Д.Ганхуяг: Ардчилсан нам бол цөөнхийн өмч биш
2010.08.27

Д.Ганхуяг: Ардчилсан нам бол цөөнхийн өмч биш

УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас  сүүлийн үеийн зарим анхаарал татсан асуудлаар тодруулга авлаа.

-Та Оюутолгой гэрээг анхнаас нь эсэргүүцэж байсан хүний нэг. Сүүлийн үед Оюутолгойтой холбоотой сөрөг мэдээлэл их цацагдах боллоо. Энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

Тухайн үед эсрэг саналтай байсан.Одоо ч гэсэн энэ гэрээг сайжруулах ёстой гэсэн байр суурь хэвээрээ. Саяхан Оюутолгойн ТУЗ-д орсон Монголын талын  нэртэй улстөрч “Боловсронгуй луйврын гэрээ” гэсэн утгатай үг хэлсэн нь сонинд гарсан байсан. Энэ нь уг гэрээг явуулахгүй гэсэндээ биш. Учир нь Монгол Улсад ашиг багатай гэрээ болсон. Гэрээг энэ байдлаар батлахад АН-аас З.Энхболд, Н.Батбаяр бид гурав, МАХН-аас Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар эцсийн хэлэлцүүлгийг дуустал эсрэг саналтай байсан.

-Гэрээг эсэргүүцэж бай­сан хэд хэдэн шалтгаан байсан гэдэг. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Оюутолгойн нөөцийг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцож борлуулалтаар нь үнэлвэл гурван зуун тэрбум гаруй ам.долларын баялаг бий. Хөрөнгө оруулагч таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл манай улс өөрийнхөө баялгийг өчүүхэн ч үнэлээгүй. Харин ч бүр энэ баялгийг ашиг­лах компанийн хөрөнгө оруулалтын  34 хувийг худал­дан авч, хүүтэйгээ нийлээд  1.2 орчим тэрбум долларын өртэй болж, энэ төсөл хөд­лөхөөр болсон. Өөрөөр хэлбэл өөрийнхөө баялгийг өөрөө худалдаж авсан гэсэн үг. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй. Энэ компанийн 34 хувийг монголчууд  шууд эзэмшээд явах боломж байсан уу гэвэл хангалттай тийм боломж бай­сан.

-Эрх баригчид Оюу­тол­гойн гэрээг эргэлтэд оруулахын тулд “Айвенхоу майнз” гэх компанид найр тавьж, 68 хувийн татвараа тэглэсэн гэгддэг?

-Оюутолгойн ашиглалтын лицензийг ашиглаж байгаа  Оюутолгой “Айвенхоу майнз” компани олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгож байна. Оюутолгойн хэмээх  дэлхийн хэмжээний энэ том орд байгаа учраас л тэр. Иймдээ ч тухайн компанийн хувьцаа үнэтэй арилжаалагдаж буй. Харин энэ монголын баялгийг барьцаалж босгож буй хөрөнгө   манай улсад ямар ч хамааралгүй байсаар байна. Манай улс 68 хувийн татвараа тэглэсэн.Зэсийн үнэ 2003 оноос  өмнөх олон жилийн дундаж 2000 ам.долларын хавьд хэлбэлзэж байсан. Одоо 6000-8000 ам.долларын хэлбэлзэж байна. Тиймээс төрийн авдаг татвар нэмэгдэх нь ойлгомжтой.

-Нөөцийн төлбөрийн тухай хуулийг оруулж ирэх­дээ Оюутолгойд хамаа­рахгүй гэсэн үндэслэлээр өргөн барьсан байсан. Ийм байж болно гэж үү?

-УИХ-ын 57 дугаар тог­тоолын дагуу Оюутолгойн гэрээг батлах талаар Засгийн газарт УИХ үүрэг өгсөн.  Гэвч энэ нь хэрэгжээгүй. 68 хувийн татварыг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэж буй учир шаталсан нөөцийн тат­варыг нэмэгдүүлж оруулж ирэх үүргийг өгсөн юм. Гэтэл хуулийн төслийг оруулж ирэхдээ Оюутолгойд хамаа­рахгүй  байхаар өргөн барьсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрт үйл­чилнэ. “Эрдэнэт” үйлдвэр Монголын ард түмэнд ашгаа өгсөн. Ялгаа нь Монголын төр Эрдэнэтэд 51 хувь, Оюу­толгойд 34 эзэмшдэгт байгаа юм. Нөөцийн төлбөр бол нийт борлуулалтаас авдаг, төрөөс бүрэн авч болох ганц татвар. Энэ төлбөрийн хувь хэмжээ манайд зэсийн үнэ 2-3 дахин өсчихөөд байхад таван хувьтай байгаа, олон улсын жишгийг харгалзаж наймаас доошгүй хувьтай болгох хэрэгтэй.Эндээс эрхтэнүүд хэний талд үйлчилээд байгаа нь харагдана байх. Ийм байдалтай болчихоод байна. Эндээс Холбогдох хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэж бодох болсон.

-Гэрээ батлагдсаны дараахан 100 сая ам.долларын урьдчилгаа авлаа гэгдэж байсан ч эцэстээ өнөөх нь зээлийн урьдчилгаа болж хувирсан. Үүнд ч бас асуудал бий болов уу?

