Д.Ганхуяг:
2011.06.29

Д.Ганхуяг: ''Роснефть"-ийн ерөнхийлөгч сайдад дахин санал тавьсан

АН пропорциональ давамгайлсан буюу 50:24 хувилбар дээр хоёр нам зөвшилцтөл бүхий л асуудлаас завсарлага авахаа мэдэгдсэн. Түшээдийн өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн Сонгуулийн хуультай давхцан шатахууны хомсдол Монголыг нөмрөв.

Эдгээр асуудлыг хоёр нам хэрхэн эцэслэх гэж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа. Намын бүлгээс зөвшилцөх ажлын хэсгүүд байгуулагдсан боловч өнөөг хүртэл тохиролцож чадсангүй. Эцэстээ АН, намууд хоорондын гэрээ, хамтарсан Засгийн газрын төрийн хөтөлбөрт орсон пропорциональ давамгайлсан сонгуулийн тогтолцоог шийдэх хүртэл УИХ-ын бүтцийн үйл ажиллагаанаас завсарлага авсан хэвээрээ байх шийдвэр дээрээ туйлбартай зогссоор байгаа билээ.

gankhuyag_10-Шатахууны хомсдолд аж ахуй нэгжүүдийг буруутгасан мэдэгдлийг МАН-ын бүлгийн дарга хийж байна лээ. АН-ын тухайд бүлгийн хурлаар дээрх асуудлыг авч хэлэлцсэн. Чухам ямар байр суурь баримталж байгаа бол?

-Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэгч компаниуд зохион байгуулалттай хомсдол үүсгэж байгаа талаар төрийн байгууллагын холбогдох хүмүүс нь мэдээлэл хийж байхыг сонссон. Зохиомлоор хомсдол үүсгэвэл хариуцлага тооцно гэсэн заалт Өрсөлдөөний тухай хуульд бий. Тэр тундаа монополь болон давамгай байдалтай аж ахуй нэгжүүд улмаар дундаа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд зохиомлоор хомсдол үүсгэх, эсвэл хуйвалдаж үнэ хөөрөгдвөл хариуцлага тооцох заалттай.

Энэ нь зах зээлийн эдийн засгийн бүх оронд ийм л байдаг. Гэтэл хууль хэрэгжсэнгүй. 2009 оны зургаадугаар сард Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэн баталсан. Тухайн үед хуучин өрсөлдөөний агентлагийг улс төрөөс хараат гэсэн үндэслэлээр ажиллаж чадахгүй байсан талаар дүгнэлт гарсан байсан. Учир нь давамгай байдалтай аж ахуй нэгжийн "хувь нийлүүлэгч" нар нь ямар нэгэн байдлаар улс төртэй холбогдсон байдаг. Иймээс Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны ил тод байдал болон улс төрөөс хараат бус бие даасан байдлыг хангах үүднээс МХАУГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, МҮЭ гэхчлэн гурван газраас төлөөлөл оруулж зохицуулах зөвлөл байгуулахаар хуульчилсан. Гэтэл Засгийн газар зөвлөлийг одоо хүртэл байгуулаагүй, дүрмийг нь ч баталсангүй.

-ЭБЭХ-ний сайд, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга нарын мэдээлэлд та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэр дундаа нөөц хэтэрхий бага байна гэж шүүмжилж байсан байх аа?

-Д.Амарсайхан даргын өчигдрийн мэдээллээр нефть, А-80 нь 14 хоногийн нөөцтэй гэсэн. Шатахуун ийм л нөөцтэй байдаг талаар ярьсан. Стратегийн барааны нөөцийн тухай хуульд арай илүү нөөцтэй байхаар хуульчилсан. Гэвч энэ заалт хэрэгжээгүй бололтой. Мөн одоо олборлож байгаа түүхий нефтийн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд 2008 оны сонгуулиас өмнө өөрчлөлт оруулах хугацаа болсон талаар ярьж байсан. Харамсалтай нь, өнөөг хүртэл өөрчлөлт орсонгүй.

Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүн нөөцлөх агуулах ч алга. Гадныхан зээл тусламжаар барьж өгье л гэж байсан. Гэтэл бүтсэн ажил нэг ч алга. Улс орон даяар хууль хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй Засгийн газар нь хуулиа мэддэггүй ярьдаг байдал газар авсаар байна. Намын бүлгээс дуудсан үед нь аргацаасан хариулт өгчихөөд, өөрийг нь томилсон "босс"-уудынхаа үгээр гүйсээр байна.

