдын хуваарилалтыг МАХН дотроо хэрхэн хийснийг сонирхож болох уу?

-Манай намын гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд улс төрийн шийдвэр гаргасан. Тэр дагуу л асуудлыг шийдвэрлэсэн.

-Бүлгийн даргын асуудлыг хэзээ эцэслэх вэ. Ямар шалтгаанаар удаашраад байгаа юм бол?

-Бүлгийн даргын асуудал одоогоор яригдаагүй. Намайг өвчтэй байх хойгуур бүлгийн хуралдаан болж, энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хэд хэдэн хүн чөлөөтэй байснаас хойшлуулсан юм билээ. Ойрын хугацаанд энэ асуудал яригдах байх.