-Тиймээ. Урьдчилгаа төл­бөр гэдэг ойлголт бол авлагаасаа авахыг хэлдэг. Зээлийн урьдчилгаа буцааж төлөгдөх мөнгийг хэлдэг нь энэ нийгмийн жам.Ингэж олон түмнийг мунхруулж болохгүй л дээ. Хариуцлагатай, хяналттай төртэй газар бол энэ том хариуцлагын асуудал яригддаг. Сүүлдээ ч  ард түмний сонголт, хуульт ёсны дээгүүр юуны төлөө хамтарсан нь ч ойлгогдохоо байлаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтаа хэдий хэр хуга­цаанд нөхөх талаар та судалгаа гаргасан байсан. Судалгаа хэр үндэслэлтэй вэ?

-Оюутолгойг 4320 ам.дол­лараар тооцоход 4.7 жил, 5000-аар тооцвол гурван жил, 6000-аар тооцвол 2.5-3 жилийн дотор ашгаа нөхнө. Ордыг ашиглаж эхэлснээс хойш шүү дээ. Ийм ашигтай бизнес манайд ч хаана ч ховор л доо.Мөн Оюутолгойн гэрээ 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас хүчинтэй болох байсан. Ингэхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолын   хөрөн­гө оруулалтыг   нөх­сөнөөс  хойш  34 хувиа төл­бөр­гүй­гээр эзэмших, цаа­­шил­­бал Монголын эзэмш­лийн хэмжээг 50 хүртэл хэм­жээгээр нэмэгдүүлэх утга­тай заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл чимээгүй гэрээ хүчинтэй болох хугацаа ойртохоор нь нэр бүхий 11 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын 57 дугаар тогтоолд хэрэгжилтийг хэрхэн хангах талаар Д.Дэмбэрэл даргад шаардлага хүргүүлсэн. Гэтэл байдал эсрэгээрээ эргэж энэ засгийн газар  дээрх гэрээг хугацаанаасаа өмнө хүчин төгөлдөр болсныг зарласан. Энэ нь Хамтарсан Засгийн газар хууль зөрчсөн гэж үзэж болох талтай.

-Ардчилсан нам, Ард­чилсан хүчний холбооны уулзалтууд хугацааны хувьд давхардах болсон нь олныг гайхшруулж байна. Бас ч үгүй хардлага төрүүлэх боллоо. АН-ын Үндэсний зөв­лөлдөх хорооны гишүүн, Ардчилсан хүч­ний холбооны дэд ерөн­хийлөгчийн хувьд үүнд тодорхой хариулт өгөхгүй юу?

-АХХ бол төрийн бус байгууллага.  АН бол улс төрийн олон ний­тийн бай­гууллага. Монголын ард­чил­лын манлайлагч улс төрийн хүчин. Чуул­ган завсарласны дараа­хан АН орон даяар бүсчилсэн чуулга уулзалт хийнэ гэсэн мессеж илгээсэн байсан. АХХ тавдугаар сард “Монголоо шинэ­чилье” гэдэг уриа­тайгаар орон даяар үйл ажиллагаа явуулахаар хэдийн шийдвэрлэж, бэлт­гэлээ хангасан бай­сан. Гэтэл хуга­цааны хувьд давхардаж таарлаа.

-Энэ нь санамсаргүй үйлдэл гэж үү?

-Намыг удирдлага төлөөл­дөг. Гэхдээ шийдвэр гаргах байгууллагууд нь мэдээж намын их хурал, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл гэж бий. Улс орон даяар зохион байгуулах ажлыг заавал гүйцэтгэх зөв­лөлөөрөө хэлэлцэж, хэрхэн ажиллах, ямар асуудал ярихаа тохиролцож, шийдвэрлэх дүрэмтэй. Манай намын дүрэм улс төрийн намын тухай хуулийн дагуу батлагдсан байдал. Гэтэл ийм зүйл болсонгүй. Мессежээр л мэдээлэл ирсэн. Иймээс л давхардаад  байх шиг байна. Хамтарч хийсэн ч болох л байсан. Гүйцэтгэх зөвлөл ажиллахгүй, хуралдахгүй болсоор уджээ. Намын удирдлага намыг төлөөлдөг. Түүнээс биш цөөн хэдэн хүний өмч  биш л дээ.

-Сүүлийн үед танай намын гүйцэтгэх зөвлөл хуралдахаа больсон юм шиг. Үүнээс болж нам доторх зохион байгуулалт алдагдсан гэх яриа ч гарах боллоо. Энэ үг ортой байх нь ээ?

-Гүйцэтгэх зөвлөл хурал­дахгүй болсоор удаж байна. Монголын ардчиллын түүчээ парламентад олон суудалтай АН, үндэсний хэмжээний чуулга уулзалт зохион бай­гуулахдаа гүйцэтгэх зөв­лөлөөрөө заавал хэлэлцэх учир­тай. Ингэснээр урьдчилан бэлтгэл ажил хангагдах юм. Ингэснээрээ хэд гурван дарга нар биш бүх л бүтэн намын бүтэц ажиллах болно. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. АХХ нь ирээд явдаг. Араас нь АН нь чуулга уулзалт зохион байгуулаад явах нь онцгүй. Гэхдээ зөрчилдөөд байгаа асуудал бага байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.