Нутгийн удирдлагын байгууллагууд гэмт хэргийн эсрэг хамтарч ажиллана
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зарим асуудал” сургалт семинар боллоо.
2014.11.18

Нутгийн удирдлагын байгууллагууд гэмт хэргийн эсрэг хамтарч ажиллана

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зарим асуудал” сургалт семинарыг зохион байгууллаа.

Тус семинарт НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурын удирдлагууд, төлөөлөгч нар оролцлоо.

Мөн Монгол Улсын Хууль зүйн яам /Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс/, Замын Цагдаагийн газар, МУИС-ын Хуулзүйн сургууль, НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын холбоо зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон сургалт, эрдэм шинжилгээний, иргэд, олон нийтийн байгуулагууд оролцсон юм.

Энэ удаагийн семинараар Хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” болон “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг, иргэд, олон нийтийн байгууллагуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлан хийж буй ажлын үр дүн, сайжруулах санал, Цагдаагийн байгууллагуудаас Нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүрэг, хороондоо хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн, сайн туршлага болохуйц ажил, санаачлагуудаа танилцуулан харилцан мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр семинарын зохион байгуулагч Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл өөрийн байгууллагынхаа зорилго үйл ажиллагааг танилцуулж, Нутгийн удирдлагын байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр цаашид олон талын санал санаачилга гарган идэвхтэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Тус сургалт семинарт оролцогчдоос гаргасан санал санаачилгуудыг нэгтгэн Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс нэгдсэн УРИАЛГА гаргаж, оролцогч байгууллагуудад хүргүүлсэн байна. Нийслэл, дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллагууд уг уриалгыг дэмжиж цаашлаад хэрэгжүүлсэнээр иргэд, олон нийтийнхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөө ажиллахад томоохон ахиц гарна гэж зохион байгуулагчид үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.