Хохирогч бүсгүйг биеэ үнэлэгч мэтээр ойлгуулах гэсэн сөрөг мэдээлэл идэвхжиж эхэллээ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.10.12

Хохирогч бүсгүйг биеэ үнэлэгч мэтээр ойлгуулах гэсэн сөрөг мэдээлэл идэвхжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй нийгэмд дуулиан тариад байгаа хэргийн талаар ярилцлаа. Төв аймгийн Баянчандмань суманд төрийн албан хаагч ажилтан бүсгүйгээ зэрлэгээр тамласан гэх хэрэг гараад байгаа билээ.

Тэгвэл уг хэргийн хохирогч гэх бүсгүйтэй эмэгтэй гишүүдийн төлөөлөл очиж уулзан өмгөөлөгч авч өгөх, сэтгэлзүйн эмчилгээнд хамруулах зэргээр бүсгүйг хамгаалалтад авахаар болсон юм. 

-Харамсалтай хэргийн хохирогч болсон гэх бүсгүйтэй та бүхэн очиж уулзжээ. Аав ээжийнх нь хүсэлтээр очив уу. Эсвэл эмэгтэй гишүүд маань өөрсдөө бүсгүйг хамгаалахыг хүсэв үү? 

-Энэ хэрэг гарснаас хойш хэвлэл мэдээллээр энэ хэргийн талаар янз бүрээр бичиж байна. Хамгийн гол нь үйлдэгдсэн хэрэг аймшигтай, дэндүү хэрцгий байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Эмэгтэй гишүүд уулзаад энэ талаар ярилцсан. Тэгээд дундаасаа төлөөлөгч гаргаад очиж уулзах нь зөв гэж үзсэн. Ийм нөхцөл байдалд орсон маш олон эмэгтэйчүүдийг бид мэддэг. Нэг харахад хохирогч өөрөө хэрэгтэн болчихсон явж байдаг.

Хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийг ихэвчлэн шүүх болон мөрдөн байцаалтын явцад биеэ үнэлэгч байсан мэтээр харагдуулдаг. Маш олон жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж ирсэн. Энэ хэрэг өөрөө төрийн удирдах албан хаагчтай холбоотой. Хэдийгээр гэм буруутай нь тогтоогдоогүй ч сэжигтэн этгээд ял завшчих вий, хохирогч эмэгтэй өөрөө хэрэгтэн болж хувирах вий гэдэг үүднээс бид уулзах ёстой гэж үзсэн. 

-Өмгөөлөгч авч чадахгүй байгаа гэсэн үү. Та бүхэн өмгөөлөгч авч өгөхөөр болсон уу. Хэрэгт холбогдсон нөгөө талын хүмүүс олон өмгөөлөгч авсан гэсэн? 

-Охины аав ээж хоёр хоёулаа малчин хүмүүс юм билээ. Хөдөө мал маллаж яваа хүмүүст хэрэгт хэрхэн өмгөөлөгч авах, охиныхоо нэр хүндийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал мэдэхгүй сэдвийнх нь нэг байгаа. Хүч дутаж байгаа гэдгээ ч уулзах үеэр хэлж байна лээ. Өнгөрсөн хугацаанд Баянчандмань сумын засаг захиргаанаас хэрэг болсоны маргааш нь ганц удаа л ирж уулзсан гэсэн. Гэтэл энэ бүсгүй өөрөө сумын захиргаанд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн ажилтан. Яагаад өөрийнхөө ажилтаны эрүүл мэндийн төлөө сумын удирдлагууд санаа тавихгүй байна вэ гэдэг сонирхолтой л асуудал.

Энэ хэрэгт сэжигтэнээр татагдсан Б.Ханбаатар гэхэд хоёр өмгөөлөгч авсан байгаа. Сэжигтэн Г.Ариунболд гэж Тамгын газрын дарга мөн л хоёр өмгөөлөгч авсан гэсэн. Тэд бол мөнгөтэй, албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс. Харин хохирогч бүсгүй маань ганцхан өмгөөлөгчтэй, дахиад нэг өмгөөлөгч авах гэсэн ч төлбөрийг нь дийлэхгүй байгаа гэсэн асуудлыг ярьж байсан. Мөн авсан өмгөөлөгч нь энэ хэргийг давж чадах уу гэдэгт бид санаа зовж байгаа.

