2010.10.14

Д.Ганхуяг: Ядуурал буурахгүй байхад намуудын рейтэнг өссөн нь ойлгомжгүй

-Ойрын өдрүүдэд байнгын парламент бий болсны 20 жилийн ойн өдрүүд тохиож буй. Байнгын ажиллагаатай парламентад хоёр дахиа сонгогдоод буй УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцсан юм. 

-Өнөөгийн Монгол Улсын парламентын хөгжлийг юу гэж тодорхойлох вэ?

-Монголын парламент төлөв­ших шатандаа явж байна. Монгол Улс чөлөөт ардчилсан сонгуулийг тав дахь удаагаа явууллаа. Энэ бол том амжилт. Гэхдээ цаашид иргэний бүртгэлийг будлиангүй ил тод болгож, сонгуулиа маргаангүй шударга явуулах нь чухал. Энэ нь  монголчуудын олон улсын хэмжээн дэх нүүр царай, улс төрийн соёл, ардчилал, хөгжлийн  түвшинтэй хол­боо­той юм.

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс төрийн хувьд ямар өөрчлөлт гарсан бол. Парламентын болон ерөнхийлөгчийн засаглал хоёрын алийг нь илүүтэйд үздэг вэ?

-Улс  төрийн тухайд томоо­хон өөрчлөлт, ахиц гарсан. Хоёр лагерийн үзэл сурталын тэмцэл дуусч социалист лагер тарсан.Ингээд Социалист орнуудаас тоотой ганц нэг орноос бусад нь ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгосон. Гэхдээ манай улсын сонгосон зам хөгжлийн тодорхой түвшинд хүрэхэд цаг хугацаатай шаардлагатай ч  илүү ирээдүйтэй гэж боддог. Өнөөгийн байдлаар Монгол Улс түүхий эдийн болон ашигт малтмалын олборлох үйлдвэрлэлийн гэсэн олон тулгуурт бус эдийн засгийн бүтэцтэй  байна. Эндээс улбаалаад нэг хүнд ногдох ДНБ-ээр  авч үзвэл хуучин социалист лагерын  орнууд дотроо ч нилээн хойгуур яваа. АН ардчилсан хувьсгалын II шатыг мэдлэгт суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний “Үйлдвэржилт” гэж зарласан. Би хүн ам, газар зүйн байршил, геополитик талаасаа бодсон ч парламентын засаглалыг дэмждэг. Хаврын чуулганаар “Парламентын засаглалд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн заалт бүхий шинэчилсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлалцсан.

-Та өмнөх парламентад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн болон энэ парламентад ямар хууль санаачилж, хэрэгжүүлэв?

-Өмнөх 2004-2008 парламентын үед 40 орчим ажлын хэсэгт орж ажиллажээ. 2007-2008 онд Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан юм.

 

Энэ парламентын үед дөр­вөн 10-ийн татварын шинэт­гэл, Монгол Улсын иргэн бүрт  газар өмчлүүлэх,  Жижиг дунд үйлдвэрийн,, барилгын тухай, Хот байгуулалтын төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах, Ашигт малтмалын, Санхүүгийн түрээсийн тухай зэрэг олон хуулийг санаачилж, ажлын хэсэгт оролцсон байдаг.

Энэ парламент шинээр бүрдээд хоёр жил боллоо. Энэ хугацаанд төсвийн болон эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаж, 20 гаруй ажлын хэсэгт орж ажиллаад байна. Өрсөлдөөний, Хүний хөгжил сан, концессын, Төр-хувийн хэвшлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол, Сонгуулийн, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Нэмүү өрт­гийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төс­лийг санаачиллаа. Мөн жил бүрийн мөнгөний бод­лого, Төсвийн ту­хай хууль, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэгт орж ажилладаг.

-Та Монгол-Японы парла­ментын бүлгийн даргаар өм­нөх парламентын үед ч ажиллаж байсан. Энэ хүрээ­нд хийгдсэн ажил их л бий байх?