-Эцэстээ Монгол Улсад хариуцлага гэж огт алга гэсэн үг үү?

-Чи намайг хөөгөөд, би чамайг хөөгөөд гэдэг шиг хариуцлагагүй байдал газар авлаа. Засгийн газар эсвэл тухайн сайд нь хууль хэрэгжүүлэх үндсэн үүргээ умартах болж. Уг нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2008 оноос хойшхи жил бүр батлагддаг эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нефть боловсруулах үйлдвэртэй болох, асуудал УИХ-аар батлагдсаар ирсэн. Нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гаргах зорилго ч мөн адил.

Нэг тонн барелль нефтийн үнэ 50 ам.доллар байхад нүүрснээс гаргаж байгаа нефть зардлаа нөхөх боломжтой. Харамсалтай нь өнөөдөр цаасан дээр буусан зүйл алга. Гэтэл УИХ-ын гишүүд эсвэл эрх баригч намын дээд байгууллага нефть боловсруулах үйлдвэр барих талаар чиглэл өглөө хуулийн төсөл өргөн барилаа, ажлын хэсэг байгууллаа гэж ярьсаар байна. Угтаа бол УИХ өмнө гаргасан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянах, хууль хэрэгжүүлээгүй хүмүүст хариуцлага тооцох зарчим үйлчлэх ёстой.

Нэг үгээр хэлбэл, Монголын төр хөл толгойгоо алдчихаад байна. УИХ нь гаргасан хууль тогтоомждоо хяналт тавьж чаддаггүй. Засгийн газар нь хэрэгжүүлдэггүй. Хариуцлага тооцох гэхээр олонхоороо хамгаалдаг. Ер нь энэ нам гэдэг чинь бохир мөнгөний үүр, хариуцлагагүй хүмүүсийг өмгөөлдөг газар болжээ.

-ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод "Роснефть''-ээс захиа ирсэн эсэх талаар мэдээлэл бий. Энэ талаар бүлгийн хурал дээр хөндөгдсөн гэл үү?

-АН-ын бүлгийн хуралдаан дээр энэ асуудлыг ярьсан.

-Захидал чухам ямархуу агуулгатай юм бол оо?

-Өмнө ч ийм асуудал яригдаж байсан. Зөвхөн бөөнөөр нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх биш манай хэрэглээ нь өсч байгаа жижиглэнгийн зах зээл дээр хамтарч ажиллах саналыг "Роснефть"-ийн ерөнхийлөгчийн зүгээс салбарын сайдад дахин тавьсан байсан. Дээр нь шинээр баригдах олон улсын онгоцны буудалд нефтийн бүтээгдэхүүний том агуулах ложистик барих талаар хамтарсан компани байгуулах саналыг нэмж гаргасан байна. Энэ бүхнийг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийднэ гэж ойлгож байна.

-Бүлгийн хурлаар Д.Зоригт сайд, Д.Амарсайхан дарга нарыг огцруулах асуудал хөндөгдсөн гэсэн. Асуудлыг эцэслэсэн үү. Бүлэг тэрхүү саналыг УИХ-д өргөн барих уу?
-Хариуцлагагүйн зуд болж байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй байдал гаргаж байгаа талаар ярьсан. Тэгээд ажлын хэсэг байгуулахаар болсон. Гэхдээ хэн нэгнийг огцруулах асуудлаар ямар нэг шийд гараагүй.

-Тоглоомын дүрмээ тохирч чадалгүй АН бүхий л асуудлаас завсарлага авснаар төрийн ажил гацаанд орлоо. Ийм байдал гаргаж болно гэж үү?

-УИХ байгуулагдсаныхаа дараа л хоёр намын бүлгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнийг дахиж гаргахгүй байх, сонгуулийг будлиангүй явуулах, улс орны ирээдүй, нийт сонгогчдын сонгох эрхийг сайн тусгасан, хойч үеэ бодсон пропорциональ давамгайлсан тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлэхээр байгуулагдсан. Гэтэл улс төрийн амьдрал эрчимжиж, дараагийн сонгууль дөхсөн энэ үед асуудлыг шийдвэрлэхээр оруулж ирлээ. Уг нь хугацаа алдаж болохгүй гэдгийг олон дахин ярьсан. Сонгууль дөхөхөөр ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахаар шийдсэн хүмүүс өмнөх байр сууринаасаа өөрчлөгддөг гэдгийг олонтаа сануулсан ч нэмэр болсонгүй.