Тиймээс эмэгтэй гишүүд ярилцаад өмгөөлөгч авч өгөхөөр ярилцсан. Ц.Оюунгэрэл гишүүн өмнө нь хүний эрхийн асуудлаар маш олон жил ажилласан. Хүний эрхийн асуудал, стратегийн өмгөөлөгч олж өгөх, хүний наймаа зэрэг асуудлаар ажиллаж байсан туршлагатай. Нэг мэдэхэд л хэрэг нөгөө тал руу явчихсан байдаг учраас хохирогч бүсгүйг хамгаалахад ганцхан эмэгтэй гишүүд ч биш нийгэм өөрсдөө нэг талд зогсох учиртай. 

-Эмнэлгээс гаргах ёстой гэсэн байна лээ. Улсын эмнэлэг рүү шилжүүлсэн үү? 

Хохирогч бүсгүйг биеэ үнэлэгч мэтээр ойлгуулах гэсэн сөрөг мэдээлэл идэвхжиж эхэллээ

-Тэгсэн. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Гэмтэл өөрөө асар их ачаалалтай ажилладаг. Тэгээд ч эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх хагалгаа, эмчилгээг хийсэн учраас эмнэлгээс гаргамаар байна гэсэн. Гэхдээ хохирогч маань өөрөө байнгын хэвтэрт, орноос босч чадахгүй, өвдөлттэй байгаа учраас өөр эмнэлэг рүү шилжүүлсэн. Хүний санаанд оромгүй зэрлэг үйлдэл гаргасан. Хохирогч бүсгүй маань нарийн гэдсээ тайруулсан.

Дотор эрхтэнийг нь төмрөөр сийчээд хаячихсан, давсгийг нь хоёр газар цоолсон байсан. Эндээс болоод нарийн гэдэс нь үтрээ рүүгээ цувчихсан байдалтай эмнэлэгт ирсэн талаар эмч нь ярьсан. Үхжих магадлалтай байсан учраас гэдсийг нь тайрсан гээд маш хүнд хагалгаанд орсон. Мөн хүчтэй зодуурын улмаас уушгинд нь цус хурсан гэсэн эмчийн дүгнэлт гарсан байсан. Үр хүүхэд төрүүлэх тал дээр асуудал байхгүй. Азаар саванд нь ямар нэг гэмтэл байхгүй юм билээ. Эмчтэй нь уулзсан. Биеийн байдал нь одоо харьцангуй сайжирч байна. Өнөөдөр /өнгөрсөн баасан гараг/ Улсын нэгдүгээр эмнэлэгт шилжүүллээ. Гэмтлээс гарвал шууд харьяаллын дагуу Төв аймаг руу шилжүүлчихдэг.

Гэхдээ Төв аймаг руу ойрын хугацаанд очих шаардлагагүй гэж харж байгаа. Яагаад гэвэл, тухайн газар нутаг дээрээ эрх мэдэлтэй албан тушаалтнууд ямар ч дарамт учруулж магадгүй гэж бид хардаад байгаа юм. Мөрдөн байцаалтын явц, асуудал хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг эмэгтэй гишүүд анхааралтай ажиглана. Хэрэгт холбогдсон Баянчандмань сумын удирдах албан тушаалтнууд сүүлийн үед хохирогч бүсгүйн талаар янз бүрийн буруу мэдээлэл цацаж байгаа. Бараг л биеэ үнэлэгч байсан мэтээр зохион байгуулалттай, хоёр эрэгтэй хүнтэй зэрэг явдаг байсан юм билээ гэдэг мэдээлэл цацаад эхэлчихсэн. Хөөрхөн улаан хацартай, юугаа ч мэдэхгүй л охин. Би лав тэр бүсгүйг хоёр эрэгтэй хүнтэй зэрэг уулзаж байсан гэдэгт итгэхгүй. Малчин айлын эвдрээгүй хүүхэд харагдсан. Өмөөрөх хүнгүй гэдгээр нь тэд охиныг дээрэлхэж байна. 