-2004 оноос эхлэн зургаан жил УИХ дахь Монгол-Японы парламентын  бүлгийн   ахлагчаар ажиллаж байна. Анх манай бүлгээс 2006, 2007 оныг Монгол дахь Японы жил, Япон дахь Монголын жилийг санаачилсан. Бүл­гийн оролцоотойгоор жижиг дунд үйлдвэр, байгаль ор­чинд зориулсан  30 орчим сая.долларын, 40 жилийн хуга­цаатай, эхний 10 жил үндсэн зээлийг төлөхгүй, жилийн 0.75 хувийн хүүтэй хоёр шаттай зээл хэрэгжсэн. Энэ онд хоёр дахь үе нь эхэлнэ. Монгол Улс аялал жуулчлал хөгжих асар их потенциалтай орон. М.Энхболдын Засгийн газрын үед Японы талаас манайд олон улсын онгоцны буудал барих санал тавьсан нь өдгөө хэрэгжиж байна. Ойрын жилүүдэд хоёр орны хооронд богино хугацаанд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажил явагдаж байна. Ингэснээр Мон­голын бизнесийн орчныг олон улсын түвшинд хүргэх,  Японоор дамжин Ази Номхон далайн орнуудын дэлхийн эдийн зас­гийн интеграцид оролцох бо­ломж бүрдэх юм.

-Монголын парламентын үйл ажиллагаа, бодлого бо­ловс­руулах явц, батлагдаж буй хуулийн чанар хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-Хууль боловсруулах про­цесст олон нийтийн оролцоог хангах асуудлыг хуульчлах шаардлагатай. Хуулийн заал­туудын давхардалт, жижиг зөрчил, хуулийн хэрэгжилт хангалтгүй, гүйцэтгэх засаг­лалын болон дунд, доод шатанд хүнд суртал их байгаа нь үнэн. Энэ бүхнийг засч, сайжруулах хэрэгтэй байна.  Иймээс  төрийн их, дээд сургууль, холбогдох эрдэм шинжилгээний бай­гуул­лагыг оролцуулахаас гадна, хувийн хэвшлийн бодлого боловсруулагч байгууллагыг та­тан оролцуулах хэрэгтэй. Бусад орны туршлага ч ийм. Мөн хуулийн хэрэгжилт сул байгаа нь дөрвөн шалтгаантай. Ямар ч хууль баталсан төрийн байгууллагын эрх мэдэл, орол­цоог нэмэгдүүлэх болдог. Үүнийг өөрчилж тухайн ха­рил­­цаанд оролцогч, хувийн хэвшил, ТББ-ын эрх, үүргийг хангадаг болбол хуулийн хэрэг­жилт сайжирна. Хоёрт, хуулийг боловсруулах процесст олон нийтийн оролцоог хангах. Гуравт, УИХ өөрийнхөө батал­сан хуульд тавих хяналтын үр дүнг сайжруулах. Энэ талаар УИХ-ын гишүүн асуулт, асуулга тавьдаг ч яриад л өнгөрдөг. УИХ-ын ажлын хэсэг ажиллаж санал, дүгнэлтийн мөрөөр зохион байгуулах ажил учир дутагдалтай. Парламентын олонх цөөнхийн удирдлагын ман­лайлал, бодол олон ний­тийн анхааралд байх нь ихээ­хэн чухал. Парламентын үзэл баримтлал, бодлогоор мэт­гэл­зэх, оновчтой бодлогын шийдвэр гаргах явц муу. Дөрөвт, гүйцэтгэх засаглалд хяналт тавьж, хариуцлага алд­сан хүмүүстэй улс төрийн хариуц­лага тооцдог тогтолцоо үгүйлэгддэг.

-УИХ-ийн гишүүн Засгийн газрын гишүүн байх нь зөв үү?

-Энэ нь  ердийн жишиг. Гэхдээ Засгийн газрын гишүү­ний 30-50 хувийн хооронд хэл­бэлздэг байх. Манай орны тухайд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний тоо 10 хүрчихээрээ УИХ-ын Засгийн газарт тавих хяналт сулардаг. Иймээс Ерөнхий сайд, ерөнхий чиг үүргийн сан, гадаад харилцаа, хууль зүй, батлан хамгаалахаас бусад сайдыг парламентыг гаднаас бүрдүүлэх нь зохистой. Мөн Ерөнхий сайдын эрх, мэдлийг бага, сага нэмэгдүүлэх шаардлагатай. Эд­гээр асуудлыг хуульчилмаар санагддаг.

