МАН ард нийтийн санал асуулгыг сонголоо
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хоёр ч удаа Төрийн ордонд хуралдав. Оройн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол нар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
УИХ-ын сонгуулийн хуулийн зөвшилцөл, хэлэлцүүлгээр сүүлийн өдрүүдэд нэлээд ээдрээтэй байдал үүссэн. Төслийн 95 хувь дээр УИХ-ын гишүүдийн санал нэгдсэн ч сонгуулийн холимог тогтолцоонд пропорциональ давамгайлах уу, мажоритар давамгайлах уу гэдгийг АН, МАН-ын бүлэг тохиролцож чадалгүй өдий хүргээд байна. Зөвшилцөх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд найман удаа хуралдаж, өнөөдөр үндсэндээ тохиролцоонд хүрсэн талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. МАН-ын бүлэг 76 суудлын 52 –ыг мажоритариар, 24-ийг пропорционалиар сонгох хувилбарыг дэвшүүлсэн байна. Харин Ардчилсан нам 50 суудлыг пропорционалиар, 26-г мажоритариар гаргах хувилбар дээрээ хатуу байгаа. Дундын хувилбар олох гэж нэлээд хэлэлцсэн ч аль аль нь хатуу байр сууриасаа ухрахгүй өнөө өглөөг хүргэсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга тайлбарлав.
Чуулган завсарлах хугацаа тулсан. УИХ-ын даргад дахин 14 хоногоор сунгах эрх бий тул долдугаар сарын 9-10 хүртэл хаврын чуулганыг үргэлжлүүлж болно гэж гишүүд үзжээ. Сонгуулийн хуулийг гацаанаас гаргахын тулд МАН-ын бүлэг ард нийтийн санал асуулга явуулж, шийдвэрлэх арга замыг сонгосон гэдгээ сэтгүүлчдэд хэлэв. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг 1993 онд баталснаас хойш хэрэглээгүй бөгөөд санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсвэл УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй хэсгийн саналаар өргөн барьж болдог аж. Монгол төрийн бодлогын хамгийн амин чухал гол асуудал болох сонгуулийн тогтолцоог УИХ-аар бус ард нийтээр хэлэлцүүлж сонгох нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Ингэд үүнийгээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан байна. Ардчилсан намын бүлэгт энэ талаар мэдэгдсэн, тэдний олонх гишүүн дэмжиж байгаа, гэхдээ эцсийн шийдвэр гаргаагүй байгаа аж. Зөвхөн Сонгуулийн хууль ч биш, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарим асуудлыг санал асуулгад хамтатгах юм байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ.
“Төрийн дээд эрхийг ард түмэн барьдаг. Тэгэхээр сонгуулийн асуудлыг зөвхөн дан ганц УИХ-аар шийдүүлж болохгүй гэж МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл үзлээ” гэж Ө.Энхтүвшин гишүүн мэдээлэв. Санал асуулга явуулахад тийм ч их урт хугацаа шаардагдахгүй гэж үзэж байгаа юм байна. Гэвч наадмаас өмнө хугацаа байхгүй тул намрын чуулганаар шийднэ. Түүнээс наана ард нийтийн санал асуулгыг хийхээр төлөвлөөд буй юм байна. Сонгуулийн санал хураалт болохоос зургаан сар үлдсэн тохиолдолд Сонгуулийн хуульд гар хүрдэггүй хуультай. Гэхдээ тэр болтол тодорхой хугацаа бий тул санал асуулгаа явуулаад хуулиа баталж амжина гэж тооцож байгаа юм байна. Ирэх долоо хоногийн даваа гаригт бүлгүүд, хоёр, гурав дахь өдөр байнгын хороод, пүрэв, баасан, мөн ажлын өдөрт шилжээд байгаа бямба, ням гаригт нэгдсэн хуралдаан хийж санал асуулгын төсөл дээр ажиллан шийдвэрлэж болно гэж МАН-ын бүлгийнхэн үзжээ. Энэ хагас, бүтэн сайнд ч төсөл дээрээ суухаар болсон байна.
2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлийг давтахгүйн тулд түүнээс сэргийлж Сонгуулийн хуулиа ард нийтийн оролцоотойгоор чамбай гаргах ёстой гэж МАН-ын бүлэг шийджээ. Гишүүн Ж.Энхбаяр “Монголын ашигт малтмалын нөөц дэлхий нийтийн анхааралд орсон энэ эгзэгтэй үед ард түмэн сонгох эрхээ яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ өөрсдөө шийдэг. Нам төлөвшсөн гэж үзвэл намаа сонгог, эсвэл эх оронч хүнээ таниад сонгоно гэвэл хүнээ сонгог. Тиймээс МАН нийт ард түмнээсээ асуухаар шийдлээ” гэлээ.