-Болсон үйл явдлын талаар юу ярьж байна вэ. Хэвлэлээр янз бүрээр л бичих юм? 

Хуралд сууж байхад нь Тамгын газрын дарга Г.Ариунболд хүн явуулсан байна лээ. Хөдөө малын гоц халдварт өвчин гарсан тул яаралтай ир гэсэн. Хэрэг гарсан газар нутаг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт гарсан гоц халдварт өвчинд би яагаад очих ёстой юм бол гэж бодсон ч удирдлага дуудсан учраас очсон юм билээ. Гэтэл гоц халдварт өвчин биш айлын унага тамгалах найранд очсон гэсэн. Г.Ариунболд санаатайгаар худлаа ярьсан байгаа юм. Санаатайгаар худлаа хэлж бүсгүйг авч явсан хүнд хариуцлага тооцох ёстой.

Гэтэл гадуур сул чөлөөтэй явж байгаа. Мөн Г.Ариунболд өөрөө тэр охиныг нийслэлд авч ирсэн. Эхлээд нэг хувийн эмнэлэгт хандаад, дараа нь нэгдүгээр эмнэлэг рүү авч явсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт авч ирсэн байна лээ. Тэгээд би энэ охиныг хээр хэвтэж байхад нь олсон. Огт танихгүй гэж мэдүүлэг өгсөн байсан. Энэ асуудал гарч ирэхэд өөрөө нэг газар хамт ажиллаж байсан байгаа байхгүй юу. Өндөр үнэтэй өмгөөлөгч аваад хоёр хүнтэй зэрэг явалддаг байсан, биеэ үнэлэгч мэтээр нийгэмд ойлгуулах гэж байгаа нь үнэхээр аймшигтай. Бид эцсээ хүртэл энэ охины талд зогсоно. Гэр бүлийн хүчирхийлэл яг ийм байдлаар үйлдэгдэж байна. Ажлын байрны бэлгийн дарамт ч яригдана. Дарга бол охины хувьд удирдлагаас гадна хамт олон ойр дотны хүн нь гэсэн үг шүү дээ. 

-Охиныг өмгөөлөх талаар өмгөөлөгч нар санал тавьж байна уу. Нэн яаралтай л өмгөөлөгч олохгүй бол нийгэмд буруу зөрүү ойлголт гарч эхэллээ? 

-Өмгөөлөгчийн асуудлыг Ц.Оюунгэрэл гишүүн ярьж байгаа. Эмнэлгийн асуудлыг би хариуцаад явж байна. 

-Нэгдүгээр эмнэлгээс удахгүй гар л гэж хэлнэ. Тэрний дараа хэрхэх вэ. Бүсгүйн хувьд бол мэдээж сэтгэцийн асар хямралтай байгаа. Ийм үед нь цагдаа шүүх байсхийгээд дуудах хэцүү байх нь тодорхой. Сэтгэлзүйч авч өгөх талаар анхаарч байна уу? 

-Гэмтлийн эмнэлэг дээр сэтгэлзүйчийн тусгай үйлчилгээ байхгүй. Нэгдүгээр эмнэлэгт хэвтүүлсний дараа сэтгэлзүйч авч өгнө. Нутагтаа очвол албан тушаалтнуудын дарамтад орох учраас эмнэлгээс гаргаад үргэлжлүүлэн сувилалд хэвтүү­лэх зэргээр анхаарна. Сэтгэцийн хувьд маш хүнд байгаа нь тодорхой. 

-Улс төрийн өнцгөөс ярих хүн их байна. Сонгуулийн шоу ч гэж хэлэх юм. Эцэг эх нь эргээд энэ бүхнийг ярилаа гэж заргалдах нөхцөл байдал үүсэх вий? 

