Ясны заргач гишүүн
УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.07.27

Ясны заргач гишүүн

Оймсонд хавчуулагдсан гишүүн хэмээн ангийн нөхөд болон сэтгүүлчдээр хэлүүлдэг УИХ-ын гишүүн О.Баасанхүү бол энэ парламтентийн хамгийн заргач нь байж магадгүй юм. Гэхдээ заргач гэдэг үгийг Монгол хэлний тайлбар толиос харвал “тэмцэл хийхэд чадамгай” хэмээн тайлбарлажээ.

Тэгэхээр түүнийг хэрүүлч гишүүн гэж хэлдэг хүмүүс үг хэлэндээ анхаарна биз. Түүнийг Өргөдлийн байнгын хорооны даргаар томилогдох үед нь олон хүмүүс баярласан. Учир нь тус хороо томоохон хууль тогтоомжийг хэлэлцэхээс илүү УИХ-аар хэлэлцэн баталсан хуулиуд иргэдийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар болон тэдгээр хүмүүсийн гомдлын хариуг зохих байгууллагууд руу хүргэдэг. Үүндээ ч О.Баасанхүү дарга маш чадамгай.Өмнө нь тус хороог УИХ-ын гишүүн Р.Бурмаа даргалдаг байхад тийм ч олон хүн үйл ажиллагааг нь гадарладагүй байсан биз. Анх түүнийг гишүүн болоход нь нэгэн сэтгүүлч “Өөрийг тань үл ойшоох хандлага ажиглагдах юм уу гэж асуухадТэр тийм сүртэй зүйл биш л дээ. “Хүн эхлээд чамайг тоохгүй байна. Дараа нь чамайг шоолно. Дараа нь муулна. Эцэст нь чамайг дагана” гэх үг бий.

Одоогийн байдлаар намайг шоолох талаас муулах тал руугаа явж байх шиг байна. УИХ-ын гишүүнээр дөрөв дэх жилдээ ажиллахад дагадаг болгоно гэдэгт итгэлтэй байна. Зөв зүйлийн төлөө явж байгаа юм чинь ард түмэн миний талд байх болно” хэмээн өөрийг нь шүүмжлэгчдэд хариуг нь барьсан. Үнэхээр хэлсэн үгэндээ ч хүрсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ард түмний эрх ашиг хаана хөндөгдөж байна тэр газарт л үгээ хэлж, дуу хоолойгоо нэгтгэдэг. Үнэхээр энэ эрэмгий зан чанараараа ард түмний нүдэнд өртөж, тэдний итгэлийг олсон. Хэдий анх удаа УИХ-д орохдоо жагсаалтаар орсон ч ирэх сонгуульд тэрээр тойрогт өрсөлдөх нь дамжиггүй биз. Гэхдээ нэг жилийн дотор юу ч болох боломжтой.

Тэр хэрүүлч биш, заргач

Түүнчлэн түүнийг Н.Энхбаярын хүн гэдэг. Гэхдээ тэрээр намын даргынхаа талаар хэлэхдээ “Би бол зовж явахад нь уулзсан хүн  шүү дээ. Хаан байхад нь уулзсан хүн ядарч явахад нь уулзсан хүн хоёрын хооронд том зарчмын ялгаа байхгүй юу. Хаан байх үед нь уулзаж учирсан, дэмжлэг, ивээлийг нь хүртсэн нөхдүүд харин энэ ордноор бэлчиж байгаа биш гэж үү” хэмээн ширүүхэн хэлсэн. Үнэхээр л төрийн гурван том албан тушаалд суухад нь түүний эргэн тойронд О.Баасанхүү гэдэг нэр л лав байгаагүй. Харин ч түүнийг олон тэрбумын хэрэгт ороод гэрээсээ хөл нүцгэн өргүүлээд гарах үед нь түүний өмгөөлөгч гээд хэний ч өмнө бардам зогсож байсан хүн бол тэр.

Өмнө нь найз гээд араас нь гүйж байсан нөхдүүд бүгд нүүрээ буруулсан үед О.Баасанхүү өмгөөлөгч гэгдэж байлаа. Энэ үед зөвхөн Н.Энхбаяр даргыг биш түүнийг ч элдэв янзаар доромжилж байлаа. Н.Энхбаярын “тэжээвэр хүүхэд”, Н.Энхбаярын өмгөөлөгч, Н.Энхбаярын  намынх хэмээн элдвээр хэлүүлсэн. Харин тэрээр “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла гэж үг байдаг.  Би тухай үед өөрт байгаа бололцоо боломжоороо л Н.Энхбаяр гэдэг хүнд тусласан. Дуу хоолойгороо, эрч хүчээрээ зүтгэсэн. Би энэ хүнийг хүндэлж явдаг. Цаашдаа ч хүндлэх болно” хэмээн  өөрийн бодлоо чөлөөтэй хэлсэн. Мэдээж цаашдаа түүний улстөрийн замнал дардан байна. Яагаад гэвэл түүний хэлж буй үг, гаргаж буй үйлдлүүд нь бүгд түүнийг л илтгэнэ.