Бууж өгөхийг мэддэггүй гишүүн
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.07.28

Бууж өгөхийг мэддэггүй гишүүн

Эрхэм гишүүн бага эмчийн мэргэжилтэй бөгөөд өмнө нь Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч зэрэг ажил эрхэлж байсан. Мэдээж хэний ч танихгүй эмэгтэй улстөрд ёстой л “битүү морь” байв. Хүн бүхэн түүнийг сонжиж, сонирхож байлаа.

Туршлагатай зарим улстөрчид хүртэл “пропоциональ системийн хамгийн том алдаа” хэмээн зарлахдаа түүгээр жишээ татаж байлаа. Улстөрчөөр суусан эхний жилээс л З.Баянсэлэнгэ гишүүнийг сэтгүүлчдээс эхлээд улстөрчид хүртэл онилсон. Нийгэм хүртэл балай авгай, эсгий хийх газар нохой хэрэггүй гэх мэтээр даапаалж хандаж байлаа. Мэдээж аливаа шинэ зүйлийг хүлээж авахдаа нийгэм тийм ч таатай байдаггүй. Тэр жишгийн л дагуу сөргөөр хүлээж авсан. 

Гэвч “хатагтай” гишүүн бууж өгөөгүй. Нийгмийн тэр хатуу ширүүн дайралт бүрийг даван гарч өнгөрсөн гурван жилийн хугацаанд улстөрч хүн хэрхэн төлөвшдөг, яаж суралцдаг вэ гэдгийг л харуулсан нь хамгийн том амжилт боллоо. Хүн бүхэн төгс байх албагүй шиг улс төрд дарга албан тушаал дамжсан, гадаадад их дээд сургууль эзэмшсэн хүн гарна гэсэн зарчим байхгүй. 

Тиймдээ ч З.Баянсэлэнгэ энгийн албан тушаалаас улс төрд орж эгэл ард түмний зовлон жаргалыг хамгийн сайн мэддэг гэсэн имижээ өөртөө бүрдүүлж чадсанаар өнгөрсөн гурван жилийн томоохон сорилтуудыг давч, хэрхэн чадварлаг улстөрч болж байгаа процесс нь ч ард түмний нүдэн дээр илт байсан. Хувцаслалт, үс зүс, биеэ авч яваа байдал зэрэг нь хуучин эмэгтэй улстөрчдийг ч ичээмээр цэмцгэр. Өөрийгөө илэрхийлэх арга барилд ч тэрбээр маш хурдан суралцсан гэдэг. 

Шинэчлэлийн Засгийн газарт хамтарсны хүчээр МАХН-ын гишүүд албан тушаал ээлжлэн авахад, түүний хоморгонд нь З.Баянсэлэнгэ гишүүн Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог даргалсан.

Тэрбээр дарга болсныхаа дараагаар “Олон хүн намайг алдах байх гэж харж байсан. Учир нь би шинэ хүн. Бодлого боловсруулах төвшинд ажиллаж байгаагүй хүн энэ төвшинд ажиллана гэхээр аргагүй байх л даа. Би байнгын хорооны дарга байхдаа өөрийгөө маш их шахсан. Хууль тогтоомж болоод орж ирж буй бүх бичиг баримттай 00:00 цаг хүртэл танилцаж суудаг байсан. Учир нь би МАХН-ын гишүүн. 

Тэр дундаа анхан шатнаасаа гарсан гишүүн. Тийм учраас хүмүүс намайг “Тэнэг, мангар, Энхбаярын Баянсэлэнгэ” гэх зэргээр дуудаж, алдахыг минь анаад сууж байгаа болохоор надад алдах эрх байгаагүй. Цаг хугацааг алдаж байгаагүй тулдаа би Байнгын хороон дээрээ нэг ч зарчмын том алдаа гаргаж байсангүй. Та нар буцаад бодоод үз надад тийм алдаа байдаггүй. Миний удирдсан байнгын хороо дутуу дулимаг хууль оруулсан тохиолдол байхгүй. Тэр үед дарга байхад оруулж байсан хуулиуд одоо батлагдаж байна. 

Би тэдний үндсийг нь тавьсан юм шүү дээ. Би бүх зүйлийг энгийнээр хүлээж авдаг учраас тэрхүү асуудлууд руу ороход амар байсан. Би хуульч мэргэжилтэй хүн. Тиймээс энэ хуулийн төслүүдтэй танилцахад нэг их хүндрэл бэрхшээл тулгараад байдаггүй” хэмээн тэдгээр хүмүүст хариуг нь хатуухан барьсан.

Алдах эрхгүй ажиллах ёстой гэсэн тэр зарчмаараа ч ёстой алдах эрхгүй ажиллаж, суралцсан. Хэн бүхний хүсээд байдаггүй сайн муугийн шуурган дундуур сөрсөөр байгаад товойж гарч ирж чадсан. 

Дараа нь Байнгын хорооны даргаас буусан ч бүлгийнхээ дэд даргаар ажиллаж, Монгол-Вьетнамын бүлгийг даргалсан гээд түүний амжилт олон байгаа. Улстөрч хүний үндсэн үүрэг бол хууль боловсруулах. Тэрээр нам харгалзалгүй нэгдэж бүлэг байгуулсан эмэгтэй улстөрчидтэй нэгдэж Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль /энэ хуулийн санааг анх Г.Уянга, Л.Гантөмөр нарын гишүүдтэй хамт өөрөө гаргасан/, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн тухай, Хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг чухал, чухал хуулиудыг УИХ-д өргөн барилцах ажлыг хийж заримаас нь батлуулсан гэсэн гавъяатай ажиллаж байна.