Ховдын хязгаараас ирсэн ажилсаг залуу
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.07.31

Ховдын хязгаараас ирсэн ажилсаг залуу

Хоёр дах удаагаа парламентад сууж буй түүний хувьд онцгой байгаа. Учир нь УИХ-ын гишүүний үүргээс гадна Их хурал дахь МАН-ын бүлгийн даргын албыг давхар хашдаг. Ингэснээр намын бусад гишүүдээс илүүтэйгээр анхаарлын төвд байж хэлэх үг, хийж буй үйлдэлдээ хянамгай байна гэсэн үг. Зарим хүмүүс МАН-д лидер байхгүй гэдэг.

Ямар сайндаа л Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшүүлэхэв дээ хэмээн халагладаг. Гэхдээ тийм биш юм. Тэгж ярьдаг хүмүүс бүгдээрээ хуучин МАН-ыг хараад байх шиг. Гэтэл МАН доторх шинэчлэлт нөгөө намуудаас арай хурдан байж залуу хойч үе нь хүч түрэн орж байгаа. Тэдний нэг нь яах аргагүй Ховд нутгийн хүү С.Бямбацогт.

Түүний алсын хараа аль эрт 2003 онд улс орны хөгжлийн суурь нь дэд бүтцийн салбар гэдгийг сайтар ойлгож зам барилга, угсралтын “Алтайн зам” ХК-ийн 51 хувийг худалдаж авснаар харагддаг. Жараад сая төгрөгийн өртэй байсан уг компани жинхэнэ эзэндээ очсоноор алдагдлаас гараад зогссонгүй Мянганы замын баруун бүсийн гол зам болох Баян-Өлгийд бүтээн босголтын ажил хийж, Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудаас хэдэн зуун ажилчин элсүүлэн ажлын байр шинээр бий болгож, улс эх орондоо үр өгөөжөө өгч байгаа.

Ийм нэгэн овсгоотой залуу улстөрчийг МАН-ын бүлгийн даргаараа сонгосон нь энгийн нэгэн тохиолдол биш. Харин ч илүү алсыг харсан “нүүдэл” болов уу гэлтэй.

Түүнчлэн хөдөлмөрлөх гэдгийг биеэрээ мэдэрсний хувьд хувийн хэвшлийнхэн, аж ахуй нэгжийн зовлон жаргалыг сайн мэддэг нэгэн. Арав ч бай, арван мянган ч бай хүнийг ажлын байртай болгож, төрдөө татвар төлсөөр байхад дэмжлэг ирдэггүй. Бор зүрхээрээ ажиллаж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж ахуй нэгжүүдээ яагаад дэмжихгүй байна вэ гэдгийг төсвийн байгууллага руу мөнгө цацах дуртай эрхмүүдэд байнга хэлдэг. Бас бэлэн мөнгө тараах нь ард түмнийг утсан хүүхэлдэй болгож байна хэмээн шүүмжилдэг.

 “Иргэддээ бэлэн мөнгө тарааж ажил хийх сонирхлыг унтрааж байгаа нь утсан хүүхэлдэй болгож, ажиллах хүчийг үгүй хийж байгаа явдал. Ийм байдлаар амьдарвал монголчууд ямар ч чадваргүй болж мөхөх аюул нүүрлэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж байгаа хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Тэдний төлсөн татвараар төрийн албан хаагчид цалинжиж байгаа. Өмнө нь гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа гишүүд шийдвэр гаргахад хайнга хандаж, олон нийтэд таалагдахын тулд засч өөрчилж дураараа загнадаг болжээ. Татвар төлдөггүй, орлого нь тодорхой бус, дан цалингаараа амьдардаг хүмүүс яаж тансаг амьдардаг нь сонин” хэмээн ний нуугүй хэлдэг нь түүний шударга занг илтгэнэ. Алс хязгаарын Ховдын тойрогтоо үргэлж санаа тавьж, зав гарвал нутаг руугаа зүглэдэгт нь нутгийнхан нь ам сайтай байдаг.  Харин ирэх жилийн сонгууль түүний хувьд үнэхээр онцгой гэдэг нь дамжиггүй. Мэдээж Ховд нутагтаа дахин өрсөлдөх нь тодорхой. Тэрээр 2012 оны сонгуульд бизнесмэн хүн улстөрд дөрвөн жил хэрхэн боловсорсон тухай байсан бол ирэх жил жинхэнэ улстөрч хүний хувиар сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй. Түүнчлэн нам нь хамтарсан засагт орчихсон энэ үед түүний хэлэх үг, үйлдлүүд маш чухал юм. Учир нь тэр УИХ дах МАН-ын бүлгийн дарга. Тиймээс энэ л найдлагаар ард түмэн түүнийг харж суугаа.