УИХ-ын ажилсаг зөгий
УИХ-ын гишүүд хууль санаачлахаас гадна байнгын хороонд харьяалагдаж, УИХ-аас байгуулагдаж буй хуулийн төслийн ажлын хэсгүүдэд орж ажилладаг нь багагүй ачааллыг авчирдаг. Харин Д.Батцогт гишүүний хувьд дээрх үүрэгтээ үүртэж, түүртэлгүй биелүүлж , тэр ч бүү хэл өнгөрсөн жилээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог даргалах болсон.
Хууль эрхзүйн шинэчлэлт хамгийн эрчимтэй хийгдэж байгаа чухал салбаруудыг хариуцсан байнгын хорооны дарга болоод ажлын ачаалал нь мэдэгдэхүйц нэмэгдсэн ч ажил үйлс нь урагштай байгаа. Саяхан л жил гаран сунжирсан Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хуулиа тус байнгын хороо амжилттай баталсан. Мэдээж үүнд түүний гавъяа багагүй.
Түүнчлэн тэтгэвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлж, энэ хүрээндээ олон хууль тогтоомж шинээр боловсруулж, хэлэлцүүлж байгаа. Мөн шинжлэх ухааны салбарт бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэхээр хүлээгдэж байгаа, боловсролын шинэчлэлт гээд асар их ачаалалтай, олон жил хуримтлагдсан асуудлыг шийдэх хуулиудыг Д.Батцогт гишүүний ахалсан байнгын хороо цэгцлэх даалгавартай.
УИХ-ын дотоод журам ёсоор Байнгын хорооны дарга нар жил болоод солигддог бол Д.Батцогт гишүүн улирахаар болсон нь түүнийг ажилдаа эзэн болж чадаж байгааг харуулах нэг үзүүлэлт мөн. /Түүнтэй хамт А.Бакей гишүүн л цуг улирч бусад хороодын дарга бүгд солигдсон/. Түүнийг дахин нэр дэвшүүлэх асуудлыг олонхийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн нь намдаа нэр нөлөөгөө батжуулж байгааг нь ч давхар харуулж байна. Энэ нь мэдээж УИХ-д анх удаагаа сонгогдсон залуу улстөрчийн хувьд яах аргагүй карьерт нь эерэгээр нөлөөлөх зүйл.
Түүнийг 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн намаас нь илүүтэйгээр “Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн”-ий тэргүүн гэдгээр нь таньж, итгэл хүлээлгэсэн. Тэрбээр холбооны тэргүүнээр 2008-2012 он хүртэл ажиллахдаа үндсэндээ Ардчилсан нам, МАН-ын хууль зөрчсөн үйлдлүүдийг цогтой шүүмжлэгч, МАНАН-гийн эсрэг тууштай тэмцэгч байсан. Үнэндээ ард түмэн яг тэр утгаар нь ойлгож УИХ-д сонгон, өөрсдийгөө төлөөлөх эрхэм үнэтэй үүргийг түүнд ногдуулсан. Тиймээс Ховдын цэнхэр хязгаарт болсон 2012 оны сонгуулиар 15 эрхэм нэр дэвшиж өрсөлдсөнөөс МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Батцогт 11503 санал, 32.63 хувийн дэмжлэг авч, МАН-ын С.Бямбацогт буюу түүний баз /14817 санал, 42.03 хувь/ аман хүзүүдсэнээр хоёр мандатыг нэг айлын хүргэчүүл авсан. Тэрбээр хүчтэй өрсөлдөгч, бие даан нэр дэвшигч Ш.Адьшаагаас /11125 санал, 31.56/ 378 саналаар илүүрхсэн нь том амжилт.
Харин 2016 онд байдал арай өөр. Хэрвээ Сонгуулийн хуулийг үндсэн хуульд нийцүүлээд 76 жижиг тойрогт өрсөлдөхөөр болчихвол боломж бий. Яагаад гэвэл нэг намынхан хоорондоо өрсөлдөхгүй. Ардчилсан нам гэдэг нэр хүнд түшиг болж, эерэгээр нөлөөлнө гэсэн үг. 2004 оны сонгуулийн жишгээр тойрог хуваарилбал Ховдод гурван тойрог ногдоно. Хүн амын тоог харгалзаад хотод илүү олон тойрог ногдлоо гэхэд хоёр тойрог үлдэнэ. Хэрвээ дээрх хувилбараар өрсөлдвөл Д.Батцогт гишүүнд боломж бий.
Төгсгөлд нь тэрээр өөрийн тэргүүлдэг “Ховдын ирээдүй” сан боловсролын салбарт үйл ажиллагаа явуулан, Ховд нутгаас улсын чанартай уралдаанд өндөр амжилт үзүүлсэн сурагч, оюутнуудад энэ сангаас сургалтын тэтгэлэг зэргээр санхүүгийн дэмжлэгийг нилээд үзүүлдэг.