-Хувь хүний нууцыг задаллаа гэж ярьж байна. Гэхдээ үнэн мөнийг нийгэмд зөвөөр ойлгуулахгүй бол охин өөрөө чимээгүй байх тусам нөгөө талаас дайралт ирнэ. Өөртэй нь ярилцсан, аав ээж нь ч хэргийн талаар үнэн зөв мэдээлэл нийгэмд гаргахыг хүссэн. Гэхдээ бид охины аав ээж болон зургийг олон нийтэд дэлгэхгүй. Хохирлоо нөхүүлж чадахгүй, хохироод өнгөрөх магадлалтай учраас та бүхэнтэй хамтарч байгаад асуудлын эцсийг хүртэл явна гэж тэд хэлсэн. Тиймээс хувь хүний нэр хүнд гэхээс илүүтэй бид нийгэмд зөв мэдээлэл хүргэж, албан тушаалтнуудын эсрэг нийгмээрээ дуугарах ёстой.

Эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг бид тууштай тэмцэх ёстой. Энэ улс төр биш. Энэ ямар нэг сонгуулийн шоу биш. Наад эмэгтэй чинь биеэ үнэлэгч гэдэг дайралтаас бид адилхан бүсгүй хүнээ л хамгаалж байна. Хүмүүс ямар муухай сэтгэлтэй болоо вэ. Ийм аймшигтай хэрэг гарчихсан байхад яагаад эмэгтэйн талд биш хэрэгтэний талд дуугарч, тэднийг өмгөөлөөд байна вэ. Би үүнд маш их цочирдсон.

-Би адилхан эмэгтэй хүн. Бүсгүйчүүдийн нэр хүнд яагаад ингэтлээ уначихсан юм бэ. Яагаад эмэгтэй хүн нэр холбогдсон хэрэгт бүсгүй нь буруутай болоод байна вэ? 

-Араб зэрэг орнуудад эмэгтэйчүүдийн эрхийг хэн ч үл тоодог. Чулуугаар цохиж хөнөөдөг сэтгэлгээ байдаг. Яг түүн шиг манай улсад эмэгтэй хүн бүхэн биеэ үнэлэгч мэтээр ярьдаг, ойлгодог сэтгэлгээ бий болох гээд байна. Бид бүгдээрээ охидуудтай. Таны, миний охидуудад хэзээ нэг өдөр ийм зүйл тохиолдвол яах вэ. Муу амалж байгаа юм биш. Тиймээс бүсгүй хүний эрхийн төлөө бид эцсээ хүртэл явна. Энэ хэрэг эхнээсээ хэрхэн шийдэгдэх, хаана хүрэхийг бид нийгэмд нээлттэй мэдээллээд явна. Гэр бүлийн хүчирхийллийн хуулиа нэн яаралтай шийдэх шаардлага байна. Эмэгтэй гишүүд үргэлж анхаарч явна.

Эрүүгийн хуульд энэ асуудлыг бичсэн. Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг тусгах шаардлага байна. Хамтран амьдрагч, эр нөхрөөс гадна ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл бол яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд автсан хохирогч хэсэг хугацааны дараа өргөдлөө татаад авчихдаг тохиолдол их байдаг. Нөхрийнхөө, хамтран амьдрагчийнхаа, найз залуугийнхаа дарамт шахалтаас болж өргөдлөө буцаагаад авчихдаг. Тэгвэл шинэ хуульд хохирогч өргөдлөө татсан ч гэсэн сэжигтэн этгээдээр заавал хохирлыг төлүүлдэг, эсвэл хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол хариуцлага хүлээлгэх талаар тусгаж өгнө.

Нөхөр нь би зодож л байдаг, энэ өргөдлөө татчихдаг юм гэж эмэгтэйг удаа дараа зодож, дарамтлахгүй байх нөхцөл үүгээр бий болно гэж харж байгаа. Энэ охиныг өргөдлөө буцаагаад тат гэж дарамтлах магадлал өндөр байгаа. Албан тушаалаар далайлгаж юу дуртайгаа хийж болдог гэдгийг энэ хэрэг харууллаа. Арай л дэндүү.