Хүний төлөөх хуульч гишүүн
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.08.07

Хүний төлөөх хуульч гишүүн

Магадгүй ан хийдэггүй, архи уудаггүй гишүүнийг нэрлэ гэвэл 75 хүн нэгэн зэрэг “Тэмүүжин” гэх биз.

Их Эзэн Чингис хааны багын нэрээр дуурсах алдараа овоглосон түүний хувьд энэ Парламент хоёр дахь нь. Өмнө тэрээр 2008 онд Нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдон төр түшилцсэн бол 2012 онд намын жагсаалтын гуравт бичигдэн гишүүн болсон. Тэр даруйдаа Шинэчлэлийн засгийн газарт багтан “Хууль зүйн сайд” гэх засгийн газрын чухал албан тушаалд суусан. Мэдээж түүнийг сайдаар томилогдоход цааргалж хүлээж авсан хүн бага байлаа. Учир нь тэр бол хуулийн хүн.

1998 онд МУИС-ын Хууль зүйн сургуулийг дүүргэж, багшаар ажиллаж байсан хуультай амьдралаа холбосон нэгэн. Мэдээж амжилтаараа цалгиж яваа нэгнээ доороос нь татдаг монгол хүний хуншгүй занг тэр сайн мэднэ. Түүний 2013 оны хавар оюутан бүсгүйтэй холбон, давхар хар тамхины хэрэгт орооцолдуулсан. Үнэхээр л тэгсэн юм шиг мэдээлэл зурагт, радио, цахим сайтууд гээд дамжуулахгүй хэрэгсэл байхгүй байлаа. Гэсэн ч тэр бүх гүтгэлгүүд дараа нь зохион байгуулсан хэрэг гэдэг нь тодорхой болсон. Энэ талаар ч гэсэн Х.Тэмүүжин гишүүн УИХ-ын чуулган болон байнгын хороонд үг хэлэхдээ үргэлж сануулдаг.

Цагдаа хүчний байгууллага хэдий ч хамгийн гол нь ард түмний төлөө үйлчлэх хэрэгтэй гэсэн түүний зарчим тус байгууллагыг хоёрхон жилийн дотор өөрчилсөн.

Түүний сайд байхдаа хийсэн хамгийн том зүйл нь Цагдаагийн байгууллагын шинэчлэл. Цагдаа хүчний байгууллага хэдий ч хамгийн гол нь ард түмний төлөө үйлчлэх хэрэгтэй гэсэн түүний зарчим тус байгууллагыг хоёрхон жилийн дотор өөрчилсөн. Мэдээж үүнд нь цагдаагийн хувцас хэрэглэл ч гэсэн орно. Анхандаа “цагдаа нар бүгдээрээ загасчин болоо юу” гэсэн утгатай мессежүүд твиттерээр нэг жиргэж байлаа. Цагдаа нар өөрсдөө шинэ хувцсандаа дургүйцээгүй. Харин ч халуунд толгойг нь халаахгүй, биед хөнгөн, загвар сайтай хэмээн магтсан. Угаасаа хуучинсаг сэтгэлгээ нь давамгайлсан ард түмэн шинэ зүйлийг хэрхэн хүлээж авах нь тодорхой.

Түүнчлэн тэрээр Тахарын албыг сэргээсэн нь том шинэчлэл мөн байлаа. Хувьсгалаас өмнө хууль зүйн системд байсан албан тушаалыг орчин цагт дахин гаргаж ирснээр гэрч хохирогчийг хамгаалах байгууллагагүй байсан монгол улсын хуулийн салбар илүү хүнээ дээдлэлдэг болсон. Үүнд түүний оруулсан хувь нэмэр их. Саяхан Монголын нэгэн томоохон шүүгч ярилцлагандаа “Тахарын алба бол шүүх байгууллагад маш хэрэгтэй” хэмээн хэлсэн нь түүний хийсэн ажлыг үнэхээр хэрэгтэй зүйл байсан гэдгийг дахин нэг сануулах шиг болсон. Харин түүний дараа Хууль зүйн яамыг удирдаж байгаа хүн түүний хийсэн болгоныг өөрчилж эхэлсэн нь түүнд арваас илүү “харамсах” шалтгаануудыг төрүүлээд байгаа. УИХ-ын чуулганд үг хэлэх болгондоо “Би харамсаж байна” гэж хэлдэг. Гэхдээ түүний ямар ажил хийж, юу бүтээснийг ард түмэн мэдэж байгаа.