Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх семинар болно
Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг
2014.11.13

Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх семинар болно

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх асуудал” сургалт семинарыг 2014 оны 11 сарын 14, 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус семинарт Нийслэлийн ИТХ-ын дарга, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх  захирал Ц.Батгэрэл болон Улаанбаатарын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцоно.

Мөн  Монгол Улсын Их Сургууль, Монголын оюутны холбоо,  Сурагчдын холбооны төлөөлөл оролцох юм. Семинараар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын эрхзүйн чадамж, түүнийг нэмэгдүүлэх асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу, “Аюулгүй Улаанбаатар”-ыг бүрдүүлэх чиглэл, зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй  “Student police”, “ School police” төслийн үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцоно.

Энэ үеэр нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргүүдийн зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.