-МАН-ыг хэлж байна уу?

-Өнөөдөр олонх нь ярьж тохирсон зүйлээсээ буруу хараад суучихлаа. Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа гэрээнд сонгуулийн тогтолцоог пропорциональ байдлаар явуулах талаар тусгасан. Тэр ч бүү хэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч бий. Гэтэл өнөөдөр можаритор давамгайлсан пропорциональ тогтолцоог сонгоно гэж зөрүүдлэх боллоо. 2008 онд Монгол Улсыг 26 тойрогт хуваасан. Гэтэл одоо 52 болгож, хоёр дахин жижигсгэх гэнэ.

Өнөөдөр сонгогдох хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийг биш Монгол Улсын болон 1.2 сая сонгогч улмаар 2.7 сая гаруй монголчуудын эрх ашигт нийцэх тийм сонгуулийн тогтолцоог УИХ гаргамаар байна. Сонгогчдын эрх ашгийг 51 хувь нь баярлаад 49 нь гомддог можаритор давамгайлсан тогтолцоог халж 60-аас доошгүй хувь сэтгэл хангалуун байдаг пропорциональд түшиглэх нь зүйтэй. Иймээс АН анх пропорциональ давамгайлсан тогтолцоог дэмжиж байсан тэр байр суурин дээрээ байх ёстой.

Ер нь жижиг тойргийн тоо ихсэх тутам орон нутгийн төсөв санхүүгийн эрх ашиг хумигдах нь ойлгомжтой. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо зөв шийдэж чадвал, төсвийн тухай хуулийн төслийг энэ хүрээнд баталж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлмээр байна.

-МАН-ын айдас нь ганц МАХН албан ёсоор нэрээ авч Н.Энхбаяр дахин "амилсан"-тай л холбоотой юм биш үү?

-Ардчилсан Монгол Улсад хэн ч тэр тусмаа иргэд үзэл баримтлалаараа нэгдэж улс төрийн нам байгуулах эрхтэй. Түүнээс биш эрх барьж байгаа хэдхэн хүн бүхнийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлдэг байж болохгүй. АН-д ч гэсэн ийм зовлон их л байсан. Бидэнд тав, зургаа салж байсан үе бий. Гэхдээ эцсийн хариуг ард түмэн гаргана. Гол нь өөрсдөдөө ашигтай сонгуулийн тогтолцоог сонгох, хуульчлах гээд улайраад байх нь явцгүй үйлдэл. Шударга өрсөлдөөд сонгогдвол сонгогдоод, сонгогдохгүй бол тэр л биз дээ.

-Уг нь можаритор тогтолцоогоор сонгууль явуулбал танд ч гэсэн ашигтай хувилбар юм биш үү. Та тойргоосоо дахин сонгогдох найдвар өндөр байж мэдэх юм?

-Миний хувьд УИХ-д хоёр удаа сонгогдлоо. Магадгүй өөрийгөө бодвол можаритор нь дээр байж магадгүй. Гэхдээ тэр хамаагүй. Гол нь УИХ дээр 76 тэрбумыг тойрог уруу зулгаадагтай адил тойргийн асуудал ярихаасаа илүүтэй улс орны нийтлэг эрх ашгийг ярьдаг гишүүд УИХ-д олонх баймаар байна. Хоёрт, сонгогчдын саналыг илүү ихээр тусгадаг пропорциональ давамгайлсан тэр тогтолцоо чухал. Тойргийн асуудлыг аймаг, нийслэл, дүүрэг, сумын ИТХ-д өгье л дөө.

-Тэгвэл тоглоомын дүрмээ 50:26-аар тохиртол АН завсарлага авсаар байна гэж ойлгож болох уу?

-Завсарлага авсаар байна гэж бодож байна. Энэ бол ганц АН-ын эрх ашиг биш улс орны хувь заяатай холбоотой асуудал. Хамтарсан засгийн газарт байгаа AH, МАН хоёр бол нэг зоосны хоёр тал. Тиймээс нэгнийгээ илүү санал авчих вий гэсэн жижиг бодлоосоо салмаар байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.