-Энэ удаагийн парла­мен­тыг хэрхэн дүгнэж бай­гаа  вэ?

-Парламентад илт олонхтой мөртлөө ард түмний сонголтыг озоорч, үндсэн хуульд нийц муутай стандарт бус Засгийн газар байгуулсан явдал. Мэ­дээж сайн муу тал бий ч аль тал нь дийлэхийг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, цаг хугацаа харуулна биз. Гэх­дээ эрх барихаас илүү эрх баригчдад  иргэдийн байр суу­ринаас хяналт тавих,  тооцох хариуц­лага  тодорхой байх нь чухал гэдгийг бодох хэрэгтэй.

-Монголын парламент улс орныхоо тогтвортой, хур­дац­тай хөгжлийг хангахад ямар асуудлыг шийдвэл хурдан хөгжих вэ?

-Ардчилсан төр, зах зээлийн нийгмийн гол суурь хуулийг 10-14 жилийн өмнө баталсан. Бүх салбарт Үндсэн хуулийн өөрчлөлтөөс  мэдээллийн ил тод байдал хүртлэх эрх зүйн шинэтгэл хийх цаг нь болсон. Бага  хэмжээний  мэс заслаар хол явахгүй. Үр дүн муутай  халамж,  төрөөс хамаарсан иргэний тоог ихэсгэдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх. Ажилгүйдэл ес, ядуурал 35, өрхийн зарлага орлогоосоо 20 орчим хувиар давлаа.

Мэдлэгт суурилсан бо­ловс­­руу­лах үйлдвэрийг хөг­жүү­лэхэд санхүү, зээлийн таа­ламжтай орчин чухал. Монгол Улс өнөөгийн байдлаар олон улсын хэмжээнд, төв банк­ны үнэт цаасны хүү, арилжааны банкны хүүгээрээ хойноосоо айргийн тавд ордог. Боловсруулах үйлдвэрийн жи­лийн ашиг дунджаар 5-10 хувь. Тиймээс жилийн 20-30 хувийн хүүтэй зээлтэй байхад боловсруулах үйлдвэрлэл, хөрөн­гийн зах зээл жинхэнэ утгаараа хөгжих боломж хомс. Үүнээс шалтгаалаад 40-өөс дээш насныханд ажил олддоггүй. Иймд гурван жил ярьсан хөгж­лийн банкийг яаралтай байгуулах хэрэгтэй.

-Намуудын төлөвшил, шинэчлэл,  үзэл  баримтлалаа   ярьж байна. Намуудын рей­тинг өсч байна гэж ярих боллоо?

-Ажилгүйдэл өмнөх үеэсээ нэмэгдсэн, ядуурал хэвээрээ байхад намуудын рейтенг өссөн нь сонирхууштай. Шинэчлэл мэдээж чухал. Гэхдээ юуг шинэчлэх вэ, тулгамдсан асууд­лыг хэрхэн шийдвэрлэхийг ярь­маар байна. Тусгаар тогнолоо Үндсэн хуулиараа тунхаглаж, ардчилсан төр, ардчиллаараа баталгаажуулсан байхад тус­гаар тогнол гэж их ярих нь популизмаас хэтрэхгүй байх.

Намууд 20 жил үзэл баримт­лалын эрэл хийх, эсвэл ардчилсан, либерал үзлийг ярьж тэр нийгмийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн намын удирдлага  өнөөдөр үзэл ба­римт­­лал гэж мэдэхгүй хэмээн хариу­лах нь хариуцлагагүй асуу­дал. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалгүй нам шүншиггүй бурхантай адил гэж илэрхийлж болох байх. Намууд зүүний чиглэлд өрсөлдсөөр байгаа нь манай орны хөжилд садаа болсоор байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.