Бүх насаар нь хорих заалттай “Эрүүгийн хууль”-ийн шинэчлэл
2000-2010 онд нийт 40119 хүн шоронгоос суллагдсан ч 47% нь дахин гэмт хэрэг үйлдэж аавын хаалгыг татжээ
2015.06.22

Бүх насаар нь хорих заалттай “Эрүүгийн хууль”-ийн шинэчлэл

Монгол улс 2002 онд “Эрүүгийн” гэх тодотголтой хуулийг баталснаас хойш 13 жил өнгөрч дээрх хугацаанд арав гаруй өөрчлөлтүүдийг оруулсан аж. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулга нь хуулийг маш өргөн хүрээтэйгээр өөрчилж байгааг өнгөрөгч долоо хоногийн чуулган дээр УИХ-ын дарга З.Энхболд эхэлсэн.

Нийтдээ хуулийн 100 гаруй заалт дээр гишүүдээс саналыг нь хурааж, үгийг нь сонсоно гэсэн. Тиймээс ч Баасан гаригт хуралдахдаа цаг сунгасан хэдий ч УИХ-ын чуулган ирц бүрдээгүйн улмаас хойшилж маргааш тусгай чуулганыг зөвхөн “Эрүүгийн хуулийг” хэлэлцэхээр зарлаад байна.  Харин энэ удаа уншигч та бүхэндээ хуулийн шинэчилсэн найруулгийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Хуулийн төсөлд дэх “Ял”-ын төрлүүд тухайд

1. Торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр оногдуулахаар зааж, уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих

2. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэх, ялыг эдлүүлэх хугацаа нь нэг зуун хорин цагаас дөрвөн зуун наян цаг, уг ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих, хөдөлмөрийн чадваргүй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, эцэг, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд оногдуулахгүй байх 

3. Гэрийн хорионд байлгах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар зааж, тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэхээр заана.

Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих юм.

4. Хорих ял нь хугацаатай ба бүх насаар хорих гэсэн хэлбэртэй. Хугацаатай хорих ял нь долоо хоногоос хорин жил хүртэл, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин таван жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэхээр заана.

Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн хална. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал ялаас чөлөөлж болох талаарх зохицуулалтыг шинээр оруулна.

5.Эрх хасах ялыг гэмт хэрэг үйлдсэн хүний төрийн болон нийтийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглож нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэх зэргээр өөрчлөгдөж байгаа юм.

Харин Өсвөр насны хүнд оногдуулах ял нь:

1. Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 16 наснаас, тодорхой төрлийн гэмт хэрэгт 14 нас байхаар хуулийн төсөлд тусгахдаа урьд уламжлан ирсэн 7 төрлийн гэмт хэргийг тусгана. Эрүүгийн хариуцлага нь өсвөр насны хүн бүрт хорих ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтууд тусгагджээ.

2. Хүмүүжлийн чанартай арга хэмжээ буюу өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахааргүй бол шүүхээс тодорхой хугацаагаар хүмүүжүүлж хянан харгалзах арга хэмжээг хэрэглэхээр заажээ.

Түүнчлэн албадлагын арга хэмжээний төрлийг дараах байдлаар тусгажээ. Үүнд:

1. Тэнсэх албадлагын арга хэмжээ нь гадаадын ихэнх орны Эрүүгийн хуульд ял хойшуулж хянан харгалзах /parole/, ял оногдуулахгүйгээр тэнсэж харгалзах /probation/ зэргээр хэрэгждэг байна. Энэ туршлагыг судлан үзэж хэлбэрийн хувьд ердийн гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх,

хор уршгийг арилгах хүсэлтээ илэрхийлсэн бол шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тодорхой хугацаанд болзол бүхий үүрэг өгч, зарим үйлдэл, үйл ажиллагаанд хязгаарлалт тавих хэлбэрээр хэрэгжихээр тусгана.

2. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нь одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтаас зарчмын хувьд өөрчлөгдөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчнөөр өвдсөн хоёр тохиолдолд ялыг хэрхэн эдлүүлэх асуудлыг нарийвчлан заана.

3. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь тухайн хүнд ногдох, хөрөнгө орлогоос албадан гаргуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх зохицуулалтыг тусгана гэх зэргээр албадлагын шийтгэлүүдийг өөрчилжээ.

Дашрамд хэлэхэд Хуулийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмээнд хүрээгүй бол гэмт хэрэг биш гэж шийдвэрлэж байгаа нь хуулийн зарчмыг гажуудуулахад хүргэж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн.

Учир нь 2000 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 13 удаа өөрчлөгдсөн байна. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дунджаар жилд 7272 хүн хорих ял эдэлдэг бол хорих байгууллагаар дамжиж байгаа хүмүүсийн тоо 12000 байгаа аж. Харин улсын хэмжээнд 2000-2010 онд нийт 40119 хүн шоронгоос суллагдсан ч 47% нь дахин гэмт хэрэг үйлдэж аавын хаалгыг татжээ.